Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2016/00036/И |
Дугаар | 889 |
Огноо | 2017-04-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 889
Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00362 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хэрлэнхүү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Түвшинбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 267 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 283 тоот тогтоолтой иргэн Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотойгоор улсад учруулсан хохирлыг арилгуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Ж.Оюунгэрэлийн хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчөөд байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т шүүхэд эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заана гэсний дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоолд 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор Б.Энхбатын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууц Ү-2202002525 түүнд ногдох хэсэг гэж Б.Энхбатыг үл хөдлөх хөрөнгөтэй мэтээр тодорхойлон заажээ. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8/3277 тоот албан бичгээр улсын мөрдөн байцаах газрын 2007 оны 10/5-5572 тоот албан бичигт дурдсан иргэн Б.Энхбатын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд байхгүй гэсэн албан бичгээс үзэхэд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Энхбатын өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогдож байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан орон сууцыг иргэн Ж.Оюунгэрэл нь 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1132 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу иргэн Б.Энхтуяагаас хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
Хуваарьт хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй, өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хуваарьт өмч. Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан түүний хуваарьт хөрөнгийг битүүмжлэн түүнээс Б.Энхбатад ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ гэж заасныг зөрчиж, гэр бүлийн бусад гишүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул 20 тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх болон гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэдэг.Б.Энхбат, Ж.Оюунгэрэл нар нь 1984 онд гэр бүлээ батлуулж хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд гэр бүлээ цуцлуулсан хамтран өмчлөх дундын өмчлөлийн ногдох хэсгээ тодорхойлж шүүхээр шийдвэрлэсэн тухай нотлох баримт байхгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгээс төлбөр гаргуулах нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04475 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эд хөрөнгө хураах тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж түүний гомдлын хариуд үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн хэрнээ тухайн тогтоолд холбогдуулан зохих болон дээд шатны байгууллагад гомдлыг гаргаагүй гэж илт хэргийн үйл баримтыг эсрэг дүгнэсэн нь учир дутагдалтай.
Орон сууц нь Ж.Оюунгэрэлийн хуваарьт эд хөрөнгө байхад түүний нөхөр Б.Энхбатын холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан мөрдөн байцаагчийн үйлдэлд бодитой дүгнэлт өгөлгүй гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэн хуулийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...хуулийн дагуу ажиллагаа явуулсан” гэж маргажээ.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууцны Б.Энхбатад ногдох хэсгээс ..,зохих журмын дагуу хохиролд тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгажээ. /х.х-ийн 17-21/
Дээрх шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Б.Энхбатаас төлбөр гаргуулахаар 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх албанаас шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтыг биелүүлэхээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байрны 20 тоот сууцыг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 23, 47-49/
Ж.Оюунгэрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч биш, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд эд хөрөнгийг битүүмжилсэн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/01 тоот тогтоол, эд хөрөнгө хураасан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот тогтоолыг хууль зөрчсөн гэж маргажээ.
Дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг Б.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн хохиролд зохих журмын дагуу тооцох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөрт тооцогдохоор болж байх үед хуваарьт хөрөнгө битүүмжлэгдсэн талаар Ж.Оюунгэрэлээс гомдол гаргаж байсан гэх баримтгүй, тухайн битүүмжлэн хураасан хөрөнгө нь хуваарьт өмч хэдий ч хамтран өмчлөх дундын өмчид шилжүүлэхээр тохиролцоогүй гэх маргаан үүсээгүй байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагаа явагдаж байгааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байрны 20 тоот орон сууцаас Б.Энхбатад ногдох хэсгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийнг 36.1, 36.5 дах хэсэгт заасан ерөнхий заалт баримталсныг хасч, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч” гэж давхардуулан бичсэнийг залруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “36 дугаар зүйлийн 36.1, 36.5” гэснийг хасч, “хариуцагч хариуцагч” гэснийг “хариуцагч” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.ОЮУНХАНД