Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 129

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: НЗД, СХДЗД

Гуравдагч этгээд: Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр, НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжуудын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.А-ын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг СХД-д даалгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НГЗА-ны Хуулийн мэргэжилтэн З.М, СХДЗДТГ-ын Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Б, гуравдагч этгээд Н.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга А.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.А миний бие Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-******* тоот, 700 м2 хоосон газрыг хууль ёсоор эзэмшихээр 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр СХД-ийн Ө г х-нд хандаж тус газрыг шүүлгэхэд хүсэлт, материал өгсөн хүн байхгүй байна гэсэн. Улмаар 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  “З*******” ХХК-иар кадастрын зураг хийлгэж, газар эзэмших тухай бусад материалыг бүрдүүлж, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан. Үүнээс хойш СХД-ийн Ө г х-ны албанаас удаа дараа лавлахад тус хороог хариуцсан газар зохион байгуулагч Б.Б “захирамж гараагүй, удахгүй гарна” гэсэн хариу өгч байсан. Га-наас  хариу өгөх болгондоо “захирамж гарна” гэж байсан тул манайх тус газарт 70 гаруй сая төгрөгөөр гүний худаг, хашаа, хүлэмж, үйлдвэрийн барилга барьсан.

Ингэж явсаар 2015 оны 7 дугаар сарыг хүргэсэн тул газар зохион байгуулагч Б.Б-аас дахин лавлахад тус газрын бичиг баримт Н.М-д олгогдсон гэсэн. СХД-ийн Ө г х-ны албаны дарга н.Б-тай энэ талаар уулзахад Б.Б-ыг дуудаж “Яагаад хүсэлт өгсөн газартай давхцаад байгаа юм бэ” гэхэд газар зохион байгуулагч “зүүн талын хоёр айлын газрыг хөөцөлдөж байсан Н.М кадастрын зургаа энэ айлын газар руу зөөж оруулсан тул гэрчилгээ буруу олгогдсон байна” гэх тайлбарыг өгсөн. н.Б дарга гомдлыг барагдуул гэсэн боловч газар зохион байгуулагч Б.Б “Н.М-ыг дуудаад ирэхгүй байна, утсаа авахгүй байна, хөдөө явсан” гэх зэргээр өдийг хүргэсэн. 

Газрын алба нь маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийгээгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр судалгаа хийсэн гэх боловч тухайн газарт судалгаа хийсэн гэдгийг нотлох зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ашиглаж байгаа гэдгийг мэдээгүй.

Нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээд Н.М-аас өмнө газрыг ашиглаж эхэлсэн. 2014 оны 03 дугаар сараас хойш тухайн газрыг эзэмшихээр зэхэж, 03 дугаар сарын 20-нд тог татуулж, үүнээс хойш бусад ажлуудаа хийж эхэлсэн. Улмаар худаг ухаж, сендивчэн байшин барьснаасаа хойш тодорхой хөрөнгө зарцуулж, төлбөр төлсөн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Н.М-ны тухайд манайхыг маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж эхэлснийг мэдсэнийхээ дараа хүсэлт гаргасан байдаг. Хэдийгээр хуульд заасны дагуу түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд газар олгох тухай заалт байгаа боловч тухайн газрыг Н.М-ыг хүсэлт гаргахаас өмнө Т.А-ын гэр бүл эзэмшиж байсан талаар тодорхой хэмжээний нотлох баримтуудаар нотлох боломжтой. Иймэрхүү нөхцөл байдал бодит амьдралд их тохиолддог бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу Н.М-д газар эзэмшүүлэх захирамж гарч эзэмших эрхийн гэрчилгээ авч, газрыг өмчилж авсан гэх боловч одоог хүртэл зориулалтын дагуу тухайн газрыг ашиглахгүй байгаа. 

Газрын алба нь гуравдагч этгээд Н.М-ы газартай давхцаагүй газрыг Т.А-т шийдвэрлэх боломжтой байсан. Н.М-ыг тухайн газарт хүсэлт гаргасан гэдгийг мэдсээр байж хүсэлт гаргасан нь түүнийг хүлээж авч шийдвэрлэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь тухайн газарт зөвхөн худаг гаргуулж хашаагаа барихад 12 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг хашаагаа барьсных нь дараа очиж уулзсан гэдэг нь тодорхой болсон. Гуравдагч этгээдийн хашааг зөвшөөрөлгүйгээр буулгасан болон газрыг эзэмшиж, ашиглаж байхад нь маргаан гаргалгүйгээр явж байсан нь тухайн газрыг Н.М эзэмших хүсэл байхгүй болох нь харагдаж байна. Харин нэхэмжлэгчийг 20 сая төгрөг төлөөд ав гэсэн байдлаар санал тавьж байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх.

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргахад тус дүүргийн Газрын албанаас 2018 оны 02 дугаар сарын 22-ны 14/287 дугаар албан бичгээр миний хүсэлт гаргасан газрыг Н.М-д НЗД-ын 2014 оны А/652 дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон болохыг албан ёсоор мэдсэн.

Иймд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшихээр хүсэлт гаргасан байхад шийдвэрлэхгүй өдийг хүрч, мөн тус газрыг Н.М-д олгосон нь миний газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НГАД Э.Б-ы шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Н.М нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр СХД 22 хорооны Тахилтын 8 дугаар гудамжинд өөрийн амьдарч байсан хашааны газар эзэмших хүсэлтийг холбогдох баримтыг хавсарган гаргасныг судлан үзэж, СХДЗД 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай СХД 22 хороо Тахилтын 8-******* тоот хашаанд амины хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.

Улмаар иргэн Н.М нь Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл загварын дагуу гаргасан, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгч, НЗД 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн 700 м2 талбай бүхий газрыг өмчлүүлсэн байна.

Анх иргэн Н.М нь СХДЗД 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар СХД 22 хороо Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот хашаанд амины хашааны зориулалтаар15 жилийн хугацаатай газар эзэмшихээр болсон байна. Улмаар иргэн Н.М нь Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл болон холбогдох нотлох баримт баримт бичгийг бүрдүүлэн НЗД хандсаны дагуу 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн 700 м2 талбай бүхий газрыг өмчлүүлсэн. Иймээс НЗД нь хууль зүйн үндэслэлийг зөв удирдлага болгосон учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэх зүйл байхгүй. 

Нэхэмжлэгч нь ямар нэгэн шийдвэр болон зохих зөвшөөрөлтэйгөөр тухайн газрыг ашиглах ёстой байтал өөрт нь газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэргүй атлаа газрыг ашиглаж байсан. Цаг хугацааны хувьд Н.М нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээ өгсөн байна. Харин нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан ёсны хүсэлтээ СХД Газрын албанд тус тус өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн газар хүсэлт өгсөн дараалал ёсоор Н.М-ы нэр дээр шилжсэн байсан учраас нэхэмжлэгчийн хүсэлтийг СХД Газрын алба шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн гэж ойлгож байна. Иргэн Т.А нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж эзэмшиж байсан байна.

НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжийн Н.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад уг захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах талаараа дурдаагүй. Үүнтэй холбоотой тайлбар гаргаагүй учраас НЗД-ын захирамж нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар хууль зөрчиж гаргасан акт гэдэг талаар тайлбар өгөөгүй байгаа нь тус захиргааны акт хүчин төгөлдөр гэдгийг илтгэж байна. 

Мөн СХДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн хувьд Н.М болон Т.А нарын хэн нь түрүүлж хүсэлт өгсөн гэдэгт талууд маргаагүй бөгөөд гуравдагч этгээд түрүүлж хүсэлт өгсөн учраас түүнд шийдвэр гарсан. Гол нь СХДГА нь хууль зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг үндэслэж тайлбар хийж байгаа боловч нэхэмжлэгч нь тухайн газрыг захирамж гаргахаас өмнө эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг нотолж, хүлээн зөвшөөрч байгаа. 

Иймд дээрх маргаан бүхий захирамжууд нь иргэн Т.А-ын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий СХД 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот хаягтай 700 м2 газрыг 2014 оноос хойш ззэмшиж ирсэн гэх ба уг газрыг бусдад газар эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон гэжтайлбарлажээ. Нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх СХД 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот хаягтай 700 м2 талбай, нэгж талбарын 1862******* дугаар бүхий газрыг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.М эзэмших хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу дүүргийн ЗД нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны А/214 дүгээр захирамжаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Н.М-д газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Дээрх иргэнд СХД 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот хаягтай нэгж талбарын 1862******* дугаартай газрыг эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.А нь 2014 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж байгаад 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр СХД 22 дугаар хороо Тахилтын 8-******* тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан талаараа тодорхой дурдсан. Уг газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн Н.М-д дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны А/214 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон нь дүүргийн Газрын албаны архивын болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, 31.3 дахь хэсэгт “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Т.А-т Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот, 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинхайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гуравдагч этгээд Н.М-д дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8дугаар гудамж ******* тоот хаягтай нэгж талбарын 1862******* дугаар 700 м2 газрыг эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2007 онд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг эзэмшихээр газрын кадастрын зургийг хийлгэж байсан бөгөөд тухайн үед ойр орчим цөөхөн айлтай, газрын байршилд хүчтэй салхи их гардгийн улмаас ойр орчмын айлуудын хашаа нурж унасан байдалтай байдаг байсан. Улмаар нурж унасан хашааны банз модыг хүмүүс хулгайлах зэргээр хашааны банз, мод нь алга болдог байсан. Энэ байдлаас болж хашаагаа татаж чадаагүй байж байгаад 2012 онд хашааны төмөр шонг суулгаж, иргэн С.Э-д сарын 10.000 төгрөг, жилээр нь тооцож 120.000 төгрөг өгч харуулдаг байсан.

Үүний дараа 2013 оны 08 дугаар сарын сүүлээр хашаагаа татаж өвөлжүүлж 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/214 тоот захирамжаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай (нэгж талбарын 1862******* дугаар) эзэмших эрхтэй болсон.

Улмаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газар өмчлөх хүсэлтийг Н ө х г-т гаргаснаар НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжаар уг газрыг надад өмчлүүлэхээр шийдвэрлэснээр НУБГ 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, уг газрын хууль ёсны өмчлөгч болсон.

2014 оны 06 дугаар сарын сүүлээр үед Т.А-ын нөхөр н.Х-д нь манай хашааг буулгаж өөр банз авчирч өөрчилж, худаг ухахаар машин техник авчирсан байсан бөгөөд энэ үйлдлээ таслан зогсоохыг н.Х-с шаардаж, учрыг тодруулж асуухад н.Х-д хэлэхдээ: “хойд талын хашааны лам хүнээс танай газрыг худалдаж авсан, 1.500.000 төгрөгийг урьдчилж өгсөн, гэрчилгээ гарсны дараа 1.500.000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон гэрээ хийчихсэн, чамд хамаагүй, лам хүн худлаа ярихгүй” гэж хэлж миний шаардлагыг хүлээж аваагүй.

Миний бие өөрийн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, өмчилж авсан бөгөөд миний газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа, мөн Т.А болон Н.Х нарын барьсан сэндвичэн байшин нь миний өмчилж авсан 1862******* нэгж талбарын дугаартай газрын гадна талбайд баригдсан, газрын кадастрын зурагт хамаарахгүй тул надтай газрын асуудлаар маргах үндэслэл шалтгаан байхгүй. Харин миний өмчлөлийн 700 м2 газарт байршуулсан гэр, газрын зарим хэсэгт давж орсон байгууламж зэргийг буулгах, нүүлгэх арга хэмжээ авч миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг Т.А-с шаардаж байна. Миний бие холбогдох хууль тогтоомжид нийцүүлж газар эзэмших эрхийг авсан тул Т.А-ын нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй байна.

НЗД-ын өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах болон энэхүү захирамж олгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагууд нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхөөр байна.  Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт, өргөдөл гаргаж байгаа тохиолдолд тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Т.А-ын гаргасан хүсэлтийг хүлээж авах явцад тухайн өргөдөлд дурдсан талбай аль нэг этгээдийн газартай давхцаж байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд тус газрыг шалгахгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүртгээд авчихсан байдлаас үүдэж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрсдөд нь ашигтай нөхцөл байдал үүсэхийг хүлээсэн гэж ойлгож байна. 

Нэхэмжлэгч нь тухайн газрыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Нэхэмжлэгч нь Н.М-ы газар гэдгийг мэдсэн атлаа тухайн газрыг ямар нэгэн байдлаар авч чадна гэсэн зорилго агуулж тухайн газарт хөрөнгө оруулалт хийсэн. Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байж, цахим сайтуудад худалдах зар тавьсан байсан. 

Түүнчлэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш Т.А нь газрын эрхийн талаар надтай болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, НЗД-тай маргаан хийгээгүй 2015 оны 06 сард нөхөр Н.Х миний газрыг худалдаж авах талаар санал тавьж байсан нь намайг газраа өмчилж авсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан тул Т.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Миний бие өөрийн өмчлөлийн газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж үр хүүхдүүддээ өвлүүлэх чин хүсэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээрнэхэмжлэгч Т.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.А-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр, НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжуудын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.А-ын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж нэмэгдүүлсний  дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгчээс “Би тухайн газарт 2014 оны 03 дугаар сараас тог татаж, гүний худаг, сендвичэн байшин барьж Н.М-аас өмнө уг газрыг эзэмших байсан. 2014 оны 06 дугаар сарын 11-нд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж Тахилтын 8-******* тоот газрыг шүүлгэхэд “уг газарт хүсэлт гаргаж, материал өгсөн хүн байхгүй байна” гэсэн тул 07 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргасан. Хэрэв тухайн үед Газрын албанаас газар дээр хээрийн судалгаа хийсэн бол Н.М-ы хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байсан” гэж маргаж байгаа. 

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

Анх маргаж буй байршилд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/214 дүгээр  захирамжаар Н.М-д 22 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамж ******* тоот хаягт байрших 700 м2 газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгожээ. Улмаар Н.М-д 2014 оны 07 дугаар 07-ны өдөр 000514515 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгосноор Газрын тухай хуулийн27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн,...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гээд 32.2.1-32.2.3-д“овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа” зэргийг хавсаргаж ирүүлэхийг шаардсан байна. 

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаас үзэхэд дүүргийн Засаг дарга нь иргэний бичгээр гаргасан хүсэлт, хуулийн шаардлага хангасан баримт бичгийг үндэслэн газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. 

Гуравдагч этгээд Н.М 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, Тахилт8 дугаар гудамж ******* тоот хаяг олгосон баримт, нэгж талбарын байршлын кадастрын зураг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж  өгсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Н.М-д Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот хаягт байрших 700 м2 газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тухайн үед гуравдагч этгээд Н.М-ыг Тахилт 8 дугаар гудамж ******* тоот газрыг эзэмших хүсэлт гаргахад уг газрыг эзэмших, ашиглах эрх хэн нэгэн этгээдэд хуулийн дагуу үүсээгүй, давхцалгүй байсан ба түүний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3, 32.1, 32.2-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж байсан тул Н.М-д газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх шийдвэр нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Т.А нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргаж, 22 дугаар хорооны Засаг даргын 07 дугаар сарын 02-ны өдөр “8 дугаар гудамж, ******* тоот хаалга” гэх хаяг олгож цохолт хийсэн өргөдөл, “З П Ж С” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн нэгж талбарын байршлын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргаж өгсөн болох нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны Өргөдөл, гомдлын дэвтэр, Бүртгэл-хяналтын карт зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаас үзэхэд хамгийн гол нь хуулийн дагуу бусдад эзэмших, ашиглах эрх үүсээгүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй газарт эзэмших хүсэлт гаргаж болох шаардлага тавигдсан байна. 

Гэтэл нэхэмжлэгч Т.А нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Н.М-ы эзэмших эрх бүхий газартай давхцуулан (Тахилтын 8 дугаар гудамж ******* тоот)газар эзэмших хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлагыг хангахгүй байх тул газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага болох дүүргийн Газрын алба “бусдын эзэмшил газартай давхцалтай” тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.  

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны 1/909 дүгээр албан бичиг, хавсралт зургаас  үзэхэд гуравдагч этгээд Н.М-ы нэгж талбарын 1862******* дугаар бүхий 700м2газар, “З П Ж С” ХХК-ийн үйлдсэн Т.А-ын кадастрын зураг бүхий 757.67м2 газрууд байршлын хувьд хоорондоо 477.94м2 талбай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д“Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч Т.А нь хуулийн дагуу эзэмших эрх үүсээгүй, эрх бүхий байгууллагад тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаагүй байхдаа дур мэдэн маргаж буй газарт 2014 оны 3 дугаар сараас сендвичэн байшин барьсан(04 сард) нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны 1/986 дугаар, 07 дугаар сарын 25-ны 1/1331 дүгээр  албан бичиг, хавсралт зургуудаар  тогтоогдож байна.

Иймээс Т.Алтанзагаст 8 дугаар гудамжны ******* тоот газрыг эзэмших эрх Газрын тухай хуульд заасны дагуу зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн гүний худаг, сендвичэн байшин барьсан нь уг газрыг эзэмших давуу нөхцөл байдал үүсгэхгүй, улмаар тухайн газрыг эзэмшиж, ашиглажбайсан гэж үзэх боломжгүйбөгөөдхүчин төгөлдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Н.М-ы газар эзэмших (өмчлөх) эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Харин гуравдагч этгээд Н.М 2007 оноос тухайн маргаж буй газрыг эзэмших хүсэл зоригтой байсан тул 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэн, хашаа барьж, харж хамгаалж байсан ба улмаар захиргааны байгууллагад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргаж газар эзэмших эрхээ хууль ёсоор баталгаажуулж авчээ. 

Тухайлбал, Н.М, түүний төрөл садангийн хүмүүс Тахилтын 8 дугаар гудамжны *******, 163, ******* тоот хаягт байрших (2014 онд уг хашааны дугаар олгосон) газрыг эзэмших зорилгоор хашаа татаж, бусдад төлбөр төлж харуулж байсан болох нь хэрэгт авагдсан  2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-ийн үйлдсэн (*******, ******* тоот) нэгж талбарын кадастрын зураглал, С.Э-ын гэрчийн мэдүүлэг “Би 2008 оны 05 дугаар...2013 оны 05 дугаар сарын 11 хүртэл...сарын 10000 төгрөгийн төлбөр авч Н.М-ы (3 айлын) газар, хашааг хардаг байсан. 2012 онд...бид 4 хашааны шонг суулгасан. 2013 оны 08 сард хашаа хатгасан. Одоо шинээр хашаа барьсан байна” гэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Т.А-ын 2014 онд барьсан сендвичэн байшингийн суурь 166.8м2 талбай, гүний худаг нь уг байшин дотор байрлах бөгөөд уг сендвичэн байшингийн доорх газар гуравдагч этгээд Н.М-ы өмчлөлийн 700 м2 газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй болох нь хэрэгт авагдсан “А а” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн иргэн Т.А-ын газрын байршлын кадастрын зураг , фото зураг зэргээс тодорхой харагдаж байна.  

Иймд цаг хугацааны хувьд гуравдагч этгээд Н.М түрүүлж маргаж буй газрыг эзэмших хүсэлт гаргаж, эзэмших эрх хуулийн дагуу үүссэн бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжийн Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлГазар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах, 21 дүгээр зүйл Газар өмчлүүлэх шийдвэр гаргах, 22 дугаар зүйлИргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулахүйл ажиллагааг тус тус зохицуулсан.

 Дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага нь иргэний бичгээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан үнэн зөв баримт бичгүүд, тухайн газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсонхуулийн шаардлага хангасан баримтуудад үндэслэн Газрын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу тухайн хүсэлтгаргасангазар нь өмчлүүлэх боломжтой эсэхийг нягтлан шалгах ажиллагааг зохих ёсоор хийсний үндсэн дээр газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай байна.

Гуравдагч этгээд Н.М-ы 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл , түүнд хавсаргасан материалууд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,20.2,20.3-д заасан хуулийн шаардлагыг хангасан тул НЗД-ын 2014 оны 07 дугаарсарын29-ний өдрийн А/652 дугаар захирамжаар Н.М-д 700м2газрыг гэр бүлийнхэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. 

ОӨУБГ-ын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/4254 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд иргэн Н.М-ы 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн НУБГ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай 700м2талбай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчтул эрхийн улсын улсын бүртгэлийн Г-220******* дугаарт бүртгэж, 0002******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон  байна.  

Нэгэнт Н.М-д Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүссэн, газрыг өмчлүүлэх ажиллагаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу явагдсан байх тул НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжийн Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Т.А-н газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд хүн, хуулийн этгээдийн гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг “эс үйлдэхүй” гэж үзэхээр байна.

Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Т.А “Би хүсэлт өгснөөс хойш олон удаа биечлэн уулзаж байсан. Г.Б “энэ асуудлыг шийдвэрлээд хариу өгье” гэж амаар хариу өгдөг. Намайг дүүргийн Засаг дарга, Газрын албаны дарга...уулзахад “Г.Б, Б.Б нарыг дуудаж энэ 2 айлын учрыг ол” гэж үүрэг өгдөг боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй” гэсэн , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б “Дүүргийн Газрын албанаас Т.А хүсэлт гаргасан газар давхцалтай...хуулийн 31.3-д заасныг зөрчсөн гэдгийг амаар хариу өгсөн тул эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч давхцаагүй 289 м2 газрыг эзэмших хүсэлт гаргаагүй учраас бид дур мэдэн газар олгох боломжгүй” гэсэн  тайлбарыг тус тус гаргасан.

Гэрч, дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Г.Б-ийн “2014 онд маргаантай газар дээр очиж хээрийн судалгаа хийсэн...газар давхцсан байсан. Манай байгууллагаас Н.М-ы газартай давхцсан байна, газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэх боломжтой талаар удаа дараа амаар хэлсэн“ гэх мэдүүлэг , мөн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны Өргөдөл гомдлын дэвтэр, Хаасан өргөдлийн бүртгэлийн Дотоод товъёог  зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Т.А-ын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.А-ын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Н.М-ы эзэмших эрх бүхий Тахилт 8 дугаар гудамж, ******* тоотод байрших газартай 477.94м2 талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан, тэдний газрын давхцалтай асуудлыг шийдвэрлэх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул тухайн үед дүүргийн Газрын албанаас “Т.А-ын гаргасан хүсэлт бусдын эзэмшил газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн тул тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй” талаар түүндамаар мэдэгдэн, зохих хариуг өгсөн гэж үзэхээр байна. 

Иймээс захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгоогүй, татгалзсан хариу өгснийг “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс “2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж буй нь үндэслэлгүй байна.

Харин Т.А нь сендвичэн байшингийн доорх бусдын газартай давхцалгүй 289м2газрыгэзэмшиххүсэлтээ илэрхийлж эрх бүхий этгээдэд зохих хүсэлтийг гаргаагүй байх тул дүүргийн Засаг дарга дур мэдэн уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн 289м2газрыг эзэмших шийдвэр гаргаагүй гэх тайлбар мөн үндэслэлгүй болно.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох замаар түүнийг зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл,нэхэмжлэгч Т.А нь Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газрыг эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн сендвичэн байшин барьсан нь маргаж буй газрыг эзэмших давуу нөхцөл байдал үүсгэхгүй, мөн гуравдагч этгээд Н.М-ы хуулийн дагуу эзэмших эрх түрүүлж үүссэн газартай давхцуулан газар эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд маргаж буй захиргааны актуудын улмаас түүний хуулийн дагуу үүссэн хууль ёсны эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Т.А нь сендивэн байшингийн доорх бусдын газартай давхцалгүй 289 м2 газрыг эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах эрх нээлттэй бөгөөд уг газартай холбоотой хүсэлт гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэхзаалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-н гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр, НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаарзахирамжуудын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.А-н 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг СХДЗД-д даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Т.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Ц