Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/539

 

 

 

 

 

 

 

 

  2021        05          10                                  2021/ШЦТ/539

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Цо.Батболд

          гэрч Б.Э,

          хохирогч П.О,

          шүүгдэгч М.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж.”танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И овогт М.Е-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2876 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Турк” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг, Алтай сум, 1 дүгээр баг Хар нуур гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 9/б/ байр 118 тоотод байр түрээсэлдэг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Иовогт М.Е

          Холбогдсон хэргийн талаар:                                      

М.Е нь 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 2020 оны 10 дугаар сарын 08-ыг шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден вилл” хотхонд хохирогч П.О-ын цүнхтэй эд зүйлсийг үлдээснийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.064.330 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Е мэдүүлэхдээ:  Би О гэх залууг төв номын сангийн автобусны буудлаас авсан. Тэр хүн 64 явна гэж хэлсэн. Би Багшийн Дээдээс эргээд 64 дээр ирэхэд энэ хүн унтсан байсан. Тэгээд сэрээд энэ биш “Голдон вилл” гэх хотхонд очно гэсэн. Би “Голдин вилл” хотхонд хүргэж өгсөн. Би хүрэх газраа ирэхэд энэ хүн унтсан байсан. Тэр өдрөө таксины мөнгийг өгөөгүй. Тэгээд би маргааш мобайлд гээд утасны дугаараа үлдээсэн. Би цүнхтэй буусан эсэхийг нь хараагүй. Маргааш өглөө нь залгаад “цүнх үлдээсэн байна” гэж хэлсэн. Би “хараад хэлье” гээд машинаа шалгахад цүнх байхгүй байсан. Маргааш нь над руу өглөөний 08 цагт залгаад миний дансыг авсан. Тэгээд миний данс руу “5000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. Удалгүй над руу дахин залгаад “цүнхээ үлдээсэн байна” гэж хэлсэн гэв.

Шүүх хуралдаанд хохирогч П.О мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ресторанаас гараад номын сангийн буудлаас 00 цаг 40 минутын үед энэ хүний таксинд суусан. Тухайн үед энэ хүний машинаас өөр машин байхгүй байсан. Би “Сансар руу явна” гэж хэлээд суусан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би “Сансарын “Голден Вилл” хүрнэ” гэж хэлсэн. Би тухайн үед хоёр мөртэй үүргэвчээ тайлаад зүүн талдаа тавьсан санагдаж байна. Би Сансарын “Голдин виллд” хүргүүлсэн. Яагаад 64-ийн замаар явсан бэ гэвэл хүмүүс Сансарын И-мартын ард гэхээр И-мартын араар явчихдаг, манай гэр өөр замаар явдаг тул 64-ийн дунд замаар явдаг. Тухайн үед “ХААН” банкны интернет банк ажиллахгүй байсан тул маргааш шилжүүлье гээд Еын утасны дугаарыг тэмдэглэж аваад буусан. Маргааш өглөө сэрэнгүүтээ би Е руу залгаад таксины мөнгийг шилжүүлсэн. Би ихэвчлэн гэртээ ирээд өлгүүрт хувцсаа өлгөөд, хажуугийн тавиур дээр цүнхээ тавьдаг. Би өглөө босоод цүнхээ хайхад тавиур дээр миний цүнх байгаагүй. Тэгээд бусад өрөөнүүдэд хайсан ч цүнх байхгүй байсан. Тэгээд би Е руу залгаад “машинд чинь нь цүнхээ үлдээсэн байна, чи машиндаа миний цүнх байгаа эсэхийг хараад өгөөч” гэсэн. Тэгэхэд Е “би унтаж байна, босоод шалгаад хариу хэлье” гэсэн. Би гэрээсээ гараад ажил руугаа явж байхад Е над руу залгаад “миний машинд чиний цүнх байхгүй байна, чи сууж байсан газраа үлдээсэн байж магадгүй” гэж хэлсэн. Би сууж байсан газартаа очоод “камераа шүүе” гэж хэлээд тийшээ очсон. Мөн би тухайн газар тооцоо төлөх ёстой байсан. Тэгээд би уг ресторанд очиход “оройны 18 цагаас ресторанаа нээн, тэр хүртэл очихгүй” гэж хэлсэн. Би орой нь очоод сууж байсан ширээний болон гаднах камерыг шалгуулахад гарахдаа цүнхээ үүрээд гарсан бичигдсэн байсан. Би баруун талын шатаар нь буугаад автобусны буудал руу явж байгаа бичлэг байсан. Би Е-аас “миний дараа дахин хүн авсан уу” гэж асуухад “чиний дараа 2,3 хүн авсан, тухайн хүмүүсийг хаанаас авснаа санаж байна, хоёулаа уулзаад ойролцоох камеруудыг нь шүүж үзье” гэж хэлсэн. Миний дараа дөрвөн хүн суусан байсан. Тэдгээр хүмүүсийн бууж байгаа газрын бичлэгийг шалгасан. Нэг нь минийхтэй адилхан цүнх үүрсэн бичлэг байсан. Тухайн газрынх нь хүн “цагдаагаас бичиг авч ирж өгөхгүй бол камераа шүүлгэхгүй” гэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаатай тэр бичлэгийг шалгасан. Дараа нь тэдгээр хүмүүсийг шалгахад минийхтэй адилхан боловч кант нь өөр байсан. Дэлгүүрийн бичлэг дээр кант нь харагдаагүй байсан. Түүнээс хойш камерын бичлэг шүүж байна гээд хэд хоног өнгөрсөн. Бид хоёр гэр хороололд очсон. Тухайн газар нь ямар ч камер байх боломжгүй газар байсан. Е гурав дахь хүнийг нь сайн санахгүй байна гэсэн. Намайг буусны дараа суусан 4 хүмүүс сандал дээр үүргэвч байсан эсэхийг мэдэх ёстой. Тэдгээр хүмүүс үүргэвчийг холдуулахгүйгээр дөрвүүлээ сандал дээр суух боломжгүй гэж үзэж байна. Миний дараа суусан хүмүүс үүргэвч авч буугаагүй өөрийнхөө үүргэвчийг авч буусан байсан. Бусад камерын бичлэг байхгүй. Манай гэрийн орцны бичлэг дээр би үүргэвчгүй байдаг. Би ресторанаас үүргэвчтэйгээ гарсан. Миний дараа суусан дөрвөн хүн үүргэвчийг авч буусан байх магадлалтай боловч камерын бичлэгийг шалгахад аваагүй гэдэг нь тогтоогддог. Тиймээс Е авсан байх. Би тухайн үед программ хангамжийн компанид ажиллаж байсан. Цүнхэнд ажлын компьютер, усны хэрэглэл, үзэг бал гээд миний хэрэглэдэг бүхий л зүйлс байсан. Би өглөө 07 цагт босоод бассейнд яваад, үргэлжлүүлээд ажилдаа яваад, орой нь тардаг. Би орой 19 цаг өнгөрч байхдаа найзтайгаа тухайн ресторанд уулзаад хоол идэж, пиво уугаад гарсан. Миний цүнхэнд хоолны сав, усны сав гэх мэт бүх зүйл байдаг гэв.

Шүүх хуралдаанд гэрч Б.Э мэдүүлэхдээ: Хохирогч манай байгууллагын поссын системд 07-ны өдрийн 19 цаг 14 минутад билл нь бүртгэгдсэн байна. П.О 12 цаг өнгөрөөд гарсан санагдаж байна. Манай байгууллагын тооцоо хасаан билл дээр 02 цаг 52 минут гэсэн байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.О-ын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Төв номын сангийн орчмоос таксинд суусан бөгөөд Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден вилл” хотхоны үүдэнд буусан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд цүнхээ тэр машинд мартаад буусан байсан. Маргааш өглөө нь цүнхээ байхгүй байгааг мэдээд таксины жолоочийн дугаар руу залгасан чинь “мэдэхгүй байна машиндаа үзээд хэлье” гэсэн. Би шөнө тооцоо хийх гэхэд “ХААН” банк гүйлгээ хийж болохгүй байхаар нь дугаарыг нь аваад үлдсэн байсан юм. Тэгээд өдөр нь залгаад “чиний цүнх байхгүй байна” гэж байсан. Би өөрийн таксинд суусан газраа очиж хяналтын камер шүүхэд би тэр машинд цүнхээ үүрээд суусан байсан бөгөөд би тэр жолоочид хэлсэн. Би тэр залуутай 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаад “чиний машинд цүнхээ орхисон байна. Хэрэв надад үнэнээ хэлэх юм бол би чамд зөөврийн компьютероо бэлгэнд нь өгье” гэж хэлсэн боловч үнэнээ хэлэхгүй байсан. Тэр жолооч “би чамайг буулгаад дараа нь 64 орчмоос 4 хүн аваад тойрч явж байгаад буцаад 64 дүгээр дэлгүүрийн орчим буулгасан” гэж хэлсний дагуу би хяналтын камер шүүхэд 64 дүгээр дэлгүүрийн үүдэнд 4 хүн буулгаж байгаа хэдий ч тэр хүмүүс миний цүнхийг аваагүй байсан. Би тэр хүмүүсийн нэгтэй нь уулзсан. Тэр хүмүүс архи уусан байсан тул мэдэхгүй байна гээд байсан. Тэр хүмүүс миний цүнхнээс өөр цүнх үүрээд бууж байсан. Би орцныхоо камерийг шүүхэд би үүргэвчгүй буугаад орц руугаа орж байгаа бичлэг байгаа. Тэгэхээр таксины жолооч миний цүнхийг авсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. Миний үүрч байсан цүнх нь “Dell 3490” маркийн нөүтбүүкний дагалдаж ирсэн цүнх. Цүнхэнд нөүтбүүк, цэнэглэгч. Спорт “SUUNTO” брэндийн спорт цаг, цэнэглэгчийн хамт. ““JABRA” элит брэндийн утасгүй чихэвч, “LAMY” брэндийн Герман улсад үйлдвэрлэсэн үзэг, тал үнэртэй ус, ноолууран малгай ороолт, гэрээ, тэмдэглэлийн дэвтэр, бассены ком хувцас зэрэг зүйлс байсан. Хар өнгийн “Dell 3490” нөүтбүүкээ 2019 оны 02 дугаар сард “IT Zone” дэлгүүрээс 800.000 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн “SUUNTO” брэндийн ухаалаг цагийг 2019 оны 06 дугаар сард АНУ-аас 250 доллар буюу 700.000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн “JABRA” брэндийн “ELIT-54” гэдэг утасгүй чихэвчийг 2019 оны дүгээр сард АНУ-аас 159 доллар буюу 450.000 төгрөгөөр захиалан авч байсан. “LAMY” брэндийн үзгийг 2019 оны 12 дугаар сарын сүүлээр тушаал дэвшсэн гэж 169.900 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгийн шилэн савтай 100 граммтай “Mont blanc” брэндийн “Explorer” гэсэн үнэртэй усыг 2019 оны 12 дугаар сард 150.000 төгрөгөөр авч байсан. Бассены хувцас хэрэглэл нийлээд 70.000 төгрөг болж байсан. Би эдгээр зүйлсээ зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-н 20-21-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Э-гийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “La Rosa” нэртэй Мексик рестораныг ажиллуулж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байсан чинь нэг үл таних залуу ирээд “би танай байгууллагад үүрч явсан цүнхээ үлдээчихсэн байна” гэсэн. Тэгэхээр нь тухайн залууд “хэрэв манай байгууллагад үлдээсэн бол манай хадгалдаг цэгт байх ёстой. Тэгэхээр үлдээж, орхиж гараагүй” гэж хэлээд хяналтын камераа шүүж үзэхэд тухайн залуу нь манайхаар үйлчлүүлчхээд гарах үедээ авч явсан цүнхээ үүрч гарч байгаа бичлэг төв хаалга буюу барилгын урд талын хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгсэн чинь тухайн залуу камерын бичлэгээ үзчихээд “танай байгууллагаас үүрч гарсан, орхиогүй юм байна” гэж хэлээд яваад өгсөн. Камерын бичлэгийг бид хоёр хоёулаа үзсэн. Одоо бол камерын бичлэг устсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.А-н өгсөн: ...П.О-той анх найзууд болсон шалтгаан нь анх хамт бассейнд сэлж сурах гэж надад хамт бассейнд орох талаар санал тавьж байснаас эхэлсэн юм. Бид хоёр 7 хоногийн 3 өдөр тасралтгүй бассейнд хамт сэлдэг байсан. Тэр үед бид хоёр өөрийн гэсэн бассейнд шаарддаг хувцастай ордог байсан бөгөөд П.О нь хар өнгийн бассейнд орох үед өмсдөг зориулалтын хувцастай байсан “Speeddo” брендийн хараатай шил зүүдэг байсан юм. Тухайн эд зүйлс нь бол үүрч явж байгаа цүнхэнд нь байдаг байсан юм. Мөн усан бассейнаас гарч ирээд шүршүүрт ордог. П.О нь ямар брендийг нь бол мэдэхгүй ямар ч байсан үнэртэй ус цүнхэлж явдаг байсан ба шүршүүрээс гарч ирээд цацдаг байсан. Манай байгууллагаас бүх ажилчдадаа ажилдаа ашиглах нөүтбүүк хүлээлгэн өгдөг юм. Ерөнхийдөө бол ажилд орох үед нь л шууд өгдөг гэсэн үг ч гэсэн нөүтбүүк өгсөн бөгөөд П.Од “Делл” брендийн хар өнгөтэй 14 инчийн нөүтбүүк ажилдаа ашигладаг талаар би мэддэг юм. Надад бол “Делл” брендийн 5420 загварын 14 инчийн хар өнгөтэй нөoтбүүк ажилд ороход хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн нөүтбүүкээ гэр рүүгээ авч явж ажлаа хийж болдог, байгууллагаас зөвшөөрдөг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Е-ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед /сайн санахгүй байна/ өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа хувиараа таксинд явж байсан ба Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах номын сангийн ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудлаас үл таних архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залууг авсан. Тухайн залуу “багшийн дээд оръё” гэхээр нь би “багшийн дээд”-ийн ард талын автобусны буудал дээр ирээд нөгөө задууг “буухгүй юм уу” гэсэн чинь унтчихсан байсан. Машины гэрлийг асаасан чинь тэр залуу 64-ийн тийшээ “И-Март” оръё гэж хэлэхээр нь би “Багшийн дээд”-ээс ертөнцийн зүгээр зүүн эргэж “И-Март” худалдааны төвийн хойд талд ирж зогсоод “ирсэн шүү” гэж хэлсэн чинь тухайн залуу машины цонхыг буулгаад “биш байна шүү дээ” гэхээр нь “чи өөрөө “И-Март” худалдааны төв гэж хэлсэн биз дээ одоо хаашаа явах юм” гэж хэлсэн чинь “Голден вилл хотхон орно” гэж хэлэхээр нь би шууд тэр хотхон руу нь ороод зогсоод буулгаж өгсөн. Гэхдээ би хэддүгээр байрны гадна буулгаж өгснөө мэдэхгүй байна. Тэгэхдээ тэр залуу над руу таксины мөнгө буюу 5.000 төгрөгөө шилжүүлэх гээд мобайл банкаа оролдоод 10 орчим минут өнгөрсөн. Тэгэхээр нь би тэр залууд өөрийн гар утасны дугаар болох 00000000 өгөөд “маргааш таксины мөнгөө явуулчихгүй юу даа” гэж хэлээд тухайн хүнийг буулгаад би хаагуур яаж явснаа санахгүй байна. “Тэнгис” кино театрын 4 замын уулзвар гараад 2 эхнэр, нөхөр хоёрыг аваад “Зүүн салаа” руу явж буулгачхаад буцаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” автобусны буудал дээр зогсож байгаад “Модны 2”-ын тэндээс үл таних хоёр эрэгтэйг аваад 64-ын урд талын автобусны буудал дээр таксины мөнгөө аваад буулгасан. Тэр хоёр хүн анх суухдаа хар өнгийн хоёр мөрөндөө үүрдэг цүнхтэй суусан. Тэгээд буухдаа үүргэвчээ аваад буусан юм. Би уг нь хохрогчид “тэр хоёр хүн чинь анхнаасаа суухдаа үүргэвчтэй байсан шүү” гэж хэлсэн юм. Тэгээд би төв замаар явж байгаад Номын сан дээр ирээд гэр рүүгээ явах замаараа хүн авах гэж ирсэн чинь хүнгүй болохоор нь гэр рүүгээ явж байгаад “Таван богд”-ын ард талын буудлаас нэг үл таних эрэгтэй хүн аваад Нисэхийн тойргоор гэр хороолол руу /яг хаана буулгаснаа санахгүй байна/ аваачиж буулгаж өгчхөөд гэр рүүгээ харьсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны 11 цагийн үед над руу тухайн залуу залгаад “өчигдөр би нэлээн согтсон байна. Дансаа өгчих таксины мөнгийг чинь шилжүүлье” гэж хэлэхээр нь би өөрийн “ХААН” банкны 5845521313 тоот дансаа явуулж 5000 төгрөг шилжүүлж авсан юм. Улмаар 10 минутын дараа дахин залгаад “машинд чинь миний үүргэвч байна уу” гэж асуухаар нь би “байж байгаараа машин дотроо үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би машин дотор цүнх нь байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь буцаагаад залгаад “чиний цүнх машинд байхгүй байна шүү” гэж хэлсэн чинь тэр “за” гэж хэлээд тасалсан юм. Тэгээд орой 18 цагийн үед над руу нөгөө залуу залгаад “би чиний машинд цүнхтэйгээ суусан юм байна, камерын бичлэг байна. Хоёулаа уулзах уу” гэж хэлэхээр нь би “өнөөдөр бол амжихгүй. Маргааш л уулзъя” гэж хэлсэн. Маргааш нь хохирогчтой уулзаад явсан газар руугаа дахин явж үзүүлээд би хохирогчид “чи Цагдаагийн байгууллагад л хандсан нь дээр шүү” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 26-27-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-р тал/,

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 34-35-р тал/,

Шүүгдэгч М.Е-ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9, 25, 41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Е-ыг 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 2020 оны 10 дугаар сарын 08-ыг шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа хохирогчийн орхиж буусан зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.064.330 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 2020 оны 10 дугаар сарын 08-ыг шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч П.О-д таксигаар үйлчилсэн талаар оролцогч нар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.О нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Төв номын сангийн орчмоос таксинд суусан бөгөөд Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден вилл” хотхоны үүдэнд буусан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд цүнхээ тэр машинд мартаад буусан байсан. Маргааш өглөө нь цүнхээ байхгүй байгааг мэдээд таксины жолоочийн дугаар руу залгасан чинь “мэдэхгүй байна машиндаа үзээд хэлье” гэсэн. Би шөнө тооцоо хийх гэхэд “ХААН” банк гүйлгээ хийж болохгүй байхаар нь дугаарыг нь аваад үлдсэн байсан юм. Тэгээд өдөр нь залгаад “чиний цүнх байхгүй байна” гэж байсан.

...Тэр жолооч “би чамайг буулгаад дараа нь 64 орчмоос 4 хүн аваад тойрч явж байгаад буцаад 64 дүгээр дэлгүүрийн орчим буулгасан” гэж хэлсний дагуу би хяналтын камер шүүхэд 64 дүгээр дэлгүүрийн үүдэнд 4 хүн буулгаж байгаа хэдий ч тэр хүмүүс миний цүнхийг аваагүй байсан. Би тэр хүмүүсийн нэгтэй нь уулзсан. Тэр хүмүүс архи уусан байсан тул мэдэхгүй байна гээд байсан.

...Би орцныхоо камерийг шүүхэд би үүргэвчгүй буугаад орц руугаа орж байгаа бичлэг байгаа. Тэгэхээр таксины жолооч миний цүнхийг авсан нь тогтоогдож байна гэж үзэж байна... гэх мэдүүлэг /хх-н 20-21-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Э-гийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “La Rosa” нэртэй “Мексик” рестораныг ажиллуулж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байсан чинь нэг үл таних залуу ирээд “би танай байгууллагад үүрч явсан цүнхээ үлдээчихсэн байна” гэсэн. Тэгэхээр нь тухайн залууд “хэрэв манай байгууллагад үлдээсэн бол манай хадгалдаг цэгт байх ёстой. Тэгэхээр үлдээж, орхиж гараагүй” гэж хэлээд хяналтын камераа шүүж үзэхэд тухайн залуу нь манайхаар үйлчлүүлчхээд гарах үедээ авч явсан цүнхээ үүрч гарч байгаа бичлэг төв хаалга буюу барилгын урд талын хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгсэн чинь тухайн залуу камерын бичлэгээ үзчихээд танай байгууллагаас үүрч гарсан, орхиогүй юм байна” гэж хэлээд яваад өгсөн. Камерын бичлэгийг бид хоёр хоёулаа үзсэн. Одоо бол камерын бичлэг устсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р тал/,

Шүүх хуралдаанд гэрч Б.Э мэдүүлэхдээ: Хохирогч манай байгууллагын поссын системд 07-ны өдрийн 19 цаг 14 минутад билл нь бүртгэгдсэн байна. П.О 12 цаг өнгөрөөд гарсан санагдаж байна. Манай байгууллагын тооцоо хассан билл дээр 02 цаг 52 минут гэсэн байна гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч П.О нь таксигаар үйлчлүүлэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, шүүгдэгч М.Е-ын жолоодож явсан таксинд суухдаа үүргэвч, цүнхтэйгээ суусан зэрэг нь камерын бичлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Е нь хохирогч П.Од таксигаар үйлчилсний дараа мөн 4-5 хүнд дахин үйлчилсэн, энэ талаар хохирогч, шүүгдэгч нар маргааш нь хамтдаа шалгасан байна.

Иймд шүүгдэгч М.Е-ын автомашинд хохирогч П.О цүнхтэй эд зүйл орхигдуулсныг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсны дагуу шүүгдэгч М.Е-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.4, 36.9, 36.10, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр И овогт М.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ