| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0462/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/427 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/427
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Э-ын Ст холбогдох 2108000000517 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “...” ХХК-нд хамгаалагчийн ажил эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын С /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.С нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... тоот хашааны гадна “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Т.Хд “гэдсэнд дэх хүүхэд чинь миний хүүхэд мөн үү” гэж уурлан биеэ хамгаалах чадваргүй, жирэмсэн болохыг мэдсээр байж хацар, нүд, нүүр, хөл рүү нь цохиж зодсоны улмаас зүүн бугалга, тохой, гуянд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, мөн хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн Т.Хгаас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод бусдад зодуулсан” гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х, 57х/, хохирогч Т.Хгийн мэдүүлэг /хх-ийн 20х/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2664 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28х/, шүүгдэгч Э.Сын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 34х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 35х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 36х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 37х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагааны хуулбар /хх-ийн 38х/, ... ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 40х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-52х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах /хх-ийн 53х/, шүүгдэгчийн Э.Сын мэдүүлэг /хх-ийн 73-74х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... тоот хашааны гадна “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч 7 сартай жирэмсэн Т.Хг үл ялих зүйлээр шалтаглан хацар, нүд, нүүр, хөл рүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь:
Хохирогчийн Т.Хгаас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод бусдад зодуулсан” гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х, 57х/,
Хохирогч Т.Хгийн: “...Би С гэх хүнтэй 2018 оноос хойш хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Одоогоор 7 сартай жирэмсэн бөгөөд бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. 2021 оны 03 дугаар сарын 15-ны 20-21 цагийн үед С бид хоёр Сын ажлын газрын залуу Бы гэрт очиж төрсөн өдөр тэмдэглэсэн. Тухайн үед Б түүний найзууд, С нар 0.75 литрийн Эликс нэртэй хоёр ширхэг архи хувааж ууцгаасан. С хөл дээрээ тогтож чадахгүй согтчихсон байхаар нь би машиныг нь бариад гэр лүүгээ хөдөлсөн. Гэрийн үүдэнд машинаа унтраагаад зогсох үед С намайг “чиний тээж байгаа хүүхэд чинь миний хүүхэд мөн юм уу, пизда минь ална шүү” гэж хэлэхээр нь би “чи одоо юу солиороод байгаа юм бэ гэртээ орж унтаж амаръя” гэж хэлтэл С миний машины урд талд сууж байгаад зүүн талын хацар, зүүн талын нүд хэсэг рүү гараа атгаж байгаад нэлээн хэдэн удаа цохисон. Дараа нь миний хамраас цус гараад байхаар нь “болиоч хамраас цус гарчихлаа шүү дээ” гэж хэлтэл “тэгээд яадаг юм бэ” гэж хэлээд миний зүүн талын хөл, зүүн гарын булчин хэсэг рүү нэлээн олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Удалгүй Сыг би “гэр лүүгээ ороод унтъя” гэж хэлтэл дахин агсам тавиад байхаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...7380 УББ улсын дугаартай aventi exdi маркийн авто машин дотор намайг хэл амаар доромжилж хардсаны улмаас зодож цохих болсон. Миний зүүн талын нүд хөхөрсөн, зүүн талын хөл, гуя, шилбэ хэсэг хөхөрсөн. Зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн байдалтай байна. Урд өмнө нь надад гарч хүрч зодож байгаагүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан удаа байхгүй. Анх удаа надад гар хүрч байна. СХД-ийн хүүхдийн эмнэлэгт ургаа эхо-д харуултал хэвийн байна гэсэн. Одоогоор тусдаа би найзындаа амьдарч байна. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах бодолгүй хоёр тийшээ болж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2664 дугаартай шинжээчийн: “...Т.Х-н биед зүүн бугалга, тохой, гуянд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/,
Шүүгдэгч Э.Сын: “...Би Т.Х гэх хүнтэй 2018 оноос хойш хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Одоогоор эхнэр Т.Х 7 сартай жирэмсэн байгаа. Бид хоёр албан ёсны гэр бүл биш, гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд манай аав Эын хашаанд тусдаа гэртээ амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 15-ны 20-21 цагийн үед манай байгууллагад цуг ажилладаг Бы төрсөн өдөр гээд эхнэр Т.Хгийн хамт Б ахын гэрт очиж төрсөн өдөр гээд эхнэр Т.Хгийн хамт Б ахын гэрт очиж төрсөн өдөр тэмдэглэсэн. Бид нар 0.75 литрийн Эликс нэртэй хоёр ширхэг архи хувааж ууцгаасан. Тэр үед миний эхнэр Т.Х архи уугаагүй эрүүл байсан. Т.Х бид хоёр Бы гэрээс гараад гэр лүүгээ явахаар болсон. Би согтуу байсан учир эхнэр Т.Хгаар машин бариулаад гэрийнхээ үүдэнд ирэх үед Т.Х машинаа унтраагаад зогссон юм. Нэг мэдсэн би эхнэр Т.Хтай хэрэлдэж байсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан их уурлаад Т.Хгийн нүүр зүүн нүд хавьцаа нь гараараа 2-3 удаа цохиж гараараа алгадсан, бас зүүн талын булчин хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед эхнэр Т.Х цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Би Т.Хгийн эмчилгээний зардлыг барагдуулж өгсөн. Одоо бид хоёр сайн дураараа эвлэрч хуучин гэртээ хамтран амьдарч байгаа тул хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.С, хохирогч Т.Х нар нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 3 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэхээр байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Т.Х нь 7 сартай жирэмсэн байсан байх бөгөөд шүүгдэгч Э.С нь өөрийн хамтран амьдрагч Т.Хг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, тулгуур биетэй байх үед нь буюу биеэ хамгаалж чадахгүй байхад нь нүүр, гар хөл зэрэг эрхтэн рүү нь цохиж зодон хамар, амнаас нь цус гаргах, хөхрөлт няцралт, цус хуралт бүхий гэмтлийг санаатайгаар учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.С нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням нь Э.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Э.Ст танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.С “...” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, түүний орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул түүний энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ