| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/283 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/283
2021 05 20 2021/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч А.Нямсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргал,
шүүгдэгч Ш.Ш /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ш-т холбогдох эрүүгийн 2111 00008 0066 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт тоотод оршин суудаг,
-2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Ш-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
-2016 оны Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, тус оногдуулсан ял дээр 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 8 сарын хугацаагаар хорих ялыг тогтоож, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Ш.Ш /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Хасбаатараас 89-40 УБҮ улсын дугаартай “Тоёота харрьер” маркийн тээврийн хэрэгслийг түрээслэн аваад тухайн тээврийн хэрэгслийн байдлыг тодорхойлсон, Монгол Улсад явах эрх олгосон баримт бичиг болох тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлийнх мэт болгон хуурамчаар үйлдэж, ашигласан,
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус хуурамчаар үйлдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглаж, өөрийн тээврийн хэрэгсэл гэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Файфорс Инвест” ХХК-ийг хуурч, тээврийн хэрэгслийг хадгалуулах нөхцөлтэйгээр 6.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулан 5.940.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хүнд маш их өрөнд орсон байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөр бүрэн төлж барагдуулна. Одоогоор 3.000.000 төгрөгийн хохирол төлөх дутуу байна. Надад хохирол төлбөр төлөх хэд хоногийн хугацаа өгнө үү. Би саяхан гэр бүлтэй болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
5 хоног хохирол төлөх хугацаа авсны дараа мэдүүлэхдээ:
Үлдэгдэл хохирол төлбөрөөс 1 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Шударгаар ажил хөдөлмөр хийж үлдэгдэл төлбөрөө барагдуулна. Хичээсэн боловч амжсангүй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Одоогийн байдлаар 2.940.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол, саналгүй...” гэв.
Шүүх хуралдаан завсарлаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаад мэдүүлэхдээ:
Шүүгдэгчийн зүгээс өчигдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргалын “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ломбардаар үйлчлүүлэхээр Ш.Ш гэх хүн ирсэн. Би өөрөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс таурын 17 дугаар давхрын 1705 тоотод байрлах Файфорс инвест авто ломбардны гүйцэтгэх захирал бөгөөд тэр ирсэн хүн Тоёота харриер маркийн 89-40 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн 2005 онд үйлдвэрлэж, 2014 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг манайд хадгалуулах нөхцөлтэйгөөр 6 сая төгрөгийн зээл хүсч ирсэн. Ш.Ш нь манай офиссийн үүдэнд машинаа үлдээсэн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь үзэж хараад ямар нэгэн асуудалгүй гэж үзээд зээл олгохоор болж Ш.Шаар анкет бөглүүлж, түүнтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ хийж, тээврийн хэрэгслийг худалдах, бэлэглэх арилжих эрхтэй итгэмжлэл хийлгүүлж авсан 5176203651 дугаартай компанийн Хаан банкны данснаас Ш.Шын Хаан банкны 5027717409 дугаарын дансанд 1 хувийн шимтгэл буюу 60,000 төгрөгийг хассан дүн болох 5,940,000 төгрөгийг зээл олгов гэх утгатайгаар шилжүүлсэн. Үүнээс хойш тус тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жүр үр ХХК-ний хашаанд байршуулсан ингээд 2 тал тухайн үед ямар нэгэн асуудалгүй харилцан тохиролцоод 2 тийшээ салцгаасан. Энэ өдрөөс хойш хөл хорио тогтоогдоод машинаа авч чадахгүй хэсэг байсан ба 2 долоо хоногийн дараагаар миний бие тус машиныг авахаар очсон бөгөөд тэр үед машин байгаагүй. Тэгээд гайхаад камер шүүлгэж үзэхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн түлхүүрээр нь онгойлгоод асаагаад явсан болохыг олж хараад Ш.Ш луу залгаж юу болоод байгааг асуухад Ш.Ш нь “...Манай ах байгаа юм, буруу ойлголцоод унаад аваад явчхаж, одоохон машиныг нь буцаагаад аваачаад өгье" гэж хэлсэн. Тэгээд машинаа авчрахгүй байсан бөгөөд асуухад хөл хорионоос болоод аваачиж чадахгүй байна гээд байсан бөгөөд энэ маягаар дахиад 7 хоног өнгөрсөн. Эцэст нь Ш.Штай 3, 4 дүгээр хороололд уулзсан бөгөөд миний бие машины бүрэн бүтэн байдлыг харъя гэж шалсаар байгаад машинаа үзэхээр болсон бөгөөд тэрхүү машин ХУД-ийн 19-р хорооллын Дэлгэрэх хотхоны хашаанд байгааг олж хараад би гайхаад “...танай ахынх хаана байдаг юм бэ” гэхэд “...манай ахынх Баянзүрхэд байдаг” гэсэн бөгөөд тэгэхэд нь би тэгвэл яагаад энд машин байж байгаа юм бэ гэхэд юм дуугарахгүй байсан. Тэгээд машинаа асаагаад унаад 2 км орчим зайтай явж байгаад гэрлэн дохио дээр ирэх үед замын цагдаагийн машинтай, цагдаатай нэг хүн шахаж орж ирээд эхлээд цагдаа нь миний бичиг баримтыг шалгасан бөгөөд тухайн унаж явсан машины талаар асууж эхэлсэн бөгөөд би тэрхүү цагдаад “..би өөрийнхөө машиныг унаад явж байна” гэж хэлэхэд цагдаагийн машинаас өөр нэг хүн бууж ирээд “..үгүй ээ энэ миний машин” гэж хэлсэн бөгөөд тухайн хүнтэй ярилцсаны дараагаар уг миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь Транс капитал ББСБ-ийн нэр дээр байдаг машин болохыг мэдсэн бөгөөд харин надад өгсөн гэрчилгээг нь засаад хуурамчаар хийсэн болохыг нь мэдээд тухайн үед Ш.Ш-т хууртагдсанаа ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Хасбаатарын “...Миний бие Ш.Ш гэх хүнийг сайн танихгүй, өмнө нь 1 л удаа уулзаж байсан. Уулзах болсон шалтгаан бол миний бие 2020 оны 09 дүгээр сараас хойш өөрийн 8940 УБҮ улсын дугаартай харриер маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн үйлчилгээгээр явуулж байгаа. Тэгээд миний бие тус тээврийн хэрэгслээ хоногоор түрээслүүлнэ хэмээн фэйсбүүк цахим орчинд зарлал байршуулж, өөрийн 99708060 утасны дугаарыг доор нь бичиж байсан. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын эхээр 88817140 гэсэн дугаараас над руу нэг хүн залгаад миний тээврийн хэрэгслийг 2 хоногоор түрээсэлье гэж хэлээд бид Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзсан. Тухайн үед уг хүнтэй уулзахад Ш.Ш гэх хүн байсан бөгөөд бид хоорондоо авто машин түрээслүүлэх 2 хоногийн хугацаатай гэрээ хийгээд, өдрийн 130.000 төгрөгөөр тохирсон санагдаж байна. Тухайн үед Ш.Ш гэх залуу нь эхний ээлжинд 2 хоногоор түрээслээд, хэрвээ ажил бүтвэл 5 хоногоор сунгана гэсэн зүйл ярьж байсан санагдаж байна. Ингээд миний бие түүнтэй 2 хоногийн хугацаатай машинаа түрээслүүлэхээр болоод анх Ш.Ш гэх хүнээс өөрийн Хаан банкны 5099107090 дугаарын дансанд 330.000 авсан. Ингэж авах болсон шалтаан нь барьцаа 200,000 төгрөг, мөн 1 хоногийн мөнгө болох 130,000-тай нь авч байсан ба тухайн өдөр Ш.Ш гэх залуу нь миний машиныг унаад явсан. Машин дотор тээрийн хэрэгслийн гэрчилгээ нь байсан. Тухайн үед Ш.Ш гэх залуутай хийсэн гэрээ нь одоо надад байхгүй олохгүй байгаа. Машин унаж явснаас хойш Ш.Ш нь надад “..миний ажил бүтсэн, тиймээс би машины түрээсээ сунгая” гэж утсаар хэлсэн бөгөөд би зөвшөөрсөн. Ингээд Ш.Ш нь миний дээрх данс руу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш ковид-19 өвчинтэй холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж 14 хоног орчимд Ш.Ш-тай утсаар холбогдсон ч уулзаж чадаагүй, мөн түүнчлэн Ш.Ш нь машинаа унахгүй байсан учраас би хоног хугацаа хэтэрсэн байснаас улбаалж Ш.Ш-аас машинаа авъя гэсэн шаардлагыг тавьсан. Тэгтэл Ш.Ш нь би гачууртад хүмүүс аваачаад буулгачихсан ажил хийлгэж байгаа, ажил нь маргааш дуусаад би машинаар чинь очиж ажилчдаа аваад тэнд байгаа тооцоогоо дуусгаад машиныг чинь хоногийн тооцоог нь бодоод мөнгөтэй нь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь итгэсэн. Эцэст нь миний бие өөрийн машинд байсан жи-пи-эс байрлал илрүүлэгч ашиглаад байрлалыг нь шалгахад Ард кино театрын байрны голд зогсоол дээр байгааг нь олж мэдээд Ш.Ш-тай утсаар яриад машинаа авлаа гэдгээ мэдэгдээд машин дээрээ очоод шууд машинаа нөөц түлхүүрээрээ асаагаад аваад гэрийнхээ гадаа авчирч тавьсан, тухайн үед миний бие Ш.Ш гэх залууд итгэл алдарсан байсан юм. Тэгээд машин дотор гэрчилгээ нь байхгүй байгааг мэдээд дахин Ш.Ш луу залгаад машины гэрчилгээ болон түлхүүрийг нь авчрахыг шаардсан. Тэгтэл Ш.Ш нь надад “..машины түлхүүрийг нь авчирч өгнө, гэрчилгээ нь байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэж худлаа хэлсэн. Миний бие хамгийн сүүлд машинаа хүлээлгэж өгөхдөө гэрчилгээг нь урд талын хайрцагт нь хийгээд өгсөн бөгөөд машинаа авах үед байхгүй байгааг шууд мэдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа намайг гэрт байх үед миний гар утас дээрх жи-пи-эс байрлал мэдрэгч дээр миний машин асаад явж байгаа мэдээлэл гарсан, манай гэрийн гадаа нэгэн замын цагдаа машинтайгаа зогсож байхаар нь би учраа хэлж гуйгаад бид хамтдаа миний машины араас яваад холдоогүй байхад нь бариад авсан. Тэгтэл машиныг маань өөр хүн унаад явж байсан ба надад “..би уг машиныг Ш.Ш гэх хүнээс барьцаанд авсан машин байгаа юм” гэж хэлэхээр нь би тэрхүү залуугаас “..уг машин чинь Транс капитал ББСБ-ийн нэр дээр байхад ямар учраас барьцаанд авдаг юм бэ” гэхэд тэрхүү залуу надад “...уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь энэ байна, Ш.Ш гэх хүний нэртэй байна шүү дээ” гэж хэлээд гэрчилгээг үзүүлэхэд Ш.Ш нь миний машины гэрчилгээг засаж, янзлаад түрээсийн машин гэсэн тамга дээр нь хөх өнгийн чернил асгасан мэт өөрчлөн нуугаад өөр хүмүүст барьцаанд тавьсан болохыг нь мэдсэн. Миний бие тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авсан, мөн түүнчлэн гэрчилгээгээ гаргуулаад авсан учир гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Ш.Хулангийн “...Миний бие Хаан банкинд 5114078825 гэсэн дугаарын данстай. Гэхдээ уг дансаа би огт ашиглахгүй удаж байгаа бөгөөд сүүлийн 1 жил гаруй хугацаанд ашиглаагүй. Гэхдээ манай ах Ш.Ш нь өөрөө дансгүй учраас миний карт болон дансыг ашигладаг юм. Бас надад тус данстай холбоотой мобайл банк болон интернет банкны үйлчилгээ байхгүй. Ах маань АТМ дээр очиж л карт, дансыг маань ашигладаг. Би хөхний хавдар гэхээс илүүтэй хөхний булчирхайн өвчнөөр өвдөж, 2019 оны 09 хүртэл эмчилгээ хийлгэж байсан. 2020 онд миний бие хөхний ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, эм тариа ууж байгаа. Ах Ш.Ш нь эмчилгээнд зориулж мөнгө өгсөн асуудал байхгүй дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4600 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг анхны байдлаас нь өөрчилсөн байна. Шинжилгээнд ирүүлсэн Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг зүсэж, эвлүүлэх аргаар анхны байдлаас нь өөрчлөн засвар хийсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний Өмчлөгчийн нэр, хаяг заасан хэсгийн цаасыг сольж өөрчилсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-ын “...Миний бие 2020 оны 11 дүгээр сард өөрийн фейсбүүк цахим хуудас дээр авто машин түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 99708060 гэсэн дугаарын дагуу холбогдож, машин түрээслүүлнэ гэсэн хүнтэй уулзсан. Тухайн үед миний анх тус хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзсан бөгөөд уулзаж, машиныг нь 2 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хэлээд 300,000 төгрөгийг барьцаа болгож өгөөд дээр нь нэмээд 2 хоногийн мөнгө болон 260,000 төгрөгийг өгөөд 89-40 убү улсын дугаартай цагаан өнгийн хариер маркийн тээврийн хэрэгслийг түрээслэн заахаар болсон. Тухайн үед бид хоорондоо гэрээ хэлцэл хийж байсан боловч гэрээ нь надад одоо байхгүй. Ингээд миний бие тухайн үед мөнгийг өөрийн дүү Хулангийн нэртэй дансаар мөнгийг шилжүүлсэн, уг дансыг миний бие ашигладаг юм. Машиныг нь аваад би өөрөө 2 хоног унаж хэрэглэсэн бөгөөд тухайн үед мөн фейсбүүк орчинд машин барьцаалж зээл олгоно гэсэн зарыг олж уншаад тус тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авахаар болсон. Тэгтэл гэрчилгээ нь заавал миний нэр дээр байх шаардлагатай байсан учир би өөрийн эзэмшилд байсан 0816 убэ улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өөрийн овог нэрийг ашиглахаар болсон. Тус приус-10 маркийн тээврийн хэрэгсэл нь надад байхгүй бөгөөд би өмнө нь задлаад сэлбэгэнд зараад, зөвхөн гэрчилгээ нь үлдсэн байсан юм. Тэгээд тэрхүү гэрчилгээнд дээрх овог нэрээ цаасны хутгаар зүсэж аваад түрээслэн авсан хариер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчийн нэрийг мөн цаасны хутгаар зүсэж аваад, өөрийн зүсэж авсан овог нэрээ наахад хариер маркийн машин нь миний нэр дээр байгаа машин шиг харагдахаар болгосон. Тэгээд гэрчилгээнд “түрээс” гэсэн тамгыг нь харагдахгүй болгохын тулд дээр нь цэнхэр өнгийн бэх /чирнил/ асгасан. Цаасны хутга болон чирнил нь одоо надад байхгүй, тухайн үедээ хэрэглээд хаячихсан. Уг процессыг хийсний дараагаар миний бие автомашинаа барьцаалж зээл гаргана гэсэн хүнтэй очиж уулзахаар болсон бөгөөд тус уулзах хүний ажил нь “файфорс инвест” ХХК гэх нэртэй байгууллага байсан бөгөөд байршил нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс таур барилгын 1705 тоотод байсан. Тус газарт очоод миний бие бичиг баримтаа бүрдүүлээд нийт 6 сая төгрөгийн зээл авахаар болоод машинаа үзүүлтэл зөвшөөрсөн бөгөөд миний бие гэрчилгээгээ үзүүлээд, гэрээ хийхээр болсон. Мөнгийг нь тус компаниас зөвхөн миний нэртэй данс руу хийнэ гэсэн учраас би өөрийн нэгэн танил найз болох Б.Ш.Ш руу залгаад дансныхаа дугаарыг өгөөч, мөнгө шилжүүлээд авъя гэж хэлсэн. Тэгтэл Б.Ш.Ш нь эхлээд өөрийн эхнэрийн дансыг өгсөн бөгөөд би тухайн үед зөвхөн чиний нэртэй данс хэрэгтэй байна гэж хэлэх үед надад Б.Ш.Ш нь “..миний данс зээлтэй байгаа учир 300,000 төгрөг суутгагдана” гэхэд нь би түүнд “..зээлээ төлчих, гэхдээ үлдэгдэл мөнгийг нь над руу шилжүүлж тус болооч, 300,000 төгрөгийг чи өөрөө зээлэндээ ав гэхэд зөвшөөрсөн. Тэгээд Б.Ш.Ш нь надад өөрийн эзэмшлийн хаан банкны дансыг нь өгсөн бөгөөд тухайн дансыг нь би файфорс компанид өгөхөд тус компанийн ажилтан нь миний данс байна хэмээн ойлгоод 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө орсны дараагаар би Ш.Ш-аас өөрийн дүүгийн эзэмшлийн 5114078825 дугаарын данс руу шимтгэлүүдээ хасаад 5,660,000 төгрөгийг хүлээн авсан байдаг. Ингээд миний бие тус машиныг үлдээгээд мөнгөө аваад явсан. Тус авсан мөнгөнөөс 4,4 сая төгрөгийг нь би өрөндөө Эрдэнэбилэг гэх хүнд өгсөн. Тухайн хүний талаарх мэдээлэл надад байхгүй, мөнгөө би бэлнээр өгсөн. Өмнө нь гэрчийн өгсөн издүүлэгтээ би 80343434 гэсэн дугаар өгсөн бөгөөд уг дугаар нь түүний дугаар биш, з-дуурсан байна лээ. Одоо уг хүнтэй холбогдох ямар ч мэдээлэл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Ш.Ш, Ш.Хулан нарын дансны хуулга /хх-ийн 101-103 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, мөн бусад бичгийн номлох баримтууд зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Хасбаатараас 89-40 УБҮ улсын дугаартай “Тоёота харрьер” маркийн тээврийн хэрэгслийг түрээслэн аваад тухайн тээврийн хэрэгслийн байдлыг тодорхойлсон, Монгол Улсад явах эрх олгосон баримт бичиг болох тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлийнх мэт болгон хуурамчаар үйлдэж, ашигласан, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус хуурамчаар үйлдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглаж, өөрийн тээврийн хэрэгсэл гэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Файфорс Инвест” ХХК-ийг хуурч, тээврийн хэрэгслийг хадгалуулах нөхцөлтэйгээр 6.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулан 5.940.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргалын мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/, гэрч Б.Хасбаатарын мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Ш.Хулангийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4600 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Ш-ын мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Ш.Ш, Ш.Хулан нарын дансны хуулга /хх-ийн 101-103 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Хасбаатараас 89-40 УБҮ улсын дугаартай “Тоёота харрьер” маркийн тээврийн хэрэгслийг түрээслэн аваад тухайн тээврийн хэрэгслийн байдлыг тодорхойлсон, Монгол Улсад явах эрх олгосон баримт бичиг болох тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлийнх мэт болгон хуурамчаар үйлдэж, ашигласан, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус хуурамчаар үйлдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглаж, өөрийн тээврийн хэрэгсэл гэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Файфорс Инвест” ХХК-ийг хуурч, тээврийн хэрэгслийг хадгалуулах нөхцөлтэйгөөр 6.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулан 5.940.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 9 сар 26 хоног хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт бичгээр гаргасан, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ш.Ш нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлийнх мэт болгон хуурамчаар үйлдэж, ашиглан, бусдыг хуурч 5 940 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ш.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Учирсан хохирол болох 5.940.000 төгрөгөөс шүүгдэгч Ш.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2.940.000 төгрөгийг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргалд төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ш-аас 1.940.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Файфорс инвест” ХХК /РД:6562221/-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн №02880649 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Ш.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-т 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ш-аас 1.940.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Файфорс инвест” ХХК /РД: /-д олгосугай.
6. Шүүгдэгч Ш.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн №02880649 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэг хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ