Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/421

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт П-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008033600245 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хайрхан ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, ... цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, У овогт П-ийн Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Н.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн бугалга, тохой, баруун шуу, гуя, зүүн өвдөг шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11х/, хохирогч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 18х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13341 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23х/, гэрч Н.Нгийн мэдүүлэг /хх-ийн 79х/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29-30х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 31-37х/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 38-39х/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай албан тоот /хх-ийн 13х/, шүүгдэгч П.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 58х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 59х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-62х/, ... ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 64х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 65х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 66х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар /хх-ийн 68х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69х/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 70-73х/, шүүгдэгч П.Гын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/, хохирогч Н.Нын гаргасан хүсэлт /хх-ийн 77х/, шүүгдэгч П.Гын мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Н.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11х/,

Хохирогч Н.Нын: “...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Г орой 21 цагийн үед гэртээ ирэхээр нь би “өвчин хөл хориотой байхад гадуур тэнэхээ болиоч ээ, хүүхдээ тэвэрч бай, би бантан өгөөдөхье” гэхэд миний өөдөөс “чадахгүй пизда минь, гичий, янхан банзал” гээд элдвээр доромжлохоор нь миний уур хүрээд Гын нуруу руу гараараа цохисон. Тэгтэл Г зөрүүлээд миний нүүр лүү алгадаад гэдэс рүү хэд хэд цохисон. Тэгэхээр нь би цагдаад хандсан юм. ...Бид хоёр анх 2012 онд гэр бүл болж нэг гэрт орж 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Би Гтай гэр бүл болохдоо 5 настай охинтой байсан. Г бид хоёрын дундаас 2013 онд М хүү, 2015 онд М хүү, 2020 онд М хүү нар маань мэндэлж, одоо бид 6 хамтдаа амьдардаг. Миний биед учирсан зүүн зовхины гэмтлийг Г гараараа цохиж учруулсан, зүүн тохой, бугалга, баруун шуу зэрэгт нь учирсан гэмтлийг миний хоёр гарыг нь мушгиж, гар луу юм авч шидэж учруулсан, гуя зүүн өвдөг шилбэнд цус хуралт зэргийг миний хөл рүү өшиглөж, бас намайг түлхэж унагаахад учирсан байх гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13341 дугаартай:

“1. Н.Нын биед зүүн зовхи, зүүн бугалга, тохой, баруун шуу, гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/,

Шүүгдэгч П.Гын: “...Тухайн өдөр би гадуур ажил хөөцөлдөж явж байгаад гэртээ ирэхэд манай эхнэр Н намайг “гадуур дотуур тэнэлээ, бид нарыг тоохгүй байна” гэх мэтээр элдвээр хэлж хэрүүл өдөөд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Би Нын нүүр хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан. ...Нын биед учирсан дээрх гэмтлүүдийг би 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр учруулсан. Бид хоёр 2017 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. Нын дагуулж ирсэн нэг охин байдаг ба 4 хүүхэдтэйгээ хамтдаа зургуулаа амьдарч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч П.Г, хохирогч Н.Н нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 59х/-аар тогтоогдсон, шүүгдэгч П.Г нь ялихгүй зүйлээр шалтаглан өөрийн эхнэр Н.Нын эрүүл мэндэд халдаж, нүүр лүү нь алгадах, бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ зэрэг газар руу цохих зэргээр зодсон шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн нүүр, гар, гуя, шилбэ зэрэг эрхтэнд буюу хэд хэдэн газарт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч П.Гын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...гэм буруу, ял шийтгэл дээр маргахгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч П.Гыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч П.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ...         -ын хоёрдугаар баазад цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний засварчин ажилтай, сарын дундаж цалин 809,000 төгрөгийн орлоготой, мөн бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй байдал буюу ар гэрийн нөхцөл байдал зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт П-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ