Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 2116000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Б-н Г.  

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Бор нурууны төгсгөл Гангатын доод тал гэх газар хохирогч Э.Д-г “зээлээр авсан ишигний мөнгийг төлсөнгүй” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед толгойн оройн зулай, дагзанд шарх, дух, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Г-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Бор нурууны төгсгөл Гангатын доод тал гэх газар хохирогч Э.Д-г “зээлээр авсан ишигний мөнгийг төлсөнгүй” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед толгойн оройн зулай, дагзанд шарх, дух, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Б.Г миний бие Бигэр сумын 4 дүгээр багийн малчин байгаа. 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төв рүү дөрвүүлээ орж ирээд буцах замдаа гурвуулаа буцаж явсан. Замдаа 0.75 литртэй архи хувааж ууж өр авлагын талаар муудалцаж хохирогч Д-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Хохиролд 600.000 төгрөг төлсөн ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Э.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төв рүү М, Б, Г нарын хамтаар орой 17 цагийн үед М-н мотоцикль, миний мотоцикльтой цуг ирсэн. Ингээд  манай дүү Ж 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи задалж өгснөөс бид дөрөв нэг нэг жижиг цагаан хундагаар татчихаад үлдсэн ихэнх тал архийг би өвөртлөөд замдаа ууя гээд гарсан... Ингээд Наран багийн бор нурууны ааргийн шил рүү орох үедээ бид 3 зогсоод харанхуйд нөгөө ихэнх тал архиа ундааны савны тагийг тайрч хийсэн аяганд хийгээд гурвуулаа юм ярьж байгаад ууцгаасан. Ингээд тэндээс Г ах М-н мотоциклийг жолоодоод М миний араар суугаад бид гурав хөдөлсөн ... Г ах бие засъя гээд мотоцикль зогсоогоод бие засчихаад ахын дүү нөгөө ишиг авсныхаа 1 сая төгрөгийг ахдаа өгөөч ахад нь мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ахдаа удахгүй өгнөө өгнө, хоёр дүүд нь одоохондоо боломж байхгүй байна гэсэн чинь гуйлгачингаар дуудаад намайг мотоцикль дээрээ суучихсан байхад ардаас харанхуйд чулуу авч атгаад гараараа цохих шиг болсон. Толгойны ардаас цус гоожоод унасан. Тэгэнгүүт нь би мотоциклио хаяад доошоо тонгойход дээрээс чулуутай гараараа 2-3 удаа цохих үед нь шууд зугтаасан чинь чамайг алнаа хүрээд ир гээд ардаас хашгираад чулуу шидээд байхаар нь би тэр чигтээ гэр лүүгээ 7 километр газар алхаж өглөө 7 цагийн үед гэртээ иртэл Г миний мотоциклийг гэрийн гадаа авч ирж хаячихаад сум руу явчихсан байсан. Ингээд эхнэртээ болсон явдлын талаар хэлээд сумаас эмнэлэг дуудаж толгойныхоо хэсэгт 6 оёо тавиулсан... Эмчид үзүүлэхэд миний толгойн 3 хэсэг газарт яз цохичихсон байсан. Би гартаа чулуу атгачихсан байхыг өөрийн нүдээр харсан ... гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...  Н гэх айлд очоод дугуй нөхөх цавуу, насос, илүү дугуйны дотуур хаймар байна уу? гэж асуутал Н ах байхгүй гэхээр нь хөдлөөд явсан. Тэгээд урагшаа явж байгаад замаа алдаж төөрөөд буруу яваад Д-нхыг өнгөрөөд явсан байсан. Гэгээ ороод буцаж 8 цагийн үед Д-д иртэл эхнэр А нь Г ирээд явсан. Манай нөхөр Д ирсэнгүй гээд байж байсан. Тэгээд Д-г хайж олох гээд гэрээс нь гараад иртэл Д гэр лүүгээ алхаад ирж явсан. Тэгээд гэртээ иртэл толгойны орой хэсгээрээ хагарч цус гоожсон, гар нь цус болсон байхаар нь юу болоод цус нөж болчихвоо гэж асуутал би мотоцикль жолоодоод явж байтал Г ах араас толгой руу цохиод намайг зодчихоод тал дээр орхиод явсан гэж ярьсан. Тэгээд А сумын эмнэлэг рүү дуудлага өгөөд Д-г ирж үзээд эхнэртэй нь хамт сумын эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ6/,

Гэрч Ч.А-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... Өглөө 7 цаг өнгөрч байхад М мотоцклио унаад ганцаараа ирэхээр нь хүүе Д яав гэтэл надтай яваагүй шүү дээ Г ахтай цуг явсан. Би буруу замаар явж төөрөөд одоо ирж байна гэж хэлсэн. Ингээд удалгүй М гараад шээчихээд орж ирснээ Д доороос алхаад ирж байна гэхээр нь эд нар хоорондоо маргалдаж муудалцаал биз гэж хэлээд сууж байтал гаднаас нөхөр орж ирэхэд толгойноос нь цус гоожоод хатчихсан байхаар нь яав юу болов гэтэл Г ах мотоциклийн араар суухдаа миний ардаас чулуугаар цохиод ийм болгочихлоо гэхээр нь толгойг нь үзтэл 3 газар хага цохичихсон байхаар нь сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэтэл Г ах утсаар залгаад ороод ирэхээр нь та чинь яахаараа хүн зоддог юм бэ? гэтэл яадаг юм, та нарыг ална шүү та нар надаас юу олж долоодог юм бэ? гэж хэлээд утсаа салгасан юм. Ингээд эмч ирээд толгойны 3 хэсэг газарт 6-н оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ47/,

Шинжээч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Э.Д-н биед учирсан гэмтлүүдээ толгойн орой зулай, дагзанд үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... шинэ гэмтэл болно... Бөгжтэй гар болон гартаа чулуу атгаад цохихын аль алинд үүсэх боломжтой гэмтэл юм ... мотоциклиос унах үед үүсгэгдэх боломжгүй, харин цохих, савж унах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /ХХ49-50/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 127 дугаартай “... 1. Э.Д-н биед толгойн оройн зулай, дагзанд шарх, дух, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ15-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 600000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хүсэлт /ХХ103/ гаргасан байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Э.Д хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Г хохиролд 600000 төгрөг төлсөн талаар хохирогч прокурорын газарт “ ... Э.Д би Ггаас эмчилгээний зардалд 600000 төгрөг бэлнээр авсан нь үнэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно. Гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г хохирогч Э.Д-д 600000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г хохирогч Э.Д-д 600000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА