Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Р

Улсын яллагч Г.М

Хохирогчийн өмгөөлөгч Э.Б

Хохирогч Г.Б

Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.У-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорх ялаар шийтгүүлж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх ял шийтгэл эдэлж байсан,  Б овогт А.У,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.У нь 2021 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнийн 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг ... гудамжинд Г.Б-н хамар руу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... оны ... дугаар сарын ...-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн. Айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Эхээс 6-уулаа төрсөн, Доороо 5 эмэгтэй дүүтэй. Би бага насаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын цэцэрлэгт хүмүүжиж өнгөрүүүлсөн. 2006 онд 8 настайдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар 10-н жилийн сургуульд элсэн орж 2008 он хүртэл сураад 3-р ангиасаа шилжиж Нийслэлийн 14 дүгээр сургуульд суралцсан. 2016 онд 10-р ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2017 ондоо Замын-Үүд суманд ирж хүний машин барьж улс хооронд хүн тээврийн ажлыг 2020 оны 01 сар хүртэл хийсэн. Түүнээс хойш хувиараа автомашин засах, гараж барих, каргонд ачаанд орох зэрэг ажил хийж байна. 2016-2017 онд Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Би цэргийн алба хааж байхдаа жолооч болох боломж олдож Зэвсэгт хүчний дамжингийн холбооны ангид жолооны курсд суралцаж төгссөн. Жолоочийн “A, B” ангилалтай. Би эхнэр аваагүй. Ээж С.А одоо “Г” ресторанд тогооч ажилтай, 2 том эмэгтэй дүү маань амьдрал зохиогоод тусдаа гарсан. Дараагийн 2 эмэгтэй дүү маань сургуулийн сурагч, бага эмэгтэй дүү маань гэртээ хүмүүждэг. Би тамхи татдаг, архи согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлийн хувьд ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай магадлалаар 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Одоо миний бие эрүүл, ухаан саруул. 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед гэртээ амарч байсан. Манай хуурай дүү Б утсаар ачаа шилжүүлэн ачих ангийн гудамжны баруун үзүүрт Б дүүгээ өмөөрөөд Н бид хоёрыг дээрэлхээд байна, та хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ганцаараа очсон. Б, Б, Н нарыг загнаад ална тална гэж байгаа нь сонсогдсон. Би Б яагаад байнаа, яагаад дүү нар дарамтлаад байгаа юм бэ гээд яваад очтол намайг Б шууд тэврээд авсан. Тэгэхээр нь би зодолдох нь гэж бодоод Б-н нүүрэнд 1 удаа духаараа мөргөсөн. Б намайг зөрүүлж хавиад хоёулаа газар унасан. Б миний дээр гарчихаар нь би доороос нь гарах гэж Б-н нүүрэнд 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд Б, Н 2 салгаж босгосон. Би Б-г ялихгүй зүйлээс болж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Б-с уучлалт гуйсан, эмчилгээнд нь чадах ядахаараа туслана. Шүүхээс хохирлыг нь төлөх шийдвэр гарахаар би Б-н хохирлыг нь 100 хувь төлж барагдуулна. Яг одоо бол гараждаа машин доторлогооны газар нээх гээд мөнгө төгрөггүй болчихоод байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөн шийдэж өгнө үү. Яг одоо бол найзтайгаа гаражид автомашин засах ажил хийж байна. Сардаа дундажаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ орчим төгрөг олдог. Ямар нэг зээл төлдөггүй, шууд өрхийн орлого гэсэн үг. Машин доторлогооны газраа нээчихвэл орлого эрс нэмэгдэнэ гэжээ. /хх-ийн 44/

Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэг үнэн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний орой гэртээ унтаж байтал 00 цаг өнгөрч байхад манай хуурай дүү Б утсаар залгаад ... баруун үзүүрт дүүг нь хүн дээрэлхээд байна, та хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон. Б-г байрны дүү нар болох Б, Ж нар энэ тэр дээрэлхээд маргаад байж байсан. Би тэд нарыг одоо харьцгаа, шөнө болчихоод байхад яах гээд гадуур хэсээд байдаг юм, тарцгаа энэ тэр гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь Ш гэж хочилдог У ирчихсэн намайг яагаад байна гээд зодох маягтай өөдөөс ирэхээр нь би шууд У-г хориглож тэвэрсэн. Тэгтэл У миний хамар луу духаараа 1 удаа мөргөсөн. Би цочсондоо У-г хавсараад газар доороо оруулж унагасан. У миний доороос үргэлжлүүлээд 2 удаа гараараа миний нүүрэнд цохисон. Энэ үед нэг нь намайг татаж босгон салгасан. Миний хамраас цус гарсан байсан ба У юм хэлэхгүй шууд яваад өгсөн. Миний хамар сонин болчихсон байхаар нь би шууд эмнэлэг орж үзүүлсэн. Ингээд маргааш нь Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хувьд би У-г тэвэрч авснаас түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би гэрээсээ ирсэн, эрүүл байсан. Тэд нар ямар байсныг мэдээгүй. Мэдэхээр ч удаан байгаагүй, маш богино хугацаанд л болж өнгөрсөн. Сайн бол танихгүй, зүс мэднэ. Ш гэж хочилж дуудаад байдаг. Яг нэрийг нь У гэдэг юм билээ. У-х над руу ус захиалж авахуулдаг. Үүнээс илүү танихгүй. Ямар ч тийм зүйл байхгүй. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд учирсан. Одоо хамар битүүрч амьсгалахад хэцүү байна, хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Яаралтай хагалгаа хийлгээрэй гэж эмч хэлсэн. Намайг байхад тийм зүйл болоогүй, Б зүгээр л байсан. А.У-т зодуулж биедээ гэмтэл авсандаа гомдолтой байгаа, яаралтай хамартаа хагалгаа хийлгэх хүсэлтэй байна. Хамар л битүүрээд байгаа, өөр өвчтэй зүйл байхгүй байна. Хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамрын, хоолойн эмч Замын-Үүд суманд ирж ажиллана, тэр үед намайг хамрынхаа хагалгааг хийлгээрэй, хүлээгээд байж бай гэсэн. Эмч хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Ирэхээр нь хамрын хагалгаанд орно доо. Яг одоогийн байдлаар 77,460 төгрөгийн хохирол учраад байгаа. Үүнээс А.У төлсөн зүйл байхгүй. Хамрын хагалгаанд орвол зардал мөнгө гарах байх, тэр үед нь баримтаа шүүхэд гарган өгч А.У-с нэхэмжлэх болно гэжээ. /хх-ийн 12, 14/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим би гэр хорооллын стандарт сагсан бөмбөгийн талбайн хажуугийн ус түгээлтэн дээр Сайншандаас ирсэн ах О-тэй уулзсан. Би Ж гээд найзтайгаа цуг явж байсан. Тэгтэл Б-н дүү бас Ж гээд нэртэй хүүхэд жаахан халамцуу ирснээ бид хоёрыг ална тална гээд согтуурхсан. Хэрүүл өдөөд байхаар нь найз Ж чамайг өөрийг чинь ална шүү гэтэл Б-н дүү Ж зугтаад яваад өгсөн. Зугтаж байхдаа би ахыгаа дуудаж, та нарыг алуулнаа гээд орилж байсан. Бид хоёр ахыгаа дуудаа дууд гэчихээд ачаа шилжүүлэн ачих ангийн гудамжны баруун үзүүрт явж байтал Б явган гүйгээд ирсэн. Тэгснээ яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ энэ тэр гээд Ж бид хоёрыг зодох гээд байсан. Хоорондоо баахан маргасан. Б ч дүү Ж-ээ яагаад архи уугаад байгаа юм бэ энэ тэр гэж загнасан. Тэгээд манай найз Ж бид хоёрыг дээрэлхээд байхаар нь би хуурай ах У-г хүрээд ирээч гэж гуйсан. У-н гэр хойд гудамжид ойрхон байдаг болохоор ирээд Б-н дүү нар дээрэлхлээ энэ тэр гэсэн. Би Б-н дүүтэй маргаад цаана зогсож байхад наана Б, У ах хоёр зууралдаад очиж байсан. Би эргээд хүрээд ирсэн чинь Б, У ахын дээр нь гарчихсан, Б-н хамраас цус гарч байсан. Би Б-г татаж босгосон. Өөр зодоон болоогүй. Б, У ах хоёр хоорондоо одоо болъё энэ тэр гэж бие биенээсээ уучилалт гуйгаад гар бариад салсан. У ах түрүүлээд явсан. Б, У ахыг эмнэлэг хүргээд өгчих гэж байснаа болиод яваад өгсөн. Б-н дүү Ж согтуу, манай найз Ж, У ах бид нар эрүүл байсан. Б-г ямар байсныг нь мэдэхгүй байна. Уулзаад удаагүй салсан болохоор ажиглаж амжаагүй гэжээ. /хх-ийн 19/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ж гэж дууддаг. Би ихэр л дээ. Нөгөө ихрийг маань Т, намайг Ж гэж багаас маань дуудаж эхэлсэн. Манай нөгөө ихрийг Э.Н гэдэг. 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим би найз Б-н хамт хуурай ах О-тэй уулзсан. О ах Сайншандаас ирсэн гэхээр нь Усны гудамжны С гээд сагсан бөмбөгийн талбайн хажуугийн ус түгээлтэн дээр очиж уулзсан юм. Тэгээд Б бид хоёрыг харих гээд байж байтал Б гээд зүс таних хүүхэд архи уучихсан ирээд хэрүүл өдөөд, элдэв юм яриад байсан. Б гээд тэр хүүхдийг бас Ж гэж дуудаад байдаг. Б нь согтуу байсан болохоор хэлж ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. Би Б-г хөөсөн. Б Усны гудамжаар орж явахдаа би ахыгаа дуудаж та хоёрыг зодуулнаа гээд орилж байсан. Б бид хоёр юм бодолгүй харих гээд А гудамжны баруун үзүүрт явж байтал зүс таних Б хөөе гээд бид хоёрыг дуудаж орилсоор алхаад ирсэн. Тэгээд яагаад Б-г дээрэлхээд байгаа юм бэ гэхээр нь бид хоёр наад дүү чинь өөрөө согтуу далижигнаад байна ш дээ, дүүгийнхээ хэл амыг мэдээрэй гэж маргасан. Б, Б бид хоёрыг зодчих гээд далайж дайраад байхаар нь бид хоёр зугтаад байсан. Бид хоёрыг ална тална, дүүгээ та нар шиг юманд дээрэлхүүлдэггүй юм шүү энэ тэр гээд байхаар нь би ч бас ахтай шүү, ахыгаа дуудчихаж чадна шүү гэсэн. Дууд, харъя гэхээр нь би Б-н гар утсаар У ах руу залгаад Б дүүг нь дээрэлхээд, зодох гээд байна, хүрээд ирээч гэж гуйсан. У ахын гэр нь ойрхон болохоор удаагүй хүрээд ирсэн. Тэгээд У ах Б-г зүгээр хариарай, чи ер нь намайг нэг л өдөөд байна тээ энэ тэр гээд хоорондоо бага зэрэг маргасан. Б, У ахын өөдөөс томроод байхаар нь У ах айлгах гээд Б руу очсон. Б, У ахыг тэврээд авангуут У ах Б-г мөргөчихсөн. Тэгээд хамтдаа зууралдаад газар унасан ба У ах Б-н нүүр лүү гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь хажуугаас нь Б бид хоёр, хоёр тийш нь татаж салгаад босгосон. Б-н хамраас цус гарчихсан байсан ба Б хамар хугалчихлаа ш дээ, эмнэлэг хүргээд өг гэж байсан. У ах Б-г эмнэлэг хүргээд өгчихээрэй гэсэн ба Б сүүлдээ өөрөө эмнэлэг явахаа болилоо, хэн хэндээ гомдолгүй шүү гээд У ахтай гар барьж байсан. Тэгээд л тарцгаасан. Б-н дүү Б согтуу, бусад нь эрүүл байсан гэжээ. /хх-ийн 22/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг өөрөөр Б, бас Ж гэж дууддаг. 2021 оны 05 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед А гээд дэлгүүрийн гаднаас задалчихсан дүүрэн шахуу ногоон лаазтай 1 ширхэг пиво олсон. Тэр үед дэлгүүр хаачихсан, ойр хавьд хүн байгаагүй. Ууж үзмээр санагдаад гудамжид ганцаараа тэр пивыг уусан. Би урьд нь архи, пиво ууж үзээгүй. Тэр пивыг уусан чинь дотор халуу оргиод толгой эргээд эхэлсэн. Тэгээд шөнө 00 цагийн орчим би харих гээд явж байгаад Усны гудамжны Стандарт шийдний хажуугийн ус түгээлтэн дээр зүс таних хоёр ах байхыг харсан. Н, Б ах хоёр дээр найзархаад очсон чинь, бацаан минь яв, архи дарс уучихсан юм уу, эндээс зайл энэ тэр гээд муухай харьцсан. Уг нь зүгээр таньдаг ах нар дээрээ муу санаа оноо байхгүй л мэнд мэдэхээр очсон. Тэгээд учиргүй муухай харьцаж хөөж туухаар нь дүү хүнтэй дээрэлхүү харьцлаа гээд би ч бас ахтай хүн шүү, ахыгаа дуудаж чадна шүү гээд Б ах руу утсаар залгаж намайг Н, Б хоёр дээрэлхээд байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Би пиво уучихсан байсан болохоор Н, Б хоёрын үгийг даалгүй өөдөөс нь бас муухай харьцсан зүйл байгаа л даа. Удаагүй Б ах ирээд нөгөө хоёртой маргаж муудалцсан ба сүүлдээ учираа олоод чиний буруу байна уучилалт гуй гээд надаар Н, Б ах хоёроос уучлалт гуйлгасан. Б ах намайг уучилалт гуйчихаад яв гэсэн болохоор нь би уучлалт гуйчихаад түрүүлээд явсан. Тэгтэл удаагүй араас Б ах утсаар залгаад буцаад хүрээд ир, Н, Б хоёрын ах У ирээд учир ололгүй ахыг нь мөргөөд хамар хугалчихлаа, хоёулаа эмнэлэг яваад ирье гэсэн. Тэгээд би эргэж очиход Н, Б, У нар байгаагүй, би Б ахын хамт эмнэлэг рүү явсан гэжээ. /хх-ийн 25/

Шинжээчийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 04/97 дугаартай дүгнэлт: 1. Г.Б-н биед хамар ясны хугарал, хүзүүн таславчны цөмөрсөн хугарал, хамрын нуруу орчимд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духны баруун тал болон баруун дээд зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал, хүзүүн таславчны цөмөрсөн хугарал, хамрын нуруу орчимд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба духны баруун тал болон баруун дээд зовхинд зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинээр илэрсэн зүйлгүй болно  гэжээ. /хх-ийн 31-33/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Мөрдөн байцаалтын ... дугаартай хэрэгт хохирогч Г.Б-с 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гарган өгсөн хохирлын баримт тооцоо /хх-ийн 7-8/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27-30/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 38/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... прокурорын тогтоол /хх-ийн 39-41/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-56/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-60/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 63-73/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 75-78/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 80/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/27  дугаартай тогтоол /хх-ийн 81/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 82/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.У нь 2021 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнийн 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг ... гудамжинд Г.Б-н хамар руу нь мөргөж, хамар ясны хугарал, хүзүүн таславчны цөмөрсөн хугарал, хамрын нуруу орчимд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 04/97 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-33/, хохирогч Г.Б-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б /хх-ийн 19/, гэрч Э.Н /хх-ийн 22/, гэрч М.Б /хх-ийн 25/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.У-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлогын харгалзан үзээд оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч А.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б-т 77,460 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна, цаашид гаргах эмчилгээний зардлаа хохирогч нь баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно. 

Шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.Б