Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 399

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х” ХХК 

Хариуцагч: СБДТХ УБ Ч.М 

Гомдлын шаардлага: СБДТХ УБ Ч.Мын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар  шүүхэд гаргасан гомдолдоо: “... СБДТХ УБ Ч.Мын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна” Улсын байцаагч Ч.М нь энэхүү 01******* дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Х” ХХК-д нийт 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан нь хуульд нийцээгүй, холбогдогч байгууллагын илт хохироосон шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 

СБДТХ УБ Ч.М нь “Х” ХХК-ийг “О” ХХК-ийн харилцах дансанд байгаа мөнгийг татварын алба руу тухайн өдөрт нь багтааж шилжүүлээгүй  гэдэг. Гэтэл уг компанийн дансанд тухайн өдөр буюу мэдэгдэл ирсэн өдөр татварын данс руу шилжүүлэх мөнгө байгаагүй. Энэ нь тус байгууллагын дансны хуулгаар тогтоогдож байгаа. Улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 711.2.1-д заасны дагуу 12 цагийн дотор буюу өдөрт нь багтаан шилжүүлээгүй гэж тайлбарладаг. Тус компанийн харилцах дансанд мөнгөн хөрөнгө байхгүй байхад бид шилжүүлэг хийх боломжгүй юм. 

Татварын улсын байцаагчийн 01******* дүгээр шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагад нийцээгүй. Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба үүнд заасан үндсэн бүрдүүлбэрүүд дутуу, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал тодорхойгүй, шийтгэлийн хуудасны 10-д прокурорт шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах талаар заасан боловч хуульд шийдвэр нэгэнт гарсан бол гомдол гарган шийдвэрлүүлэх эрх бүхий этгээд нь шүүх гэж заасан байхад ийнхүү тусгаж байгаа нь шийтгэлийн хуудас хуульд нийцээгүйг тодорхойлж байна. Иймд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчиж, зөрчлийн  хэрэг үүсгэж, шийтгэл ногдуулж буй үндэслэлээ огт тайлбарлаагүйгээс гадна баримтаар нотлоогүй атлаа шийдвэр гаргаж буй нь мөн хууль зөрчсөн үйлдэл боллоо. 

“Х”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан, зөрчлийг нотлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчил гаргаагүй байхад зөрчилд тооцсон, прокурор хэрэгт хангалттай хяналт тавьж ажиллаагүй, шийтгэлийн хуудас хуулийн шаардлагад  нийцээгүй зэргээс шалтгаалан холбогдогчийн эрх ашиг хөндөгдөж буй талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ талаар холбогдох нотлох баримт хангалттай бүрдээгүй тул шаардлагатай нотлох баримтыг гаргуулан ажиллах болно. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хэргийг шийдвэрлэж дууссаны дараа материалтай танилцуулсан нь “Х” ХХК-д зөрчил гаргаагүй гэдгээ нотлох боломжийг хязгаарласан гэж үзэж байна. 

Дээрх үндэслэлээр СБДТХ УБ Ч.Мын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ч.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.”, 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж тус тус зааснаар татварын албанаас мэдэгдэх хуудсыг “О” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “Х” ХХК-д “О” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг татварын өрийг барагдуулж дуустал үл маргах журмаар хаах мэдэгдэл мөн хүргүүлсэн. 

Гэтэл “Х” ХХК нь мөн хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д “харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр хаасан данснаас зарлагын гүйлгээ хийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж заасан үндэслэлээр хуулийн этгээд болох “Х б” ХХХК нь “О” ХХК-ийн барилт хийсэн дансанд байгаа мөнгөнөөс хуулийн дагуу татварын алба руу шилжүүлэлгүйгээр бусад гүйлгээ хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн гэрч “Х” ХХК-ийн төвлөрсөн үйл ажиллагааны мэргэжилтэн Д.Ммэдүүлэг, “О” ХХК-ийн захирал А.Ммэдүүлэг, холбогдох бусад ажилтны мэдүүлэг байгаа болно. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсаар: “Х” ХХК-тай харилцдаг “О” ХХК-ийн данс хаах мэдэгдэлд дансанд байгаа мөнгийг шилжүүлээгүй, зарлагын гүйлгээ хийгдсэн зөрчилд “Х” ХХК-ийг “татварын албанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нийт 4,000,000 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулжээ. 

Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.”, 711.1-д “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар доор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:”, 711.2.1-д “харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх” гэж тус тус хуульчилжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “О” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг харилцагчийн данснаас төсвийн холбогдох дансанд шилжүүлэх, харилцагчийн данснаас төлөх шүүхийн гүйлгээнээс бусад зарлагыг бүрэн төлж гүйлгээг татварын өрийг барагдуулах хүртэлх хугацаанд бүрэн зогсоох үүргийг хүлээлгэсэн тухай мэдэгдэл”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Х” ХХК-д хүргүүлсэн байна. 

Дээрх мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Х” ХХК-ийн мэргэжилтэн Б.У хүлээн авч бүртгээд, бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлгийг өгч байжээ. 

Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагч “Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын албанаас ирүүлсэн “О” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг үл маргаж журмаар хаах мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаас хойш Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д заасны дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан Татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх ёстой байжээ. 

Гэтэл дээрх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн төвлөрсөн үйл ажиллагааны мэргэжилтэн Д.Ммэдүүлэг, “О” ХХК-ийн захирал А.Ммэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд гомдол гаргагчийн “... Тус компанийн харилцах дансанд мөнгөн хөрөнгө байхгүй байхад бид шилжүүлэг хийх боломжгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;” гэж заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Х” ХХК-иас СБДТХ УБ Ч.Мд холбогдуулан гаргасан “СБДТХ УБ Ч.Мын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х б” ХХК-иас СБДТХ УБ Ч.Мд холбогдуулан гаргасан “СБДТХ УБ Ч.Мын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА