Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Г.М, 

Хохирогч О.О /онлайн/,

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Н /онлайн/,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т аймгийн З суманд төрсөн, нас ..., эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Ц.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөв багийн нутаг дэвсгэрт “Волво” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас “Митсубиши Фуссо” ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож жолооч О.О-н биед аарцаг ясны зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед Улаанбаатар хотоос компаний ачаа болох 25 тонн мал мах ачаад ... улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу гарсан. Шөнө 04 цагаас 09 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Шивээговийн уулзвар дээр унтаж амраад хөдөлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сайншандаас Эрдэнэ сум орох уулзвар хүрээгүй, мөн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байдаг “Бүрдэнэ” сувилал руу салах уулзварын хойд хөндийд миний унаж явж байсан тээврийн хэрэгслийн зөв талын чиргүүлийн хамгийн ард талын тэнхлэгийн дугуй буудсан. Тухайн үед намайг зогсож дугуй солих гээд зогсох үед 15 цаг 20 минут болж байсан байх. Тэгээд би чиргүүлийн буудсан дугуйг тайлаад чиргүүлийн голоос салгаж аваад газар тавьж байхад миний гар утас 15 цаг 30 минутад дуугарч тээврийн хэрэгсэлд ачсан барааны эзэн болох БНХАУ-ын иргэн миний гар утас руу залгаад хаана явж байгаа талаар асууж байхад Сайншанд талаас ундаа, ус түгээлтийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Би гар утсаар ярьж дуусаад халаасандаа гар утсаа хийгээд сольж тавих дугуйгаа газраас өргөж байх үед нөгөө түгээлтийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар маш их хурдтай өнгөрсөн. Тэгээд би дугуйгаа сольж тавиад 15-20 минутын үед тухайн газраас Замын-Үүд сум руу хөдөлсөн. Намайг “Хангинуур”-ийн даваа уруудаад явж байхад түгээлтийн тээврийн хэрэгсэл гүүр гараад 80 зогсоолын орчимд явж байгаа харагдсан. Тэгээд би 80 зогсоол өнгөрөөд сүлжээний антены ойролцоо явж байхад миний урд талд явж байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа тухайн түгээлтийн тээврийн хэрэгслийн ард талд ирэхэд нөгөө тээврийн хэрэгсэл 70 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ гэрлээрээ дохиод сигналдах үйлдэл хийх үед хурдаа сааруулахгүй хажууд зэрэгцээд муриганаад давхиад байсан би баруун гар тал руугаа шилжиж ороод баруун гар талынхаа толинд харахад ард муриганаад үлдсэн... Яг явж байсан газар гүйцэт түрүүлэх боломж байхгүй, нугачаа ихтэй газар байсан болохоор араас нь дагаад явсан. 2 нугачаа өнгөрөөд 400 метр гаран яваад гүйцэж түрүүлж болох газар байдаг тэнд л урд нь гараад явъя даа гэж бодож явсан. Урд явж байхдаа зам руугаа нэг гараад нэг ороод гуйваад яваад байхаар нь би бодохдоо архи уучихсан юм болов уу яаж яваад байгаа юм бол эсвэл ус нь савлаад усныхаа савлагааг гаргаж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод явж байсан. Гүйцэт түрүүлэх газар очоод араас нь сигнаалдаад гэрлээрээ дохиод байхад зам тавьж өгөхгүй гуйваад л яваад байхаар нь би гүйцэт түрүүлсэн. Буруу талынхаа толинд харахад ирээд миний машинд наалдчих шиг болохоор нь за за гайгүй байх хүрээгүй байлгүй гэж бодоод түрүүлээд яваад өгсөн юм. Тэгээд хойно үлдсэн. Гүйцэж түрүүлэх үедээ О луу харсан чинь над руу юун харах үрүүлээ тас зуурсан явж байсан. Тухайн үед туршлага муутай жолооч явж байна даа гэж бодсон. Хэрэв миний нүдэн дээр унасан бол би чинь бас хүн байна даа зогсоод тусламж үзүүлнэ шүү дээ. Тэгээд толинд харах хязгаарлалтаас гараад явсан. Постон дээр ирээд л мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө. Замын-Үүдэд эмнэлэгт байхад ахад нь 60,000 төгрөг, дараа нь 260,000 төгрөг өгсөн. Ковидтой холбоотой ажил төрөл хийж болохгүй байгаад байна. Хөл хорио тавигдчихвал хамгийн түрүүн О-н хохирлыг төлж барагдуулна... О-н нэхэмжилсэн 6,334,086 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 23,868,690 төгрөгийг төлнө төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-220/,

- Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө “В” ХХК-ийн салбар болох Сайншанд сумаас Замын-Үүд сум руу бараа нийлүүлэхээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа бүтээгдэхүүн ачсан. 14 цагийн орчим Сайншанд сумаас гараад 15 цаг 30-40 минутын орчимд Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 100-н зогсоол дээр ирж зогсож хамт явж байсан Х бид хоёр бие засчхаад 10-15 минутын дараа Замын-Үүд сум руу хөдөлсөн.Тэгээд 17 цагийн орчим “Хангинуурын” даваа уруудад нийлэн явж байхад “Волво” маркийн тээврийн хэрэгсэл ард тулж ирээд сигналдаад, мөн 2-3 удаа ард тулж ирээд сигналдаад гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар ороод ирэхээр нь би хурдаа хассан цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин буруу талаараа онхолдсон, миний хажуу талд сууж явж байсан Х урд талын салхины шилээр гараад би гарах гэсэн чинь миний хөлийг хаазны гишгүүр дарсан байсан. Мөн би суудлын бүсээ зүүсэн байсан тул өөрөө гарах гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд зам дээр явж байсан тээврийн хэрэгсэлтэй 2 залуу намайг машинаас гарахад тусалсан. Тэгээд би машинаас гараад ирэхэд ачсан бараа бүтээгдэхүүн газраар тарсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн... 2020 оны 07 сард туршилтаар ажиллаж байгаад 09 сарын 01-нээс жинхэлж тушаал гарсан. 70 км цагийн хурдтай явж байсан. Би анхнаасаа эм тарианы баримт цуглуулна гэж мэдээгүй. Эмнэлэгт сахиуртай байсан, миний эхнэр гэж хүн байсан энэ аваараас болоод салаад явсан. Эм тариа нааш цаашаа явах гээд зөндөө зардал гарч байгаа. Хятадаас хүртэл эм тариа авчруулж хэрэглэсэн. Одоо нэхэмжилсэн байгаа мөнгө болохоор групп цалин 2-ын хоорондын зөрүү, цалингүй сар гаран явсан тэрийг нэмээд 6,334,086 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгөө нээх удаахгүй хурдан авмаар байна. Хот хүрээ орж үзүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Тухайн өдөр нийт 47 төрлийн, 9068 ширхэг, 12,349,720 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн ачиж явсан. Эдгээр бараанууд Замын-Үүд суманд буух ёстой байсан. Зам тээврийн осолд орсны улмаас нийт бараанаас 39 төрлийн 5343 ширхэг, 5,361,930 төгрөгийн өртөг бүхий барааг буцаан татаж байгууллагын агуулахад оруулсан... Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд ачсан манай компани бараа бүтээгдэхүүнийг тоо ширхгээр нь хүлээн авсан боловч, ашиглах боломжгүй бараа бүтээгдэхүүн гарч ирсэн. Манай компанийн зүгээс ашиглах боломжгүй бараа бүтээгдэхүүнийг жагсаалтаар хүргүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтийн дагуу 8,603,690 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 14,645,000 төгрөг, зам тээврийн ослын улмаас эвдрэл гэмтэл учирсан тээврийн хэрэгслийг ачсан краны хөлс 620,000 төгрөг нийт 23,868,690 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41, 237/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. БНХАУлсын Эрээн хот хооронд ачаа бараа тээвэрлэхэд компани нэр дээр байх шаардлагатай байсан болохоор “Э” ХХК-ний нэр дээр өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байсан. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний байгууллага гарган өгсөн. Хохирлын үнэлгээтэй ямар нэг санал хүсэлт гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, тээврийн хэрэгслийг янзалж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235/,

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос ... улсын дугаартай Лексус-250 маркийн автомашинтай Замын-Үүд сум руу явахаар гарсан бөгөөд үдийн хойно 17 цагийн үед байх Замын-Үүд сумаас 70 км орчим ойртон ирж явсан бөгөөд алсуураа тойроод орж иртэл миний урд талд “В” гэсэн логотой чингэлэгтэй ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талдаа эсрэг урсгалд цагаан өнгийн чингэлэгтэй ачааны автомашин улсын дугаарыг нь харж чадаагүй/ уралдаж байгаа юм шиг зэрэгцээд явж байсан цагаан өнгийн ачааны автомашин нь түүнийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бололтой нөгөө “В”-ийн логотой автомашин нь гүйцэтгэхгүй адилхан хурдлаад давхиад байсан энэ үед нь би “за энэ хоёр осол аваар хийх нь дээ, согтуу солиотой юм уу” гэж бодоод араас нь явж байтал тэд бие биеийнхээ урд гарах гээд нэг нь түрүүлэхээр нөгөөдөх нь дахин хурдаа нэмж урд нь гарах гэж явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа цагаан өнгийн ачааны автомашин нь түрүүлээд толгой нь баруун гар тал руугаа орох үйлдэл хийх үед “В” гэсэн логотой автомашин тэнцвэрээ алдаж 2 тийшээгээ найгаж улмаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан цагаан өнгийн автомашины чингэлгийн дунд хэсгээс “В" гэсэн бичигтэй автомашины чингэлгийн ар хэсэг нь зоогдоод замаас гараад онхолдсон. Миний бие уг ослыг хармагцаа шууд зогсоход нөгөө цагаан өнгийн ачааны автомашин тэр чигээрээ цаашаа яваад өгсөн, би онхолдсон автомашин дээр ирэхэд кабин дотор 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн шоконд орсон байдалтай, жолооч нь суудал дээрээ гацсан, хажууд нь сууж явсан зорчигч мөн шоконд орсон байдалтай байсныг би гаргаж ирээд машинаа унтраах гээд чадахгүй байсан би машиныг нь унтраагаад жолоочийг буулгаж ирэх гэтэл гаргаж ирж чадахгүй байж байтал замд явж байсан танихгүй хүмүүс ирж зогсоод бид түүнийг гаргасан. Би тухайн ослыг аль алийнх нь буруутай үйлдэл байгаа гэж бодож байна. Нэг нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байхад хурдаа нэмээд байсан, цагаан өнгийн ачааны авто машин нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ дохио өгөхгүй ер нь бол уралдаж бие биенийхээ урд гарах гээд байна даа л гэж ойлгосон, цагаан өнгийн гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн ачааны автомашины жолооч бол яг шахсан үйлдэл хийгээгүй дундаа зайтай байсан. Цагаан өнгийн ачааны автомашин нь гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж толгой нь зорчих хэсгийн баруун гар тал руу орж эхлэх үед “В” гэсэн логотой автомашин 2 тийшээ дайвалзан, найгаж байгаад тухайн цагаан өнгийн автомашины ачааны баруун талаас нь чингэлгээр мөргөж уг осол гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/,

- Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би жолооч О.О-н хамт “В” ХХК-ийн түгээлтээр Сайншандаас Замын-Үүд сум руу явж байсан чинь гэнэт Волво маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд ороод ирсэн, тухайн авто машин хажуугаар орж ирэх үед манай машин дайвалзаж ирээд замын хажуу тал руу гараад онхолдсон. Би шахсан гэж бодож байна. Волво маркийн автомашин нь бүрэн гүйцээгүй байж бидний явж байсан эгнээ рүү орж ирсэн, мөргөсөн шүргэсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/,

- Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд:  “... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос ... улсын дугаартай Лексус-250 маркийн авто машинтай Замын-Үүд сум руу явсан манай найз А.Б машинаа жолоодоод явж байсан миний бие хол замд унтаад явж байсан болохоор болсон зам тээврийн ослын талаар надад харсан зүйл байхгүй. Б буугаад очиж байсан. Би машинаасаа ч буугаагүй болсон хэргийн талаар надад хэлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-12/,

- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-27/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн О.О гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 68-69/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5345 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Ц.А гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 76-77/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/27 дугаар шинжээчийн дүгнэлтэд:         

1. ... тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийхэд тээврийн хэрэгсэл хөргүүрт чиргүүлийн хойд тоормосны анхааруулах гэрэл асахгүй, хөргүүрийн баруун дунд хэсэгт ослын үед гарсан бага зэрэг эвдрэлтэй бөгөөд техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан болно.

2. ... тээврийн хэрэгсэлд үзлэг эд анги бүрэн байгаа бөгөөд ... хөргүүрт чиргүүлийн тоормосны анхааруулах гэрэл асахгүй бөгөөд хөргүүрийн баруун хэсэгт ослын үед бага зэрэг гэмтсэн.

3. Техникийн бүрэн бүтэн байдал нь зам тээврийн осол болоход шууд нөлөөлнө.

4. ... тээврийн хэрэгсэл нь 2020.02.19 өдөр ТХҮ-д хамрагдсан бөгөөд тэнцэв үнэлэгдсэн байна.

 5. ... тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой.

 6. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 84-86/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/28 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. ... тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тухайн тээврийн хэрэгслийн ослын дараах байдалд их эвдрэлтэй байсан бөгөөд үүнд: Их гэрлүүд хагарсан, жолоочийн бүхээг их эвдрэлтэй, салхины шилнүүд хагарсан, ачааны бүхээг их эвдрэлтэй, рулын аппарат жолооны хүрдний чагтан холбоос тасарсан, баруун хойд анхааруулах гэрлүүд их эвдрэлтэй байна.

2. ... тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүд осолын дараах байдалд их эвдрэлтэй байна. Эд ангиуд бүрэн бус ослын дараах байдалтай /ослын үед эвдэрсэн/, зогсоох хэрэгслийн ажиллагааг тогтоох боломжгүй бөгөөд битүүмж алдагдаагүй байна.

3. Техникийн аюулгүй байдал ашиглалтын стандартад бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохыг хориглодог бөгөөд энэ нь осол болоход шууд нөлөөлнө.

4. ... тээврийн хэрэгсэл нь ослын дараах байдалд байгаа бөгөөд элэгдэл хорогдлыг тогтоох боломжгүй их эвдрэлтэй байна, тухайн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ТХҮ-т хамрагдсан бөгөөд Тэнцэв үнэлгээтэй байгаа нь ослоос өмнө хэвийн хөдөлгөөнд оролцож байсан байна.

5. ... тээврийн хэрэгслийг бүрэн засварлан ТХҮ-н үзлэгт дахин хамруулан Тэнцэв үнэлэгдвэл хөдөлгөөн оролцуулах боломжтой.

6. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 95-97/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 108,113, 182-187, 195-210/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04/126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. О.О-н биед гэмтэл учирсан байна.

2. О.О-н биед тархи доргилт, ерөнхий биеийн доргилт, аарцаг ясны зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

3. О.О-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу хүчтэй унах, савагдах, цохигдох үед үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.

5. Учирсан гэмтлүүдийн тархи доргилт, ерөнхий биеийн доргилт нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, аарцаг ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

6. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 124-125/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/025 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цагаан өнгийн хугархай эд зүйлс нь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа ... улсын дугаартай Волво маркийн автомашины чингэлгийн баруун талын гол хэсгийн хугархай хэсэг мөн байна.

2. ... улсын дугаартай Волво маркийн автомашины чингэлгийн баруун талын гол хэсэгт урагдаж эвдэрсэн хэсэгт байгаа төмрийн хугархай хэсэг нь ... улсын дугаартай Митсубиши Фуссо маркийн тээврийн хэрэгслийн эд анги мөн байна. Автомашинууд хоорондоо шүргэлцэх үед үүсэх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-159/,

- Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 202106 дугаар шинжээчийн дүгнэлтэд:    

1. ... улсын дугаартай “Митсубиши Фуссо” маркийн авто машины жолооч О.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

2. ... улсын дугаартай “Волво” маркийн автомашины жолооч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө Хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зургаас харахад “Волво” маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуу хоорондын зай бариагүйгээс болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 174-176/,

- Прокурорын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1хх-ийн 191/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 239/,

- Ц.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 242, 244-245, 247,  2хх-ийн 6-10/,

- Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 57-58/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.А-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.     

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.А-г 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөв багийн нутаг дэвсгэрт “Волво” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас “Митсубиши Фуссо” ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож жолооч О.О-н биед аарцаг ясны зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Амгалан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөв багийн нутаг дэвсгэрт “Волво” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас “Митсубиши Фуссо” ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.О-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан  үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.О “...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө “В” ххк-ийн салбар болох Сайншанд сумаас Замын-Үүд сум руу бараа нийлүүлэхээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа бүтээгдэхүүн ачсан... 17 цагийн орчим “Хангинуурын” даваа уруудад нийлэн явж байхад “Волво” маркийн тээврийн хэрэгсэл ард тулж ирээд сигналдаад, мөн 2-3 удаа ард тулж ирээд сигналдаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар ороод ирэхээр нь би хурдаа хассан цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин буруу талаараа онхолдсон...” гэсэн, гэрч О.Х “...Би жолооч О.О-н хамт “В” ХХК-ийн түгээлтээр Сайншандаас Замын-Үүд сум руу явж байсан чинь гэнэт Волво маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд ороод ирсэн, тухайн авто машин хажуугаар орж ирэх үед манай машин дайвалзаж ирээд замын хажуу тал руу гараад онхолдсон...” гэсэн, гэрч А.Б “...Замын-Үүд сумаас 70 км орчим ойртон ирж явсан бөгөөд алсуураа тойроод орж иртэл миний урд талд “В” гэсэн логотой чингэлэгтэй ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талдаа эсрэг урсгалд цагаан өнгийн чингэлэгтэй ачааны автомашин улсын дугаарыг нь харж чадаагүй/ уралдаж байгаа юм шиг зэрэгцээд явж байсан цагаан өнгийн ачааны автомашин нь түүнийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бололтой нөгөө “В”-ийн логотой автомашин нь гүйцэтгэхгүй адилхан хурдлаад давхиад байсан... цагаан өнгийн ачааны автомашин нь түрүүлээд толгой нь баруун гар тал руугаа орох үйлдэл хийх үед “В” гэсэн логотой автомашин тэнцвэрээ алдаж 2 тийшээгээ найгаж улмаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан цагаан өнгийн автомашины чингэлгийн дунд хэсгээс “В" гэсэн бичигтэй автомашины чингэлгийн ар хэсэг нь зоогдоод замаас гараад онхолдсон... би онхолдсон автомашин дээр ирэхэд кабин дотор 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн шоконд орсон байдалтай, жолооч нь суудал дээрээ гацсан, хажууд нь сууж явсан зорчигч мөн шоконд орсон байдалтай байсныг би гаргаж ирээд машинаа унтраах гээд чадахгүй байсан би машиныг нь унтраагаад жолоочийг буулгаж ирэх гэтэл гаргаж ирж чадахгүй байж байтал замд явж байсан танихгүй хүмүүс ирж зогсоод бид түүнийг гаргасан... Цагаан өнгийн ачааны автомашин нь гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж толгой нь зорчих хэсгийн баруун гар тал руу орж эхлэх үед “В” гэсэн логотой автомашин 2 тийшээ дайвалзан, найгаж байгаад тухайн цагаан өнгийн автомашины ачааны баруун талаас нь чингэлгээр мөргөж уг осол гарсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5344, 5345 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04/125, 04,126 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/025 дугаартай шинжээчийн дүгнэлт,  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/27, 2020/28 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 202106 дугаар шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлд зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хугацаа зааж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд прокуророос сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүх улсын яллагч, шүүгдэгч нарын тохирсон ялын хүрээнд шийдвэрлэх юм.

Шүүгдэгч Ц.А нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хохирогч О.О “...6,334,086 төгрөгийг”, иргэний нэхэмжлэгч В ХХК-ийн төлөөлөгч Н.Н “23,868,690 төгрөгийг” нэхэмжилснийг шүүгдэгч Ц.А нь төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд шүүгдэгчээс 6,334,086 төгрөгийг гаргуулан хохирогч О.О-т, 23,868,690 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч В ХХК-нд олгохоор шийдвэрлэж, хохирогч О.О-н биеийн байдал бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэж үзлээ.

Прокурорын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ц.А-н жолоодож явсан Волва маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх бус иргэний нэхэмжлэгч Х.Г-н өмчлөлийнх болох нь  шүүгдэгч болон Х.Г-н мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ц.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Ц.А-г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-с 6,334,086 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт О.О-т, 23,868,690 төгрөгийг гаргуулан  иргэний нэхэмжлэгч “В” ХХК /төлөөлөгч Н.Н/-д тус тус олгосугай.

6. Хохирогч О.О нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.А-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Прокурорын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н