Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 983

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар, *******,******* буюу Гачуурт тосгоны захирагчид холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.                                    

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот захирамжаар тус тосгонд хэсгийн ахлагчаар томилогдож ажиллаж байсан.

 

            Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот захирамжаар надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дуусгавар болгож, намайг ажлаас чөлөөлсөн.

 

            Би, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хорооны засаг дарга *******тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллахаар болсон.

 

            Тус өдөр олон хэсгийн ахлагч нарыг шууд ажлаас чөлөөлсөн бөгөөд бидэнд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, уулзалт хийж, энэ талаар тайлбарлаагүй.

 

            Манай*******ны засаг даргын орлон гүйцэтгэгчээр томилогдсон даруй ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

           

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар захирагчийг тухайн хороонд байгаа нийт оршин суугчид сонгох ёстой атал Баянзүрх дүүргийн засаг даргаас шууд томилсон байна.

 

            Миний бие 1 жил гаруй ажиллаад тэтгэвэр тогтоолгох юм, цаашид энэхүү газарт үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байх тул намайг хэсгийн ахлагчаар эргүүлэн томилж өгнө үү.

 

            Би, анх гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргасан боловч энэ хугацаанд ажиллаагүй учраас уг шаардлагаасаа татгалзаж, харин үргэлжлүүлэн ажиллах шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос тус шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн 20 дугаар буюу Гачуурт тосгон нь дүүргийн бусад хороогоо бодвол өөр эрх зүйн статустай байдаг.

 

Уг хороо тусдаа ажлын албатай, санхүүгийн хувьд дүүргийн тамгын газраас тусдаа бөгөөд ажилтнуудаа өөрсдийн тухайн жилд төсөвлөсөн хөрөнгөөр цалинжуулдаг юм.

 

 Улсын Их Хурлын 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот тогтоолоор Гачуурт тосгоны захирагчийг тухайн хорооны засаг дарга гүйцэтгэхээр тогтоосон.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 тоот захирамжаар Гачуурт тосгоны захирагч *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар ыг тус тосгоны захирагчийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.

 

Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн ******* нь тамга тэмдгээ өгөхгүй, ажил хүлээлцэхгүй зухтсан ба энэ хугацаанд тамга тэмдэггүй байсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дуусгавар болгож чадаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хорооны тамга тэмдгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан байх тул тухайн хугацаанд тамгагүй байсан гэдэг нь үүгээр нотлогдож байна.

 

Мөн өмнөх захирагч *******ыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байхад тэрээр нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулах эрхгүй, хэрэгт авагдсан гэрээг талууд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан байна.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй учраас ажилд эгүүлэн тогтоох гэсэн ойлголт байхгүй.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан журмын дагуу түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, энэ талаар түүнд мэдэгдэж, гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр цаашид ажиллуулаагүй.

 

Иймд, нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад

    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******өөс хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаас татгалзаж, үргэлжлүүлэн ажиллах шаардлагаа дэмжиж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот захирамжаар тус тосгоны н хэсгийн ахлагчаар томилж, түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ /х.х-ийн 33-р хуудас/.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолын дагуу батлагдсан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, хуулийн этгээдэд шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчилах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг бүхий этгээд ажээ /х.х-ийн 23-28-р хуудас/.

 

Тус журамд зааснаар хэсгийн ахлагчтай харъяа дүүргийн засаг даргын тамгын газар болон тухайн ажиллах хорооны засаг дарга нар хөлсөөр ажиллах гурвалсан гэрээ байгуулж, гэрээ болон журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагчтай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бус харин иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсдэг байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-д “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг дарга нар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон ба зохигчид энэ талаар маргахгүй байна /х.х-ийн 34-35-р хуудас/.

 

Гэвч нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан” тул 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээ сунгагдсан хэмээн мэтгэлцэж байна /х.х-ийн18-22-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 тоот захирамжаар тус дүүргийн*******ны засаг дарга *******ыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийн дагуу ыг уг өдрөөс эхлэн засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ /х.х-ийн 37, 38-р хуудас/.

 

Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот тогтоолоор Гачуурт хороог татан буулгаж, дүүрэг болгосныг 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 тоот тогтоолоор мөн татан буулгаж, *******т нэгтгэсэн байсныг хожим Улсын Их Хурлын 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот тогтоолын дагуу тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар болж, оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн засаг даргыг тосгоны захирагч байхаар тогтоосон байна. 

 

Дээр дурьдсан Баянзүрх дүүргийн засаг даргын Б/43 тоот захирамжаас үзвэл *******ыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн байхад тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *******тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж заасан ба нэгэнт *******ыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул түүнд энэ өдрөөс хойш Баянзүрх дүүргийн*******г төлөөлөх эрх хэмжээ байхгүй юм.

 

Харин зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна.

 

Учир нь, талуудын хооронд байгуулсан энэхүү хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох боловч нэхэмжлэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өөрийн ажлаа үргэлжлүүлсэн байх ба хариуцагчийн зүгээс энэ хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэж байгаагүй байна /х.х-ийн 32-р хуудас/.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч талд хөлсөөр ажиллах гэрээний хугацааг цаашид сунгахгүй болсон талаар мэдэгдсэн” хэмээн тайлбарлаж буй боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байгаагаас гадна энэхүү хугацаанд тамга тэмдэггүй байсан нь гэрээ, хэлэлцээрийн хугацааг сунгахгүй байх тухай мэдэгдэх, мэдэгдэл өгөх зэрэгт шууд хамааралтай биш юм /х.х-ийн 36-р хуудас/.

 

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно” гэж заасан. 

 

Тодруулбал, гэрээний хугацаа дуусах болон дууссан байдлыг оролцогч талуудын хэн алин бие биедээ мэдэгдэхээс үл хамааран талууд энэ талаар мэдэх ёстой бөгөөд мэдэх боломжтой байсан ба хөлсөөр ажиллагч нь гэрээний хугацаа дууссан боловч тэрээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ амаар болон бичгээр илэрхийлж болохоос гадна үйл хөдлөл буюу ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийснийг хөлслүүлэгч тал татгалзаагүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, цалингийн карт, хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай Б/01 тоот захирамжаас үзвэл нэхэмжлэгч ******* нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсныг хариуцагч тал татгалзаж, эсэргүүцээгүй байна /х.х-ийн 29-31, 32-р хуудас/.

 

Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн томилогдсон атлаа түүнийг томилогдохоос өмнө нэгэнт тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэрээг хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм.

 

 Иймд, нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүргийн*******ны н хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн*******ны засаг даргад даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНДАЛБАЯР