Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 152

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.Г 

Хариуцагч: ШЕЗ 

Гуравдагч этгээд: Д.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг ШЕЗ-д даалгуулах, ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл  мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ШЕЗийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Б, гэрч ШЕЗ-ийн ШЗУБЗГД Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Г миний бие ӨХАХХ сум дахь ШТГД-аар ажиллаж байгаад ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор албан тушаалаас халагдсан.

Миний бие энэхүү тогтоолыг эс зөвшөөрч ТӨЗ-д гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Төрийн албаны зөвлөл 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэн хүчингүй болгож, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлд үүрэг болгосон.

ШЕЗ Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.2.1-д заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. ТАЗ-ийн тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу албадан гүйцэтгэж өгнө үү” гэж хандсан боловч хариу өгөөгүй. Ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй тул дээд шатны байгууллага болох Төрийн албаны төв байгууллагад дээрх захиргааны гүйцэтгэх ажиллагааг хийлгэхээр хандсан.

Би ШЕЗ-ийн дарга Н.Л-д 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Үүний дагуу ШЕЗ-өөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “...Та 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ТАЗ болон ТАЗ-ийн ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлд хандан ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолд захиргааны шийдвэр гүйцэтгэхээс ажиллагаа хэрэгжүүлэхээс татгалзсан хүсэлтийг бичгээр гаргаж. Мөн ШЕЗ-д Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллахаар өргөдөл ирүүлж, шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчаар томилогдсон тул шаардах эрх үүсээгүй байна” гэсэн хариу өгсөн.

Мөн Төрийн албаны зөвлөл тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолыг гаргасан. Тус тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 1 дэх хэсгийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасныг үндэслээд ШЕЗ-ийн тогтоолыг хүчингүй болгосон. 

Төрийн албаны зөвлөлөөс тус тогтоолыг надад танилцуулахдаа УИХ-аас томилогддог адил эрх хэмжээтэй байгууллагууд нөгөө байгууллагаа хүндэтгэж “Уламжилсугай” гэдэг үгийг оруулж өгч байгаа юм гэж тайлбарлаж байсан. Төрийн албаны зөвлөл мэдээж хууль бус шийдвэр гаргахгүй. Хэрэв ШЕЗ тус тогтоолд маргах байсан юм бол хуульд заасан 30 хоногийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 

Өмнө нь надад өөр ажлын байр санал болгосон бөгөөд миний бие ажил эрхлээгүй байдлаасаа шалтгаалан тус саналын дагуу ЧДИХАШШ-ийн Эвлэрүүлэн зуучлагч буюу Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон. Тэр хүсэлтийг би өөрөө бичиж өгөөгүй. Би тухайн үед “Заавал Тамгын даргын албан тушаалд томилогдох гэж зүтгэлгүйгээр Эвлэрүүлэн зуучлагчийн ажилд томилогдъё. Харин цалин хөлсөө гаргуулна” гэж бодсон. ШЕЗ-өөс миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир би ШЕЗ-ийн дарга Н.Л-д гомдол гаргасан. Үүний дагуу Ж.С дарга намайг дуудаж уулзаад “Таныг эргүүлж Тамгын даргын албан тушаалд томилох боломжгүй байна. Мөн таныг Тамгын даргын албан тушаалд эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гараагүй байна. Санхүүгийн албатай ярилцаж үзсэн боловч таны цалин хөлсийг нөхөж өгөх санхүүжилт байхгүй байна” гэсэн. Ингээд би эвлэрүүлэн зуучлагчийн ажлыг 3, 4 сар хийхдээ ямар ч асуудал гаргалгүй сайн ажилласан. Мөн намайг ажлаас халсан тушаал их хийсвэр гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн шүүхэд бугласан идээ, бээрийг залуу хүний хувьд эрч хүчээрээ дарахыг оролдсон боловч би хохирч, гүтгүүлсэн.

ШЕЗ нь хуульд заасан үүргээ биелүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй, ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэж өгөөгүй нь Т.Г миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөөр байна. Одоогийн ажиллаж байгаа ажил нь Төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд миний эрх зүйн байдал дордсон. Би ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг авмаар байна. Мөн миний эрүүл мэнд, нийгмийн даатгал тасалдчихсан байгаа. Энэ мэтээр би маш их хохирч байна

Иймд ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг ШЕЗ-д даалгуулах, ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ШЕЗ-ийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Т.Г-г СД-ын 18 дугаар ШТГ-ын албан тушаалд томилсон. Уг албан тушаалд томилогдсоноос хойш 6 сарын дараа буюу 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 3, 5 дугаар сард түүнд холбогдуулан Шүүхийн ажилтны ёс зүй, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх гомдлыг СД-ын 18 дугаар ШТГ-ын ажилтнуудаас ШЕЗ-д удаа дараа гомдол ирүүлсэн учир Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо уг гомдлыг шалгасан. 

Ингээд ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Т.Г-г Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гарсныг үндэслэж албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн захиргааны үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмыг хангаж уг албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байгаа. ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан дээр Т.Г “Миний буруу үйл ажиллагаа байгаа, дахин итгэл хүлээлгэвэл сайн ажиллана” гэж хэлсэн.

ШТГ-ын дарга иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүлж байгаа шүүх гэдэг айлын гал тогоог хариуцаж байдаг. Ийм ёс зүйн зөрчилтэй, ийм олон асуудалтай хүнийг яаж ШТГ-ын даргын албан тушаалд эргүүлж томилох юм бэ. Мөн нэхэмжлэгч өөрөө ШЕЗ-ийн хуралдаанд өөрийн ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. ШЕЗ 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгоогүй бөгөөд дараах шалтгаануудын улмаас хүчин төгөлдөр хэвээр юм.

Гэвч ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэн хүчингүйд тооцож шийдвэрлэхийг уламжилсан ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоол гарсан. 

Т.Г 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ТӨЗ-д гаргасан хүсэлтдээ “...ШЕЗ нь Т.Г намайг шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байраар хангахаар болсон тул миний бие дээрх тогтоолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэсэн. Мөн ШЕЗ-д Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлт гаргасныг тус тус үндэслэн ШЕЗийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор түүнийг шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэж, улмаар БЗД, СБД, ЧД-ийн ШТГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Эвлэрүүлэн зуучлагчаар томилж, өнөөг хүртэл тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байна.

Мөн нэхэмжлэгч “ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон” гэж яриад байна. Гэхдээ ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг харвал 1 дүгээр заалтаараа “Маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлтийг үндэслэлтэй” гэж үзээд, 2 дугаар заалтдаа “...хүчингүй болгохыг ШЕЗ-д уламжилсугай” гэж заасан байгаа. Тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбоотой гарсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй. Үүний дагуу гарсан ТАЗ-ийн тогтоолд “...ШЕЗ-д уламжилсугай” гэсэн байгаа. 

ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл ШЕЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тухайн үед өөр ажил албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан байдаг. Түүний дагуу Т.Г-г Эвлэрүүлэн зуучлагчаар томилон ажиллуулсан.

Тэгэхээр ШЕЗ нь ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргаагүй учир Т.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага хууль, эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ингээд ШЕЗ-ийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 64 дүгээр “ШТГ-ын даргын албан тушаалд томилох тухай” тогтоолоор тус албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Нэхэмжлэгч Т.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж шийдвэрлэгдэх тохиолдолд одоогийн ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалд ажиллаж байгаа Д.Г миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй учир нэхэмжлэгч Т.Г-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Нэхэмжлэгч Т.Г нь ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр “Албан тушаалаас халах тухай” тогтоолыг эс зөвшөөрч ТӨЗ-д гомдол гаргасан байна. Уг гомдлыг Төрийн албаны зөвлөл нь 2016 оны 23 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ “ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолоор Т.Г-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна” гэж дүгнэн ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцож шийдвэрлэхийг уламжилсан. ШЕЗ 2015 оны 49 дүгээр тогтоолоо хүчингүй болгоогүй бөгөөд дараах үндэслэлээр хүчин төгөлдөр хэвээр байгаа. 

Нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан ӨХАХХ сум дахь СДШ-ийн нэр бүхий 12 албан хаагчдын гарын үсэгтэй гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо хүлээн авч, улмаар Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо уг гомдол, мэдээллийг шалгаж Т.Г-г Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг үндэслэн ТАЗ-ийн ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөл нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэн, уг тогтоолыг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ШЕЗ-д хүргүүлсэн. 

Т.Г нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ТӨЗ-д гаргасан хүсэлтдээ “...ШЕЗ нь Т.Г намайг шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байраар хангахаар болсон тул миний бие дээрх тогтоолд шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэсэн байна. Мөн ШЕЗ-д эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн түүнийг шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэж, улмаар СБД, ЧД ШТГ-ын даргын 2018 оны Б/58 дугаар тушаалаар эвлэрүүлэн зуучлагчаар томилсон байна. 

Түүнчлэн Т.Г нь ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг гүйцэтгүүлэх хүсэлтээсээ өөрөө татгалзсан, өөр ажлын байраар хангагдсан нь ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Т.Г нь “ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг ШЕЗ-д даалгуулах, ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ӨХАХархорин сум дахь СДШТГ-ын дарга Д.Г-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тэрээр “Тус захиргааны хэрэгт шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй, шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийх”-ийг шүүхэд мэдэгдсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Үйл баримтын тухайд:

Анх Т.Г нь ШЕЗ-ийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар  тогтоолоор Сум дундын 18 дугаар ШТГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан.

ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны хуралдаанаар Сум дундын 18 дугаар ШТГ-ын дарга Т.Г-д холбогдох гомдлыг хянан шалгаад 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр  “...Тамгын газрын дарга Т.Г нь...Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэв” гэж, мөн ТАЗ-ийн ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор  “...04 дүгээр дүгнэлтийн дагуу ӨХАХХ сум дахь СДШТГД Т.Г-д сахилгын шийтгэл ногдуулахыг үндэслэлтэй гэж үзсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. 

Улмаар ШЕЗ-ийн ээлжит хуралдаанаар СДШТГД Т.Г-д холбогдох асуудлыг хэлэлцээд дээрх дүгнэлт, тогтоолыг үндэслэл болгон, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаалаас халах тухай” 49 дүгээр  тогтоолоор Захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Т.Гг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Т.Г нь ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9547 дугаар захирамжаар “...Т.Г нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй,...дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

ТАЗ-ийн МТК нь Т.Г-гийн “ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2015 оны 14 дүгээр тогтоолыг эс зөвшөөрсөн” гомдлыг хянан үзээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар  “...Сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор  “Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг зүйтэй гэж, ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй тооцож шийдвэрлэхийг тус Зөвлөлд уламжилж” шийдвэрлэжээ.

Ингээд Т.Г нь ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлд 2017 оны 2 удаа, ШЕЗ-ийн даргад 2018 онд 2 удаа тус тус “ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг биелүүлэх, өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” өргөдөл гаргасан, ШЕЗ-ийн дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 01/377 дугаар албан бичгээр “...зөвлөлийн 2015 оны 49 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн байна. 

2. ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг даалгах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Т.Г 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр ТАЗ-ийн даргад хандан “ШЕЗ-ийн дарга нь ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг биелүүлж түүнийг ажилд эгүүлэн томилохгүй байгаа” тухай өргөдлийг гаргасны дагуу тус зөвлөлөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” 339 дүгээр  албан бичгийг ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлийн даргад хүргүүлжээ. 

ШЕЗ-ийн дэргэдэх Салбар зөвлөлийн дарга Ж.С нь Т.Г-той биечлэн уулзаж, түүнд Улаанбаатар хотод иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон тооны Эвлэрүүлэн зуучлагчийн ажиллахыг санал болгосон байх ба тэрээр уг саналыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, улмаар Т.Г 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ШЕЗ-ийн даргад хандан ЧД-ийны иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байранд томилж өгөхийг хүсэж” өргөдөл  гаргасан байна.

Ингээд ШЕЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “Т.Г-г ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон тооны Эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэж”, БЗД, СБД, ЧД иргэний хэргийн анхан шатны шүүхийн ТГД-ын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Т.Г нь мөн өдрөөс ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалд томилогдон ажилласан байна . 

Харин Салбар зөвлөлийн дарга 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “Т.Г-г...ЧД-ийн Иргэний хэргийн шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэж, ажлын байраар хангажээ. Мөн Т.Г...23 дугаар тогтоолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзаж байгаагаа...мэдэгджээ” гэж ТӨЗ-д хариу хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд хүн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг “эс үйлдэхүй” гэж үзэхээр байна.

Гэтэл хуулийн дээрх заалтаас үзвэл энэ тохиолдолд ШЕЗ нь ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй байна. 

Учир нь ТАЗ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дүгээр  албан бичгээр ирүүлсэн Т.Ггийн ТӨЗ-д 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “ШЕЗ нь намайг шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байраар хангахаар болсон тул миний бие дээрх тогтоолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэх хүсэлтээс үзвэл тэрээр өөрийн хүсэл зориг биелэгдсэн гэж үзэж, захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож буйгаа илэрхийлсэн байна.

Харин захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр эрх хэмжээний хүрээнд Т.Г-г өөр ажил, албан тушаалаар хангасан, иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эвлэрүүлэн зуучлагчаар томилогдон ажилласан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

Түүнээс гадна хариуцагч нь Т.Г-г Захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул түүнийг цаашид шүүхийн Тамгын газрын даргаар томилох боломжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд мөн Т.Г-г ажилд томилохын тулд өөр этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцэхгүй болно. 

Иймээс захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Т.Г-г бололцооны дагуу өөр ажил, албан тушаалаар хангах үүргээ биелүүлсэн, улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

3. Т.Г-гийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Гэрч Ж.С шүүх хуралдаанд  “Т.Г 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлтээ ШЕЗ-д гаргаж өгсөн. Үүний дагуу ШЕЗ-ийн тогтоолоор Т.Г-г Эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалд томилсон. Миний зүгээс ямар нэгэн байдлаар Т.Г-д шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Т.Г-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж олгох нь миний эрх хэмжээний асуудал биш учир мэдэхгүй байна. Би санхүүгийн асуудалд оролцохгүй, бидний хооронд энэ талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй” гэж мэдүүлэг гаргаж байгаа.

Харин нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд  “2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үед Ж.С дарга ТАЗ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгийн дагуу намайг өрөөндөө дуудаж уулзан Эвлэрүүлэн зуучлагчийн ажил санал болгосон. Түүнээс биш би өөрөө “Эвлэрүүлэн зуучлагчийн орон тоо байна уу” гэж очоогүй. Ж.С дарга “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөж олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг Санхүүгийн албатай ярилцаад хариу өгье гэсэн. Бид хоёр хоорондоо л ярилцсан, бичгээр үйлдсэн зүйл байхгүй” гэж тайлбар гаргасан. 

Нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байх ба тэднийг уулзах үед дүрс, дууны бичлэг хийгдээгүй, мөн уулзалтын тэмдэглэл хөтлөөгүй, хамт хүн байлцаагүй гэх тул “захиргааны байгууллага нь Т.Гд ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгох үүрэг хүлээсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, мөн өөр ямар нэгэн байдлаар нотолж, тогтоох боломжгүй байна. 

Харин Т.Г нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ШЕЗ-д “Эвлэрүүлэн зуучлагчийн ажилд томилж өгөхийг хүсэж”, ТӨЗ-д “Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах болсон тул захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлтээс татгалзаж байна” гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн өргөдөл, хүсэлтийг захиргааны байгууллагад бичгээр гаргасан тухай баримтууд хэрэгт авагдсан  байна.

Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй”, 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчлан зохицуулжээ. 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан гомдлын дагуу эрх бүхий албаны тушаалтны гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан үзээд маргаж буй захиргааны акт хууль бус гэж үзвэл хүчингүй болгох, эсхүл уг актыг өөрчлөх шийдвэрийн аль нэгийг гаргах эрх хэмжээ хуулиар тусгайлан олгогдсон байна. 

Гэтэл Төрийн албаны зөвлөл Т.Ггийн гаргасан гомдлыг хянан үзээд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй тооцож шийдвэрлэхийг тус Зөвлөлд уламжилсугай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, энэхүү 23 дугаар тогтоолоос үзвэл ШЕЗ-ийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй тооцож шийдвэрлэхийг тус Зөвлөлд уламжилсан шийдвэр нь ойлгомжгүй байх ба маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл уг захиргааны актыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрх хэмжээг хуулиар олгосон байтал уг бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна.

Түүнээс гадна шүүхээс маргаан бүхий акт, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бол түүний үр дагаварыг арилгах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг захиргааны байгууллагаас гаргуулах боломжтой юм. 

Учир нь ажилтныг ажлаас чөлөөлсөн, халах, сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, эрх нь зөрчигдсөн этгээдийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг шүүхээс гаргасан нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,...олгох” зохицуулалтыг хэрэглэх ёстой юм.

Энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Г нь өөрийн хүсэлтээр Эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул БЗД, СБД, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн байна . 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалаар хангасан, мөн ТАЗ-ийн 2016 оны 23 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар Т.Г-гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй байх тул “ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг ШЕЗ-д даалгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул зөвхөн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 39 дүгээр зүйлийн 39.1, 39.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г-гийн гаргасан “ТАЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг ШЕЗ-д даалгуулах, ӨХАХХ сум дахь СДШТГД-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г-гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.Ц