| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0440/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/412 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/412
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ын Гад холбогдох 2108005700635 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ... оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч “Б.Г нь согтуурсан үедээ, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар биед хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, шуу, сарвуу, биед хацар шанаанд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтлийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдсон гэх.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Мы мэдүүлэг /хх-ийн 7-11х/, гэрч Ц.Мгийн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Ц.Бы мэдүүлэг /хх-ийн 21х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2147 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25х/, шүүгдэгч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 73х/, шүүгдэгч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 40х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод өөрийн эхнэр Д.Мыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Д.Мы: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 04 цагийн үед унтаж байсан чинь манай нөхөр Б.Г согтуу орж ирээд намайг “ална чамайг, насаараа дарамталж амьдарна” гэж хэлээд миний зүүн булгалга, шуу, сарвуу, хацар, шанаа руу гараараа цохиж, өвдөг, шилбэнд хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Б.Г гэрээс гарч өөрөө цагдаа дуудаад явсан. 2001 онд Б.Гтай гэр бүл болсон. 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа дөрвөн хүүтэй болсон. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7х/,
Гэрч Ц.Мгийн: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай эгч Д.М өөрөө над руу залгаад нөхөр Г намайг урьд шөнө зодсон гэж хэлсэн. ...Манай хүргэн ах Г нь эгч Мтай суугаад 20 жил болж байна. Г нь үг дуу цөөтэй, бид нартай дотно биш хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Гэрч Ц.Бы: “...Манай хүргэн Б.Г нь урьд өмнө эгч Д.Мыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зодсоноос өөр зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2147 дугаартай: “...Д.Мы биед хацар шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалага, шуу, сарвуу, өвдөгт цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25х/,
Шүүгдэгч Б.Гын: “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй, би мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан ажээ.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Д.М нар нь 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан байх тул Б.Г, Д.М нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзэх ба шүүгдэгч Б.Г нь архи ууж согтуурсан үедээ өөрийн эхнэр Д.Мыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Б.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарт танилцуулсан байх ба тэдгээр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Г нь хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, түүний орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул түүний энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ