Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 8-2 тоот хаягт байрлах “Прогресскапитал ББСБ” ХХК /рд:5366283/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,108,929.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай байгууллага хариуцагч тай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ниссан тиана маркийн тоот улсын дугаартай автомашиныг барьцаалж, 6,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн.

 

            Гэвч зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрэлттэй зээлийг төлж байсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа төлөлт хийгээгүй юм.

 

            Бид энэ талаар түүнд удаа дараа шаардлага тавьсан боловч үүргээ биелүүлээгүй.

            Талууд автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирсон боловч энэхүү автомашины өнгө үзэмж, чанар муудсан тул бодитоор гаргуулан авах шаардлагагүй болсон.

 

            Өнгөрсөн хугацаанд хариуцагч тал үндсэн зээлд 2,527,183.66 төгрөг, зээлийн хүүнд 1,655,623.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106,193.17 төгрөгийг тус тус төлсөн.

 

            Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

            Иймд, хариуцагч аас үндсэн зээл 3,472,816.34 төгрөг, зээлийн хүү 3,889,457.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746,655.50 төгрөг, нийт 8,108,929.48 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

            Хэдийгээр бид харилцан тохиролцож Ниссан тиана маркийн тоот улсын дугаартай автомашиныг барьцаалж, фидуцийн гэрээ байгуулсан боловч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй” гэв.

 

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“ өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 2,527,183.66 төгрөг, зээлийн хүүнд 1,655,623.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106,193.17 төгрөгийг тус тус төлсөн.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч тал энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахгүй өдий хүрсэн ба зээлийн хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,816.34 төгрөгийг гэрээний хугацаа хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч харин гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй байна.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн Ниссан тиана маркийн тоот улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн байхад автомашиныг бодитоор авахгүй хэмээн гэрээгээр хүлээсэн тохиролцоогоо зөрчиж байна.

 

Хариуцагч ын зүгээс энэ хугацаанд нэхэмжлэгч талд автомашиныг өгөх гэж удаа дараа ярилцсан боловч аваагүй, өнөөдрийн байдлаар энэхүү автомашин замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой.

 

Иймд, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, автомашиныг үүргийн гүйцэтгэлд тооцож авах ёстой” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-иас хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,108,929.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,816.34 төгрөгийн талаар маргаагүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах ёстой хэмээн маргаж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч аас 8,040,926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,003.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК нь хариуцагч тай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 6,000,000.00 төгрөгийг 12  сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 8, 9-р хуудас/.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Ниссан тиана маркийн тоот улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримтын талаар маргахгүй байна /х.х-ийн 10-р хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д  “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 4-5-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ...” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу “Прогресскапитал ББСБ” ХХК-д эрх бүхий этгээдээс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдүүлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-иас зээлдэгч 6,000,000.00 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

 

Иймд, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК болон хариуцагч нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч үндсэн зээлийг хүүгийн хамт хуваарьт заасан хэмжээгээр 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

Гэтэл хариуцагч тал өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид үндсэн зээл 2,527,183.66 төгрөг, зээлийн хүү 1,655,623.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,193.17 төгрөг, нийт 4,289,000.01 төгрөгийг төлсөн боловч тэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус заасан гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч тал ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй ба хариуцагч тал нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх нь зүй ёсны болно.

 

Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-иас хариуцагч аас үндсэн зээл 3,472,816.34 төгрөг, зээлийн хүү 3,889,457.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746,655.50 төгрөг, нийт 8,108,929.48 төгрөгийг гаргуулахыг хүсчээ.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.

 

Тодруулбал, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр зээлдэгчийн зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч тэрээр гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийг төлөх хүртлэх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Талууд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, энэ талаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10, 2.11, 6 дугаар зүйлийн 6.6-д заасан тохиролцоо хуульд нийцсэн байна.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлд зааснаар зээлийг зохих ёсоор төлөөгүй 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүг тооцоход өдрийн 5,709.00 төгрөг, нийт 3,831,520.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,590.00 төгрөг байна.

 

Иймд, хариуцагч аас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,816.34 төгрөг, зээлийн хүү 3,831,520.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,590.00 төгрөг, нийт 8,040,926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангах ёстой хэмээн маргасан.

 

Зээлдүүлэгч гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн “...зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэсэн заалтууд зээлдүүлэгчид эрх олгосон заалт болохоос үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх шинжтэй заалт биш тул хариуцагчийн энэхүү татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.

 

Тодруулбал, фидуцийн гэрээний агуулга буюу эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь түүнд өмчлөлдөө авах үүргийг үүсгэхгүй, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэсний дагуу үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах болон гаргуулахгүй байх нь шаардлага буюу өөр хэлбэрээр үр дагаврыг тооцоолж, хүсэл зоригоо илэрхийлж буй эрх юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг нэгтгэн дүгнээд хариуцагч аас зээлийн үлдэгдэл 3,472,816.34 төгрөг, зээлийн хүү 3,831,520.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,590.00 төгрөг, нийт 8,040,926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,003.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч аас зээлийн үлдэгдэл 3,472,816.34 төгрөг, зээлийн хүү 3,831,520.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,590.00 төгрөг, нийт 8,040,926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,003.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,700.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,605.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МАНДАЛБАЯР