| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0198/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/292 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/292
2021 05 24 2021/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Ш.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох эрүүгийн 2011 01595 0141 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Ш.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед хохирогч Б.Сэргэлэнгийн биед гараараа цохих түлхэх, эд зүйлийг шидэх зэргээр халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.С-гийн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим манай найз Заяа утсаар яриад би караокед байна хүрээд ир гэхээр нь очиход 3 залуу 2 эмэгтэйн хамт сууж байсан бөгөөд тэндээ 23 цаг өнгөртөл суусан ба тэнд байсан нэг залуу ямар нэг шалтгаангүй дайрч доромжлоод миний нүүр лүү гараараа түлхээд газар 2-3 удаа унагасан. Энэ үед миний зүүж байсан шилэн дээрээс түлхчихсэн болохоор миний хамар хавдчихсан мөн гараараа миний баруун нүдэнд хүрсэн юм шиг байгаа юм нэг мэдэхэд баруун нүдний булангаас жаахан цус гараад хөхөрчихсөн байхаар нь согтуу хүнтэй юу ярьхав гэж бодоод тоохгүй орхисон тэгсэн л тэрүүгээр нэг агсраад байхаар нь тэнд байсан 2 залуу аваад гарсан. Тэгээд араас нь бараг 10 орчим минутын дараа гартал текен дээр авирлаад зогсож байсан ба наанаас нь дөхөөд очтол над руу 1 юм шидээд миний духан дээр онож цус гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Н.Билгүүний “...Тухайн өдөр буюу 2020 оны 09 сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Ш.Э, Одхүү нартай гэрийнхээ ойролцоо уулзаад ганц пиво ууж байхад Ш.Э нэг эмэгтэй найз руугаа залгаж яриад уулзахаар болсон тэгээд бид гурав Ш.Эгийн найз эмэгтэй болох Заяа болон түүний 2 найзтай Чингэлтэй дүүрэгт байрлах нэг караокед орой 20 цагийн орчим ороод тэндээ 3 шил архи уусан бөгөөд уг архийг ууж байх хооронд Заяагийн найз гэх эмэгтэй /Сэргэлэн/ ирсэн. Тэгсэн Ш.Э, Болорзаяа хоёр хоорондоо үл ойлголцоод маргалдаад байх шиг байсан. Яг юу ярьсан талаар мэдээгүй тэгсэн Ш.Э уурлаад Сэргэлэн гэх эмэгтэйтэй маргалдаад буйдан луу түлхэж байгаа харагдсан тэгсэн Одхүү хажуугаас нь орж ирээд Ш.Эг аваад коридор луу гарсан. Тэгээд би араас нь жаахан байж байгаад гартал Ш.Э, Одхүү 2 цаана байдаг хувцас сольдог өрөөний хавьд маргалдаад зогсож байхаар нь би очоод дундуур нь орж салгасан. Энэ үед дотроос Сэргэлэн гарч ирээд Ш.Эг хэл амаар доромжлоод байсан ба Ш.Э текен дээр байсан самрын савыг аваад Сэргэлэн рүү шидтэл тэр сав нь Сэргэлэнгийн духан дээр очоод оносон. Энэ үед Сэргэлэнгийн духны орчмоос цус гарч харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал цус хуралт, шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн 10105 дугаартай “...Б.Сэргэлэнгийн биед тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Э-гийн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед хохирогч Сэргэлэнтэй муудалцаж цээж рүү нэг удаа гараараа түлхэж буйдан луу унагаж мөн үүний дараа тус караокены коридорт түүн лүү самрын лааз шидэн түүний биед хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Энэ тухайгаа өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 59/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед хохирогч Б.Сэргэлэнгийн биед гараараа цохих түлхэх, эд зүйлийг шидэх зэргээр халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Н.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн 10105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шүүгдэгч Ш.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-гээс 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С /РД: /-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-гээс 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С /РД: /-д олгосугай.
5. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ