Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Хохирогчийн төлөөлөгч Ч.Н /онлайн/,

Гэрч Д.А, Ц.Х, М.О /онлайн/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,

Шүүгдэгч Г.Д, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Д, Б овогт Д.Д нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Г.Д,

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд-Эрээн чиглэлийн 7804 дугаартай галт тэрэгний зүтгүүрт улсын хилээр зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг хориглосон түүх, соёлын дурсгалт эд зүйл болох 2 боодол судар, мандлын суурь 1 ширхэг,  суурьтай хүрд 1 ширхгийг нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 10 сарын 16-ны өдөр Д.Д-н хамт ажилд 17 цаг 30 минутад ир гээд яаралтайгаар дуудагдсан. Очоод 18 цаг 00 минутад илчит тэргийг хүлээж аваад түлш усаа зэхээд 18 цаг 55 минут гэхэд Депогоос гарсан байдаг. Замын-Үүд 2 өртөөн дээр очиж тоормос шалгаад 20 цаг 35 минутад хөдлөөд 20 цаг 50 минутад Монгол Улсын хил дээр очоод илчит тэргийг шалгуулах явцад туслах машинч ирээд арын секцний шалан доороос юм гарч ирсэн байна та нэг очоодох гэхээр нь очиход 3 боодолтой зүйл гарч ирсэн. Бид хоёрын хувьд тэр гарч ирсэн зүйлийн хувьд мэдэх зүйл огт байхгүй. Гэрч гээд байгаа гаалийн байцаагч, шалганы дарга, Х гэх хүмүүсийн мэдүүлгээр 4 удаа шалгасан гэдэг нь ташаа. Энэ нь бид 2-ын эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэсэн  мэдүүлэг,

- Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 10 сарын 16-ны өдөр машинч Г.Д-той ажилд дуудагдсан. МЧ ороод депо дээрээс зааварчилгаа аваад зүтгүүрийг 18 цаг 00 минутад депогийн канал дотор хүлээж авсан. Хүлээж авахдаа эд анги болон ус тосны түвшин, элс зэргийг үзэж авсан. 18 цаг 55 минутад депогийн каналаас гараад Замын-Үүд 2-р өртөөн дээр очоод бүрэлдэхүүнд холбоод тоормос шалгаж дууссаны дараа 20 цаг 35 минутад Замын-Үүд 2 өртөөнөөс Эрээн хот чиглэл рүү хөдлөөд Монгол Улсын хил дээр 20 цаг 50 минут орчимд очсон. Зогсох үед цэрэг орж ирж шалгалтыг эхлүүлсэн. А кабины туслах тал буюу зүүн талаар шалгаад Б кабинд ороод тухайн эд зүйл байсан газар буюу машинч талын доод талын хөндий рүү шургаж ороод 3 боолттой хар ууттай зүйл гаргаж ирсэн. Тухайн үед юу гэж хэлэхээ мэдэхгүй учир миний шууд удирдах албан тушаалтан Г.Д байсан учир дуудаад ирье гээд явсан. Тухайн үед ийм л үйл явдал болсон...” гэсэн  мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н мөрдөн ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52.4 дүгээр зүйлд Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хоёр жилээс дээшгүй хугацаагаар нэвтрүүлнэ. Энэ хуулийн 52.3.1, 52.3.2-т заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгаж болно.Тухай соёлын өв болох эд зүйлүүд нь хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа бүтээгдэхүүн мөн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйл Түүх соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх 52.1-д Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл,эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор түүний хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрын зөвшөөрлөөр нэг жилээс дээшгүй хугацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ гэж заасан байгаа. Энэ нь тухайн үед олж аваад боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх түүх соёлын төвд хурлаар ороод түүх соёлын дурсгалт зүйл болохыг тодорхойлсон. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах зүйлсийг хуульчилж заасан байдаг. Хэрвээ тухайн эд зүйл хувь хүний өөрийн эд зүйл байх юм бол Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой байдаг. Хувь хүний эзэмшлийн биш түүх соёлын дурсгалт зүйл байх юм бол төрийн болон орон нутгийн соёлын байгууллагуудын өмч байхаас гадна, нийтийн өмч байхыг соёлын өвийн тухай хуулиар хамгаалсан байдаг. Хэрвээ хэн нэгэн эд зүйлийг гадаад улс руу гаргах хэрэгтэй болбол тусгайлсан журмын дагуу зөвшөөрөл аваад тухайн зөвшөөрлийнхөө дагуу 2 жил хүртэлх хугацаагаар гадагшаа гаргах эрхтэй. Гадагшаа гаргахад худалдаа наймаа хийх зориулалтаар гаргахыг хориглосон байдаг. Ер нь бол үзэсгэлэнд оруулах эсхүл сурталчилгааны зориулалтаар л гардаг. Нэгэнтээ энэ хураагдсан эд зүйл өөрөө соёлын өвийн ангилалд ордог. Түүх соёлын дурсгалт зүйл буюу түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл гэдэг нь хууль дээрээ яг адилхан утгатай байдаг. Соёлын өв нь хөдлөх болон үл хөдлөх гэж байгаа, үл хөдлөх гэдэг нь тухайн эд зүйл хөдлөх боломжгүй, дурсгал гэж явна. Хөдлөх дурсгалт зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл гээд яг адилхан утгатай. Ийм болохоор шинжээч нар түүх соёлын дурсгалт зүйл гэж тодорхойлсон... Хураагдсан зүйлсийг улсын орлого болгуулж, түүх соёлын дурсгалт зүйлийн музей юм уу соёлын байгууллагад шилжүүлж өгнө үү...” гэсэн  мэдүүлэг / 1-р хх-ийн 107-108,110/,

- Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 20:25 цагт тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байгаад зүтгүүрт үзлэг хийж байх явцад машинистын хянах самбарын доод хэсгээс 3 ширхэг хар ууттай скожидсон юм олсон... Тухайн хар ууттай эд зүйл дотор 2 ширхэг судар, 1 хүрд байсан. Тэгээд цааш нь гүнзгийрүүлсэн шалгалт хийх явцад 1 ширхэг хэнгэрэг гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47, 155-156/,

- Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр CKD4B-MR2304 дугаартай илчит тэргээр Замын-Үүд-Эрээн, Эрээн-Замын-Үүд чиглэлд- Монгол Улсын хилийг 2 удаа нэвтэрч, уг илчит тэрэг Хил болон Гаалийн байгууллагын хяналт шалгалтад 4 удаа хамрагдсан байх бөгөөд тухайн шалгалтын үеэр “Б” кабины хянах самбарын доод, моторын дээд хэсэгт хязгаарлагдсан эд зүйл болох 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд ,1 ширхэг хэнгэрэг зэргийг нуусан байсан газарт биечлэн хяналт шалгалт явуулсан. Тэр өдөр би 24 цагаар заставын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэрээт цэрэг Ж CKD4B-MR2304 дугаартай илчит тэрэгнээс 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд илрүүллээ гэсэн мэдээлэл аваад очиж газар дээр нь танилцаад илчит тэргэнд дахин гүнзгийрүүлсэн үзлэг хийлгэхэд 1 ширхэг хэнгэрэг шиг эд зүйл дахин илэрсэн сүүлд нь үзэхэд бурхны суурь ч юм шиг харагдсан. Удалгүй ангийн шуурхай жижүүрээс хошууч Т.Н Хилийн тагнуул, Гааль, Замын-Үүд Өртөөний дарга нар ирсэн...Тухайн үед манай томилгоо 20 цагаас хийгддэг. Тухайн гарч байгаа ээлжийн бүрэлдэхүүнээ 18 цагт хил хамгаалах тухай хууль, хилийн тухай дүрэм байдаг тэрнийхээ дагуу томилоод дараа өдрийн 20 цаг хүртэл ажиллах ёстой байдаг. Томилогдсон бүрэлдэхүүний гэрээт цэрэг жижүүрээ хүрээд ирээ асуудал боллоо гэсэн. Жижүүр очоод намайг дуудсан. Би яваад очиход тухайн вагоны зүтгүүрээс ийм эд зүйл гарч ирлээ гээд хар уутанд боосон зүйл гаргаж ирээд тавьсан байсан. Хаанаас гаргаж ирсэн бэ гэхэд яг эндээс гаргаж ирлээ гээд зааж өгсөн. Юу гэдэг нь мэдэгдэхгүй байна гэж байсан. Тухайн үед туслах машинист гээд залуу, эд зүйл гаргаж ирсэн гэрээт цэрэг, манай жижүүр нар байхад би өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд баримтжуулаад задалсан... Асуудал боллоо гээд тухайн галт тэргэнд шалгалт хийж байсан албан хаагч дуудахаар нь очиж би шалгасан юм. Тэгж шалгасны үндсэн дээрээс дахиад бурхны суурь ч юм уу тийм зүйл гарч ирсэн... Хилийн тухай хуулийг үндэслэж журам батлагдсан. Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, улсын хилээр хориглосон болон хязгаарласан эд зүйлс нууж болзошгүй орон зайд үзлэг хийнэ гэсэн байдаг... Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг шалгахад тэр тусмаа ачааны галт тэрэгний зүтгүүрт шалгалт хийж байгаа албан хаагч өөрөө дур мэдэн онгойлгож хаах асуудал байхгүй. Заавал машинист юм уу? туслах машинистыг байлгуулж байгаад энэ энийг үзье онгойлго гээд шалгадаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 197/,

- Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ний орой 20 цагийн үед байхаа галт тэрэг ирсэн. Тэгээд хилийн цэргийн байлдагчтай хамт орж үзлэг шалгалт хийхэд хар өнгийн ууттай 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд гарч ирсэн. Тэгээд хилийн цэргийн байлдагч эргүүлийн ахлах байцаагчаа дуудсан.Тэгээд цаашид үзлэг шалгалт хийхэд 1 ширхэг хэнгэрэг гарч ирсэн. Тэгээд хилийн цэргийн ангийн дарга хошууч А хойшлуулшгүй ажиллагаа хийсэн. Тэгээд депогийн даргыг дуудаж машинч, туслах машинч нарыг үлдээж өөр хоёр машинч, туслах машинч нарыг вагонд суулган цааш нь явуулсан...Зүтгүүр лүү ороод ил харагдах хэсэг моторын хэсэг, зай, хөндий үзэж болох юу байна бүгдийн үзнэ. Цувааны доод эд анги. Шалгахад бас тодорхой цагтай тэр цагт багтаагаад бүгдийг нь үзнэ... 24 цаг ажилласан. Манайх 08 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл ажилладаг... Хилийн цэргийн албан хаагч ороод илрүүлсэн. Би гадаа үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 133/,

- Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө ажлаас дуудсан. Тэгээд ажил дээр ирээд ажилд гарсан. Тэгээд тухайн илчит тэргийг Замын-Үүд 2 өртөөнөөс машинч Г-с илчит тэргийг хүлээж авсан. Тэгээд Г машинч наад илчит тэрэгний чинь түлш бага байгаа шүү түлшээ нэмээрэй гэж хэлсэн. Тэгээд байгаа бага түлшээ маршрутад дээрээ оруулан хүлээн авч хүлээлцсэн. Тэгээд 7814 дүгээр галт тэргээр Замын-Үүд-Эрээн чиглэлд 07 цаг 40 минутын аялалд гарсан. Тэгээд эхний орж ирсэн 7807 дугаартай хоосон галт тэргээр орж ирсэн. Тэгээд Замын-Үүд 2 өртөөнд дахиад 2 дахь ачаанд орсон. Тэгээд өдөр Замын-Үүд-Эрээн чиглэлд 7818 дугаар галт тэргээр 2 дахь удаагаа Эрээн хот орсон. Тэгээд Эрээн-Замын-Үүдийн чиглэлийн 685 дугаар галт тэргээр орж ирсэн. Тэгээд Монгол Улсын гааль, шалган, Хятад улсын гааль, шалганаар нийт 8 удаа 2304 дугаартай илчит тэргийг шалгуулан Замын-Үүд 1 өртөөнд очсон. Тэгээд миний ажиллах цаг дууссан тул дараагийн Д машинчийн бригад ирж илчит тэргийг хүлээн авсан. Тухайн үед хүлээлгэн өгөхөд ямар нэгэн зүйл гарч ирээгүй болно. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2304 дугаартай илчит тэргийг туслах машинч Г бид хоёр хүлээж авахад янз бүрийн эд зүйл байхгүй байсан. Бид хоёр тухайн өдөр 2 удаа улсын хилээр гарсан. Тухайн үед Монгол улсын гааль, шалган нэвтрүүлэх, БНХАУ-ын гааль, шалган нэвтрүүлэхээр 8 удаа шалгуулахад ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142/,

- Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цагт ажлаас дуудсан. Тэгээд ажил дээр ирээд ажилд гарсан. Тэгээд тухайн илчит тэргийг Замын-Үүд 2 өртөөнөөс машинч Г, туслах машинч У-с илчит тэргийг хүлээж авсан. Тэгээд Г машинч наад илчит тэрэгний чинь түлш бага байгаа шүү түлшээ нэмээрэй гэж хэлсэн. Тэгээд байгаа бага түлшээ маршрутан дээрээ оруулан хүлээн авч хүлээлцсэн. Тэгээд 7814 дугаар галт тэргээр Замын-Үүд-Эрээн чиглэлд 07 цаг 40 минутад аялалд гарсан. Тэгээд эхний орж ирсэн 7807 дугаартай хоосон галт тэргээр орж ирсэн. Тэгээд Замын-Үүд 2 өртөөнд дахиад 2 дахь удаагаа Эрээн хот орсон. Тэгээд Эрээн-Замын-Үүд чиглэлийн 685 дугаар галт тэргээр орж ирсэн. Тэгээд Монгол улсын гааль, шалган, Хятад улсын гааль, шалганаар нийт 8 удаа 2304 дугаартай илчит тэргийг шалгуулан Замын-Үүд өртөөн дээр очсон. Тэгээд бид хоёрын ажиллах цаг дууссан тул дараагийн Д машинчийн бригад ирж илчит тэргийг хүлээн авсан. 2304 дугаартай илчит тэргийг машинч Д, туслах машинч Д нарт хүлээлгэн өгсөн. Д саарал өнгийн үүргэвчтэй цүнхтэй ирсэн. Харин Д нь жижиг хүрэн цүнхтэй ирсэн. Тухайн үед хүлээлгэн өгөхөд ямар нэгэн зүйл гарч ирээгүй болно. Бид хоёр тухайн өдөр 2 удаа улсын хилээр гарсан. Тухайн үед Монгол улсын гааль, шалган нэвтрүүлэх, БНХАУ-ын гааль, шалган нэвтрүүлэхээр 8 удаа шалгуулахад ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 149/,

- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн галт тэргийг Монгол Улсын хилээр гарах гэж байхад нь орж үзлэг шалгалт хийхэд илэрсэн зөрчил дутагдал байхгүй байсан. Мөн Монгол Улсын хилээр буцаж орж ирэхэд  нь үзлэг шалгалт хийхэд зөрчил дутагдал гарч ирээгүй. Машинчийн хяналтын самбар болох пүүлтний доогуур орж үзсэн, мотор, агаар шүүгч, шалавч шал нарыг бүгдийг нь үзсэн. Тэгэхэд ямар нэгэн эд зүйл байхгүй байсан. Би шалгасан цагийг сайн санахгүй байна... Хамгийн түрүүнд вагоны хянах хэсгийг үзээд юм хийж болзошгүй газрыг үзнэ, сул газар байна уу үзээд буцаж хойшоо яваад тусдаа бас өрөө байдаг тэрний дээгүүр доогуур хараад том моторын ойр хавийг үзээд хойшоо яваад нөгөө талаар нь тойроод бууна. 3 хүний бүрэлдэхүүнтэй гардаг юм. Нөгөө 2 дээрээ очоод нүүрсээ шалгадаг... Гаалийн байцаагч эхэлж ороод дээгүүр доогуур үзээд би араас нь дагаад явдаг. Хянах самбарын доор хөндлөн хаалга байгаа тэрний баруун зүүн талд нь нэг нэг хаалга байдаг, тэрийг татангуут дээгүүр доогуур явсан утаснууд байдаг. Тэрний хажуу тал руу нь ордог. Хүн бүтнээрээ орж багтдаггүй юм. Цээж хэсэг ч бараг орохгүй. Тэр хэсгээр хараад гараад, шил арчигч байдаг жижиг зай энээ тэрийг шалгаад тэгээд явдаг...” гэсэн мэдүүлэг /1-х хх-ийн 158/,

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн галт тэргэнд түлш зэхсэн. Тухайн үед машинч Д, туслах машинч Д нар нь ээлжээ хүлээж авч байсан. Тухайн галт тэрэгнээс эд зүйл гарч ирсэн гэж маргааш нь сонссон...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162/,

- Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой байхаа цагийг нь сайн санахгүй байна. Шалгалт хамгаалалтын заставаас улсын хилээр хориглосон хязгаарласан эд зүйл илрүүллээ гэж мэдээ өгсөн. Үүний дагуу Хилийн 0108 дугаар ангиас миний бие өөрөө очиж үзлэг шалгалт хийсэн. Очиход 2 судар, 1 хүрд илрүүлчихсэн байсан. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалтаар дахиад 1 хэнгэрэг илэрч гарч ирсэн. Тэгээд газар дээр нь баримтжуулан шалгаад 2 машинчийг үлдээгээд өөр 2 машинчийг дуудан ирүүлж 7804 дугаар гэсэн вагоныг цааш нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 165/,

- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тийм эд зүйл гарч ирсэн гэж сураг сонссон. Тухайн үед би Улаанбаатар хотод албан ажилтай явж байсан. Зүтгүүрийн депогийн 1 дүгээр каналд камерын хяналт байгаа боловч яг харах тусгал нь талбай руу харж байгаа. Бид нар камерын бичлэгийг шалгаж үзсэн. Тухайн камер дээр сэжигтэй зүйл харагдаагүй...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 172/,

- Гэрч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдрийн камерыг шүүх гэхэд камерын тохиргоог алдагдуулчихсан байсан учраас бичлэг хийгдээгүй байсан...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 176/,

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Зүтгүүрийн кабинд гадны хүн нэвтрэх эрхгүй, хориглодог. Огт оруулж болохгүй. Кабинд машинч, туслах машинчаас гадна тухайн үед ажиллаж байсан төмөр замын технологит ажил хийж байгаа хүмүүс зүтгүүрийн кабинд ямар нэг зөвшөөрөлгүйгээр орно. Технологит ажилгүй үед төмөр замын ажилтан байсан ч сэлгүүцэж зүтгүүрт орохыг хориглодог. Технологит ажилтай хүмүүс гэж өртөөний туслах жижүүр, вагон үзэгч, цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харуул гэх хүмүүсийг хэлнэ. Бас депогийн дарга, зааварлагч машинч, ахлах жижүүр, засварын инженер, техникчид, эргүүл шалгалт хийж буй төмөр замын удирдах ажилтнууд бас зүтгүүрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхтэй байдаг. Монгол улсын хил дээр бол хилийн хяналт шалгалтын бүх албаны тухайн үед албан ажилд гарч байгаа хүмүүс зүтгүүрт нэвтэрч шалгалт хийдэг. Зүтгүүрийг эзэнгүй орхихыг хориглодог ба өртөөний зам дээр машинч, туслах машинч 2-ын аль нэг нь заавал хянаж байх ёстой. Депогийн зам дээр бол зүтгүүрийг зогсоох мэдлэгтэй хүн байвал орхиж явж болно. Депо дотор засвар хийлгэхээр байрлуулсан үед зүтгүүрийг машинч, туслах машинч орхих ба энэ үед үйлчилгээ хийж буй депогийн бүх ажилтнууд орох боломжтой...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 187/,

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны 21 цаг 35 минутын үед манай шалгалт хамгаалалтын заставын эрүүл гарах чиглэлийн зүтгүүрээс 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд, 1 ширхэг хэнгэрэг илүүлсэн талаар мэдээ өгсөн. Үүний дагуу тухайн газарт очиж шалгалт явуулсан. Шалгалтыг явуулахдаа тагнуул болон гаалийн байгууллагатай хамтран тухайн эд зүйл гарсан гэх зүтгүүрт нарийвчилсан шалгалтыг явуулахад дээрх зүйлээс өөр юм огт илрээгүй. Тухайн асуудлыг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин байлдагч Ц.Ж болон гэрээт хилчин О нар үзлэг шалгалт хийх явцдаа илрүүлсэн байсан. Тухайн 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд, 1 ширхэг хэнгэрэг зэргийг зүтгүүрийн “Б” кабины хянахын доод талд нуусан байсан. Ингээд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад тухайн зүтгүүрийг жолоодон явсан машинч болон туслах машинч нарыг буулгаад мэдүүлгийг аваад прокурорын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-190/,

- Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Д нь 2005 онд намайг УБТЗ-н Зүтгүүрийн вагон депогийн сургалтын төвд багшилж байхад туслах машинчаар сурч байсан, танина, өөр ямар нэгэн холбоо байхгүй. Д-г танихгүй. Галт тэрэгний зүтгүүрийг машинч, туслах машинч нар хүлээлцдэг. Илчит тэрэгний эд аж ахуй, багаж, төхөөрөмж, түлш, ус, тосыг хүлээлцдэг. Хүлээлцэх талаар нарийвчлан заасан дүрэм, журам байхгүй, ерөнхийд нь зүтгүүрийг хүлээлцэнэ гэж заасан байдаг. Галт тэрэгний зүтгүүрт депо дээр бол засварчид, түгээгч, зүтгүүрийн бригад нэвтрэх эрхтэй. Хэрхэн нэвтрэх талаар заасан зүйл байдаггүй. Депогоос гараад өртөөнд байрласан зүтгүүрт тусгай зөвшөөрөлтэй хүн ордог, зүтгүүрийг хүлээн авсан зүтгүүрийн бригад буюу машинч, туслах машинч хоёр зүтгүүрийг хариуцна. Түлш зэхэж байх үед ээлж хүлээлцэх боломжтой. Ээлж хүлээлцсэнээс хойш зүтгүүрийн бригад буюу, машинч, туслах машинч нар зүтгүүрийг хариуцдаг. Депогоос аялалд гарснаас хойш тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 192/,

- Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Зааварлагч машинч нь 3 сар тутам галт тэрэг жолоодох эрхийн сунгадаг. Дээрх өдөр бол ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Илчит тэрэгний түлш, тос, ус зэxэлт хийдэг бүх зүйлийн нүдээр харж хүлээлцсэний үндэс нь дээр илчит тэргийг хүлээн авч өгөлцдөг. Депо дээр илчит галт тэргийг хүлээлцсэн тохиолдолд халаагч машинч гэж ажилтан маань хүлээлцдэг байгаа. Бусад тохиолдолд машинч, туслах машинч нар хоорондоо солилцоод явдаг байгаа. Ер нь бол тийм машинч, туслах машинч 2-той тохиролцож ярилцсаны үндсэн дээр л гаргана л даа. Тэгээд хараар бодоход хаана ямар эд зүйлийг нуусныг нь мэдэж байгаа урагшаа гаргах гэж байгаа эд зүйлийн хаана байгааг мэдэж байгаа болон нөгөө хүнд нь гаргаж өгөх байxалдаа. Тийм учраас машинч, туслах машинч 2 л сайн мэдэж байгаа...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 203/,

- Шинжээчийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2 боодол судар, 1 ширхэг мандлын суурь зэрэг нь  түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна. 1 ширхэг хүрд нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй.

2. Ирүүлсэн эд зүйлийн гарал үүсэл, уламжлагдсан түүх, өмчлөгч эзэмшигчийн талаарх мэдээлэл байхгүй, эд зүйл дээр холбогдох он цагийг илэрхийлэх шинж тэмдэг байхгүй тул эд зүйлсийн хийсэн арга барил, материал, элэгдэл зэргийг шинжлэн бүтээгдсэн цаг хугацааг ойролцоогоор тогтоов. 2 боодол судар, 1 ширхэг мандлын суурь зэргийг бүтээсэн цаг хугацаа нь 19 дүгээр зууны сүүлч үед хамаарна. 1 ширхэг хүрд нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй тул бүтээгдсэн цаг хугацааг тодорхойлох нь Мэргэжлийн зөвлөлийн ажилд хамаарахгүй.

3. Түүх, соёлын дурсгалт зүйл болох 2 боодол судар, 1 ширхэг мандлын суурь нь түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалын зэрэглэлд хамаарахгүй. 1 ширхэг хүрд нь  түүх, соёлын дурсгалт зүйл биш тул бүтээгдсэн зэрэглэлийн асуудал хэлэлцэхгүй.

4. Түүх, соёлын дурсгалт зүйл болох “Дэмчигийн жүдийн Их Егүзэрийн үндэсний хаан” “Дэмчигийн язгуур үндэс” нэртэй судрын  үнэ тус бүр 3,420,000 төгрөг, 1 ширхэг  мандлын суурийн үнэ 1,600,000 төгрөг...”  гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 196-197/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 74-80, 85-101/,

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 15-18/,

- Г.Д-н оршин суугаа хаягийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 42-45/,

- Д.Д-н оршин суугаа хаягийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 59-61/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д, Д.Д нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Д, Д.Д нарыг түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 78-04 дугаартай галт тэргийг Замын-Үүдээс Эрээний чиглэлд явахаар Э, Г нараас хүлээж аваад Монгол Улсын хил дээр ирэхэд хилийн цэрэг шалгасан бөгөөд галт тэрэгний Б кабины хянах самбар доороос 2 боодол судар, хүрд гарч ирсэн, гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд мандлын суурь гарч ирсэн үйл баримт болсон байна.

Шинжээчийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр илчит тэрэгнээс гарч ирсэн эд зүйл болох 2 боодол судар нь Дэмчигийн жүдийн Их Егүзэрийн үндэсний хаан” “Дэмчигийн язгуур үндэс” нэртэй судар гэх бөгөөд 2 боодол судар, мандлын суурь нь 19 дүгээр зууны сүүлч үеэр бүтээгдсэн түүх, соёлын дурсгалт зүйл болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь  түүх, соёлын дурсгалт хөдлөх  зүйл болох 2 боодол судар, мандлын суурь,  хүрд  зэргийг улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  гэрч Ц.Ж “...Би 2017 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 20:25 цагт тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байгаад зүтгүүрт үзлэг хийж байх явцад машинистын хянах самбарын доод хэсгээс 3 ширхэг хар ууттай скочидсон юм олсон...” гэсэн, гэрч Д.А “...Хил болон Гаалийн байгууллагын хяналт шалгалтад 4 удаа хамрагдсан байх бөгөөд тухайн шалгалтын үеэр “Б” кабины хянах самбарын доод, моторын дээд хэсэгт хязгаарлагдсан эд зүйл болох 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд ,1 ширхэг хэнгэрэг зэргийг нуусан байсан газарт биечлэн хяналт шалгалт явуулсан. Тэр өдөр би 24 цагаар заставын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэрээт цэрэг Ж CKD4B-MR2304 дугаартай илчит тэрэгнээс 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд илрүүллээ гэсэн мэдээлэл аваад очиж газар дээр нь танилцаад илчит тэргэнд дахин гүнзгийрүүлсэн үзлэг хийлгэхэд 1 ширхэг хэнгэрэг шиг эд зүйл дахин илэрсэн сүүлд нь үзэхэд бурхны суурь ч юм шиг харагдсан...” гэсэн, гэрч Ц.Х “...2017 оны 10 дугаар сарын 16-ний орой 20 цагийн үед байхаа галт тэрэг ирсэн...Тэгээд хилийн цэргийн байлдагчтай хамт орж үзлэг шалгалт хийхэд хар өнгийн ууттай 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд гарч ирсэн. Тэгээд хилийн цэргийн байлдагч эргүүлийн ахлах байцаагчаа дуудсан. Тэгээд цаашид үзлэг шалгалт хийхэд 1 ширхэг хэнгэрэг гарч ирсэн...” гэсэн, гэрч М.Э “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө ажлаас дуудсан...Тухайн үед хүлээлгэн өгөхөд ямар нэгэн зүйл гарч ирээгүй болно. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2304 дугаартай илчит тэргийг туслах машинч Г бид хоёр хүлээж авахад янз бүрийн эд зүйл байхгүй байсан. Бид хоёр тухайн өдөр 2 удаа улсын хилээр гарсан. Тухайн үед Монгол улсын гааль, шалган нэвтрүүлэх, БНХАУ-ын гааль, шалган нэвтрүүлэхээр 8 удаа шалгуулахад ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй болно...” гэсэн, гэрч А.Г “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цагт ажлаас дуудсан. Тэгээд бид хоёрын ажиллах цаг дууссан тул дараагийн Д машинчийн бригад ирж илчит тэргийг хүлээн авсан. 2304 дугаартай илчит тэргийг машинч Д, туслах машинч Д нарт хүлээлгэн өгсөн... Тухайн үед хүлээлгэн өгөхөд ямар нэгэн зүйл гарч ирээгүй болно. Бид хоёр тухайн өдөр 2 удаа улсын хилээр гарсан. Тухайн үед Монгол Улсын гааль, шалган нэвтрүүлэх, БНХАУ-ын гааль, шалган нэвтрүүлэхээр 8 удаа шалгуулахад ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй болно...” гэсэн, гэрч М.О “...Би тухайн галт тэргийг Монгол Улсын хилээр гарах гэж байхад нь орж үзлэг шалгалт хийхэд илэрсэн зөрчил дутагдал байхгүй байсан. Мөн Монгол Улсын хилээр буцаж орж ирэхэд  нь үзлэг шалгалт хийхэд зөрчил дутагдал гарч ирээгүй. Машинчийн хяналтын самбар болох пүүлтний доогуур орж үзсэн мотор үзсэн, агаар шүүгч, шалавч шал нарыг бүгдийг нь үзсэн. Тэгэхэд ямар нэгэн эд зүйл байхгүй байсан...” гэсэн, гэрч Э.Э “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн галт тэргэнд түлш зэхсэн. Тухайн үед машинч Д, туслах машинч Д нар нь ээлжээ хүлээж авч байсан. Тухайн галт тэрэгнээс эд зүйл гарч ирсэн гэж маргааш нь сонссон...”  гэсэн, гэрч Т.Н “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой байхаа цагийг нь сайн санахгүй байна. Шалгалт хамгаалалтын заставаас улсын хилээр хориглосон хязгаарласан эд зүйл илрүүллээ гэж мэдээ өгсөн. Үүний дагуу Хилийн 0108 дугаар ангиас миний бие өөрөө очиж үзлэг шалгалт хийсэн. Очиход 2 судар, 1 хүрд илрүүлчихсэн байсан. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалтаар дахиад 1 хэнгэрэг илэрч гарч ирсэн. Тэгээд газар дээр нь баримтжуулан шалгаад 2 машинчийг үлдээгээд өөр 2 машинчийг дуудан ирүүлж 7804 дугаар гэсэн вагоныг цааш нь явуулсан...” гэсэн, гэрч Г.Г “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тийм эд зүйл гарч ирсэн гэж сураг сонссон. Тухайн үед би Улаанбаатар хотод албан ажилтай явж байсан. Зүтгүүрийн депогийн 1 дүгээр каналд камерийн хяналт байгаа боловч яг харах тусгал нь талбай руу харж байгаа. Бид нар камерын бичлэгийг шалгаж үзсэн. Тухайн камер дээр сэжигтэй зүйл харагдаагүй...”  гэсэн, гэрч Б.У “...Зүтгүүрийн кабинд гадны хүн нэвтрэх эрхгүй, хориглодог. Огт оруулж болохгүй. Кабинд машинч, туслах машинчаас гадна тухайн үед ажиллаж байсан төмөр замын технологит ажил хийж байгаа хүмүүс зүтгүүрийн кабинд ямар нэг зөвшөөрөлгүйгээр орно. Технологит ажилгүй үед төмөр замын ажилтан байсан ч сэлгүүцэж зүтгүүрт орохыг хориглодог...”  гэсэн, гэрч М.Б “...2019 оны 10 дугаар сарын 16-ны 21 цаг 35 минутын үед манай шалгалт хамгаалалтын заставын эрүүл гарах чиглэлийн зүтгүүрээс 2 ширхэг судар, 1 ширхэг хүрд, 1 ширхэг хэнгэрэг илүүлсэн талаар мэдээ өгсөн. Үүний дагуу тухайн газарт очиж шалгалт явуулсан. Шалгалтыг явуулахдаа тагнуул болон гаалийн байгууллагатай хамтран тухайн эд зүйл гарсан гэх зүтгүүрт нарийвчилсан шалгалтыг явуулахад дээрх зүйлээс өөр юм огт илрээгүй... гэсэн, гэрч Д.М “...Галт тэрэгний зүтгүүрийг машинч, туслах машинч нар хүлээлцдэг. Илчит тэрэгний эд аж ахуй, багаж, төхөөрөмж, түлш, ус, тосыг хүлээлцдэг. Хүлээлцэх талаар нарийвчлан заасан дүрэм, журам байхгүй, ерөнхийд нь зүтгүүрийг хүлээлцэнэ гэж заасан байдаг. Галт тэрэгний зүтгүүрт депо дээр бол засварчид, түгээгч, зүтгүүрийн бригад нэвтрэх эрхтэй. Хэрхэн нэвтрэх талаар заасан зүйл байдаггүй. Депогоос гараад өртөөнд байрласан зүтгүүрт тусгай зөвшөөрөлтэй хүн ордог, зүтгүүрийг хүлээн авсан зүтгүүрийн бригад буюу машинч, туслах машинч хоёр зүтгүүрийг хариуцна. Түлш зэхэж байх үед ээлж хүлээлцэх боломжтой. Ээлж хүлээлцсэнээс хойш зүтгүүрийн бригад буюу, машинч, туслах машинч нар зүтгүүрийг хариуцдаг. Депогоос аялалд гарснаас хойш тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй...”  гэсэн, гэрч Ж.Г “...Зааварлагч машинч нь 3 сар тутам галт тэрэг жолоодох эрхийн сунгадаг. Дээрх өдөр бол ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Илчит тэрэгний түлш, тос, ус зэxэлт хийдэг бүх зүйлийн нүдээр харж хүлээлцсэний үндсэн дээр илчит тэргийг хүлээн авч өгөлцдөг. Депо дээр илчит галт тэргийг хүлээлцсэн тохиолдолд халаагч машинч гэж ажилтан маань хүлээлцдэг байгаа. Бусад тохиолдолд машинч, туслах машинч нар хоорондоо солилцоод явдаг байгаа...”  гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг түүх, соёлын хөдлөх  дурсгалт зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь “...уг хэрэгт бид хоёр ямар ч хамааралгүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1.2-т заасан  гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй...” байна гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд тэдний үйлдсэн хэргийг бусад нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн илчит тэрэг хэрэг гарсан өдөр 2 удаа Эрээн, Замын-Үүд хоёрын хооронд явж Монгол Улсын болон Хятад улсын гаалийн шалгалтаар 8 удаа орж шалгуулсан,  мөн шүүгдэгч нар нь илчит тэргийг хүлээж авснаас хойш өөр хүн илчит тэрэгэнд орж ирээгүй гэж өөрсдөө мэдүүлдэг бөгөөд гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан судлахад нэг, нэгнээ нотолсон, зөрүүгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар санал гаргасныг шүүх гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тус бүрдээ 3,420,000 төгрөгний үнэтэй боодолтой судар 2 ширхэг, 1,600,000 төгрөгний үнэтэй мандлын суурь 1 ширхэг, хүрд 1 ширхэг  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн газарт шилжүүлж, 3 ширхэг сдийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.Д, Б овогт Д.Д нарыг бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Г.Д, Б овогт Д.Д нарыг тус бүр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Д.Д нарт тус бүр оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон гурван жилийн хугацаанд биелүүлээгүй бол  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тус бүрдээ 3,420,000 төгрөгний үнэтэй боодолтой судар 2 ширхэг, 1,600,000 төгрөгийн үнэтэй мандлын суурь 1 ширхэг, хүрд 1 ширхэг  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн газарт шилжүүлж, 3 ширхэг сдийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Н