Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00157

 

Кигинер Янникийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00881 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Франц улсын иргэн Кигинер Янник /Queguiner Yannick/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Амаржаргалд холбогдох

 

Хадалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, Д.Энхжаргалыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: К.Янник

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ариунтуул

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Энхжаргал

Орчуулагч: Л.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Янник нь 2010 оны 07 сарын 20-ны өдөр Д.Дашпүрэвээс Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-2203005196 бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60 205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатч Д.Амаржаргалаар гэрчлүүлсэн. Д.Дашпүрэв, Д.Нарандулам нарт 2010 оны 07 сарын 20-ны өдөр 60 205 ам.долларыг хүлээлгэн өгсөн.

Дээрх үнээр гэрээ хийхэд татвар нь өндөр байдаг гэсэн шалтгаанаар худалдах худалдан авах гэрээг 2 269 800 төгрөг гэж буруу бичиж, 60 205 ам.доллар хүлээлцсэн тухай хэлцэл нэртэй баримтыг үйлдэж мөн Д.Амаржаргал нотариатч гэрчилсэн. Францад нотариатаар гэрээ гэрчлүүлэхэд гэрч гэж оролцдог тул би Д.Энхжаргалыг гэрч гэж ойлгож байсан. Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд үйлчүүлэгч монгол хэл мэддэггүй тохиолдолд түүнд орчуулагчаар дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж тэмдэглэл үйлддэг журамтай. Үйлчлүүлэгчийн хувийн байдал буюу монгол хэл мэддэг эсэхийг нотариатч гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримтыг үндэслэн тогтоох бөгөөд энэ тухай Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэмдэглэлд тодорхой тусгах ёстой. Гэвч нотариатч Д.Амаржаргал нь талуудын хооронд байгуулсан  гэрээг гэрчлэхдээ тусгай тэмдэглэл хөтөлж, орчуулагчийг оролцуулаагүй, Энхжаргалыг гэрээний оролцогчоор оролцуулж, нотариатчийн үйлдлийг алдаатай хийжээ. Нотариатч Д.Амаржаргалын буруутай үйлдлээс болж уг орон сууцны худалдан авагч биш этгээд Д.Энхжаргал улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, Д.Энхжаргал нь өөрт ногдох хэсгээ нэхэмжлэн шийдвэрлүүлээд байна. Энэ нь нотариатчийн буруутай үйлдлээс эхлэлтэй юм. Иймд 2010 оны 07 сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч Д.Амаржаргалын үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Амаржаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  К.Янник, Д.Энхжаргал нар нь Д.Дашпүрэв Д.Нарандулам нараас Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-2203005196 бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60 205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож  гэрээ байгуулахаар орж ирсэн нь үнэн. Тэд гэрээгээ дээрх үнээр хийхэд их татвар төлдөг тул 2 269 800 төгрөгөөр худалдан авсан мэт бичээд 60 205 ам.долларыг К.Янник хүлээлгэн өгч, Д.Дашпүрэв хүлээн авсан тухай хэлцэл нэртэй баримт үйлдсэн. Би орон сууц худалдан авах гэрээ болон мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг гэрчилэхдээ К.Янникийг монгол хэл мэддэг эсэхийг асууж, орчуулагч авах эсэхийг асуухад Д.Энхжаргал нь миний эхнэр юмаа, орчуулагч авах шаардлагагүй, ойлгож байна гээд харилцан зөвшөөрч байсан. Мөн Д.Энхжаргалыг хамтран өмчлөгчөөр оролцуулахыг зөвшөөрч байна уу гэж асуухад Д.Янник нь инээгээд толгой дохиж байсан.

Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд зааснаар үйлдэх тэмдэглэл нь гэрч, орчуулагч оролцуулсан тохиолдолд үйлдэгддэг. К.Янник нь орчуулагч аваагүй учраас энэхүү тэмдэглэл үйлдэгдээгүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.5-д заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож гадаад паспортын хуулбарыг гэрээнд хавсаргасан. К.Янник нь тухайн орон сууцанд Д.Энхжаргалыг хамтран өмчлөгчөөр оруулна гэж хэлсэн тул хамтран өмчлөгчөөр бичигдэж К.Янник, Д.Энхжаргал нар нь гэрээнд гарын үсгээ зурсан. Гэрээний талууд худалдах үнээ өөрсдөө тодорхойлдог. Нотариатч үйлчлүүлэгчдийн орон сууцны худалдах үнийг тогтоодоггүй. Аливаа гэрээ хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг. Тухайн үед нотариатч энэхүү үйлдлийг буруу гэрчилсэн бол гомдол гаргах эрх нь талуудад нээлттэй байсан.

Улсын бүртгэлийн газраас 2 хүний нэр бүхий орон сууц өмчлөлийн гэрчилгээ гарч ирснийг К.Янник харж гэрчилгээгээ хүлээн авахдаа ямар ч гомдол гаргаагүй нь Д.Энхжаргалыг хамтран өмчлөгчөөр бичигдсэнийг зөвшөөрсний нэг илрэл юм. Миний тайлбарласныг ойлгосон учир гэрээг гэрчлүүлж гэрээнд гарын үсэг зурсан, тайлбарлаж өгөөгүй ойлгоогүй бол гарын үсгээ зурахгүй байсан. Тухайн үед өөрсдөө хүсэж, хүлээн зөвшөөрч гэрээг гэрчлүүлчихээд нотариатч намайг гүтгэж байгаад нь харамсаж байна. Би хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Янник нь надтай хамтран амьдарч байсан. Бид хамт амьдарч байх үедээ Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-2203005196 бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60 205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэн. Тэр үед татвар төлөхөөс зайлсхийж 2 269 800 төгрөгөөр худалдан авсан мэт бичээд 60 205 ам.долларыг хүлээлцсэн тухай баримт үйлдсэн. Энэ бүхнийг би К.Янникт орчуулж өгсөн байхад би ойлгоогүй гээд байгаа нь худлаа. Үл хөдлөхийн гэрчилгээг бид хамтдаа очиж авч байсан. Энэ хүн ганц энэ гэрээ хийж байгаа юм бишээ, олон гэрээ хийдэг тэр бүхнийхээ үр дагаврыг сайн ойлгож хийдэг гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34, 35 дугаар зүйлд заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь Д.Энхжаргалыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотариатч нь Янник Кигинерт орчуулагч авах шаардлагатай гэж сануулахад би урьд нь Монголд үл хөдлөх хөрөнгө олон удаа худалдан авч, зарж байсан. Гэрээний үр дагавар болоод гэрээ яаж хийгддэгийг сайн мэдэж ойлгож байгаа. Мөн өөрийн эхнэр Энхжаргалтай хамт яваа бөгөөд надад орчуулж өгнө. Худалдаж байгаа иргэн Дашпүрэв Нарандулам нар мөн англи хэлтэй учир бид сайн ойлголцож байна гэснээр гэрээг батлуулсан. Энэ талаар худалдсан эзэд болох Д.Дашпүрэв, Нарандулам нар мэдэх учиртай. Учир нь бид харилцан ярилцаж уг худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл шүүх хэргийн шийдвэрлэхдээ уг гэрээний нэг тал болох Дашпүрэв, Нарандулам нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсангүй. Ингэснээр хэргийн бодит үнэнийг тогтоож чадсангүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Франц улсын иргэн Кигинер Янник /Queguiner Yannick/ нь нотариатч  Б.Амаржаргалд холбогдуулан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хуулийн дагуу явуулсан  гэж маргажээ.

 

            Нотариатч Д.Амаржаргал нь 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Д.Дашпүрэв, Д.Нарандулам, К.Янник, Д.Энхжаргал нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоотод байрлах, 2 өрөө                    орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг гэрчилж, бүртгэлийн 546 дугаарт бүртгэсэн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ К.Янник, Д.Энхжаргал нарын нэр дээр гарсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж тайлбарлан үндэслэлээ монгол хэл мэдэхгүй, гадаадын иргэнийг орчуулагчаар хангаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, гэрчлүүлэх үйлдлийн утга, агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж өгөөгүй хууль зөрчсөн гэх агуулгаар тодорхойлжээ.

 

Нотариатч Д.Амаржаргал нь дээрх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 33, 35 дугаар зүйлд заасан ярьж чаддаггүй буюу монгол хэл мэдэхгүй этгээдийг орчуулагчаар хангах, орчуулагч зориуд худал хэлмэрчилбэл хууль тогтоомжид заасан хариуцлагын талаар  сануулж, тэмдэглэл хөтлөх зэрэг үүргээ биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хэдийгээр үйлчлүүлэгч орчуулагчаа өөрөө сонгох эрхтэй боловч орчуулагч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй субьект байх ёстой бөгөөд орчуулагчийн хүлээх үүрэг хариуцлагыг танилцуулсан байх ёстой юм. Гэтэл гэрээний нэг тал болж оролцсон, нэхэмжлэгчтэй гэрлэлтийн баталгаагүй этгээдийг “..,нэхэмжлэгчийн эхнэр нь орчуулсан, К.Янник нь Д.Энхжаргалыг хамтран өмчлөгчөөр оролцуулахыг зөвшөөрөөд инээгээд, толгой дохиод байсан” гэж хариуцагч тайлбарласныг үндэслэн нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 33, 35, 36 дугаар зүйлүүдэд заасан журмаар явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нотариатын үйлдэл хуулийн дагуу явагдаагүй, монгол хэл мэдэхгүй этгээдийн  эрх, ашиг сонирхол бүрэн хангагдаагүй, гэрчлэгдэж байгаа үйлдлийн учир холбогдлыг уг гадаадын иргэн бүрэн ойлгоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг залруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо орчуулагчаар П.Соёл-Эрдэнийг оролцуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан журмын дагуу бичгээр захирамж гарган орчуулагчаар томилсноо баримтжуулаагүй зөрчил гаргажээ. Түүнчлэн нэхэмжлэгч хэргийн материалтай 3 удаа, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй мөн танилцаж гарын үсгээ зурсан боловч орчуулагч нь энэ үед хамт байлцсан эсэхийг баталгаажсан баримт хэрэгт байхгүй байна. / х.х-ийн 23, 29, 49, 78-79 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх нь зөрчигдсөн, хязгаарлагдсан асуудлаар давж заалдах гомдол гаргаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмын дагуу нэхэмжлэгч монгол хэл мэдэхгүй этгээдийн эрх зөрчигдсөн эсэхийг магадлаж, хэргийн материалтай танилцах үедээ эдгээр баримт бичгийн агуулгыг ойлгосон эсэхийг асуухад “.., өмгөөлөгч, орчуулагчийн хамт уншсан. Бүгдийг ойлгосон” гэж хариулсныг магадлаж тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Д.Энхжаргалыг гэрээний тал биш болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэргийн 89 дүгээр хуудсанд нэхэмжлэлээ  багасгаж “..,зөвхөн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна” гэж шаардлагаа тодруулсан байгааг анхан шатны шүүх буруу тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэг зааснаар нэхэмжлэлээс  татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгах, татгалзах гэдэг нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэдэг. /хх-ийн 91-92/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, өөрчлөх зэрэг нь нэхэмжлэгчийн хуулийн хүрээнд эдлэх эрх тул шүүхийн шийдвэрийн дээрх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Гуравдагч этгээд Д.Энхжаргалын хувьд гэрээний нэг тал болох Д.Дашпүрэв, Д.Нарандулам нарыг хэрэгт татан оролцуулахаар хүсэлт гаргаагүй, гуравдагч этгээд, гэрч оролцуулах зэрэг нь шүүхийн санаачилгаар биш, талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Мөн давж заалдах шатны шүүхээс талуудад хуралдааны товыг зохих ёсоор хүргүүлсэн, цагтаа бэлэн байх, хуралдааны товыг лавлах зэрэг нь талуудын үүрэг юм. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул оролцуулахгүйгээр хуралдааныг явуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг баримтлан 51 дугаартай нотариатч Д.Амаржаргалын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийн 5301 дугаарт бүртгэгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдийг хүчингүйд тооцсугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхжаргал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                  Ш.ОЮУНХАНД