Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/43

 

2018             06              20                                                 2018/ДШМ/43

 

                      Д.Цт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Д.Цт холбогдох, эрүүгийн 1819000450030 дугаартай, 1 хавтас 145 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн .... сумын харьяат, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, хувийн мал малладаг, ам бүл 3, ээж, аавын хамт Дорноговь аймгийн .... сумын.... багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бондоон овогт Д-ийн Ц /РД: ЕБ89012618/-т холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч М.Тын цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн бугалга зэрэг газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бондоон овогт Доржийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Цт 4 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын ”Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж  “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай” хэрэгт гэм буруутайд тооцсугай гэж заасан атлаа мөн хэсгийнхээ 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан заах байтал “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон...санкцтай” гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэгдэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Цт 4 жил хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн прокуророос шүүгдэгч Д.Цт холбогдох хэргийг яллагдагч Д.Ц, түүний өмгөөлөгч нараас прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагч хэргээ хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг шийдвэрлэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын талаар хуульчлагдсан байхад шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан  “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” гэсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж шүүхийн өмнөх шатанд, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлсэн шүүгдэгчийн эрхийг шүүхийн шатанд хязгаарлаж, улмаар ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “...прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байхад прокурорын саналаас дээгүүр ял оногдуулж шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, эрх зүйн байдлыг дордуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан тул яллагдагч Д.Цт холбогдох эрүүгийн хэрэгт ял оногдуулах шүүх хуралдаан явуулж хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүх Д.Цт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар...шийдвэрлэсэн болно” гэж дүгнэснийг авч үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхгүй тохиолдол хуульчлагдсан байхад энэ зүйлд хамаарагдахгүй дүгнэлтийг хийж ердийн журмаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь ... шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.  Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Энэ нь шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч М.Тын цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн бугалга зэрэг газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Т /хх 15-19/, гэрч Э.Батбаяр /хх 22-24/, С.Лхагважав /хх 28-32/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 02/049 тоот дүгнэлт /хх-34/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгэж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэсэн нь буруу байх ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таваас арван хоёр жилийн хорих ялтай, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд төрлийн гэмт хэрэгт хамаарах учраас анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхдээ мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил .... хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэнд нийцүүлж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  хууль зүйн үндэслэлтэй  юм.

Прокурор С.Энхням хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллагдагчид 3 жил 4 сар 1 хоногийн хорих ял оногдуулах ялын саналтайгаар шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх хүнд төрлийн гэмт хэрэг тул гэсэн үндэслэлээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таваас  арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан буюу хорих ялын доод хэмжээг 5 жил гэж заасан хэдий ч дээрх хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй гэж ойлгогдоно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх нэг онцлог нөхцлийг  8 жилэээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хэргүүдэд хамааралтай гэж ойлгох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан  ээдрээ, маргаан багатай буюу яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хэрэгт хуульд заасан зарим нэмэлт ажиллагааг хийх шаардлагагүйгээр хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байх тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны  агуулга, зарчимд нийцэх юм.    

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн зохицуулалт нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлэж болох эрх хэмжээг шүүхэд олгосон байна гэж үзнэ.

Улмаар анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцсэн буюу шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсоны гадна ялын талаар шүүгдэгчээс гомдол гаргаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцлийн “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэсэн  агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин эсэргүүцлээс эрүүгийн хууль буруу хэрэглэснийг зөвтгөх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ... “ гэснийг

“Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын эсэргүүцлээс “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” тухай хэсгийг хангаж, “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам зөрчсөн” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ц нь  43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                  А.САЙНТӨГС