Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                            

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар томилогдон 1987 оны 04 дүгээр сарын 01-нийг дуустал ажилласан. 1987 он 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Ленинийн зам нэгдэлд кассчинаар 1990 оны 08 дугаар сарын 01-нийг дуустал ажилласан. 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс аймгийн төвд шилжин ирж, Алтай хотын нэгдүгээр цэцэрлэгт угаагчаар ажилд орж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацаанд ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

******* ажилласан хугацааны буюу 1986-1990 онуудын тушаалууд архиваас олдохгүй, 1991 оны хөдөлмөрийн дэвтэрт 1986 онд ажилд орсноор нээсэнбайгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. ******* нь миний ээж юм. Ээжийг анх ажилд ороход энэ дэвтрийг нээж өгсөн гэсэн. Аймгийн архиваас цалингийн 2 жилийн баримт гарч ирсэн. Баян-Уул сумын цэцэрлэг нь 1986 оны үеийн баримтууд байхгүй гээд аймгийн архив болохоор манайд шилжиж ирээгүй гэсэн тайлбар хэлээд баримт олдохгүй байгаа. Иймд бидний бүрдүүлж өгсөн баримтын хүрээнд ******* 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-нийг дуустал Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн угаагчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний дуусталх хугацаанд Ленинийн зам нэгдэлд кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ленинийн зам нэгдэлд кассчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл 2-3/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай “...Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн захиргаа аж ахуйд кассчин байсан ******* нь 1989 оны 5-11 сард, 1990 оны 1-7, 10-12 саруудад цалин авсан болон тус архивт Лениний зам нэгдлийн даргын тушаалууд шилжиж ирээгүй” гэх архивын лавлагаа /хх-4/,

Нэхэмжлэгч ******* өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Ч.Угтахбаярт олгосон итгэмжлэл /хх-5/,

Баян-уул сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай “...цэцэрлэгийн угаагчаар ******* 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэх тушаалын архивын хуулбар /хх-8/,

Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай “...цэцэрлэгийн сааль хийхэд ******* 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 14 хоног ажиллуулсугай” гэх тушаалын архивын хуулбар /хх-9/,

Алтай хотын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай “...тус цэцэрлэг шинэ байранд орж 6 бүлэгтэйгээр ажиллах болсонтой холбогдуулан ажилд авч ажиллуулсугай, 22 дугаар тушаалын хавсралт 4-т ******* угаагчаар” гэх тушаалын архивын хуулбар /хх-10-11/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “...******* хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэх тушаалын архивын хуулбар /хх-12/,

1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******, 1996 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* нарыг төрүүлсэн тухай 09/000107, 09/000108, 09/000110, 09/000109 дугааруудтай төрсний бүртгэлийн лавлагаа эх хувь /хх-18, 15, 17, 16/,

1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 444271 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-19-47/,  

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай “...******* нь манай цэцэрлэгт 1986 онд туслах багшаар ажиллаж байсан ба тухайн үеийн материал нь манай байгууллагын архивт байхгүй болно” гэх тодорхойлолт /хх-66/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

******* Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс угаагчаар томилсон болох нь Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тушаалын архивын хуулбар, 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-8, 19-47, 66/.

Нэхэмжлэгч ******* 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгээс нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд бичигдсэн “...Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн угаагчаар авч ажилуулав” гэх бичилтийн тушаалын огноо дугаар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тушаалын архивын хуулбартай,

6-7 дугаар хуудсанд бичигдсэн “...Алтай хотын нэгдүгээр цэцэрлэгийн угаагчаар авч ажилуулав” гэх бичилтийн тушаалын огноо дугаар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Алтай хотын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай тушаалын архивын хуулбартай тохирч, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын бэлтгэл шатны сургууль №1 гэсэн тамга тус тус дарагдсан байна /хх-21, 25/.

Уг хөдөлмөрийн дэвтрийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон 253351 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгосон болох нь хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд бичигдэж, нийгэм хангамжийн 236 дугаартай улсын байцаагч, ГО-13 дугаартай нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бичилт хийж тэмдэг дарж, хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд 014 дугаартай нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-25-27/.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай цалингийн лавлагаанд тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн захиргаа аж ахуйд кассчинаар ажилласан 1989 оны 5-11 дүгээр сард, 1990 оны 1-7, 10-12 дугаар саруудын цалингийн лавлагааг ирүүлсэн /хх-4/ байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******, 1996 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* нарыг төрүүлсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаануудыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд хамааралгүй буюу ач холбогдолгүй байна /хх-18, 15, 17, 16/,

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баян-Уул сумны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ******* гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нь 1986 онд Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан ажилд томилсон 1986 оны 5 дугаартай тушаал, сааль хийлгэхээр ажилд томилсон 5 дугаартай тушаалуудын архивын хуулбараар тогтоогдож, нэхэмжлэгч ******* тухайн байгууллагад угаагчаар ажиллаж байсан талаар мэдүүлж байх боловч түүнийг хэдийгээс хэдий хүртэлх хугацаанд ажилласан талаар тодорхой зааж мэдүүлээгүй болно /хх-8, 9, шүүх хуралдааны тэмдэглэл 3-5/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн ******* нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн гуанзанд кассчинаар тус тус ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн гуанзанд кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ