Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

   2021         05          13                                 2021/ШЦТ/308

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Я.Мөнхзаяа

Шүүгдэгч Э.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаруулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Э.Г-д холбогдох эрүүгийн 2109000000495 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 5, ээж, 2 дүү, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, мужаан, ажилгүй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 3-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. З овогт Э.Г

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-169 тоотод хохирогч Э.Х-г хардалтын улмаас хоорондоо маргалдаж, нүүр рүү нь цохих, алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхинд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2109000000495 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Х-гийн “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн тэнд амьдардаг нийтийн байрандаа ажлаа тараа гэртээ ирэхэд манай найз Г манай гэрт байж байсан. Тэгээд би утсаараа нэг найзтайгаа чаталж байгаад манай гэрт ирье гэхээр нь би Гад хэлэхэд намайг хардаад уурлаад гэрээс гараад явсан. Удалгүй 20 минутын дараа эргэж ирээд надтай хэрэлдэж байгаад миний нүүр лүү цохиод унагаасан. Тэгэхээр нь би боль гээд орилтол миний амыг дараад намайг алгадаад шанаа руу цохьсон. Намайг уйлахад битгий орилоод бай гээд ам дараад байсан юм. Бас миний гэдэс элэг хэсэг рүү өшиглөөд байсан. Намайг 2 удаа алгадаж амнаас цус гаргасан. Бид 2 үерхэж байгаад салсан юм. Хажуу айлын хүмүүс мэдээгүй байх чанга дуу чимээ гараагүй. Бид 2 хоёулаа эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13- 15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 2014 дугаартай дүгнэлт:

1. Э.Х-гийн биед тархи доргилт, баруун доод зовхинд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ..эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-169 тоотод хохирогч Э.Хг хардалтын улмаас хоорондоо маргалдаж, нүүр рүү нь цохих, алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхинд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Г-ын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Х-гийн “...Тэгээд би утсаараа нэг найзтайгаа чаталж байгаад манай гэрт ирье гэхээр нь би Гад хэлэхэд намайг хардаад уурлаад гэрээс гараад явсан. Удалгүй 20 гаран минутын дараа эргэж ирээд надтай хэрэлдэж байгаад миний нүүр лүү цохиод унагаасан. Тэгэхээр нь би боль гээд орилтол миний амыг дараад намайг алгадаад шанаа руу цохьсон. Намайг уйлахад битгий орилоод бай гээд ам дараад байсан юм. Бас миний гэдэс элэг хэсэг рүү өшиглөөд байсан. 2 удаа алгадсан. Тэгэхэд амнаас цус гарч байсан....” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 2014 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь хохирогч Э.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Э.Г-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Г-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгч нь Номин супермаркетад түгээгчээр ажилд орж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Х нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З овгийн Э.Г-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН