Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0373/3 |
Дугаар | 221/МА2023/0179 |
Огноо | 2023-03-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0179
“М” НҮТББ
Ө аймгийн Засаг дарга нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын төлөөлөгч Ш.Жаргалсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, Ө аймгийн Засаг дарга
Нэхэмжлэгч: “М” НҮТББӨ аймгийн Засаг дарга
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “А” ХХК
Гуравдагч этгээд: “Худалдаа хөгжлийн банк” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: "Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-018354 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Хүрээт" ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн MV-01854 тусгай зөвшөөрлийг "Централ эшиа майнинг" ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “А” ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох"
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын төлөөлөгч Ш.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Ө аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, А.О, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Б, гуравдагч этгээд “Х” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Г.С нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0373/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” НҮТББ Ө аймгийн Засаг дарга нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “"Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-018354 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Хүрээт" ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн MV-01854 тусгай зөвшөөрлийг "Централ эшиа майнинг" ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “А” ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын төлөөлөгч Ш.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа /1.2 дахь хэсэгт энэ хуулийн"... 24.3,244, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх" гэжээ. Гэтэл мөн хуулийн 24.4.2-т тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай давхцаагүй байхыг шаардсан. Нэгэнтэй хуулиар хориглосон заалтыг зөрчин өргөдлийг буцаалгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль бус үйлдлийг гүйцэтгэхийг компанид даалгажээ. Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкны эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээдүүд бол хуулийг хуулиас гадуур ажиллаж зөвшөөрөл олгож болдог жишиг тогтоосон гэж үзнэ. Учир нь: ашиглалтын байтугай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж шийдвэрлүүлэхэд өөр компаниуд ямар их саад бэрхшээлийг даван туулдгийг бид мэдэх билээ. Ингэж ялгамжтай хандаж шийдвэр гаргасан нь хууль нэг мөр, хуульд нийцсэн байх зарчмыг зөрчсөн шийдвэр байдаг.
2.1.2.Шүүх Үндэслэх нь хэсэгтээ "илт хууль бус захиргааны акт гэдэг нь ...хэн ч харахад тодорхой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх ёстой гэжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль зөрчсөн хэн ч харсан Засгийн газрын тогтоолоор авсан Сум дундын отор тэжээлийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэдэг нь илт харагддаг. Тэр дундаа Үндсэн хуулиар төрийн хамгаалалтанд байдаг мал сүргээ адгуулан амьдардаг малчдад ил тод харагддаг юм.
2.1.3.Шүүх дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т ... Хүрзэт ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа учраас хууль бус үйлдэл , эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь мөн хуулийн 26.1.2-дахь хэсгийг хараагүй байх учиргүй. Шүүхийн энэ үйлдэл нь Хууль бус үйлдлийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулдаг амьд жишээ боллоо. Бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр биш гэж дүгнэсэн нь хэрэв биелүүлэх боломжтой байсан юм бол 2010 оноос хойш одоог хүртэл ашиглахгүй яасан юм вэ гэдэг асуудал гарна. Тэр тусмаа ашиглалтын үйл ажиллагааг явуулах нэрээр лицензээ барьцаалж 2016 оноос Улаанбаатар банкнаас 16 сая америк доллар, Худалдаа хөгжлийн банкнаас 23 сая америк доллар зээлсэн ч газар дээрээ ганц ч үйл ажиллагаа явуулаагүй байгааг юу гэж ойлгох билээ
2.1.4.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3 дах хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн зохицуулалтыг илт зөрчиж тус зөвшөөрөл олгосонг шүүх дүгнээгүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
2.1.5.Засгийн газрын 2010-3-17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн аймаг дундын отор бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд маргаан бүхий газрыг авсан байдаг. Засгийн газрын 2010-11-17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай шийдвэр гарсан байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс нөхөн олговор болон усны сан бүхий газартай давхцалтай хэсгийг хасуулах ямар ч хүсэлт өргөдөл гаргаагүй байхад хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй илт хууль бус шийдвэр гэж үзсэнийг шүүх дүгнээгүй.
2.1.6.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг барьж мэтгэлцэхдээ хуульд заасан баримтаа бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад гуравдагч этгээд өгөөгүй байдаг энэ үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогддог. Харин шүүх дээр Засгийн газрын байгууллага бидэнд ирж хүсэлт гаргаагүй учир бид ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулсан гэдэг. Мөн л Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий этгээдүүд үнэнхүү том байгаа шүү. Өөрсдөө нөхөн төлбөрийн хүсэлтээ зардлын баримттай гаргаж өгөөгүй байж Засгийн газар бидэнд нөхөн төлбөрийг өгнө гэж гуйгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг. Энэ нь засгийн газрын байгууллага биднээс гуйх ёстой гэдэг хуульд заагаагүй шаардлагыг шүүх баталгаажуулж байна.
2.1.7.Газрын тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газар нь АМТХ-ийн 9.1.3-д заасан тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарна. АМТХ-ийн 9.1.3-т улсын тусгай хамгаалалтаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхийг Засгийн газрын бүрэн эрхэд хамааруулсан. Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтэс Засгийн газраас давсан эрх хэмжээ эдэлж хэрэгжүүлснийг шүүх зөвтгөсөн шийдвэр гаргасан байна.
2.1.8.Үндсэн хуулиар шүүх хүний эрхийн баталгаа байхаар зохицуулсан боловч шүүх зөвхөн материаллаг хуулийг хэрэгжүүлэхийн төлөө түүндээ нийцүүлэн хуулийг буруу тайлбарлаж дүгнэдэг жишээ энэ биз.
2.1.9.Үндэслэх нь хэсгийн 8 дахь хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д гэж бичсэн байна. Монгол улсын хуулийн сангаас хайлт хийхэд "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль" 2016 оны 07 сарын 01-нээс хүчингүй болсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн хугацаанаас хойш буюу 2016 оны 11 сард тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 ... гэсэн байгаа нь одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэжээ.
2.1.10.Шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлах хэсэгт ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д... гэсэн байгаа нь одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд байхгүй зүйл заалтыг үндэслэжээ.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/Ш2023/0036 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж дахин шийдвэрлүүлэхээр буцаалгахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгч Ө аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Гомдлын шаардлага Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0036 дугаартай шийдвэрийг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:
2.2.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаар дурьдсан атал 5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хэмээжээ. Гэтэл шүүх нь анх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.2 захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох, 106.3.10.захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргаж болох байтал илт хууль бус захиргааны акт нь гэдэг нь тухайн актын алдаа ноцтой, хэн ч харахад тодорхой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх ёстой гэж үзэн илт хууль бус захиргааны акт биш гэж үзжээ. Тухайн бүс нутгийг 2010 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газарт авсан байна. Гэтэл хариуцагчаас өргөдлийг буцаалгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн /Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа /1.2 дахь хэсэг энэ хуулийн 24,3,24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх" гэжээ. Мөн хуулийн 24.4.2-т тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай давхцаагүй байх гэснийг зөрчсөн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 хэсэгт заасан "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэсэн шинжийг агуулсаар байтал шүүх дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т Хүрээт ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа учраас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь хууль дээрхи заалтуудыг зөрчсөн байна.
2.2.2.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.5 дахь хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн зохицуулалтыг илт зорчиж тусгай зөвшөөрөл олгосонг шүүх дүгнээгүй.
2.2.3.Газрын тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3-д заасан тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарна. АМТХ-ийн 9.1.3-т улсын тусгай хамгаалалтаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхийг Засгийн газрын бүрэн эрхэд хамааруулсан байтал өөрт олгогдоогүй эрхээр шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
2.2.4.Үндэслэх нь хэсгийн 8 дахь хэсэгт ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д ...гэсэн байгаа нь одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд байхгүй зүйл заалтыг үндэслэжээ. Монгол улсын хуулийн сангаас хайлт хийхэд уг хууль нь 2016 оны 07 сарын 01-нээс хүчингүй болсон байгаа тул эрүүгийн болон иргэний хуулиас бусад хууль эргэж хэрэглэгдэхгүй байх хуулийн зарчмыг зөрчсөн байна.
2.2.5.Захиргааны актын дагуу Улсын тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын Засгийн газрын шийдвэртэй зөрчилдөж бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байхад хуулийн хүрээнд байна захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 хэсэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан: 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв хууль зөрчөөгүй байсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах боломж нь бүрэн нээлттэй байсан гэж үзэж болно.
2.2.6.Үндэслэл хэсгийн 16, 17, 18-д тайлбарласан Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь тусгай хэрэгцээний газарт авагдсан талбайн төлбөрөө нэхэмжилж аваагүй нөгөө талд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй зөвшөөрөл олгосон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаагаар уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Тухайлбал ашигт малтмалын газар өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөж төлбөр төлөхгүй байх сонирхолтой, гуравдагч этгээд болох “А” ХХК нь төлбөрөө нэхэмжлэхгүй байж тусгай хэрэгцээний газрыг өөрийн эзэмшилд байлгах сонирхолтой байсан бол эдгээр нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн илт хууль бус үйлдлийн улмаас Баян-Өндөр сумын иргэд, малчдын өвөлжөө, хаваржаагаа эзэмших эрх хязгаарлагдаж монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт үнэгүйдэх мэтээр ойлгогдож байна. Өөрөөр энэ талаар монгол улсын хууль тогтоомжуудаар хуульчилсан атал төрөөс нөхөн төлбөр өгөөгүй учир та бүхний эрх зөрчигдөх нь шүүхэд хамаагүй гэж Үзсэн мэт байна.
2.2.7.Мөн хариуцагчаас гаргасан тайлбартаа Бүрд сумын Засаг даргын 2014.12.22- ний өдрийн 01/185 дугаар албан тоотыг үндэслэн Цахирын хоолой нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь анхнаасаа Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийг хамарсан шийдвэр гаргах үндэслэл болохгүй гэдгийг харгалзан үзсэнгүйгээр үр барам харин ч хариуцагчийн гаргасан хууль бус шийдвэрийг өөгшүүлж хууль ёсны мэтээр гаргасан шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/003 зартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “М” НҮТББ Ө аймгийн Засаг дарга нараас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “"Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-018354 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Хүрээт" ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн MV-01854 тусгай зөвшөөрлийг "Централ эшиа майнинг" ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “А” ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр”,
...7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж,
...32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж,
...34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж,
...52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны актыг ..., илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”,
...52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж,
...106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж,
...107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.
3.Энэхүү хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тохиолдолд нийтийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг маргаж буй актын улмаас хэрхэн зөрчигдсөн байхыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгах, мөн захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны ямар илт хууль бус үйл ажиллагааны улмаас нийтэд ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгахаар заасан.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаагүй, ...байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгээгүй, ...татвараа төлөөгүй, ...орон нутгийн иргэдээс болон удирдлагуудаас санал аваагүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, ...тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хэд хэдэн хуулийн этгээдэд шилжүүлсэн, үүний улмаас мал бэлчээрлэх газрын хэвлий ухагдах, байгаль орчин сүйтгэгдэх зэргээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа..." гэж тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан." гэж, 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж тодорхойлон маргасан байна.
5.Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 тоот албан бичигт[1] “А” ХХК нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутгийг хамарсан МV-018354 ашиглалтын тусгай зөвгөөрөлтэй 4701.55 га талбайд хайгуул ашиглалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй болно”,
...Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/33 тоот албан бичигт[2] “А” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бүс нутгийн газар нутагтай давхцаж байна. 2018 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн жилийн эцсийн хуралдаан болох үед ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон зүг нутгийн дансанд мөнгө орж ирснээр ашиглалтын лиценз олгосон байсныг мэдсэн...” гэсэн хариу өгсөн,
... Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 6/879 тоот албан бичгээр[3] “...”А” ХХК-ийн MV-018354 тоот тусгай зөвшөөрөлд хамрагдах ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг АМТХ-ын 48.6.1-т заасны дагуу ирүүлээгүй”,
...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 06а/992 тоот албан бичигт[4] “...тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах төслийн үйл ажиллагаандаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаарх мэдээлэл ...бүртгэгдээгүй" гэх албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.
6.Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс “...нэхэмжлэлийн шаардлага болон маргаж буй үндэслэл зөрүүтэй байна гэж дүгнэсэн хэрнээ дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн дагуу илт хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа эсэх талаар буюу нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн байна.
7.Үүнээс гадна анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллааг хангалттай хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргажээ.
8.Маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.
Харин хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.
9.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай дүгнэлтийг бүрэн дүүрэн өгч, нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч захиргааны хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.
10.Нэхэмжлэгч нараас “...орон нутгийн иргэдээс болон удирдлагуудаас санал аваагүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, ...тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, ...мал бэлчээрлэх газрын хэвлий ухагдах, байгаль орчин сүйтгэгдэх зэргээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа..." гэх үндэслэлээр нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа гэж тайлбарлан маргаж байх тул шүүхээс маргааны дээрх үйл баримтад дүгнэлт хийж, бодит байдал дээр нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх, мөн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор нийтийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулж, тайлбар авах шаардлагатай.
11.Мөн нэхэмжлэгчээс “анхнаасаа хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон Ашигт малтмал газрыг тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй..., орон нутгийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурал, төслийн нөлөөнд өртөх иргэдийн саналыг огт аваагүй, оролцоог хангаагүй гэж маргасан, харин хариуцагчаас “...Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/185 тоот албан бичгээр ирүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажилласан тухай санал... зэрэг хуульд заасан баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байхад энэхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/185 тоот албан бичиг хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
12.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
13.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус хэргийг Ц.Батсүрэн шүүгчээс О.Оюунгэрэл шүүгчид шилжүүлээгүй хэрнээ шууд Ц.Батсүрэн шүүгчээс Т.Гангэрэл шүүгчид шилжүүлсэн процессын алдаа гаргасан, хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн” гэж маргасан.
14.Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3827 дугаар захирамжаар[5] Н.Дамдинсүрэн шүүгч “...Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний 0072 дугаар тогтоолоор[6] дээрх захиргааны хэргийг шүүгч Л.Өлзийжаргалд шилжүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2417 дугаар захирамжаар[7] шүүгч О.Оюунгэрэл Ө аймгийн Засаг даргаас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байна. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний 520 дугаар тогтоолоо[8]р “...тус хэргийг шүүгч О.Оюунгэрэлээс шүүгч У.Бадамсүрэнд шилжүүлсэн, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар тогтоолоор[9] “...шүүгч У.Бадамсүрэнгээс шүүгч О.Оюунгэрэлд буцаан шилжүүлсэн”, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5048 дугаар захирамжаар[10] “М” НҮТББӨ аймгийн Засаг дарга нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэж Л.Өлзийжаргал шүүгчид шилжүүлсэн байна.
Шүүгчдийн Зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1425 дугаар тогтоолоор[11] “тус хэргийг шүүгч Л.Өлзийжаргалаас шүүгч У.Бадамсүрэнд шилжүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1530 дугаар тогтоолоор шүүгч Л.Өлзийжаргалд 3 сарын чөлөө олгосон тул ...тус хэргийг шүүгч Т.Гангэрэлд шилжүүлжээ.
15.Үүнээс үзвэл У.Бадамсүрэн шүүгчээс Л.Өлзийжаргал шүүгчид буцаан шилжүүлсэн талаарх Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол авагдаагүй хэрнээ шүүгч Л.Өлзийжаргалаас Т.Гангэрэл шүүгчид тус хэргийг шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан гэж үзэхээр байх хэдий ч хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
16.Учир нь шүүгч Л.Өлзийжаргалд 3 сарын хугацаагаар чөлөө олгосон тул түүнд хуваарилагдсан хэргийг нийт шүүгч нарт шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан Ц.Батсүрэн шүүгчээс О.Оюунгэрэл шүүгчид шилжүүлээгүй хэрнээ шууд Ц.Батсүрэн шүүгчээс Т.Гангэрэл шүүгчид шилжүүлсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 18 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 20 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 240 дэх тал
[7] Хэргийн 2-р хавтас 131 дэх тал
[8] Хэргийн 2-р хавтас 168 дахь тал
[9] Хэргийн 2-р хавтас 173 дахь тал
[10] Хэргийн 3-р хавтас 2 дахь тал
[11] Хэргийн 3-р хавтас 4 дэх тал