Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/288

 

 

 

 

 

 

 

 

     2021        04          30                                 2021/ШЦТ/288

 

 

                              

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа

Улсын яллагч: Ц.Төгөлдөр

Шүүгдэгч Н.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Н.Н-д холбогдох эрүүгийн 2109001750439 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 гудамжны 99 тоотод оршин суух, урьд өмнө Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаанд тэнссэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийнббб дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 636 дугаар тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н.Н,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 дугаар гудамжны 99 тоотод хамтран амьдрагч А.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 сарын 28-ны орой манай нөхөр Б гэрээсээ гарч яваад тэр шөнөө ирж хоноогүй. Маргааш нь ирээд бид 2 хоорондоо маргалдаад ийм зүйл болсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. гэв.

Хохирогч А.Б-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 дугаар гудамжны 99 тоотод байрлах гэрээсээ ганцаараа гараад найзынхаа гэр рүү явсан. Тухайн үед манай эхнэр Н, 2 хүүхдийнхээ хамт гэртээ үлдсэн. Би тухайн шөнө гэртээ очиж хоноогүй. Маргааш нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд гэртээ ганцаараа ороход Н, манай хүүхдийг хардаг эгч Чимгээ, 2 хүүхэд гээд тэр 4 байсан. Би тухайн үед гэртээ орохдоо дунд зэргийн согтолттой орсон. Эхнэр намайг хаагуур дэмий тэнээд хоногоор алга болоод байгаа юм, архи яагаад уугаад байгаа юм гээд над руу уурлаж, түүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тухайн үед эхнэр Н нь архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай хоолоо хийж байсан. Би чи ч гэсэн архи уучихсан байна би ерөөсөө явлаа гэж хэлээд гэрээс гарах гэтэл эхнэр Н нь дахиад хаашаа гарах гэж байгаа юм бэ гэхээр нь би явлаа гээд хажуугаар нь гарах гэтэл хажуу талаас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд миний цээжний эгэмний ясны орчмоор нойтон оргих шиг болохоор нь хартал миний цээжнээс цус гарч байсан. Эхнэр Н-гээс гарт нь байсан хутгыг нь булааж аваад гэрээс гараад жалга руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. А.Б-ийн биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүсэн шинэ гэмтэл байна. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 дугаар гудамжны 99 тоотод хамтран амьдрагч А.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н.Н-н шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч А.Бийн “...Тухайн үед эхнэр Н нь архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай хоолоо хийж байсан. Би чи ч гэсэн архи уучихсан байна би ерөөсөө явлаа гэж хэлээд гэрээс гарах гэтэл эхнэр Н нь дахиад хаашаа гарах гэж байгаа юм бэ гээд хажуу талаас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд миний цээжний эгэмний ясны орчмоор нойтон оргих шиг болохоор нь хартал миний цээжнээс цус гарч байсан. Эхнэр Нгээс гарт нь байсан хутгыг нь булааж аваад гэрээс гараад жалга руу шидсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н  нь хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан талаар гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Н-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Маахай овогт Н.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН