| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0292/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/293 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/293
2021 05 10 2021/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Ж.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.З-д холбогдох эрүүгийн 1909014910975 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, Бүрэн дунд, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-12-11 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Бовогт, Ж.З,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж.З нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудалд хохирогч Б.О-ын Ай Фоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 1909014910975 дугаартай хэргээс:
Хохирогч Б.О-ын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Зайсан орох гээд Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудал дээр автобусанд сууж байхад хэсэг хүмүүс шахаж байгаад миний өмсөж явсан пальтоны баруун талын халааснаас Ай Фоне Икс маркийн гар утсыг минь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.З нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудалд хохирогч Б.О-ын Ай Фоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.О-ын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Зайсан орох гээд Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудал дээр автобусанд сууж байхад хэсэг хүмүүс шахаж байгаад миний өмсөж явсан пальтоны баруун талын халааснаас Ай Фоне Икс маркийн гар утсыг минь авсан...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Ж.З-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Б.О-ын өмчлөлийн эд хөрөнгө болох гар утсыг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.З-ыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Ж.З-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, прокуророос ирүүлсэн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч Ж.З-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.
2019 оны 03 сарын 20-ны өдөр шүүгдэгч Ж.З-аас хураан авсан Ай фоне 10 загварын гар утсыг хохирогч Б.О-т хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ж.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН