Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

    2021         03         31                                 2021/ШЦТ/237   

 

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч Ц.Буянхишиг

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч Ч.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ч.О-д  холбогдох эрүүгийн 2009006061311  дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй 34 настай, халх, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Хандгайтын 13-177 тоотод оршин суух хаягтай,

Урьд 2005 оны 03 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын ялаар шийтгүүлсэн Х овгийн Ч.О

 

 Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лайк” угаалгын газрын үүднээс иргэн М.А- эзэмшлийн “Хуавэй П-10 Плас” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

  Эрүүгийн 2009006061311 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ч.О-ын “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лайк нэртэй авто угаалгын газарт найз Төгөлдөрийн машиныг угаалгах гэж явж байгаад утас олсон. Би тэр утсыг хэрэглэж байгаад алга болгосон байсан. Энэ талаар Төгөлдөр найз маань мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч М.А-ийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 7 буудал явах зам дагуу байрлах “Лайк” нэртэй угаалгын газарт автомашинаа угаалгасан юм. Тэнд орохын өмнө засмал зам дээр автомашинаас буухдаа өөрийн эзэмшлийн “Хуавэй П-10 Плас” маркийн гар утсаа замын хашлаганы хажууд унагаасан байна лээ. Гэтэл миний гар утсыг 6721 -УНА улсын дугаартай автомашин дотор зорчиж явсан хүн нь авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,               

Гэрч Ч.Обаатарын “...Ч.О нь миний төрсөн дүү юм. 2020 оны 03 дугаар сарын үед ээж, ах 2 маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон. Тэр үед ээлжилж хоол зөөж, асрах хугацаандаа надад гар утас олоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар хэлж байсан. Тэрнээс хойш хэрэг нь шүүхэд шилжсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компаний алдагдсан гэх гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлсэн гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лайк” угаалгын газрын үүднээс иргэн М.Аийн эзэмшлийн “Хуавэй П-10 Плас” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Аийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 7 буудал явах зам дагуу байрлах “Лайк” нэртэй угаалгын газарт автомашинаа угаалгасан юм. Тэнд орохын өмнө засмал зам дээр автомашинаас буухдаа өөрийн эзэмшлийн “Хуавэй П-10 Плас” маркийн гар утсаа замын хашлаганы хажууд унагаасан байна лээ. Гэтэл миний гар утсыг 6721 -УНА улсын дугаартай автомашин дотор зорчиж явсан хүн нь авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Обаатарын “... 2020 оны 03 дугаар сарын үед ээж, ах 2 маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон. Тэр үед ээлжилж хоол зөөж, асрах хугацаандаа надад гар утас олоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар хэлж байсан. Тэрнээс хойш хэрэг нь шүүхэд шилжсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний алдагдсан гэх гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлсэн гэх үнэлгээний тайлан  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.О нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ч.Оыг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.А-ийн хохирол төлбөрт 330.000 / гурван зуун гучин мянган / төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.О нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог болох нь тогтоогдоогүй тул шүүхээс нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 330.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн талаар хохирогч М.А шүүгчийн туслахад мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овгийн Чимидцэрэнгийн Оыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ыг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

             4. Шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             5.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН