Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

 

 2021         04         02                                   2021/ШЦТ/247       

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овгийн Г.Гд холбогдох эрүүгийн 2009018510280 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Сэрүүн таргил ХХК-д ажилладаг, ам бүл 3 ээж, ахын хамт Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Сумт өлийн 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх Ш -овгийн Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

       Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордны хойно байрлах 50/1 дүгээр байрны 706 тоотод байрлах н.Хүрэлхуягийн гэрээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Т.А эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажлаа хийгээд цалингаараа хохирлоо нөхөн төлнө .” гэв.

Эрүүгийн 2009018510280 дугаартай хэргээс:

Хохирогч Л.А-ийн “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн нийтийн байранд найз Хүрэлхуягийн гэрт очтол Хүрлээ өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь 08 цаг ирэхдээ цэргийн онжав Г гэх залууг дагуулж орж ирсэн тэгээд бид гурав архи уугаад хоносон өглөө Хүрэлхуяг ажилдаа явчхаад Г бид хоёр 05 граммын Хараа архи уучхаад миний нойр хүрээд унтчихсан байсан тэгээд 16 цагт сэрээд хартал би ганцаараа унтаж байсан утсаа хайгаад олоогүй. Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед фэйсбүүк орж байгаад нойр хүрээд байхаар нь газар ор засчихсан байхаар нь гар утсаа тавиад унтчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-20-748 дугаартай “алдагдсан гэх Самсунг А51 загварын гар утасны зах зээлийн  үнэ цэнэ 759200 төгрөг гэх тайлан /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордны хойно байрлах 50/1 дүгээр байрны 706 тоотод байрлах н.Хүрэлхуягийн гэрээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.А-ийн эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Л.А-ийн “...Хүрлээ өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь 08 цаг ирэхдээ цэргийн онжав Г гэх залууг дагуулж ирсэн. Тэгээд бид гурав архи уугаад хоносон. Өглөө нь Хүрэлхуяг ажилдаа явчхаад Г бид хоёр 05 граммын Хараа архи уучхаад миний нойр хүрээд унтчихсан байсан. Тэгээд 16 цагт сэрээд хартал би ганцаараа унтаж байсан утсаа хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Г.Г-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Г.Г-г Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүгдэгч Г.Г нь хохирогч Л.А-д учруулсан 759200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд хохирлоо төлөхөө илэрхийлсэн байх ба шүүгдэгч нь Сэрүүн таргил ХХК-д ажилладаг болох нь тогтоогдож байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, прокуророос ирүүлсэн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шавь овгийн Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь  хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-гээс 759200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж хохирогч Л.А-д олгосугай.

            5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             6.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН