Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/403

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008011450382 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эх 3 дүүгийн хамт амьдардаг, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүй, Б овогт М-н Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, М хорооллын ... дүгээр байрны хойд талд байрлуулсан иргэн А.Нын эзэмшлийн ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгнө. Тухайн өдөр би такси үйлчилгээнд явж байсан бөгөөд Таван шараас хүн аваад М хороололд буулгачхаад хойшоо явж байтал хар машин зогсож байсан. Тэгээд гэр лүүгээ очоод дорцов, данхрат аваад буцаж очоод обуд, дугуйг нь аваад машиндаа хийгээд Морингийн даваанд жалганд аваачиж тавьсан. Тэгээд нөгөөдөр нь зар дээр тавьж зарсан. Приус 30 машиныг ажлын хөлсөнд авсан байсан ч банкны лизинг нь төлөх хугацаа болсон тул лизингээ төлөх зорилгоор уг дугуйнуудыг хулгайлсан юм. Гэвч одоо лизингээ төлж чадалгүй машиныг алдсан байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/, А.Нын өргөдөл /хх-ийн 4х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/, эд мөрийн баримтаар дугуйн данхраад, дугуйн дорцов, камерын бичлэгийг дискийг хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 15-16х, 22х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17х/, шүүгдэгч М.Гын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21х/, хохирогч А.Нын 4 ширхэг дугуйг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24х/, М.Гоос гар утас хураан авч иргэн Д.Чт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-26х/, хохирогч А.Нын мэдүүлэг /хх-ийн 31х/, гэрч Д.Чийн мэдүүлэг /хх-ийн 37х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн ... 30 автомашины хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42х/, 6443 УНГ улсын дугаартай ... 30 маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хх-ийн 43х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47х/, шүүгдэгч М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129х/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 160-165х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173х/, шүүгдэгч М.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69х/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 174х/, Ноён сансар ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 130х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны М хорооллын ... дүгээр байрны хойд талд байрлуулсан иргэн А.Нын эзэмшлийн ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/,

А.Нын өргөдөл /хх-ийн 4х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/,

Хохирогч А.Нын: “...2020 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны хойд талд байрладаг авто угаалгын газрын гадна өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинаа байрлуулан тавиад гэртээ орж унтсан. ...2020 оны 02 дугаар сарын 24-ний өглөө аав ээж дээрээ очиж золгохоор гэрээсээ гарч иртэл миний автомашины 4 дугуйг хулгайлсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний  автомашинаас алдагдсан  4 ширхэг дугуй бол  18 инчийн  Шогун нэртэй,  хойд талын  хоёр обуд нь  10.5 размертай, урд талын 2 обуд нь 9.5 размерын алтан  шаргал өнгийн обудтай  мичилин брэндийн спорт дугуй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

Гэрч Д.Чийн: “...2020 оны 02 дугаар  сарын 20-ны өдөр  12 цагийн орчим  өөрийн фейсбүүк  хуудсандаа  20 инчийн  дугуй байна,  бартер сонирхъё гэсэн утгатай  зар оруулахад 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчим ... гэсэн фейсбүүк хаягаас обудны зураг явуулаад 250.000 төгрөгийн зөрүү авъя, дугуйныхаа зургийг явуул, болохоор бол холбогдоорой гээд ... дугаар бичсэн зурвас ирсэн. Тэгээд миний бартер хийх гэж байгаа обудыг үзэхээр манай байранд 2020 оны 02 дугаар сарын 23-ны орой ирээд наймаа тохироод 2020 оны 02 дугаар сарын 25-нд манай байранд ирээд надад 4 ширхэг 18-н инчийн шогун нэртэй обуд өгөөд зөрүүнд би 20-н инчийн ойр 5-тай 4 ширхэг обуд, айфоне-6 эс маркийн гар утас өгч наймаа хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн фейсбүүк хуудсандаа бартер хийж обудаа зарахаар зар оруулсан чинь цагдаагийн албан хаагч нар ирээд хулгайн эд зүйл байна гэхээр нь ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Шогун обуд хуучин явж байсан 4 ширхэг-700.000 төгрөг, дугуй хуучин явж байсан 4 ширхэг-260.000 төгрөг, нийт-960.000 төгрөг” /хх-ийн 46-47х/,

Хохирогч А.Нын 4 ширхэг дугуйг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24х/,

М.Гоос гар утас хураан авч иргэн Д.Чт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-26х/,

Шүүгдэгч М.Гын сэжигтнээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-н шарын автобусны буудлын урд талаас үл таних эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “...” ХХК-ийн урд байрлах “...” нэртэй шатахуун түгээх станцын урд буулгачхаад М хорооллын дундуур ертөнцийн зүгээр нэвт хойшоо гарч байтал авто угаалгын газрын урд талд үнэ хүрчихээр гайгүй обуд дугуйтай “...” маркийн автомашин зогсож байсан. Тэгээд автомашинаасаа бууж очиж харахад боломжийн үнэ хүрэхээр байхаар нь буцаж автомашиндаа суугаад далангийн цаана автомашинаа байрлуулчхаад данхраад болон дугуйн дорцовоо авч очоод 4-н дугуйг нь нэг нэгээр тайлж доор нь ойр орчимд байсан чулуунаас авч ивээд 4-н дугуйг нь нэг нэгээр ертөнцийн зүгээр баруун талд байрлах блокон хавтан хашааны хажууд өвсөн дунд тавьсан. Нөгөөдөр орой 19 цагийн орчим дугуй байрлуулсан газраа очиж хулгайлсан дугуйнуудаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

Шүүгдэгч М.Гын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 23-24-ний шөнө таксинд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... шарын автобусны буудал дээрээс нэг үл таних хүн аваад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо М хороололд тухайн хүнийг буулгасан. Буцаад гэр лүүгээ явах гэсэн чинь авто угаалгын урд өргөн обудтай кровн машин харагдсан машин зогсоолд тавьчхаад тухайн кровн маркийн автомашины 4 обудтай дугуйг тайлж аваад хажууд байсан барилгын хашааны дагуу нэлээн өвс ургасан байсан учир тэнд нуугаад үлдээсэн. Тэр өдрөө тэр обудтай дугуйг тэндээ үлдээгээд 1 хоногийн дараа гэрийн ойролцоогоос такси бариад 4 обудтай дугуйгаа авах гэж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо М хорооллын ард далан дээр цагийг нь сайн мэдэхгүй байна, харанхуй болсон байх үед ирээд 4 обудтай дугуйгаа үл таних таксинд хийж ачаад Хан-Уул дүүрэг морингийн давааны ойролцоо байрлах хогны жалганд тухайн хулгайлсан 4 обудтай дугуйгаа нуугаад үлдээсэн. Тэгээд фейсбүүк зар дээр өөр нэг өргөн обуд авна солино гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдоод тухайн хулгайлсан обудаа сольсон ба тэр үед обудны зөрүүнд Айфоне 6 эс гар утас авсан. Түүнээс хойш буюу обуд сольсон өдрөөс хойш 3 хоногийн дараа цагдаад баригдаад бүх хохирлоо бүгдийг нь барагдуулж эргүүлж өгсөн, одоо ямар нэгэн хохирол болон төлөх төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч М.Гын бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Гын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Над 960.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчээс уг алдагдсан обуд дугуйг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон /хх-ийн 23-24х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гоос хулгайн гэмт хэрэгтээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч М.Г нь гэм буруу дээр маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, хохирол барагдуулсан байдал зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй. Хохирол төлөгдөөгүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт тул М.Год хамааралгүй гэж үзэж байна” гэж,

Шүүгдэгч М.Г нь “... би цагдан хоригдсон хугацаандаа их зүйлийг ойлгож гэмшсэн тул хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тэрбээр өмнө санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн, уг ялыг эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/5665 дугаартай албан тоотоор тогтоогдсон байна. /хх-ийн 160-165х, 169х/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 240:8=30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хөнгөн ял оногдуулах, хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай санал, хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлт, саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Год хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн боловч М.Г нь уг ялыг биелүүлээгүй, улмаар дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах боломжгүй буюу уг ял нь биелэгдэх үндэслэлгүй байна гэж үзэн дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн тус хэргийн хохирол төлбөр барагдсан, хулгайн эд зүйлийг биет байдлаар нь хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгч М.Гын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх бус /банкны лизинг төлж чадалгүй алдсан гэх/ байх  тул шүүгдэгч М.Гоос тухайн тээврийн хэрэгслийг хураан авах,  эсхүл түүний үнийг гаргуулж хохирол барагдуулах, улсын орлого болгох үндэслэлгүй байгаа болно.

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 56 хоног цагдан хоригдсон буюу нийт 58 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг данхраад, 1 ширхэг дорцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Год Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 1 (нэг)  сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 58 (тавин найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг данхраад, 1 ширхэг дорцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ