Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/497

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Л-ийн Мд холбогдох эрүүгийн 2108000000478 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, охин, хүргэн, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Л-ийн М /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ...  тоотод хүргэн Д.Дтай  үл ялих зүйлээр шалтаглан  марган заазуураар зүсэж, биед зүүн мөрөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7х/, хохирогч Д.Дын мэдүүлэг /хх-ийн 16-17х, 21х/, гэрч М.Лийн мэдүүлэг /хх-ийн 26х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2366 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30х/, шүүгдэгч Л.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42х/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45х/, шүүгдэгч Л.Мын мэдүүлэг /хх-ийн 60-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2021 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр өөрийн хүргэн Д.Дын зүүн мөрөнд заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7х/,

Хохирогч Д.Дын: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний орой гэртээ эхнэр хүүхдийн хамт унтах гээд байж байтал гаднаас хадам аав М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би хадам аавд “хоол идэх үү” гэж асуусан чинь “идье” гэхээр нь би хоол унд хийж өгчхөөд мөн аавд орж засаж өгчхөөд “одоо аав унтаж амар даа” гэсэн чинь манай хадам аав гэнэт уурлаад босож ирээд гэрийн хаалга онгойлгоод “наад гэрлээ асаа, яасан их гал түлдэг хүүрнүүд вэ” гээд хэлэхээр нь би гэрлээ асаагаад эргээд хартал хадам аав М нь заазуур барьчихсан, миний зүүн талын мөрийг заазуураар зүсчихсэн юм. Би яагаад зүссэнийг мэдэхгүй байна. Тэгсэн манай эхнэр Л нь “та хүн аллаа ш дээ” гэж хэлээд түргэн дуудаж үзүүлсэн. Миний зүүн талын мөрөнд 9 оёдол тавьсан. Хадам аавтай хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х, 21х/,

Гэрч М.Лийн: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний орой гэртээ нөхөр хүүхдийн хамт унтах гээд байж байтал гаднаас манай аав М 23 цагийн үед архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд аав унтлаа гээд орондоо ороод хэвтсэнийхээ дараа гэнэт “халууцаад байна, яасан их гал түлсэн юм” гээд хаалга онгойлгоод “гэрлээ асаа” гэхээр нь манай нөхөр гэрлээ асаасан чинь аав нөхөрт уурлаад гал тогооны шургуулгаас заазуур аваад манай нөхөр лүү далайгаад авсан чинь мөрийг нь зүсчихсэн байсан. Тэгээд би түргэн цагдаа дуудсан юм. Тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2366 дугаартай:

“...Д.Дын биед зүүн мөрөнд гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хурц ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь  шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/,

Шүүгдэгч Л.Мын: “...тухай өдөр зүс таних 2 хүнтэй таарсан чинь нэлээн халамцуу архи барьчихсан явж байсан. Тэгээд би нөгөө 2 хүнтэй хамт гудамжинд 0,75 литрийн архи хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад гэр лүүгээ орсон. Гэрт ороход хүүхдүүд унтаж байсан ба хүргэн сэрээд босож ирээд “аав хоол идэх үү” гэж асуухаар нь “идэхгүй, ингээд унтлаа” гэж хэлээд орондоо ороод хэвтэж байсан чинь гэр халуун байхаар нь би “хаалгаа онгойлгочих” гэж хүргэндээ хэлээд “ямар их гал түлдэг юм” гэсэн. Тэгээд би өөрөө босож гэрийн хаалга онгойлгосон чинь манай хүргэн босоод гэрэл асаахаар нь “чи яагаад намайг хуц гээд байдаг юм” гэж хэлээд би гал тогооны шүүгээ дээр байсан ногоон иштэй заазуураар айлгах маягаар далайсан чинь хүргэний мөрийг зүсчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсний дараагаар унтаж амрах гэж байсан хүмүүсийг тодруулбал, өөрийн хүргэн Д.Даас өө хайж, ямар нэгэн шалтаг шалтгаан гаргах зорилгоор яриа /хэрүүл/ өдөх, хаалга онгойлгох, гэрэл асаахыг шаардах зэргээр элдэв ааш гаргасан төдийгүй өөрийн хүргэн Д.Дын зүүн мөрөнд заазуураар зүсэж гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Д, гэрч М.Л нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Мын хүргэнээ “айлгах зорилгоор заазуур далайсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл, тэрбээр өөрийнхөө уг үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, энэхүү үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учруулсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч Л.Мыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.М нь хохирогч Д.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, улмаар  шүүгдэгч Л.Маас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч Л.М нь одоогоор өөр хаягт түр оршин сууж байгаа боловч удахгүй байнгын оршин суух хаяг дээрээ очиж амьдрах гэж байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.Мын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй, уг ял биелэгдэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Л.М нь одоогийн амьдарч байгаа хаяг тодорхойгүй буюу хэрэгт авагдсан бүртгэлтэй хаяг дээрээ одоогоор амьдрахгүй байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хаана очдог, хаагуур /чиглэл, маршрут/ явдаг эсэх нь тодорхойгүй тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж буюу шүүгдэгч нь зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдал, мөн шүүгдэгч Л.Мын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөр устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Л-ийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөр устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ