| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/402 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/402
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Ц-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008028101483 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц-ийн Б /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” авто засварын газарт иргэн С.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үүрч газар шидэж, эрүүл мэндэд нь баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээр маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч С.Гын мэдүүлэг /хх-ийн 36х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10829 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19х/, гэрч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 70-71х/, гэрч С.Мгийн мэдүүлэг /хх-ийн 74-75х/, шүүгдэгч Ц.Бы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 40х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 41х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 42х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 43х/, мэргэжлийн сертификатын хуулбар /хх-ийн 44х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 45-46х/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47х/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 50х/, хохирогч С.Год эмчилгээний зардал 180.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 48-49х/, хохирогчид 1000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 95х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/, шүүгдэгч Ц.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” авто засварын газарт иргэн С.Гтой маргалдаж, түүнийг үүрч газар шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.Гын: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б бид нар засварын газар дээрээ ажлаа хийж байгаад би Быг “ширээн дээрээс сэлбэг аваад ир” гэж хэлэхэд Б “байхгүй байна” гэхээр нь би өөрөө очоод хартал миний асуусан сэлбэг байж байсан. Тэгэхээр нь уур хүрээд Быг “юм хардаггүй юм уу, аваад өгчихгүй” гэж хэлээд доош суваг руу ороод ажлаа хийж байтал Б гэнэт уурлаад “би та нарын түлхүүр багажийг дандаа зөөдөг” гэж орилоод миний зогсож байсан суваг руу ирээд намайг алхаар цохих гээд байсан. Бас намайг “ална, үлдсэн шүдийг чинь цөм цохиод байхгүй болгоно шүү” гэж хэлсэн. Би сувгаасаа гараад зогстол Б над дээр хүрч ирээд бид хоёр заамдалцаад Б яах ийхийн зуургүй намайг үүрээд шидчихсэн. Тэгээд би босох гэтэл миний хөлийн тавхай эвгүй болоод зогсож чадахгүй, хүчтэй өвдөөд байхаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10829 дугаартай: “...С.Гын биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/,
Гэрч Б.Огийн: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би засварын газрыг хариуцан ажиллаж байсан. 14 цагийн үед дэлгүүр ороод буцаж ирэхэд Г, Б нар хоорондоо маргалдсан байсан. Юу болсон талаар асуухад “Г Быг маслоны даачиг аваад өг” гэж хэлсэн чинь “би чиний зарц юм уу, гөлөг юм уу” гээд хоорондоо хэрэлдсэн гэсэн. Би Бд хандан “чи үүнийг авч өгөх ёстой, яагаад гэвэл чи нэгдүгээр дагалдан, хоёрдугаарт наад хүн чинь яаман доогуур орсон ажил хийж байгаа учир чи багажийг нь авч өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгтэл Б “наад пизда чинь намайг зарах гээд байгаа тул чадахгүй” гэж хэлээд Гтой яамны дээр зогсоод хэрүүл өдөөд “гараад ир, хоёулаа зодолдъё” гээд байсан. Тэгэхэд Г “би чам шиг дүү нартай, надтай хэрүүл хийгээд байлгүй ажлаа хий” гэж хэлсэн чинь Б “чи наад яамнаасаа гараад ир” гэж орилоод, алх бариад түүний дээрээс далайхаар нь би “чи тэнэг юм уу, өөр машин орж ирэхээр засаач, өөр хоорондоо эв зүйтэй ажилла” гэж хэлсэн чинь намайг тоохгүй байсан. Тэгээд Гыг яамнаас гараад ирсэн чинь хоорондоо барьцалдаад авсан. Г гартаа урт төмөр авахаар нь би түүнийг нь булаагаад авсан чинь Б Гыг тонгороод газар унагасан. Би хажуугийн яаманд байсан Мд “салга” гэж хэлээд салгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/,
Гэрч С.Мгийн: “...намайг яаман дотор засвар хийгээд байж байхад дагалдан засварчин ажилтай Б Г ахтай маргалдаад байгаа бололтой “чамайг гарч ирэхээр чинь ална шүү” гээд занасан маягтай орилоод байсан. Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор тоохгүй ажлаа үргэлжлүүлэн хийж байхад О эгч “М гарч ирээд энэ хоёрыг салгаад өгөөч” гэхээр нь би гүйгээд гарч ирсэн чинь засаж байсан машиныхаа зүүн талд Б Г ахыг газар унагаад дээр нь дараад заамдсан байсан учир би очиж салгасан. Г ах босоод явах үедээ доголоод шууд сэлбэгийн өрөө рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75х/,
Шүүгдэгч Ц.Бы яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр Г ах бид 2 машин засварын газартаа хамт нэг машин дээр засвар хийж байсан. Тэгтэл Г ах намайг “ширээн дээр сэлбэг байна уу” гэж асуухаар нь харахад байхгүй байсан. Байхгүй байна гэж хэлэхэд Г ах намайг зайл гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тухайн үед Г ах газар луу орсон сувагт байснаа гарч ирээд над руу дайраад заамдахад нь би бас заамдсан чинь миний нүүр лүү нэг гараараа цохиод түлхэхээр нь би хойшоо алхахдаа өөрөө зайлж зүүн гараас нь 2 гараараа эргүүлээд татсан. Тэгтэл Г ах миний доор ороод унасан. Г ах буцаж босож ирээд төмөр дорцоов бариад над руу дайрахаар нь би М ахыг “наадахаа бариад аваач" гэж хэлээд М ахын араар орж зугтаж М ах салгасан. Тэгтэл Г ах суваг руугаа орж машинаа засаж байснаа би ер нь цагдаа дуудна, миний хөл хугарчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Би Г ахыг татаж унагаахад цементэн шалан дээр унасан тэгэхдээ хөлөө гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 64х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Гыг “ширээн дээрээс сэлбэг аваад ир” гэж хэлсэн үгэнд уурласан нь маргалдах шалтгаан болсон байх бөгөөд хохирогч С.Г нь өөрт учирсан гэмтлүүдийг шүүгдэгч Ц.Б үүрч газар шидэж учруулсан талаар тогтвортой мэдүүлсэн нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдээгүй, давхар нотлогдсон шинжтэй буюу хэрүүл маргаан, зодоон нь зөвхөн тэр хоёрын дунд болж өрнөсөн талаар гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Ц.Бы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Г нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 1.180.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т зааснаар “учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Ц.Б хувийн байдлын хувьд хувиараа гагнуур хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, өрхийн дундаж орлого 800.000 төгрөг гэх тул эдгээр нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэж болно” гэж зохицуулсан нь үүрэг болгосон зохицуулалт бус тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлийн хүн нь хүүхдүүдээ хардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй буюу шүүгдэгчийн гагнуур хийж олсон орлогоор амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон тул мөн шүүгдэгч Ц.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ