Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 133

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Э, Г.Б, Ш.Н, Э.М, Э.Х нар 

Хариуцагч: ХУД ЗД 

Гуравдагч этгээд: Д.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУД ЗД 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах ”захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХУД ЗДТГ ХЗАТ-ийн Эрх зүйн мэргэжилтэн Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.М, Э.Х нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч С.Г нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХУД ЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн бидний газар эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан.Бид ХУДЗД-ын 2016 оны А/203 дугаар захирамжийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших болсон. Газрын тухай хууль болон гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлж хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн.

Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжид газрын төлбөр төлөөгүй, хоёр жил дараалан тус газраа ашиглаагүй гэх 2 үндэслэлээр гарсан. Нэхэмжлэгч 5 иргэн 2016-2018 онуудад газрын төлбөрт нийтдээ 65700 төгрөгийг төлж, төлөх ёстой төлбөрөөс 18000 төгрөг илүү төлсөн нь баримтаар харагддаг. Газрын албанаас “эдгээр 5 иргэн газрын төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн бичиг ирүүлсэн байгаа. Тухайн нэр бүхий 5 иргэнтэй байгуулсан Газар эзэмших эрхийн гэрээнд “газар эзэмшүүлэгчийн...тоот дансанд газрын төлбөрийг шилжүүлнэ” гэж заасан. Харин шилжүүлсэн баримтаа Газрын албанд авч ирнэ гэсэн зохицуулалт байхгүй. Гэрээг дүгнэх талаар газар эзэмшүүлэгч этгээд газар эзэмшигчид энэ талаар мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл гэрээний давуу эрх бүхий захиргааны байгууллага тус үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Захиргааны ерөнхий хуульд заасан 22, 24, 26 дугаар зүйлд заасан шалгаж, тогтоох, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр хэн нэгэн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу шийдвэрлэсэн. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Г.Б-ийн төлбөр хийгдээгүй” гэж байсан. Газрын албанаас тооцоо нийлсэн актыг гаргасан, дуудсан, урьдчилан мэдэгдэх зэрэг сонсох ажиллагаа хийгдээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. 

Мөн ХУДГА-аас иргэн Д.Г-ын эзэмшиж байгаа газар нь тус дүүргийн Газрын албаны Газрын кадастрын мэдээллийн санд байхгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Иргэн Д.Г-ын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг нь П.Э нарын 5 иргэний газартай давхцалгүй болох нь НГА-ны Газрын кадастрын мэдээллийн сангаас авсан зургаар нотлогдож байна. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын “Газрын тухай хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх” тухай зөвлөмжид “бусдын буруугаас болж газраа ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно” гэсэн байдаг. Газар эзэмших эрх авсан даруйдаа ямар нэгэн ашиглалтын ажиллагаа эхлэх нь эдийн засгийн боломжоос хамаараад харилцан адилгүй шийдэгдэх асуудал байдаг.Нэхэмжлэгч нар тус газрыг хууль журмын дагуу авсан болохыг Авилгатай тэмцэх газраас шалгаад, тогтоосон байгаа. 

2017 оны 11 дүгээр сард н.Э ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, 2018 оны 03, 05 дугаар сард газар эзэмших гэрээнд заасан 2 жилийн хугацаанд багтаж эзэмшлийн газартаа хашаа байшин барьж эрхээ хэрэгжүүлэх зорилгоор ажлаа эхэлтэл “М г” ХХК-ийн “Т Б” гэх хамгаалалтын албаны хамгаалагчид болох залуучууд удаа дараа зориуд саад учруулан хүч түрэмгийлэн хашаа бариулахгүй шүүх цагдаа болж өнөөдрийг хүрч байна. Энэ тухай холбогдох эрх бүхий байгууллагын албан бичгийг хавсаргасан болно.Хөндлөнгийн нөлөөгөөр ажил нь зогссон. Газрыг ашиглах гэж оролдсон болох нь Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно. Гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болоод тус гэрээ хэрэгжээгүй учраас төлбөрөө буцааж төл гэсэн шүүхийн шийдвэр гарсан. 

МУ ДШ-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зөвлөмжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэх ойлголтыг “гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаа” хамаарна гэж заасан байдаг. Мөн тухайн газар дээрээ зориулалтын дагуу зам, барилга байгууламж зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж тооцоолж болохуйц объект бий болоогүйг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан байдаг. Газар эзэмших гэрээ 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан.Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 жил ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж тайлбарласан байдаг. Бид 2 жилийн дотроо эрхээ хэрэгжүүлэх гэсэн боловч бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжүүлж чадаагүй болох нь нотлох баримтаар өгсөн дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. 

Газрын тухай хуульд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07га-аас илүүгүй байна. МУ ҮХ-д заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхээ сэргээлгэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах хүсэлтэй байх тул ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ХУД ЗД Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус дүүргийн ЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар иргэн П.Э, Э.Х, Ш.Н, Э.М, Г.Б нарт 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн.

Дээрх иргэд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/235 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2016 оны А/203 дугаар захирамж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчиж олгосон байна.

П.Э нарын 5 иргэн нэхэмжлэл гаргасан байгаа боловч, иргэн Г.Б 2018 оны 08 дугаар сард газрын төлбөрөө төлсөн. Маргаан бүхий захиргааны акт 2018 оны 07 дугаар сард гарсан. Бусад 4 иргэний хувьд гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд үүрэг нь байгаа.

Зориулалтын дагуу газраа ашиглаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл бүрдсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байдаг учраас гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Газрын албанаас тус 5 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтээ дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Тус захирамжийн төслийг боловсруулахдаа дүүргийн Газрын албанаас гэрээ дүгнэсэн актыг шаардсан. Газрын төлбөр төлсөн талаар акт үйлдсэн баримт нэг ч өгөөгүй. Газрын албанаас тооцоо нийлсэн акт байхгүй гэсэн хариу ирсэн. Энэ талаар маргаан бүхий актын хавсралтад тусгасан байгаа. 

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Г-ын гаргасан гомдлыг шийдвэрлэж байгаа тул сонсох ажиллагаа хийхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй талаар холбогдох хуулийн заалтыг дээр тайлбарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “2 жил дараалан газраа ашиглаагүй” гэдэг заалтыг зөв ойлгох хэрэгтэй. 2016 оноос 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дүүргийн Газрын албанд хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод газраа ашиглаж чадахгүй байна гэж нэхэмжлэгч нараас өргөдөл, гомдол нэг ч ирээгүй. Ийм учраас дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт хууль журмын дагуу гарсан гэж үзэж байна. Газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулиар зохицуулах ёстой бөгөөд Захиргааны байгууллагаас гаргасан акт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд Д.Г-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актын агуулгаас харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн П.Э, Э.Х, Ш.Н, Э.М, Г.Б нарын газар эзэмших эрхийг цуцалсан байна. Газар эзэмших гэрээний 2.2, 2.3, 2.4-д заасныг зөрчиж Г.Б газрын төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамж үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгох ба энэ нь 2 жилдээ багтааж хашаа барих асуудал биш юм.

Газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь 2 жилийн хугацаанд тухайн газартаа зориулалтын дагуу нүдэнд харагдахуйц барилга байгууламж, зам талбай байгуулахыг хэлнэ. Хашаа босгох, манаач байрлуулсан зэргийг газраа ашигласанд тооцохгүй. Газраа ашиглахыг оролдсон гэх 2018 оны 03 дугаар сар нь газар эзэмших, ашиглах эрх дуусахаас 2 сарын өмнө байсан учир хашаа барих гэж очиход гуравдагч этгээд саад болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иргэн Д.Г ХУДЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжийн дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70 га газрыг Морин тойруулгын зориулалтаар ашиглаж байгаад, 2016 оны 03 дугаар сараас хойш газар эзэмших эрхээ сунгуулах асуудлаар маргаж, МУДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолын дагуу байгуулсан Эвлэрэлийн гэрээгээр 64.9 га газар гэж баталгаажуулсан. Гэтэл шүүхийн маргаантай байх хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ХУДЗД  2016 онд А/203 дугаар захирамж гарган Д.Г-ын ашиглаж байгаа 70 га газрын хойд талд орших хэсэгтэй давхцуулан нэхэмжлэгч 5 иргэнд нийт 3000 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх олгосон нь НЗД-ын 2013 оны А/1086 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2-т заасныг зөрчсөн байдаг. 

Өөрөөр хэлбэл иргэн Д.Г 70 га газрыг ашиглах эрхээ сунгуулахаар шүүхэд маргаж байх явцад тухайн шүүхээр хэлэлцэгдэж байгаа газрын зарим хэсгийг П.Э, Э.Х, Г.Б, Ш.Н, Э.М нарт эзэмшүүлсэн ХУДЗД-ын захирамж хууль бус байна. Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосноор МУДШ-ийн 2017 оны 95 дугаар тогтоол бүрэн хэмжээгээр биелэх боломжгүй буюу Д.Г эзэмших ёстой байсан 64,9 га газрыг бүхэлд нь эзэмших боломжгүй болсон. 

Д.Г-ын НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар эзэмших 541400 м2 газартай нэхэмжлэгч нарын 3 га газар давхцаагүй. Харин МУДШ-ийн 2017 оны 95 дугаар тогтоолын дагуу баталгаажуулсан 64.9 га газартай давхцуулан 3 га газар олгосон байсан. Морин тойруулгын хойд хэсэгт манай авто зогсоол төлөвлөгдсөн хэсэгт нэхэмжлэгч нарт хууль бусаар газар олгогдож, төлөвлөлтийн дагуу барилга байгууламжийн ажлыг хийх боломжгүй болгосон. 2000 оноос төлөвлөгөө нь гараад Морин тойруулгын барилгын ажил эхлээд явж байгаа. 

Түүнчлэн ХУДЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байсан. Нэхэмжлэгч П.Э, Э.Х, Ш.Н, Э.М, Г.Б нарт ХУДЗД-ын дээрх захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.Х, Э.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Э, Г.Б, Э.М, Ш.Н, Э.Х нараас “ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагагаргаж, шаардлагын үндэслэлээ “Бид эзэмших эрх бүхий газартаа хашаа барьж, эзэмших гэхээр иргэн Д.Г нь хэрүүл маргаан үүсгэн, хамгаалалтын албаны хүмүүс нь газар дээр хашаа бариулахгүй байсан. Энэ талаар цагдаад гомдол гаргаж шалгуулсан. Бид нарт газраа эзэмших бодит боломж олгоогүй” гэж марган мэтгэлцэж байгаа.

Анх ХУДЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/203 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Г.Б-д 500 м2, П.Э, Э.М, Ш.Н нарт 600 м2, Э.Х-д 700 м2 газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ. Улмаар дээрх захирамжийг үндэслэн ХУД-ийн, газрын харилцааны алба 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр П.Э, Ш.Н, Э.Х, Э.М нартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, мөн өдөр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ ” олгосон байна.

Нэхэмжлэгч Г.Б-гийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хаяж үрэгдүүлсэн гэх тайлбарыг амаар гаргадаг бөгөөд хариуцагчаас дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж буй Г.Б-гийн “Газар баталгаажилтын хувийн хэрэг”-т авагдсан баримтуудыг ирүүлэхдээөөр нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хавсаргаж ирүүлсэнбайх ба маргаж буй гарын гэрээ, гэрчилгээ нь байхгүй гэдэг.Хэргийн оролцогчдоос ХУДЗД-ын 2016 оны А/203 дугаар захирамжийн дагуу Г.Б тухайн байршилд 500 м2 газар эзэмших эрхтэй байсан талаар үгүйсгэж,маргадаггүй болно.

Маргаан бүхий акт болох ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар  захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтуудыг үндэслэж “...тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй тул... П.Э, Г.Б, Ш.Н, Э.Х, Э.М нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд тооцож” шийдвэрлэжээ. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн дээрх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд газрын төлбөрийг зохих журмын дагуу ногдуулж, хураасан эсэх, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдал байсан эсэхийгзохих ёсоор нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай юм.

1. Маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа нэхэмжлэгч П.Э, Э.М, Ш.Н, Э.Х нар нь газрын төлбөрөө бүрэн төлж,2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй, харин ч илүү төлөлттэй байсан болох нь ХУДГА-ны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/1069, 16/1071, 16/1072, 16/1073 дугаар, мөн 12 дугаар сарын 24-ний өдрийн 16/1542 дугаар албан бичигт “газрын төлбөрт П.Э..., ....төгрөгийг тус тус төлсөн байна” гэснээр тогтоогдож байна. 

Тодруулбал, 2016-2018 онуудын газрын төлбөрт П.Э нийт 14040 төгрөг төлж, 4500 төгрөгийн, Ш.Н нийт 14040 төгрөг төлж, 4500 төгрөгийн, Э.Х нийт 14040 төгрөг төлж, 2910 төгрөгийн, Э.М нийт 13320 төгрөг төлж, 3780 төгрөгийнтус тус илүү төлөлттэй байжээ. Харин нэхэмжлэгч Г.Б-ийн хувьд тухайн үед газрын төлбөрөө төлөөгүй байсан ба 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  газрын төлбөрт 9540 төгрөг төлж, 1590 төгрөгийн илүү төлөлттэй байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.5-д“газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших…гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар дүүргийн Газрын алба нь газрын төлбөрийг ногдуулж, хураах ажлыг зохион байгуулах, гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж байх эрх хэмжээтэй.

Хэдийгээр газар эзэмшигч газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ч дүүргийн Газрын албанаасжил бүрийн газрын төлбөрөө төлөхийг Г.Б-ээс шаардаж байгаагүй, нэхэмжлэгч нарынгэрээг жил бүр дүгнээгүй, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “захирамжийн төслийг боловсруулахдаа дүүргийн Газрын албанаас гэрээ дүгнэсэн актыг шаардсан. Газрын албанаас тооцоо нийлсэн акт байхгүй гэсэн хариу ирсэн“ гэх тайлбар , ХУДГА-ны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16/1363 дугаар албан бичгээр ирүүлсэн “Газрын төлбөрийн Usepay програм дээр иргэн ...нартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хийж байгаагүй болно” гэх тайлбараар тус тустогтоогдож байна.

Түүнчлэн захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө “газрын төлбөрөө төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн”тухай нэхэмжлэгч Г.Б мэдэгдээгүй, төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй атлаа түүнийг газрын төлбөрөө төлөөгүй гэж шууд буруутган уг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа ньучир дутагдалтай, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн23.4.5, 34 дүгээр зүйлийн 34.8-д заасантай нийцэхгүй байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд “маргаан бүхий актын гол үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь илэрхий, шалган тогтоох шаардлагагүй” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн “газраа 2 жил дараалан ашиглаагүй” болгазар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан нь эрх бүхий этгээд“хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдалбайсан эсэхийг юуны түрүүндбүрэн дүүрэн шалгаж, тогтоосны эцэстдээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл заасан зохицуулалт юм.

Тухайн тохиолдолд газар эзэмшигч нэхэмжлэгч 5 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо бусдын хууль бус үйлдэл, буруутай үйл ажиллагааны улмаас газраа эзэмшиж, ашиглаж чадаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг нягтлан шалгах, газар эзэмшигчээс үл хамаарахшалтгаан, нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргээ захиргааны байгууллага буруу хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

МУДШ-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор ГТХ-ийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд ГТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.Мөн зүйл, хэсэгт заасан “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, П.Э нарын 5 иргэн хуулийн дагуу эзэмших эрх бүхий газраа тойрууланхашаа барих зорилгоор шуудуу ухсан бөгөөд 2018 оны 03, 05 дугаар саруудад хашаагаа барих гэтэл гуравдагч этгээд Д.Г-ын “М г” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнууд хэрүүл маргаан үүсгэн, хашаа барихад нь саад учруулсанболох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

Тухайлбал, ХУД ЦХХД-ын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30/7649 дүгээр “тус хэлтэст иргэн Ш.Н ирүүлсэн...гомдолд зөрчлийн ...хэрэг үүсгэн шалгасан, иргэн Э ирүүлсэн...гомдлыг шалгаад хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн, мөн...ирүүлсэн...гомдлыг шалгаад МХА-д харьяаллаар шилжүүлж шийдвэрлэсэн” гэх, мөн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30с-4/5862 дугаар  “8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морины тойруулгын хойно байрлах иргэн Г.Б нарын 5 иргэний эзэмшлийн газарт “М г” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнуудтай хашаа барих талаар маргалдсаны улмаас Г.Г нь ...учруулсан гэх эрүүгийн...хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь үнэн болно” гэх албан бичгүүдээр тогтоогдлоо.

Мөн гэрч Ч.Н “...2018 оны 05 дугаар сарын эхээр очиход 3 айлын 2100 м2 газрыг 40 см гүнзгий, 80 см өргөнтэй газар ухсан байсан... Хашаа болон байшингийн сууриа цутгахаар бүх тоног төхөөрөмж, хэв хашмал авч очоод угсарч байтал “М г” ХХК-ийн хамгаалалтын албаны хүмүүс гарч ирээд бидний хийсэн ажлыг тарааж шидээд ажил хийлгээгүй...Хэрүүл, маргаан болоход П.Э ХУД-ийн 2 дугаар хэлтсийн цагдаа дуудсан. Маргааш нь очиж ажлаа хийх гэхээр “М г” ХХК-ийн хамгаалалтын хүмүүс ажил хийлгэхгүй байсаар 4 шөнө, 3 өдөр болсон” гэх мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан  зөрчлийн 3-1732 дугаартай материал, 18100******* дугаартай зөрчлийн хэргээстодорхой харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нар хуулийн дагуу эзэмших эрх үүсэн газар дээр хашаа, байшин барих ажлыг хийж гүйцэтгэхэд нь гуравдагч этгээд Д.Г-аас удаа дараа хэрүүл, маргаан үүсгэн саад учруулж байсаны улмаас нэхэмжлэгч нар “бусдын хууль бус үйлдэл”-ээс болж тухайн газраа ашиглаж чадаагүй“хүндэтгэх үзэх шалтгаан”-тай байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй” гэх үндэслэл няцаагдаж байна.

Шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг шалгаж, тогтоох үүргээ захиргааны байгууллага хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаарх баримтыг ирүүлэхийг шаардахад хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2245 дугаар албан бичгээр “нэхэмжлэгч 5 иргэний 2016-2018 оны хооронд газар ашигласан байдлыг харуулсан “Coogle Earth Pro”-аас авсан маргаан бүхий газрын орчны зураглал, гуравдагч этгээд Д.Г-ын гаргасан өргөдөл” зэргийг ирүүлсэн .

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй буруутай, маргаан бүхий ХУДЗД-ын 2018 оны А/235 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. 

3. Түүнчлэн газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага, эрх бүхий этгээдээс тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч 5 иргэнд урьдчилан мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий 2018 оны А/235 дугаар захирамжийг гаргажээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус зохицуулжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим баримтлагдах учиртай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө шаардлагатай нотлох баримтыг цуглуулж нөхцөл байдлыг тогтоож, хуульд зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, иргэн Д.Г гомдол гаргасан тул сонсох ажиллагаа хийхгүй” гэх тайлбарыг гаргаж байгаагаас үзвэл дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчим хэрэгжээгүй байна.

Гуравдагч этгээд Д.Г-т НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/726 дугаар  захирамжаар ХУД 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морин тойруулгын зориулалтаар 541400 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгож, НГА 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Г “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан байна .

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар нь гуравдагч этгээд Д.Г-ын эзэмшиж буй 541400 м2 газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

“УДС” ТӨХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07/2893 дугаар, “УХУСУГ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/2864 дүгээр, НГА-ы 2019 оны 03 дүгээр сарын 30-ны өдрийн 03-04/331 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан маргаан бүхий газрын доор инженерийн шугам сүлжээ байхгүй болохыг тодорхойлсон байна . 

Нэхэмжлэгч нартгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгогдсон, ХУД-ийн Өмч, газрын харилцааны алба (хуучин нэрээр) 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд “гэр бүлийн хэрэгцээний зориулалт”-аар газар эзэмшүүлсэн тохиолдолд заавал “2 жилийн дотор ямар нэгэн байдлаар газраа ашигласан” байхыг шаардахгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зохицуулалт хамаарахгүйюм.

Иймд маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх банэхэмжлэгч П.Э, Г.Б, Э.М, Ш.Н, Э.Х нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бусбайх тул ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.Х, Э.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХУДЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосугай 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУДЗД-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ЗХДЗШШ-д давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.Ц