Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/423

 

2021            3            30                                          2021/ШЦТ/423

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

иргэдийн төлөөлөгч Д.Санхүү, Ж.Гэрэлтуяа

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Р.А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0143 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 41 дүгээр гудамжны 2067 тоот хашаанд байрлах 2 давхар нийтийн байрны 17 тоотод Р.А тэй амны хаалт зүүсэн, зүүгээгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж цээжин хэсэгт хутгалж цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралт (720мл), гуурс тавьж соруулсан байдал, зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэдэ хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 12 дугаар сарын 31-ээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг шилжих шөнө нийтийн байран дахь гэрээсээ нойл орох гээд явж байхад коридорт хоёр залуу суучихсан “лалар минь маскаа зүү” гэж өдсөн. Хэрэлдэж, зодолдсон. Над руу олуулаа дайрсан. Зодолдож байх явцдаа хутга барьчихсан байсан. Р.А ийг хутгалсан маань миний буруу. Түүнд учирсан хохирлыг барагдуулна. Р.А  өөрөө маскаа зүүгээгүй байсан. Шөнийн 04 цаг байсан болохоор нойл орох гээд маскаа зүүгээгүй. Зодоон болоод манай өрөөнд ороод ширээнд дээр байсан хутга авч байснаа санаж байна. Харин хутгалснаа мэдэхгүй байна. Р.А  хойноос маскаа зүүгээч гээд араас хараагаад байсан. Босож ирээд өөрөө түрүүлж цохисон. Хамт байсан найз нь салгаж байснаа дараа нь зодоонд оролцсон. Эхлээд Р.А  болон түүнтэй хамт байсан залуутай зодолдож байхад дахиад 2 эмэгтэй гарч ирсэн. Нэг нь намайг үстсэн гэдгийг санаж байна. Бүүр сүүлд нэг танихгүй найзыгаа дуудсан байсан. Тэр нь ирээд намайг цохиж зодсон. Манай найз унтаж байгаад үйл явдал дууссаны дараа мэдсэн. Бужигнаж байсан болохоор миний хаана, хаана цохисон гэдгийг санахгүй байна. Ажил надад олдохгүй байсан. Цагийн ажил хийгээд олсон мөнгөө хоол ундандаа зарцуулаад дууссан. Миний эцэг, эх өнгөрчихсөн. Доороо нэг дүүтэй. Түүнтэй холбоогүй байгаа. Хэрвээ ажил хийх боломжтой болбол ажил хийгээд хохирлоо барагдуулна.” гэв.

 

Хохирогч Р.А  шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг гарсан өдөр дүүгийндээ ирсэн байсан. Түүнийхээс гарч байгаад Д.Т-тэй маскаас болоод маргалдсан. Д.Т-ийн хэлээд байгаа шиг түүнийг түрүүлж цохиогүй. Харин өөрөө эхэлж цохисон. Худлаа мэдүүлэг өгч байна. Одоо гомдолтой, хохирлоо нэхэмжилж байна. 321.000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие бүрэн эдгэрээгүй. ЭХО-д харуул гэсэн. Харуулж чадаагүй. Өөр зардлууд гарсан ч гэсэн баримтууд нь байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Р.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Он гараад Булгантамиртай найз гэх эрэгтэй хүн орж ирэхээр нь би хамт гараад үүдэнд зогсож байсан. Тэгтэл цаанаас нэг залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж маскаа зүү гэж хэлтэл жорлон энэ хоёрын хооронд маск зүүхээ чамаар заалгах уу гэж хэлээд нүүрэн тус газарт гараараа цохисон. Би хариу цохиод бид хоёр зодолдсон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Яг хаана байхад хутгалсан юу болсон талаар санахгүй байна. Эхнэр эмнэлэгт сэрэхэд байсан. Сэрээд юу болсон талаар асуусан. Чи хутгалуулчихсан гэж хэлсэн. Сүүлд санахад тэр залуугийн гэрт байх шиг байсан. Тэр залуу шүүгээн дээрээс хутга авч байсан шиг харагдсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас),

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “”2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 04 цагийн үед унтаад сэрсэн чинь манай найз Т  нэг эмэгтэй, хоёр эрэгтэй зодож байсан. Тэгээд манай өрөөнд орж ирсэн. Тэгээд сэрсэн чинь манай найз нэг залууг нь хутгалсан. Юунаас болж хутгалсан гэдгийг мэдээгүй. Т бид хоёр хамт амьдардаг юм. Бид хоёр 2017 оноос хойш найзалж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

Гэрч Ө.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Аагий ах бид хоёр коридорт юм яриад сууж байтал хажуугаас нэг залуу орж ирсэн. Аагий ах маскаа зүүгээч гэж хэлсэн. Нөгөө залуу би нойл орохдоо маск хэрэгтэй юу гэсэн. Тэгээд дахиад маскаа зүү гэж хэлэхэд нөгөө залуу яасан гэнээ банди минь гэж хэлээд Аагий ахыг цохисон. Би нөгөө залууд уучлаарай гэж хэлэхэд намайг цохисон. Аагий ах тэр хоёр зодолдсон. Нөгөө залуу Аагий ахыг өрөөндөө аваад орсон. Аагий ахын эхнэр, бас нэг дүү нь араас нь ороод эхнэр нь болиоч гэхэд тэр залуу эхнэрийг нь цохиод унагасан. Манай найз Булгантамир араас нь орсон. Тэгсэн манай найзыг цохиод заазуур барьж далайсан. Тэгээд би араас нь орсон чинь дахиад хутга авч дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч паарны ард тавьсан. Эхнэр нь араас нь орсны дараа Аагий ахыг хутгалсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.Нарандаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай дүү Булгантамир нэг залуутай маргалдсан. Тэгээд манай нөхөр А  тэр залууг аваад гарсан. Тэгээд удалгүй бөөн цус болсон байсан. Юунаас болж хутгалуулсан гэдгийг нь мэдэхгүй. Маск зүүгээгүй байснаас болж маргалдсан гэсэн. Яг хутгалуулж байхыг нь би хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг шилжих шөнө би өөрийн түрээсэлдэг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 41 дүгээр гудамжны 2067 тоот хашаанд байх нийтийн байрны 17 тоотоос бие засах гээд гарчхаад эргээд байранд орж ирэхэд хоёр давхарт хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хоёрын нэг нь “маскаа зүү лалраа” гэсэн. Тэгэхээр нь би “маск зүүхээ чамаар заалгах юм уу” гэж хэрэлдсэн. Хохирогч залуу намайг түрүүлж цохисон. Тэгээд бид харилцан зодолдсон. Хамт байсан эрэгтэй нь зодолдсон. Бас нэг эмэгтэй гарч ирээд үснээс зулгаагаад байсан. Тэгээд би тэд нартай зууралдсаар байгаад өрөөндөө ороод зодолдсон. Тэгээд ширээн дээр байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг авснаа санаж байна. Манай гэрт хамт орж ирсэн найз нь салгаад аваад гарсан. Удалгүй нэг нь орж ирээд хутгалчихсан байна. Цус алдаад байна. Би ороод харсан. Надтай зодолдсон эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн орон дээр дээшээ харчхаад цээжин хэсэг нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №523 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн талд III дугаар хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар 1,5х0,2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш, хагас ташуу, 1 ширхэг оёдол бүхий шархтай, ариун наалт наасан. Цээжний зүүн хажуу дээд хэсэгт гуурс тавигдаж авагдсан шархтай, ариун наалттай. Зүүн гуяны ар дунд хэсэгт 1,5х0,2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш, 1 ширхэг оёдол бүхий шархтай, ариун наалт наасан.

Эмнэлгийн бичиг баримтад ... Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй өвчний түүхээс ... Өвчний  түүх №10. Эмнэлэгт хэвтсэн-2021.01.01. Хэвтэх үеийн зовиур- Цээжний зүүн талд хатгаж өвдөнө гэнэ. Үзлэгт: биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаантай Орчиндоо харьцаатай... Хэсэг газрын үзлэгт: Цээжний хэрхэнцэг тэмтрэлтээр эмзэглэлттэй. Цээжний зүүн талд арьсан дор хий хурсан. Самбарын ажиллагаа хэвийн. Цээжний урд хэсэг II-III хавирга суганы урд шугамаар 1,5 см орчим шархтай. Шарханд цэгцэлгээ хийгдсэн. Цээжний зүүн талд III хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар 2 см орчим шархтай.

ГССҮТ-ийн цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээнд... Цээжний томограммууд дээр зүүн талын 3 дугаар хавирганы урд төгсгөл хугаралтай. Эгэм, дал, сээрний нугаламуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй. Зүүн уушгины ар хэсгээр агааржилт жигд буурсан, дотроо бронхийн зураглал бүхий авчилтын өөрчлөлттэй. Баруун уушгины паренхимд нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй. Зүүн плеврийн хөндийн сул хий, шингэн тодорхойлогдохгүй. Зүрх голтын эрхтнүүд баруун тийш бага зэрэг түлхэгдсэн. Зүүн талд цээжний урд доод хэсэгт 2, 3 дугаар хавирганы урд төгсгөлийн түвшинд булчин зөөлөн эдэ хийн бөмбөлгүүдтэй. Дүгнэлт бичсэн эмч Ж.Алтансувд 2021.01.01 гэжээ.

2021.01.01-ны өдрийн ГССҮТ-н ЭХО-д: ...Хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй гэжээ.

2021.01.04-ны Цээжний эгц байрлалын рентген зурагт: Цээжний хөндийн хэлбэр зөв. Цээжний хөндийн зүүн талд гуурс тавигдсан, зүүн уушиг бүрэн сэргэсэн. Зүүн уушигны агааржилт жигд бус буурсан. ... Хавирга өрцний синус 2 талд чөлөөтэй. Зүрх болон голтын сүүдэр хазайлтгүй. ... Зүүн талд арьсан дор хийтэй гэжээ.

2021.01.01-ны өдөр цээжний хөндийд хатгалт хийж гуурс тавьсан тухай: ... Арьсанд 1 см зүслэг хийн булчин, арьсан доорх зөөлөн эдийг мохоо аргаар үечлэн нээж плеврийн хөндийг цоолж, шархаар 32 хэмжээ бүхий трокартай гуурсыг плеврийн хөндийд хяналтын дор байрлуулан арьсанд оёж бэхлэв. Гуурсаар вакум /0/ хий, 720 мл шингэн гарч вакум үүсгэв. Гуурсыг EVAC-т холбов. Ажилбарын явцад гарсан хүндрэлгүй. Шарханд ариун боолт хийв гэжээ.

Клиникийн онош: Цээжний гэмтэл. Зүүн плеврийн хөндийд цус хуралдалт гэжээ... ДҮГНЭЛТ

1. Р.А ийн биед цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралдалт /720/ мл, гуурс тавьж соруулсан байдал, цээжний зүүн талын III дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.11-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Р.А  нь В /III/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

 

            Хэргийн газар үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 41-2067 гэх хашаа байшин байна. Тухайн хашаа нь ертөнцийн зүгээр хойшоо харсан. Төмөр хаалгатай байх ба тухайн төмөр хаалгаар ороход 10-15 метр орчим явахад 2 давхар цагаан өнгийн ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай нийтийн байр байна. Тухайн нийтийн байрны хаалгаар ороход шат байх ба шатаар дээшээ 2 давхарт гарахад урт коридор байх ба коридороор баруун гар тийшээ тултал явахад ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалган дээр 17 гэсэн дугаартай цагаан өнгийн хаалга байна. Тухайн хаалгаар ороход 3 метр 30см х4 метрийн хэмжээтэй өрөө байна.  Өрөөнд ороод цагийн зүүний дагуу үзлэгийг хийхээр тогтов... урд хананы доор паар байна. Тухайн паарны ар талд хохирогч А ийг хутгалсан гэх хутга олдсон болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй нэг ширхэг хутга

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

 

хохирогч Р.А ийн бичгээр гаргасан өргөдөл, ГССҮТ-ын шинжилгээний хариу (5 хуудас), зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч М.Эрдэнэзаяа “2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 41 дүгээр гудамжны 2067 тоот хашаанд байрлах 2 давхар нийтийн байрны 17 тоотод Р.А тэй амны хаалт зүүсэн, зүүгээгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж цээжин хэсэгт хутгалж цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралт (720мл), гуурс тавьж соруулсан байдал, зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэдэ хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т  Эрзүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг “Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлж ирсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс харахад дараах зүйлийг хөндөж хэлмээр байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогч болон түүнтэй хамт байсан хүмүүсийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Хэн алийнх нь хүлээцгүй, хүндэтгэлгүй хандсан байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс болжээ. Харилцан зодоон болоод, уг зодооны явцад хохирогч гэмтсэн нь харагддаг. Хавтаст хэргийг миний үйлчлүүлэгч рүү 2-3 уулаа довтолсон тодорхой харагддаг. Гэрч Бат-Эрдэнэ “манай найзыг нэг эмэгтэй, хоёр эрэгтэй зодож байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр олуулаа байсан харагддаг. Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалах, зайлсхийх зорилгоор өрөө рүүгээ орсон. Гэтэл хохирогч болон түүнтэй хамт явж байсан хүмүүс түүнийг дагаж өрөө рүү нь орж дайрч довтолж байсан нь харагддаг. Хэнд ч өөрийгөө хамгаалах санаа зорилго, сэдэл төрнө шүү дээ. Тухайн үед Д.Т ганцаараа байсан нь, түүн рүү олуулаа дайрсан нөхцөл байдал харагдаж байна. Д.Т рүү довтолсон. Өөрийгөө хамгаалсан байна. Эдгээрийг харахад аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдал үүссэн байх боломжтой нь харагдаж байна. Шүүх бүрэлдэхүүн үүн дээр анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 41 дүгээр гудамжны 2067 тоот хашаанд байрлах 2 давхар нийтийн байрны 17 тоотод Р.А тэй амны хаалт зүүсэн, зүүгээгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж цээжин хэсэгт хутгалж цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралт (720мл), гуурс тавьж соруулсан байдал, зүүн талын 3 дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэдэ хүнд хохирол санаатай учруулсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Р.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Он гараад Булгантамиртай найз гэх эрэгтэй хүн орж ирэхээр нь би хамт гараад үүдэнд зогсож байсан. Тэгтэл цаанаас нэг залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж маскаа зүү гэж хэлтэл жорлон энэ хоёрын хооронд маск зүүхээ чамаар заалгах уу гэж хэлээд нүүрэн тус газарт гараараа цохисон. Би хариу цохиод бид хоёр зодолдсон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Яг хаана байхад хутгалсан юу болсон талаар санахгүй байна. Эхнэр эмнэлэгт сэрэхэд байсан. Сэрээд юу болсон талаар асуусан. Чи хутгалуулчихсан гэж хэлсэн. Сүүлд санахад тэр залуугийн гэрт байх шиг байсан. Тэр залуу шүүгээн дээрээс хутга авч байсан шиг харагдсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас),

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “”2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 04 цагийн үед унтаад сэрсэн чинь манай найз Т  нэг эмэгтэй, хоёр эрэгтэй зодож байсан. Тэгээд манай өрөөнд орж ирсэн. Тэгээд сэрсэн чинь манай найз нэг залууг нь хутгалсан. Юунаас болж хутгалсан гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

Гэрч Ө.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Аагий ах бид хоёр коридорт юм яриад сууж байтал хажуугаас нэг залуу орж ирсэн. Аагий ах маскаа зүүгээч гэж хэлсэн. Нөгөө залуу би нойл орохдоо маск хэрэгтэй юу гэсэн. Тэгээд дахиад маскаа зүү гэж хэлэхэд нөгөө залуу яасан гэнээ банди минь гэж хэлээд Аагий ахыг цохисон. Би нөгөө залууд уучлаарай гэж хэлэхэд намайг цохисон. Аагий ах тэр хоёр зодолдсон. Нөгөө залуу Аагий ахыг өрөөндөө аваад орсон. Аагий ахын эхнэр, бас нэг дүү нь араас нь ороод эхнэр нь болиоч гэхэд тэр залуу эхнэрийг нь цохиод унагасан. Манай найз Булгантамир араас нь орсон. Тэгсэн манай найзыг цохиод заазуур барьж далайсан. Тэгээд би араас нь орсон чинь дахиад хутга авч дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч паарны ард тавьсан. Эхнэр нь араас нь орсны дараа Аагий ахыг хутгалсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг шилжих шөнө би өөрийн түрээсэлдэг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 41 дүгээр гудамжны 2067 тоот хашаанд байх нийтийн байрны 17 тоотоос бие засах гээд гарчхаад эргээд байранд орж ирэхэд хоёр давхарт хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хоёрын нэг нь маскаа зүү лалраа гэсэн. Тэгэхээр нь би маск зүүхээ чамаар заалгах юм уу гэж хэрэлдсэн. Хохирогч залуу намайг түрүүлж цохисон. Тэгээд бид харилцан зодолдсон. Хамт байсан эрэгтэй нь зодолдсон. Бас нэг эмэгтэй гарч ирээд үснээс зулгаагаад байсан. Тэгээд би тэд нартай зууралдсаар байгаад өрөөндөө ороод зодолдсон. Тэгээд ширээн дээр байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг авснаа санаж байна. Манай гэрт хамт орж ирсэн найз нь салгаад аваад гарсан. Удалгүй нэг нь орж ирээд хутгалчихсан байна. Цус алдаад байна. Би ороод харсан. Надтай зодолдсон эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн орон дээр дээшээ харчхаад цээжин хэсэг нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №523 дугаар: “...

1. Р.А ийн биед цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралдалт /720/ мл, гуурс тавьж соруулсан байдал, цээжний зүүн талын III дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.11-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Р.А  нь В /III/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

            Хэргийн газар үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 41-2067 гэх хашаа байшин байна. Тухайн хашаа нь ертөнцийн зүгээр хойшоо харсан. Төмөр хаалгатай байх ба тухайн төмөр хаалгаар ороход 10-15 метр орчим явахад 2 давхар цагаан өнгийн ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай нийтийн байр байна. Тухайн нийтийн байрны хаалгаар ороход шат байх ба шатаар дээшээ 2 давхарт гарахад урт коридор байх ба коридороор баруун гар тийшээ тултал явахад ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалган дээр 17 гэсэн дугаартай цагаан өнгийн хаалга байна. Тухайн хаалгаар ороход 3 метр 30см х4 метрийн хэмжээтэй өрөө байна.  Өрөөнд ороод цагийн зүүний дагуу үзлэгийг хийхээр тогтов... урд хананы доор паар байна. Тухайн паарны ар талд хохирогч А ийг хутгалсан гэх хутга олдсон болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогчийн цээжин тус газарт хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Р.А д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №523 дугаар  дүгнэлтээр “цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн гялтангийн хөндийд цус хуралдалт /720/ мл, гуурс тавьж соруулсан байдал, цээжний зүүн талын III дугаар хавирганы далд хугарал, зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл” тогтоогдсон байх бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Д.Т нь хохирогч Р.А ийг зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үзнэ.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Р.А ийн цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Санхүү, Ж.Гэрэлтуяа нар нь “шүүгдэгч Д.Т  гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан.

 

            Эрх ашгийг зөрчих, гэмтээхэд чиглэсэн хууль бус, бодитой довтолгооны эсрэг хийж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалтын үйлдэл гэж үздэг бөгөөд арга хамгаалалтын үйлдэл нь довтолгооныг зогсоож, дуусгах эсвэл довтолгооныг зайлуулах буюу өөрийг хамгаалах сэдэлт зорилготой байдаг.

           

Мөн халдлага эхэлсэн, эхлэх нь илэрхий болсон үед аргагүй хамгаалалт эхлэх ба гэмт этгээдэд хохирол учруулах замаар халдлагыг таслан зогсоомогц аргагүй хамгаалалтын цаг үе дуусгавар болно.

 

Гэрч Ө.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Аагий ах бид хоёр коридорт юм яриад сууж байтал хажуугаас нэг залуу орж ирсэн. Аагий ах маскаа зүүгээч гэж хэлсэн. Нөгөө залуу би нойл орохдоо маск хэрэгтэй юу гэсэн. Тэгээд дахиад маскаа зүү гэж хэлэхэд нөгөө залуу яасан гэнээ банди минь гэж хэлээд Аагий ахыг цохисон. Би нөгөө залууд уучлаарай гэж хэлэхэд намайг цохисон. Аагий ах тэр хоёр зодолдсон. Нөгөө залуу Аагий ахыг өрөөндөө аваад орсон. Аагий ахын эхнэр, бас нэг дүү нь араас нь ороод эхнэр нь болиоч гэхэд тэр залуу эхнэрийг нь цохиод унагасан. Манай найз Булгантамир араас нь орсон. Тэгсэн манай найзыг цохиод заазуур барьж далайсан. Тэгээд би араас нь орсон чинь дахиад хутга авч дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч паарны ард тавьсан. Эхнэр нь араас нь орсны дараа Аагий ахыг хутгалсан байсан.” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Т нь хохирогчийг өөрийн амьдарч байсан өрөөндөө авч орж, улмаар уг зодоон маргааныг салгах гэж байсан хүмүүс рүү халдаж дайрсан байх бөгөөд хохирогчийн эхнэр уг өрөөнд орсоны дараа хохирогчийг хутгалсан байна.

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрлийн дээрх үйлдэл өөрийгөө хамгаалах буюу довтолгоо халдагыг таслах зогсоох, зайлуулах бус харин хохирогчид санаатай хэлбэрээр гэмтэл хохирол учруулах санаа зорилготой байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-ээс баримтаар тогтоогдсон 321.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.А д олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Р.А  нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

                       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч М.Эрдэнэзаяа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг “Хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.

                                                

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрдэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-д 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 321.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.А д олгосугай.

 

6. Хохирогч Р.А  нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

9. Шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                   М.ТҮМЭННАСТ

 

                                         ШҮҮГЧИД                                   Э.ЧИНГИС

 

                                                                                                  Г.ХАТАНЦЭЦЭГ