Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 944

 

Д.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00256 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Баасанжаргал, Б.Энхтайван нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Баасанжаргалд өмнө нь авсан 500 000 төгрөг дээр нэмээд 550 000 төгрөг, нийт 1 050 000 төгрөгийг зээлүүлсэн. Б.Энхтайван хамтран зээлдэгчээр авч байгаа гэж байсан. Б.Баасанжаргал нь 2014 оны 09-р сарын 17-ны өдөр 550 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж дүүдээ өгсөн. Удаа дараа гэрээгээ сунгаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хүү, алдангиа төлөөгүй. Иймд  хүү 166 200 төгрөг, алданги 250 000 төгрөг, зээл 500 000 төгрөг нийт 916 000 төгрөгийг Б.Баасанжаргалаас нэхэмжилж байна. Харин Б.Энхтайванаас мөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Баасанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрэлчимэгээс  2014 оны 5 сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж 2016 оны 6 сард төлж дуусгасан. Мөн 2014 оны 9 сарын  17-ны өдөр 550 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. 2014 оны 9 сараас 2016 оны 9 сарын 16-ны өдөр хүртэл 2 жил гаруй хугацаанд зөвхөн зээлийн хүүд 1 400 000 төгрөг төлсөн. Ингээд 2016 оны 8 сарын 17-ны өдрийн үндсэн зээлээс 55 000 төгрөг төлсөн. Зээлээ бүрэн төлж дуусгасан гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие дүү Б.Баасанжаргалаар уламжлуулан Д.Гэрэлчимэгээс 2014 оны 10 сарын 17-ны өдөр 550 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүү 55 000 төгрөгийг сар болгоны 17-ны өдөр төлж байсан. 2016 оны 9 сарын 19-ийг хүртэл мөнгөний хүү, алдангийг тасралтгүй төлж байсан. Ар гэрийн гачигдал гарсны улмаас төлөх боломжгүй болсон, Гэрэлчимэг нь хүүгийн хүү, алданга гэх зэргээр хэд дахин өсгөж уг мөнгийг төлөх боломжгүй болгож байгаа учир үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бишхүүгийн Баасанжаргалаас 916 000 төгрөг гаргуулахыг хүссэн Данзансамбуугийн Гэрэлчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Банзрагчийн Энхтайванаас 916 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Гэрэлчимэг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие хууль мэдэхгүй, хариуцагчид итгэсний улмаас гэрээ байгуулахгүйгээр зээл олгосон. Хариуцагч нь үндсэн зээл, хүүгээ төлөөгүйн улмаас өмгөөлөгч авч нийт 1 700 000 төгрөгийн бодит  хохирол учирсан. Үүний улмаас цаг зав, ажлаа алдаж явсанд гомдолтой байна. Иймд  шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч Б.Баасанжаргал, Б.Энхтайван нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийг бүрэн төлж дуусгасан гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж,  550 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарын  өмчлөлд шилжүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 3/

 

Талуудын хооронд өмнө нь 500 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсч байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх-ийн 32/

 

Хариуцагч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байсан гэх баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн бөгөөд уг баримтаар нийт 1 437 900 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 11-24/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гаргасан дээрх баримтыг няцаагаагүй бөгөөд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн зээлийн гэрээг удаа дараа сунгаж, хариуцагч нарын төлсөн төлбөрийг хүүд тооцож авч байсан гэх боловч энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн баримтыг гаргаагүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд зээлдэгч нарыг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь Б.Энхтайван, Б.Баасанжаргал нарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагааа өөрчилж, зөвхөн Б.Баасанжаргалд холбогдуулан шаардсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Б.Энхтайванаас 916 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ Д.Гэрэлчимэг татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь хоёр хариуцагчийн нэгнээс нь шаардахаа больж байгаа талаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нь бүх шаардлагаас бүхэлд нь татгалзахыг хэлнэ. Түүнчлэн татгалзалыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Б.Энхтайванд холбогдуулан дахин шаардлага гаргах эрхийг хязгаарлах үр дагавартай юм.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, “3” дах заалтыг “2” гэж, “4” дэх заалтыг “3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гэрэлчимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

                                                                       Ш.ОЮУНХАНД