Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/412

 

2021         3            26                                              2021/ШЦТ/412    

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч К.Чимгээ,      

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

           

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох 2106 00000 0388 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 1633 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч, хохирогч Ш.У тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний хоолойг боож, хөнжлөөр ороон зодож  Ш.У-ын биед тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст зүүн, баруун завьж, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн тавхайд цус хуралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           

Мөн шүүгдэгч М.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

           

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

                       

            Хохирогч Ш.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 цагийн үед нөхөртэйгөө хамт гадуур явж байгаад ирсэн. Би 17 настай хүүтэй бөгөөд улмаар хөл хорионы улмаас хүүтэйгээ уулзъя гэж бодоод М-д  хэлэхэд дараа больё гэж хэлсэн. Тэгээд би жаахан тунирхаад хэлэхэд намайг утга учиргүй зодож яргалсан. Би туслаарай гэж орилоход хоолой боогоод ам дараад хоёр хуруугаараа хамар чимхээд намайг их яргалсан. Хөнжил дотор ороож байгаад зодсон... цээжин дээр дарж цохисон. Би М тай хамтран амьдраад 8 сар болж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

            Хохирогч Ш.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... шөнийн 03 цагийн үед М бид хоёр айлаас гэртээ 04 цагийн үед орсон. Би М-д  хандаад хүүтэй маань уулзуулчихгүй гээд уурлаад гарах гэтэл намайг угзарч татаад орон дээр унагаагаад байсан. Орилоход хөнжил дээрээс бүтээгээд багалзуурдаад чимээгүй бай гээд хоолой боогоод байсан. Би ноцолдоод гарах гэхэд ам дараад унагаагаад байхаар нь би гарыг нь хазсан. Намайг М яг гар хөлөөрөө цохиж зодсон асуудал байхгүй бөгөөд угзарч татаад унагаагаад хөнжлөөр дараад энд тэндгүй өвдөглөөд байсан. Бид хоёр хамтран амьдраад 7 сар болж байна. Гэхдээ 2015 онд танилцсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас),

           

            Гэрч Г.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цагийн үед ажил дээрээ ажлынхантайгаа ганц нэг пиво уугаад сууж байсан. Тэр үед ажлын эгч болох У ын хамтран амьдрагч гэх М гэх залуу орж ирээд бид нар хамт пиво ууцгаасан. Тэгээд манай ажлаас орой 22 цагийн үед гараад явж байхад М караоке олсон. Тэнд хамт нэг цаг дуулья гэхээр нь бид нар хамт орж дуулж байгаад 23 цагийн үед тус газраас гараад манайх руу явсан. Манайд очоод бид нар ууж идэж байгаад шөнийн 03 цагийн үед манайхаас У  эгч М нар гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

           

            Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Манай хамтран амьдран амьдрагч У  чанга орилж бахираад байхаар нь хөнжлөөр бүтээж амыг нь гараараа дарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Би эмчилгээний зардлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1719 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайд хаван хавдартай тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. Зүүн хацарт 3х3см цус хуралттай хавантай. Баруун бугалганы дотор дээд хэсэгт 5х3см, 2х1см, 1х1см, баруун шууны гадна доод хэсэгт 4х3см, зүүн тохойд 5х4см, зүүн шууны гадна доод хэсэгт 1х0,8см 1х1см, зүүн тавхайн урд хэсэгт 8х5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд уруулын дотор салст, зүүн баруун завжны дотор салстад тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд үүдэн баруун 1-р шүд тэмтэрч үзэхэд хөдөлгөөнгүй, тэр хэсгийн буйланд бага зэрэг хавдартай байв. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Ш.У-ын биед тархи доргилт, зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст зүүн, баруун завьж, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн тавхайд цус хуралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

           

Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 71, 72 дугаар хуудас),

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 74-75, 76 дугаар хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

            Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 35-64 дүгээр хуудас),

            Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

            Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 1633 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч, хохирогч Ш.У тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний хоолойг боож, хөнжлөөр ороон зодож  Ш.У-ын биед тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст зүүн, баруун завьж, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн тавхайд цус хуралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ш.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 цагийн үед нөхөртэйгөө хамт гадуур явж байгаад ирсэн. Би 17 настай хүүтэй бөгөөд улмаар хөл хорионы улмаас хүүтэйгээ уулзъя гэж бодоод М-д  хэлэхэд дараа больё гэж хэлсэн. Тэгээд би жаахан тунирхаад хэлэхэд намайг утга учиргүй зодож яргалсан. Би туслаарай гэж орилоход хоолой боогоод ам дараад хоёр хуруугаараа хамар чимхээд намайг их яргалсан. Хөнжил дотор ороож байгаад зодсон... цээжин дээр дарж цохисон. Би М тай хамтран амьдраад 8 сар болж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

            Хохирогч Ш.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... шөнийн 03 цагийн үед М бид хоёр айлаас гэртээ 04 цагийн үед орсон. Би М-д  хандаад хүүтэй маань уулзуулчихгүй гээд уурлаад гарах гэтэл намайг угзарч татаад орон дээр унагаагаад байсан. Орилоход хөнжил дээрээс бүтээгээд багалзуурдаад чимээгүй бай гээд хоолой боогоод байсан. Би ноцолдоод гарах гэхэд ам дараад унагаагаад байхаар нь би гарыг нь хазсан. Намайг М яг гар хөлөөрөө цохиж зодсон асуудал байхгүй бөгөөд угзарч татаад унагаагаад хөнжлөөр дараад энд тэндгүй өвдөглөөд байсан. Бид хоёр хамтран амьдраад 7 сар болж байна. Гэхдээ 2015 онд танилцсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас),

            Гэрч Г.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цагийн үед ажил дээрээ ажлынхантайгаа ганц нэг пиво уугаад сууж байсан. Тэр үед ажлын эгч болох У ын хамтран амьдрагч гэх М гэх залуу орж ирээд бид нар хамт пиво ууцгаасан. Тэгээд манай ажлаас орой 22 цагийн үед гараад явж байхад М караоке олсон. Тэнд хамт нэг цаг дуулья гэхээр нь бид нар хамт орж дуулж байгаад 23 цагийн үед тус газраас гараад манайх руу явсан. Манайд очоод бид нар ууж идэж байгаад шөнийн 03 цагийн үед манайхаас У  эгч М нар гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

            Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Манай хамтран амьдран амьдрагч У  чанга орилж бахираад байхаар нь хөнжлөөр бүтээж амыг нь гараараа дарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Би эмчилгээний зардлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1719 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайд хаван хавдартай тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. Зүүн хацарт 3х3см цус хуралттай хавантай. Баруун бугалганы дотор дээд хэсэгт 5х3см, 2х1см, 1х1см, баруун шууны гадна доод хэсэгт 4х3см, зүүн тохойд 5х4см, зүүн шууны гадна доод хэсэгт 1х0,8см 1х1см, зүүн тавхайн урд хэсэгт 8х5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд уруулын дотор салст, зүүн баруун завжны дотор салстад тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд үүдэн баруун 1-р шүд тэмтэрч үзэхэд хөдөлгөөнгүй, тэр хэсгийн буйланд бага зэрэг хавдартай байв. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Ш.У-ын биед тархи доргилт, зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст зүүн, баруун завьж, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн тавхайд цус хуралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

            Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М.М нь хохирогч Ш.У-ын эрүүл мэндэд халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ш.У т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1719 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст зүүн, баруун завьж, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн тавхайд цус хуралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.М нь хохирогч Ш.У ыг зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болгэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтадгэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

 

Шүүгдэгч М.М нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ш.У ыг зодож буюу хөнжлөөр ороож өвдөглөх, амыг нь гараараа таглах зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ш.У  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч М.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М.М-г уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

           

Шүүх шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч М.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ