Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/279

 

 

 

 

 

 

 

 

    2021         04         27                                 2021/ШЦТ/279   

 

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Шүүгдэгч Н.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Н.Г холбогдох эрүүгийн 2009018110351  дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Улаанбаатар хотод 1971 оны 11 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 20-р хороо хадат 4 гудамж, 57-б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо 11-95 тоотод оршин суудаг, урьд

2001 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 239 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан

2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 173 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 11 сар 28 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан Ш овгийн Н.Г

  Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 18 минутанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Дөчин мянгат салбарын теллер Е.Х417042332 тоот ам.долларын дансанд 16.000.000 төгрөгийн орлогын гүйлгээг андуурч хийгдсэн гүйлгээ буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж мөн өдрийн 12 цаг 35 минутанд 821.78 долларыг буюу 2.284.367 төгрөгийг завшиж Е.Хд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Эрүүгийн 2009018110351 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Г-гийн “..2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний худалдаа хөгжлийн банкны долларын дансанд 5000 гаруй доллар орж ирсэн. Гар утсанд маань мэдэгдэл ирдэг учраас тэр дор нь мэдсэн. Тэгээд 100 долларыг гаргаж авсан. Түүнээс хойш 1 цагийн дараа нь 2 сая төгрөгийн зарлагын гүйлгээг авсан. Мөнгө авсны дараа банкнаас залгаад таны дансанд андуурагдсан гүйлгээ хийгдсэн байна гэхээр нь надад бас мөнгө орж ирэх ёстой байсан юм аа. Би буцаагаад төлье гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 200 долларыг нь хийсэн. Дараа нь банкны хүн баталгаа бичиж өгсөн боловч мөнгөний боломж байгаагүй учраас төлж чадаагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Хохирогч Е.Х“...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчим нэг харилцагч ирээд өөрийнхөө данс руу бэлэн 16.000.000 төгрөгийг хийж дансандаа байршуулах гүйлгээ хийх гэж байсан. Тухайн үед харилцагчдаа орлогын гүйлгээний баримт өгөөд бөглүүлж автал 417047332 гэж бичигдсэн байсан юм билээ. Тухайн харилцагчийн тухайн гараар бичсэн гаргахад хэцүү байсан. Би 417042332 гээд 7-ийн тоог 2-ын тоогоор андуурч гүйлгээ хийсэн байсан. 417042332 гэдэг данс нь Н.Г гэдэг хүний эзэмшлийн данс байсан бөгөөд 10 орчим минутын дараа дансыг андуурч гүйлгээ хийсэн талаараа мэдсэн. Н.Г гэж хүний банканд бүртгэлтэй 99202154 дугаарын утас руу андуурагдсан гүйлгээ өөрийнх нь данс руу хийгдсэн байгаа ямар нэг гүйлгээ хийж болохгүй талаар хэлсэн. Намайг хамгийн анх ингэж залгаж ярихад данснаас 100 долларын гүйлгээ нь хэдийн хийгдсэн байсан. Харин Н.Г гэж хүнээс асуухад манай хүүхэд хийсэн байх гэж хэлж байсан. Н.Г гэж хүнтэй ярьсны дараа ердөө удалгүй уг данснаас 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ АТМ-ээс хийгдсэн байсан. Уг нь Н.Г гэх хүнд маш тодорхой андуурагдсан гүйлгээ гэдгийг хэлж тайлбарласан боловч зарлагын гүйлгээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 34-37 дугаар хуудас/

Гэрч Д.Х “...Манай ажилтан Хандарагчаа нь тухайн орсон тухайн өдрийн 12 цаг 32 минутанд холбогдож андуурагдсан гүйлгээ хийгдэж дансанд нь мөнгө орсон байгаа талаар хэлж мэдэгдсэн бөгөөд зарлагын гүйлгээ хийж болохгүй талаар мэдэгдсэн. 12 цаг 35 минутанд Н.Г нь өөрийн данснаас буюу андуурагдсан гүйлгээ хийгдэж дансанд нь мөнгө орсон талаар хэлээд зарлагын гүйлгээ хийж болохгүй талаар мэдэгдсэн. 12 цаг 35 минутанд Н.Г нь өөрийн данснаас буюу андуурагдсан мөнгөнөөс 2.000.000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ буюу доллараар тооцох юм бол 809 ам.долларын гүйлгээ хийж банкинд хохирол учруулсан. Ингээд тухайн өдрөө Н.Г гэх хүнтэй холбогдох утсаа аваагүй холбоо барьж болохгүй байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Н.Г-тэй түүний 99202154 дугаарын утсаар холбогдоход Н.Г нь 2.000.000 төгрөгийг нь бол авсан. Миний мөнгө биш гэдгийг нь бол мэдэж байна. Би та нарт буцаагаад төлнө гэсэн тайлбар хэлж байсан. Н.Г-г дуудаж уулзсан бөгөөд Н.Г-гийн өөрийнх нь хэлсэн боломжит хуваариар тухайн мөнгийг цуваргаж төлүүлэхээр тохиролцож өөрийнх нь гараар баталгаа бичүүлж авсан. Сар бүрийн 30-ны өдөр, 100 доллар төлөхөөр тохиролцсон боловч түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Банк тухайн андуурагдсан гүйлгээг залруулж жинхэнэ мөнгөний эзэн болох харилцагчид мөнгийг нь гүйцээж хохиролгүй болгон банк өөрөөсөө мөнгө гаргаж төлсөн. Ингээд банканд алдагдал учирсан байсан учраас алдаатай гүйлгээ хийсэн Е.Х-гаар уг 2.000.000 төгрөгийг төлүүлж банк өөрийн хохирлыг арилгасан манай банкны хувьд бол одоогийн байдлаар хохиролгүй болсон гэсэн. Харин Г гэж хүний үлдлээс болоод теллер Е.Х-д хохирол учраад байгаа гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7- 417/154 тоот албан бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/

Монгол банкнаас зарласан хашийн лавлагаа “2020 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн байдлаар 2,779.78 төгрөг /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 18 минутанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Дөчин мянгат салбарын теллер Е.Х....тоот ам.долларын дансанд 16.000.000 төгрөгийн орлогын гүйлгээг андуурч хийгдсэн гүйлгээ буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж мөн өдрийн 12 цаг 35 минутанд 821.78 долларыг буюу 2.284.367 төгрөгийг завшиж Е.Х-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Е.Х“...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчим нэг харилцагч ирээд өөрийнхөө данс руу бэлэн 16.000.000 төгрөгийг хийж дансандаа байршуулах гүйлгээ хийсэн. Тухайн үед харилцагчдаа орлогын гүйлгээний баримт өгөөд бөглүүлж автал 417047332 гэж бичигдсэн байсан юм билээ. Тухайн харилцагчийн тухайн гараар бичсэн гаргахад хэцүү байсан. Би 417042332 гээд 7-ийн тоог 2-ын тоогоор андуурч гүйлгээ хийсэн байсан. 417042332 гэдэг данс нь Н.Г гэдэг хүний эзэмшлийн данс байсан бөгөөд 10 орчим минутын дараа дансыг андуурч гүйлгээ хийсэн талаараа мэдсэн. Н.Г гэж хүний банканд бүртгэлтэй 99202154 дугаарын утас руу аддуурагдсан гүйлгээ өөрийнх нь данс руу хийгдсэн байгаа ямар нэг гүйлгээ хийж болохгүй талаар хэлсэн. Намайг хамгийн анх ингэж залгаж ярихад данснаас 100 долларын гүйлгээ нь хэдийн хийгдсэн байсан. Харин Н.Г гэж хүнээс асуухад манай хүүхэд хийсэн байх гэж хэлж байсан. Н.Г гэж хүнтэй ярьсны дараа ердөө удалгүй уг данснаас 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ АТМ-ээс хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хулангийн “...Манай ажилтан Хандарагчаа нь тухайн орсон тухайн өдрийн 12 цаг 32 минутанд холбогдож андуурагдсан гүйлгээ хийгдэж дансанд нь мөнгө орсон байгаа талаар хэлж мэдэгдсэн бөгөөд зарлагын гүйлгээ хийж болохгүй талаар мэдэгдсэн. 12 цаг 35 минутанд Н.Г нь өөрийн данснаас буюу андуурагдсан гүйлгээ хийгдэж дансанд нь мөнгө орсон талаар хэлээд зарлагын гүйлгээ хийж болохгүй талаар мэдэгдсэн. 12 цаг 35 минутанд Н.Г нь өөрийн данснаас буюу андуурагдсан мөнгөнөөс 2.000.000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ буюу доллараар тооцох юм бол 809 ам.долларын гүйлгээ хийж банкинд хохирол учруулсан. Ингээд тухайн өдрөө Н.Г гэх хүнтэй холбогдох утсаа аваагүй холбоо барьж болохгүй байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Н.Г-тэй түүний 99202154 дугаарын утсаар холбогдоход Н.Г нь 2.000.000 төгрөгийг нь бол авсан. Миний мөнгө биш гэдгийг нь бол мэдэж байна. Би та нарт буцаагаад төлнө гэсэн тайлбар хэлж байсан....” гэсэн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, Монгол банкнаас зарласан хашийн лавлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь андуурч хийгдсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн тул зарлагын гүйлгээ хийж болохгүй талаар банкны эрх бүхий ажилтнаас урьдчилан мэдэгдсэн байхад шүүгдэгч нь мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд  2 удаагийн гүйлгээгээр халдаж, нийт 2.284.367 төгрөгийг завшсан болох нь нотлогдсон байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.3-т заасан “Бага” хэмжээнээс дээш  байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Н.Г-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Гг андуурч хийгдсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв.  

Учир нь шүүгдэгч Н.Г нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүйгээс гадна тэрээр “Хөх сүлд” ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд цалин хөлс, орлого олох боломжтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхээс нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирох буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь 2 удаагийн гүйлгээгээр 821 доллар буюу 2.284.367 төгрөгийг завшсанаас 209 доллартай тэнцэх мөнгийг буцаан төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны Депозит дансны харилцагчийн монгол хуулга баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1 дахь хэсэгт  “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Ггээс 612 доллартай тэнцэх хэмжээний /тухайн өдрийн Монгол банкны зарласан долларын ханш = 2779.78/[1]  буюу 1.701.225 /нэг сая долоон зуун нэг мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Е.Х-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал, хохирогчийн ажил үүрэгтээ хайнга хайхрамжгүй хандсан нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш овгийн Н.Г-г андуурч хийгдсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ггээс 1.701.225 /нэг сая долоон зуун нэг мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч  Е.Х-д  олгосугай.

             5. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             6.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН

 

 

[1] Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа ХХ-ийн 32 дугаар хуудас