Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/42

 

  2018            06              20                                                 2018/ДШМ/42

 

                      М.Ү-д холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: М.Ү,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Төмөрбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Үад  холбогдох, эрүүгийн 1819000630043 дугаартай, 1 хавтас 130 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Үын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ....тоотод оршин суух, урьд 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож байсан, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сум дундын 9 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу 11 сарыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоогдож суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хорьд овогт Машбатын Ү /РД: ЕС94011018/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Ү нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 14-1-7 тоотод оршин суух хохирогч Э.Уийн байшингийн цонхоор орж буюу хууль бусаар нэвтэрч 1100000 төгрөгийн эд зүйлийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хорьд овогт Машбатын Үыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү-д 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 15 хоног хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ү-д оногдуулсан 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү-ын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Ү нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Адидас гэсэн бичиглэлтэй 1 хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Үад буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ү-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ү давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ү би ам бүл 2, ээж Нямсүрэнгийн хамт амьдардаг. Ээж Нямсүрэн хүнд өвчтэй, хүний байнгын асрамжинд байдаг. Энэ талаар тодорхойлсон зохих эмнэлгийн албан бичиг хавтаст хэрэгт байгаа болно. Би уг нь Замын-Үүдээс энд ажил хайх гэж ирсэн. Хэрэг гардаг айлд миний таньдаг ах байдаг байсан. Би тэр ахтай уулзаж ажил төрөл асуух гэж очсон боловч тухайн үед эзэнгүй байсан учраас тийм асуудал болсон. Би хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа гэмшиж ойлгож байгаа ба дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, мөн ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.                                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Гомдол гаргасан гол зорилго нь Ү нь ам бүл хоёулахнаа, ээжтэйгээ амьдардаг. Ээж нь хүний асрамжинд байдаг. Үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Хохирол төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Үын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Уг хэргийн хувьд сонгох санкцигүй, буюу 2-8 жилийн хорих ялтай зүйл анги. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулахаар хууль зүйн зохицуулалттай. Тийм учраас ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байгаа тул  шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Үыг 2018 оны 03 дугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 14-1-7 тоотод оршин суух Э.Уийн гэрээс 1.100.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан энэ ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч М.Үын давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.У болон шүүгдэгчийн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгчид шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээ хоёр жилээс хэтрүүлэлгүйгээр хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж, улмаар шүүгдэгч М.Ү нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 80/-аар тогтоосон хугацааг нэмж, нийт 1 жил, 7 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь дээрх хуулиуд болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор /хх 68-69/  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 тоот захирамж /хх-ийн 80/ -аар шүүх хорих ялаас 7 сар, 15 хоногийн хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоожээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.Үын хувьд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл бий болсон тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “... ялыг нэмж нэгтгэн” нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээнээс бага байгаа ба ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн хувьд ар гэрийн гачигдалтай байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтгүй, ял хөнгөрүүлэн үзэх онцгой нөхцөл байдал хавтаст хэргээр тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх мөн дүгнэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хорихоос өөр төрлийн ял байхгүй зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.

 

Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Үын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Ү нь  37 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                  А.САЙНТӨГС