Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

 

 

 

 

 

 

 

   2021          03        26                                   2021/ШЦТ/213    

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Д.Даваадорж,

Шүүгдэгч М.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт М.Н-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны цахилгаан станцын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 5-А дугаар байрны 59 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний лавлагаагаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороолол, Бага дарь эх 5 дугаар гудамжны 1873 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Л овогт М.Н

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монцемент” гэх нэртэй компанийн үйлдвэрийн хашаан дотор байрлах харуулын байранд иргэн С.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “тархи доргилт, 2 хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Рго оnе” /Про-1/ гэх нэртэй барилгын 8 дугаар давхрын 803 тоотод иргэн Ч.М-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “дээд уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний сулрал, буйлны язрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000000047 дугаартай хэргээс:

Хохирогч С.Б-гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байран дээрээ буюу Өргөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монцемент” гэх үйлдвэрийн ажилчдын байрны барилгын талбай, 27 дугаар постод үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн барилгын талбай дээр Улаанбаатар хотоос ирсэн ажилчид хөл хорионд байж байгаад маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр явах гээд машин тэргээ янзлаад байж байсан. Тэгтэл тэдгээр хүмүүс дээр өмнө нь тус үйлдвэрт менежер хийж байгаад ажлаасаа халагдаад хөл хорионы улмаас Улаанбаатар хот руу явж чадаагүй байсан. М.Н гэгч нь ирж хамт явахаар тохирсон. Тухайн үед эвдэрхий байсан авто машины эд анги олдохгүй байсан тул М.Н сумаас ачааны авто машинтай 2 хүнийг дуудаж ирүүлээд сэлбэг асууж байгаад удалгүй тэдгээр хоёр хүний хамтаар сумын төв яваад ирсэн. Тэгээд Н надад хандан “сумаас ирсэн портер дээр хэдэн ширхэг приус авъя” гэж хэлэхээр нь би түүнд “тэгж болохгүй, би ажлаа хийж байна” гэж хэлээд өөрийн гарч байсан ажлын байрандаа орж ирээд сууж байтал М.Н миний араас ирээд намайг хэл амаар доромжилж “харуулын боол” гэх зэргээр харааж байснаа хоёулаа зодолдоё гэж хэлээд гадуурх куртикаа тайлаад намайг заамдаж газар унагааж, улмаар миний дээр гарч байгаад нүүрэн тус газар маань 7-8 удаа хоёр гараараа цохисон. Тэгээд түүнийг миний дээрээс босохоор нь дагаад босох гээд арай босож амжаагүй байхад нүүрний маань баруун нүдний хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би станцаараа ахлахаа дуудсан. Дараа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас/

Гэрч Б.Лхагвадоржийн “...Би Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед М.Н миний гар утас руу залгаад надад хандан “би маргааш хот руу явах болсон ба миний сууж явах унаа эвдэрсэн байна, марк загвар нь чиний машинтай адилхан юм байна, чи ирээд үзээд өгөөч" гэж хэлээд намайг дуудсан. Тэгээд би нутгийн ах болох Базарын хамтаар очоод байж байтал Н барилгын талбай дээр харуул ах хүүтэй танилцуулсан. Бид нарыг эвдэрсэн машин дээр байж байхад Н харуул ахтай хамт барилгын хойгуур тойроод юм яриад явж байсан. Нэг мэдэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд Нг аваад явсан. Бид нар тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Н нэг шил архи бариад явж байсан. ...Н тухайн харуулыг “энэ манай хуурай ах нэрийг Баатархүү гэдэг” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Гүрбазарын “...М.Н гэх залуу Лхагвадорж бид хоёрыг дуудаад харуул залуутай “манай хуурай ах” гэж хэлээд танилцуулсан. Лхагвадорж бид хоёр эвдэрсэн авто машин дээр ирэхэд Н харуул гэх залуу хоёр маргалдсан юм шиг байсан. ...Бид нар тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Нэг мэдэхэд цагдаа сэргийлэх болсон байсан. Тэрээр харуул залууг “манай хуурай ах байгаа юм, нэрийг нь Баатархүү гэдэг” гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/001 дугаартай дүгнэлт:

1. С.Бгийн биед тархи доргилт, 2 хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. С.Бгийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Ч.М-ийн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Н над руу утсаар яриад “Асралт хайрхан уул руу алхах баг бүрдүүлэх гэсэн юм, би машинтай явж байна, хаана байна, яваад очъё” гэж хэлсэн. ...Тэгтэл Н манай гэрийн доор машинтай ирсэн байсан. Би Нд хандан “3 дугаар сургуулийн орчимд эгчтэй уулзана” гэж хэлээд бид хоёр хамт Анхбаяр эгчийнд орсон. Тэгээд Анхбаяр эгч Н хоёр танилцаад байж байтал Н “...таньдаг эгч архи зарж байгаа" гэж хэлээд надаас 20.000 төгрөг, Анхбаяр эгчээс 30.000 төгрөг гаргуулаад архи захисан. Гэтэл нөгөө архи нь ирэхгүй удахаар нь бид хоёр болъё гэж хэлтэл Н “одоо ирж байгаа” гэсээр байгаад нэлээд орой 20 цагийн орчимд архи ирсэн. Уг архи нь орос хүн хийдэг гээд ямар нэгэн шошго байхгүй, цэвэр усны саванд хийсэн архи байсан. Уг архинаас 1 архийг нь хувааж ууж байгаад Н унтаад өгсөн. Тухайн үед манай өвөө нас барсан байсан болохоор би Анхбаяр эгчид энэ талаар хэлээд уйлаад байж байтал Н босож ирээд надад агсраад намайг зодсон. Тэгтэл Анхбаяр эгч алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Н миний үснээс зулгааж, улмаар шалаар чирээд нүүр рүү цохисон. Тухайн үед тэрээр гараараа 1-2 удаа цохисон байх, миний шүд хөдөлсөн бөгөөд амнаас цус гарч байсан. ...Би Нг цохиж зодсон зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Анхбаярын “...Н зүүн гараараа М үсдэж байгаад баруун гараараа түүний амны орчим нь цохисон. Ер нь бол М уусан архиндаа согтоод орилж, чарлаад “миний өвөө өгөрсөн, би зовж байна” гэж хэлээд агсраад байсан. Тэгээд мөн Нг “би чамайг бодох юм бол 32 шүдтэй, май тоол” гээд өдөөд түүний үснээс нь зулгаагаад гутлаараа хүртэл цохиод байсан. Тухайн үед М-д хандаж “чи эр хүний толгойд хамаагүй ингэж хүрэхгүй" гэж хэлээд суугаад байсан. Тэгтэл М хөлөөрөө Нг жийгээд байсан ба тэр үед Н “би муу ч гэсэн эр хүн шүү дээ, би болиоч” гэж хэлээд байсан. Н нэлээд тэвчиж байгаад босож ирээд баруун, зүүн гараараа Мийг үсдэж аваад баруун гараараа түүний амны орчимд нь цохиж байгааг нь би харсан. Тэгээд би гарч гүйгээд харуулаа дуудаад, мөн араас нь цагдаа дуудсан. Тухайн үед Мийн шүднээс цус гарсан харагдсан. Нгийн биед ил харагдах ямар нэгэн шарх, сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт:

1. Ч.Мийн биед дээд уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний сулрал, буйлны язрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монцемент” гэх нэртэй компанийн үйлдвэрийн хашаан дотор байрлах харуулын байранд иргэн С.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “тархи доргилт, 2 хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

хохирогч С.Б-гийн “...Тэгээд Н надад хандан “сумаас ирсэн портер дээр хэдэн ширхэг приус авъя” гэж хэлэхээр нь би түүнд “тэгж болохгүй, би ажлаа хийж байна” гэж хэлээд өөрийн гарч байсан ажлын байрандаа орж ирээд сууж байтал М.Н миний араас ирээд намайг хэл амаар доромжилж “харуулын боол” гэх зэргээр харааж байснаа хоёулаа зодолдоё гэж хэлээд гадуурх куртикаа тайлаад намайг заамдаж газар унагааж, улмаар миний дээр гарч байгаад нүүрэн тус газар маань 7-8 удаа хоёр гараараа цохисон. Тэгээд түүнийг миний дээрээс босохоор нь дагаад босох гээд арай босож амжаагүй байхад нүүрний маань баруун нүдний хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвадоржийн “...Бид нарыг эвдэрсэн машин дээр байж байхад Н харуул ахтай хамт барилгын хойгуур тойроод юм яриад явж байсан. Нэг мэдэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд Нг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гүрбазарын “...Лхагвадорж бид хоёр эвдэрсэн авто машин дээр ирэхэд Н харуул гэх залуу хоёр маргалдсан юм шиг байсан. Бид нар тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Нэг мэдэхэд цагдаа сэргийлэх болсон байсан...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/001 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Мөн согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Рго оnе” /Про-1/ гэх нэртэй барилгын 8 дугаар давхрын 803 тоотод иргэн Ч.Мтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “дээд уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний сулрал, буйлны язрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 шүүгдэгч М.Н-н шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, , хохирогч Ч.Мийн “...Тухайн үед манай өвөө нас барсан байсан болохоор би Анхбаяр эгчид энэ талаар хэлээд уйлаад байж байтал Н босож ирээд надад агсраад намайг зодсон. Тэгээд цагдаа дуудсан юм. Н миний үснээс зулгааж, улмаар шалаар чирээд нүүр рүү цохисон. Тухайн үед гараараа 1-2 удаа цохисон байх. Миний шүд хөдөлсөн бөгөөд амнаас цус гарч байсан. Би Н-г цохиж зодсон зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Анхбаярын “...М уусан архиндаа согтоод орилж, чарлаад “миний өвөө өгөрсөн, би зовж байна” гэж хэлээд агсраад байсан. Тэгээд мөн Нг “би чамайг бодох юм бол 32 шүдтэй, май тоол” гээд өдөөд түүний үснээс нь зулгаагаад гутлаараа хүртэл цохиод байсан. Тухайн үед Н Мт хандаж “чи эр хүний толгойд хамаагүй ингэж хүрэхгүй" гэж хэлээд суугаад байсан. Тэгтэл М хөлөөрөө Нг жийгээд байсан ба тэр үед Н “би муу ч гэсэн эр хүн шүү дээ” гэж хэлээд байсан. Н нэлээд тэвчиж байгаад босож ирээд баруун, зүүн гараараа Мийг үсдэж аваад баруун гараараа түүний амны орчимд нь цохиж байгааг нь би харсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

 Прокуророос С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Н-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Н-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 91 /-аар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Н-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэхээр холбогдох байгууллагад анкетаа өгсөн, хөдөлмөр эрхлээд торгуулиа төлөх боломжтой  гэх тайлбар зэргийг үндэслэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хохирогч С.Б, Ч.М нар нь хохирол төлбөрийн талаар  гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Лоохууз овогт М.Нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Б, Ч.М нар нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН