| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0428/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/401 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/401
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч С.Энхням (томилолтоор),
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн 2108003260278 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, компьютер программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот хашаанаас иргэн О.Оын эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн ... маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр О.Оын зөвшөөрөлгүйгээр авч яван 9.742.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 6-7х, 8-9х/, хохирогч О.Оын мэдүүлэг /хх-ийн 16-18х/, гэрч Ц.Агийн мэдүүлэг /хх-ийн 25-27х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10569 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45х/, шүүгдэгч Б.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар /хх-ийн 66х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/, шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот хашаанаас иргэн О.Оын эзэмшлийн ...улсын дугаартай цагаан өнгийн ... маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр О.Оын зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 6-7х, 8-9х/,
Хохирогч О.Оын: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим А бид хоёр найз Аг найз залуугийнх нь хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх зурагтын эцсийн автобусны буудлаас очиж авсан. Тэр хоёр нэг шил архитай ирсэн ба манай гэрт нэг шил архи байсныгаа бид дөрөв манай гэрт очоод хувааж уусан. А бид нартай уулзахаас өмнө дүүтэйгээ нэг шил архи уучихсан байсан тул эхний нэг шил архи дээр түрүүлж тасраад том өрөөний орон дээр унтсан, удалгүй Агийн найз залуу Б жижиг өрөөний орон дээр тасраад уначихсан. А бид хоёр үлдээд үлдсэн нэг шил архиа ууж байтал А мөн тасраад уначихаар би том өрөөнд орж унтах гэтэл А босоод гэр лүүгээ хүүхэд дээрээ очлоо гэхээр нь би чи согтуу учраас дэмий байхаа гээд хориглоход зөрүүдлээд найз Агийн хамт гараад явсан. Тэгээд тэр хоёр гараад явчихаар нь би машины түлхүүрээ том өрөөний ширээн дээр үлдээгээд унтаад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчим сэрэхэд миний машины түлхүүр ширээн дээр байхгүй, мөн хашаанд хучаад тавьчихсан байсан миний ... улсын дугаартай машин байхгүй байхаар нь Агийн гэрт очиж авсан эсэх талаар асуухад А тэр хоёр хамт байсан бөгөөд хоёулаа мэдэхгүй гэсэн. Намайг сэрэхэд гэрт Агийн найз залуу Б байхгүй болчихсон байхаар машин аваад явчихлаа гэж бодоод цагдаа дуудахад ирээд үзлэг хийгээд явсан. Би гэртээ үлдээд А, А хоёр миний машиныг хайхаар явсан бөгөөд удалгүй Зурагтад миний машин түгжээтэй байна гэж сонссон. Тэгээд цагдаа нар очиж хурааж аваад хэлтэс дээр аваачсан байсан. Машин авч яваад арын хэсэгт мөргөлдүүлсэн байна лээ. Тэрийг нөхөн төлүүлмээр байна. Ямар нэгэн мөргөлдсөн сэв зураас миний машинд байгаагүй. Одоо арын хэсэгт гупер, багаж чихэгдсэн байдалтай байна. Би үүнийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, гарсан зардлыг авмаар байна. Би согтуу унтаад өгсөн байсан учраас зөвшөөрөл өгөх боломжгүй. Надаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр миний машиныг авч яваад мөргөлдүүлсэн байна. Хүн дайрч гэмтээгээгүй нь аз боллоо гэж бодож байна. Намайг сэрээсэн зүйл огт болоогүй, би сэрсэн бол машинаа өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/,
Гэрч Ц.Агийн: “...Мана найз А нь 1 сарын өмнөөс Б гэх залуутай хамтран амьдарч байгаа гэж хэлж байсан бөгөөд надтай танилцуулна гэж ярьдаг байсан. Тэгээд өчигдөр 22 цагийн орчим О бид хоёр хамтдаа тэр хоёрыг очиж аваад Оын гэрт ирж 0,75 граммын 2 шил Экспорт архийг дөрвүүлээ хувааж уусан. Би эхний нэг шил архийг хамт уугаад 01 цагийн орчим унтаад 3 цагийн орчим сэрэхэд хоёр дахь шил архи нь талдаа ороогүй, Б хажуугийн орон дээр ганцаараа унтаад хажууд нь О, А хоёр архи ууж байсан ба О нэлээд согтсон байхаар нь би том өрөөнд унтуулах гэтэл унтахгүй надтай хэрүүл хийгээд байсан. Сүүлдээ намайг болон манай хүүхдийг доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдэж байгаад алчуураар хоёр ороолгочхоод би явлаа гээд боссон чинь хажуу өрөөнөөс А гарч ирээд чи миний найзыг хэл амаар доромжиллоо гэсэн чинь О түлхээд унагаасан. Тэгээд бид гурав хоорондоо хэрэлдэж байгаад би Аг авч гараад гэртээ ирээд унтаж байхад 10 цагийн орчим О манай гэрт ирээд машин алга болчихлоо, чи аваад явчихсан юм уу гэхээр нь гайхаад А бид гурав хамт хайлцсан. Тэр үед Б нь Оын гэрт байхгүй байсан бөгөөд согтуудаа машиныг нь аваад харьсан байх гэж бодоод Агийн нийтийн байр луу А бид хоёр хамт яваад О гэрт үлдсэн. Нийтийн байранд очтол байхгүй байхаар нь дөнгөж доохон талд байдаг нэг найзынх нь гэрт очтол Оын ... улсын дугаартай машин түгжээтэй байсан. Машины арын гупер хэсэг юм мөргөсөн юм шиг сэвтсэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд зургийг нь дараад хэлтэс рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Цагаан өнгийн ... маркийн автомашин-9.000.000 төгрөг” /хх-ийн 40-41х/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10569 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Цагаан өнгийн ... маркийн автомашины нийт 742.000 төгрөгийн шууд бус хохирол учирсан” /хх-ийн 45х/,
Шүүгдэгч Б.Бгийн: “...Тэгээд унтаж байгаад өглөөний 07 цагийн үед О намайг нөгөө хоёр чинь явчихлаа гээд сэрээсэн. ...Би өөрийн таньдаг дүү Г гэх залууг түүний ... дугаараар холбогдоод дуудахад Г өглөөний 07 цаг 20 минутын үед ирсэн. Г ирэхээс өмнө О намайг машин дотроос тамхи аваад ир гээд надад машины түлхүүрээ өгсөн байсан бөгөөд удалгүй О суугаагаараа унтаад өгсөн. Тэгээд байж байтал манай танил дүү Гг ирэхээр нь Оагаас зөвшөөрөл авалгүй машиныг нь аваад өөрийн танил дүү Ггаар бариулаад Атай хамт байдаг зурагтын нийтийн байран дээрээ очсон. Нийтийн байр эзэнгүй байсан. Би Гг тэндээ буулгаад өөрөө Оагийн машиныг бариад нийтийн байрнаас холгүй байдаг найз Бийн хашааны гадаа машиныг нь байрлуулсан. Би машиныг нь байрлуулж байхдаа машиных нь хойд хэсгийг төмөр шон мөргөөд гэмтээчихсэн. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн тус гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх атал прокуророос үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэж алдаатай бичсэнийг хэргийн нотлох баримт дээр тулгуурлан “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн” гэж зөвтгөн залруулсан бөгөөд энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүйг дурдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, шүүгдэгч Б.Б нь хохирогч Оын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй/, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Мөн шүүгдэгч Б.Бгийн гэмт үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,
“Хулгайлах” гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.
“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Б шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Бг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 142 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Цагаан өнгийн Toyota Vitz маркийн автомашиныг 9.000.000 төгрөг үнэлсэн, уг автотээврийн хэрэгслийн түлхүүрийг шүүгдэгч Б.Бгаас хураан авч, хохирогч О.Оад тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.
Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Оын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа тус тээврийн хэрэгслийн арын гупер хэсгээр юм мөргөж гэмтээсэн байх бөгөөд Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 10569 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар Toyota Vitz маркийн автомашины эвдэрсэн эд ангийг 742.000 төгрөгөөр үнэлсэн, уг хохирлыг шүүгдэгч Б.Б нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 742.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Оад олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...ямар нэгэн саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүйгээс гадна шүүгдэгч нь хохирогчид учирсан шууд бус хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй, уг ял биелэгдэх боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хохирол төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 742.000 (долоон зуун дөчин хоёр мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Оад олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ