Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0061/3 |
Дугаар | 221/МА2023/0178 |
Огноо | 2023-03-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0178
Бнэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Б
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын шадар сайдаас Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2017 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 51,021,176 төгрөгийн хохирлыг гаргуулах.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 56 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0061/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр:
Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй Монгол Улсын шадар сайдын хууль бус үйл ажиллагааны улмаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авах байсан цэргийн тэтгэвэр 44,566,544 төгрөгийн хохирлыг хариуцагч Монгол Улсын шадар сайдаас гаргуулан нэхэмжлэгч Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,454,632 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дугаарт тодорхойлохдоо нэхэмжлэгчээс цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгон авах ёстой гэж маргасан. Гэвч шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын шадар сайдын 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчаас шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхийн шийдвэр гаргасан тус өдрөөр нэхэмжлэгч Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тушаалыг гаргах ёстой байсан гэж үзэх нь бодит байдалд нийцнэ.
2.2.Үндэслэх хэсгийн 19 дугаарт тодорхойлохдоо: Харин 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын шадар сайдын дээрх тушаал хууль бус болох нь тогтоогдоогүй байсан учраас хариуцагчийг тухайн өдөр шийдвэр гаргах байсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын тус хугацаанд хамаарах 6,454,632 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
2.3.Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдахдаа ...Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй тул 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 7 хоногийн цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Б миний цэргийн тэтгэвэр авах эрх зөрчигдөж эхэлсэн. Харин 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 956 дугаар шүүхийн шийдвэр бол хариуцагчийн буруутай гэдгийг тогтоосон өдөр юм. Өөрөөр хэлбэл хохирол учирч эхэлсэн өдөр нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 51,021,176 төгрөгийг Монгол Улсын Шадар сайдаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Боос “Монгол Улсын Шадар сайдаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2017 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 51,021,176 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан гаргажээ.
2.Анхан шатны шүүхээс Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй Монгол Улсын шадар сайдын хууль бус үйл ажиллагааны улмаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авах байсан цэргийн тэтгэвэр 44,566,544 төгрөгийн хохирлыг хариуцагч Монгол Улсын шадар сайдаас гаргуулан нэхэмжлэгч Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,454,632 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс “...анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй тул 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 7 хоногийн цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Б миний цэргийн тэтгэвэр авах эрх зөрчигдөж эхэлсэн...” гэж маргажээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 16 дахь хэсэгт “Нэхэмжлэгчээс цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгон авах ёстой гэж маргасан, гэвч шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Шадар сайдын 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, ...шүүхийн шийдвэр гаргасан тус өдрөөр нэхэмжлэгч Бцэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тушаалыг гаргах ёстой байсан гэж үзэх нь бодит байдалд нийцнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр[1] “...нэхэмжлэгчийг 57 нас хүрээгүй байхад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс тэтгэвэрт гаргасан нь Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасантай нийцээгүй... 2017 оны 08 дугаар сарын 25-аас 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны 7 хоногийн цалинг гаргуулах нь зүйтэй, ...Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй,...” гэх үндэслэлээр ...Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
6.Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэрт Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй...” гэж дүгнэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 57 насанд хүрсэн байх тул тухайн өдрөөс эхлэн тэтгэвэр авах эрх нь зөрчигдсөн, хариуцагчийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байхад анхан шатны шүүхээс “...анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны 956 дугаар шийдвэр гарсан” өдрөөс нэхэмжлэгчийн тэтгэврийг тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийг тооцох өдрийг буруу тогтоож, улмаар нэхэмжлэгчид олгогдох тэтгэврийг багасган тооцсон нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн тэтгэврээ нөхөн гаргуулах эрх, хууль ёсны эрх ашгийг шүүхээс бүрэн сэргээж эдлүүлээгүй гэж үзэхээр байна.
8.Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Боос Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Шадар сайдаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2017 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан цэргийн тэтгэвэр 51,021,176 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] 1-р хавтаст хэргийн 11-14 дэх тал