Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, К.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгч: Г

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б, Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 784 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ггийн өмгөөлөгч А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.М

Хэргийн индекс: 128/2020/0382/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Г нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б, Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу ур ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан. Шүүхийн шийдвэрийн 3.7-т Мөн шүүхийн үзлэгээр 26 авто гарааш бүхий газрын баруун талд их хэмжээний сул талбай байгаа боловч уг газрын тохижилт хийгдээгүй, сул шороотой, дээр нь автомашинууд эмх замбараагүй зогссон байгаагаас сул газрыг ногоон байгууламжаар тохижуулаагүй атлаа заавал уг гараашийг буулгаж ногоон байгууламж барих гэж байгаа гэх үйл баримт нь маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй гэж үзэхэд хүргэсэн болно гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь нэхэмжлэл шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж, дээрх захирамжийг хэрэгжих боломжгүй, үндэслэлгүй гэж үзсэн.

 

2.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн зорилго нөгөө талаар газрын зөрчил арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудад тохижилт хийх байхад огт хамааралгүй асуудлаар буюу тухайн маргаан бүхий гарааш байрлаж байгаа газрын хажууд байгаа газар хэний эзэмшил, ашиглалт байгаа эсэхийг тогтоолгүй, хэрэгт огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн. Мөн тухайн байршилд тохижилт хийж болох эсэхийг, байршилд тохирсон тохижилтын зураг төсөл боловсруулах үүрэг нь нийслэлийн Ерөнхий архитехтор болон Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт дээрх захирамжаар даалгасан. Тиймээс шүүхийн шийдвэрийн 3.11-т Учир нь автомашины гарааш барьсан уг газар нь налуу далан бүхий газар байсан байх бөгөөд уг далан ухаж, даланг ашиглан 2 давхар гарааш барьсан байгаа гараашнаас баруун тийш 100 орчим метрт далан үргэлжилж байгаа тул далангийн налуу газрыг зам, эсхүл талбайгаар тохижуулах боломжгүй болон энгийн хүн дүгнэлт хийх боломжтой ба уг газрыг засч тохижуулах инженерийн шийдлийг шүүхэд танилцуулаагүй, энэ талаар газар зохион байгуулалтыг төлөвлөгөөнд тусгаагүй байгаа тул эрх зүйн үндэслэл байгаагүй, захирамжийн энэ үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

2.3.Шүүхийн шийдвэрийн 2.11-т Харин уг актыг 4-т Түр байгууламж, ТҮЦ Контейнер, өргөттөл, гарааш, павильон тул шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр чөлөөлөх үүрэгтэй болох заалтыг зөвшөөрч Б.Б гарын үсэг зурсан талаар 2.13-т уг актад Б.Бийнхтэй адил нөхөн олговоргүйгээр чөлөөлөх үүрэг болгосон заалт тусгаагүй байна. Эдгээр гэрээг 2021 оноос хойш сунгаагүй баримт тогтоогдлоо гэж тус тус анхан шатны шүүхээс тогтоосон хэрнээ нэхэмжлэгчийн газар чөлөөлөх үүргийн талаар огт дүгнээгүй зөвхөн шүүхийн шийдвэрийн 3.17-т Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний харьяа агентлаг болох газрын албанаас иргэнд гараашийн зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон бол Иргэний хуулийн дээрх заалтаар Ш.Х болон түүгээр дамжин газар өмчлөгч болсон Б.Б. Г нар газрыг шилжүүлэн авч эзэмших эрх дууссан, төрөөс эдгээр иргэдэд газрыг шилжүүлэх үүрэг үүссэн гэж үзнэ гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

2.4.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38, 3-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна гэж тодорхой заасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг огт гаргаж өгч байгаагүй байхад шилжүүлэх үүрэг нь төрийн захиргааны байгууллагад үүснэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч .Б. Г газар өмчлөгч болсон гэж үзсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна

 

2.5.Мөн шүүхийн шийдвэрийн 3.15-т Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэг 150.3 дахь хэсэг "Барилга, байгууламж барих эрх нь заавал тодорхой хугацаатай байх бөгөөд энэ хугацаа нь 99 жилээс хэтрэхгүй. Уг эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан гээд 99 жил байх ёстой байхад 3.18-т Баянзүрх дүүргийн Засаг даргаас "ул хөдлөх хөрөнгийн шинжийг бүрэн агуулсан барилга байгууламжийн газрыг 1 жилийн хугацаагаар газар ашиглах түр эрх гэгч олгосон нь хууль бус юм гэж дүгнэсэн.

 

2.6.1994 оны болон 2002 оны Газрын тухай хуульд газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж заасан тул хэрвээ иргэний хуулийн дээрх заалтыг баримталбал одоо газар эзэмших, ашиглах эрх олгосон бүх шийдвэр хууль бус болоход хүрэхээр тул холбогдох салбарын хуулийг баримтлаагүй нь дүгнэлт хийсэн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн 3.23-т Өөрөөр хэлбэл, 2 давхар гараашийн доорх газрыг тус бүрийн гарааш өмчлөгчид хувааж эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй учраас уг газарт автомашины гарааш барьж ашиглалтад оруулснаар нийтийн Эзэмшил шилжсэнээр Ш.Х-н газар эзэмшиж, ашиглах эрх дуусгавар болсон хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн зөрчсөн дүгнэлт болсон. Газрын тухай хуульд газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлийг тодорхой заасан байхад шүүхээс байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн үндэслэл бүхий болж чадаагүй тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Б, Г нараас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б, Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар[1] Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б, Г нарын гараашийн газрыг чөлөөлөхөөр тусгажээ.

3.Анх Баянзүрх дүүргийн Хот байгуулалт газрын харилцааны алба болон иргэн Ш.Х нарын хооронд 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ” байгуулж,[2] Орон сууц гудамжны 4-р хороонд байрлалтай 120 м.кв газрыг машины гараашийн зориулалттайгаар 1 жилийн хугацаатай ашиглахаар тохиролцсон.

Уг гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 тоот захирамж нь энэхүү газар ашиглуулах гэрээний үндэслэл болно гэж тусгасан байх атал тус захирамжид[3] Ш.Х-ийн нэр дурдагдаагүй байна.

4.Нэхэмжлэгч Б.Б нь “Худалдах, худалдан авах 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ”-ээр[4] Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хаан банкны ард байрлах 18 м.кв гараашийг Ж.З-оос Б.Бт шилжүүлжээ.

5.”Газрын төлбөр тодорхойлох тухай” 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №64-40/1 дугаар актаар [5] гараж зориулалтаар нийслэлийн газрын үнэлгээний 1-р бүсчлэлд 18 м.кв газар ашиглаж байгаа тул ...газрын төлбөр ...төлөхөөр тогтов. ...Тус актын 4 дэх хэсэгт “Түр барилга байгууламж /түц, контейнер, өргөтгөл, гараж, павьлион/ тул шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлж өгөх үүрэгтэй” гэж тусгасан байна.

6.Нэхэмжлэгч Ггийн хувьд “Газрын төлбөрийг тодорхойлох тухай” 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13/67 дугаар актаар[6] “...Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хаан банкны хойно байрлах гараж зориулалтаар нийслэлийн газрын үнэлгээний 1-р бүсчлэлд 18 м.кв газар ашиглаж байгаа тул ...төлбөрт ...төлөхөөр” тогтсон.

7.Нэхэмжлэгч нь Г нь анх тус гараашийг Ш.Х-ээс худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбогдох баримт авагдаагүй, гаргаж өгөх баримт байхгүй талаар талууд тайлбартаа дурдсан байна.

8.Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлдээ “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд Автомашины гараашийн чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэн ...2 гарааш нь нэхэмжлэгч К.Г, Б.Б нарын нэр дээр шилжигдсэн ба өнөөдрийг хүртэл зориулалтынх нь дагуу хэвийн ашиглаж байна. ...К.Г нь ...2013 оноос газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2013-2020 онуудын хооронд тогтмол төлж ирсэн. Б.Б нь ...2018 оноос газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2018-2020 онуудын хооронд тогтмол төлж ирсэн ..., Уг байгууламж нь автомашины болон явган хүний замд саад болохооргүй байрлалтай бөгөөд хоёр талын барилга хүртэл 10,5-13 метр хүртэлх зайтай” гэж тайлбарлан маргажээ.

9.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

...3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”,

...5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасан.

Мөн хуулийн ...21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.2.батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”,

....21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”

...27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

10.Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргааны үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашийн  доорхи газрыг нэхэмжлэгч нарт дээр дурдсан эрх бүхий дүүрэг, Нийслэлийн Засаг даргаас газар ашиглах, эзэмших эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу авсан газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорхи газрыг эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдсонгүй.

11.Иймээс Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч Б.Б, Г нар уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг төлөх замаар уг газарт үүсгэсэн эзэмшил нь хууль бус байх тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын маргаж буй гараашийн доорхи газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

12.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга “газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” бүрэн эрхтэй гэж үзэхээр байна.

13.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

14.Харин нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх …үүргийг …хүлээнэ” гэж заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авснаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэхэд энэхүү магадлал саад болохгүй гэдгийг дурдах зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, Г нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б, Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 40 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтаст 18-20, Хэргийн 2-р хавтаст 1-4 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтаст 163 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтаст 13 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтаст 12 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтаст 21-22 дахь тал