Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

 

 

 

2021           05          24                                         2021/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Ц.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-т холбогдох эрүүгийн 2119000000083 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Чүрэмзааны 1-9-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Ц-ийн О /РД:ЕМ77050595/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Ц.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.У-г байнга буюу 2021 оны 01 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Тугч Доржийн 2-3 тоот төрсөн эцэг Гэлэгсамдангийн гэрт байхад нь толгойн дээр дэвсэж, гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон, 2021 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Чүрэмзааны 1-5 тоот иргэн М.Адъяагийн гэрт байхад нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон, 2021 оны 04 сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн  нутагт сумын төвөөс урагш 3-4 км газарт аваачин үсдэж, шилэн хүзүү, цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохисон, нүүр рүү алгадсан, боолт чангалдаг том түлхүүрээр зүүн гарын шуу хэсэгт цохисон, улаан өнгийн нарийхан цахилгааны утас болон хувцсаар нь хоолойг нь боосон зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 сарын 28-нд эхнэрээ хадмындаа байхад нь маргалдаж цохисон. Нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. 2021 оны 02 сарын 01-нд эхнэр маань өөр 2 хүүхэнтэй архи уусан байсан. Тэгээд бид 2 маргалдаж, нүүрэнд нь 1 удаа цохисон. Тэгээд 2021 оны 04 сарын 11-нд эхнэр гэртээ очихгүй байхаар нь ажил дээр нь очсон, байхгүй байсан. Эрж явж байгаад ажил дээр нь очиход ирчихсэн байсан. Тэгээд бид 2 маргалдан колонкийн урд очоод нүүр цээжин тус газар нь цохисон. Бид уг нь эвтэй амьдарч байсан. Өнгөрдөг намраас хойш л тэр Намуунцэцэг гэдэг хүүхэнтэй нийлснээс хойш л архины хамааралтай болсон. Тухайн үед биеэ барьж чадахгүй уурлаж эхнэрээ зодсон. Хэргийн хувьд маргахгүй. Маш сайн ойлгож ухаарч байгаа. Зүйлчлэлийг зөвшөөрнө. Дахин ийм алдаа гаргахгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Ц.О-тай 2000 онд танилцаад 2004 онд анхны хүүхэд гарч тэр үед гэр бүлээ хууль ёсны дагуу батлуулсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. 2021 оны 01 сарын 31-ний орой ажил дээрээсээ аав, ээжийн гэрт очсон. Тэгтэл орой 20 цагийн үед манай нөхөр Ц.О эрүүл ирээд гэртээ харъя гэхээр нь чи гэртээ очоод хэл ам хийгээд байдаг юм чинь би харихгүй гэсэн. Би унтлагын өрөөнд намхан орон дээр хэвтэж байсан. Тухайн үед өрөөнд манай нөхөр бид хоёр байсан. Ээж аав том өрөөнд зурагт үзэж байсан. Тэгтэл манай нөхөр миний толгой дээрээс дэвссэн. ...миний нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. ...Дараа нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр би ажилтай байсан. Тэгээд ажил дээрээ тайлангаа нийлж дуусаад ээлжээсээ буугаад Адъяа даргын гэрт бичиг хүргэж очоод гарах гэж байтал араас манай нөхөр Отгонбаатар орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гэхээр нь Адъяа дарга дуудсан юм гэхэд чи ямар дуудлагын хүүхэн юм уу гээд миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...Дараа нь 2021 оны 04 сарын 11-ний өдрийн 18:30 минутын орчимд би ажил дээр юм хийж байтал манай нөхөр ажил дээр ирээд хүн мал аваад ирсэн гэрт очоод гэдэс арилгаад өг гэхээр нь өөрийн машин болох 18-88 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь суугаад явтал сумаас урагшаа 3-4 км авч яваад хээр очиж зогсоод үсдэж аваад гараа зангидаж байгаад шилэн хүзүү, цээж хэсэгт болон элэг хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд нүүр хэсэгт хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд боолт чангалдаг том түлхүүрээр зүүн гарын бугалга хэсэгт нэг удаа цохисон. Бас нэг мотоциклын амортизатор гэхээр төмрөөр зүүн хөлийн гуяны дотор талд нэг удаа цохисон. Тэгээд машин дотор урд 2 суудлын голд улаан өнгийн нарийхан цахилгааны утас байсныг аваад миний хоолойгоор сулхан ороосон. Тэгээд уг утсаа авч хаяад куртикны захаар хоолой боосон. ...Тухайн үедээ зүүн, баруун нүд, зүүн, баруун бугалга, зүүн гуяны дотор талд хөхөрсөн байсан. Би О-аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 70 ху/,

-Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 02 сарын 02-ны өдөр Ундармаа эгчтэй таарах үед нүд нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад Отгонбаатар намайг 2021 оны 01 сарын 31-ний өдөр аав, ээжийнхээ гэрт байхад очиж муудалцаад, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Адъяа даргын гэрт байх үед зүүн нүд хэсэгт нь гараараа цохисон гээд, зүүн нүд нь тойроод хөхөрсөн байсан. Зүүн нүдний доод хэсэгт хавдсан байсан. Сүүлд 2021 оны 04 сарын 11-ний өдөр авч яваад хөдөө гаргаж зодсон гээд баруун нүд нь хөхөрсөн, цээж хэсэгт нь хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 72-73 ху/,

-Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед манай нөхөр намайг хөдөө гаргаж байгаад зодсон гээд ирсэн. Ирэх үедээ айсан, сандарсан байдалтай ирсэн. Уг хүнийг үзэхэд толгой өвдөнө гэх баруун нүд хөхөрсөн, зүүн нүдний доор хуучин хөхрөлттэй, зүүн, баруун бугалга орчим хөхөрсөн, шилэн хүзүү өвдөнө, зүүн гуяны дотор тал нэлээн том хөхөрсөн. Цээж хэсэгт хөхөрсөн байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 75 ху/,

-Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 02 сарын 01-ний өдөр Г.Ундармаа утсаар би Адъяа даргын гэрт байна, та хүрээд ирээч гэж ярьсан. Намайг Адъяа даргын гэрт очих үед гэрийн эзэн А, О, У нар хамт байсан. Орох үед У-гийн зүүн талын нүд хөхөрсөн байдалтай, гараараа нүдээ дарсан байсан. Би тэгээд яасан юм бэ гэж асуухад Отгонбаатар миний нүд рүү цохисон гэхээр нь би От чи зоддог нь яаж байгаа юм бэ гэхэд О юм дуугарахгүй байсан. Яваад очих үед машинд У, О нар сууж байсан. Би очоод хаагуур явсан юм бэ гэж О-аас асуухад Отгонбаатар хаагуур ч яваагүй гэж хэлсэн. Тэгтэл Ундармаа машинаас буугаад гүйгээд миний машинд суусан. У-г аав, ээжийнх нь гэрт хүргэж өгөөд юу болсон талаар асуухад О хөдөө гаргаж байгаад миний хоолойг боосон, элэг хэсэг цохисон, ална гэж дарамталсан гэж хэлсэн. Би бас баруун гар жаахан хөндүүр байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 77-78 ху/,

-Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...О миний охин Г.У-г зодох гээд дайраад байхаар нь би О-ыг хориглоод зогссон. Тэгтэл О миний охин Ундармаагийн нүүрэн дундуур нь гараараа нэг удаа цохиод авсан. Ундармаа, О миний толгой дээр дэвссэн гэж хэлж байсан. 2021 оны 02 сарын 01-ний өдөр нөхөр зодсон гээд зүүн нүд нь хөх болсон байдалтай ирсэн. 2021 оны 04 сарын 11-ний өдөр нөхөр намайг зодоод гэж уйлаад Дэлгэр ах нь дагуулаад ирсэн гэсэн мэдүүлэг /хх 80-81 ху/,

-Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 01 сарын сүүлээр манай гэрт муудах үед толгой дээрээс дэвссэн гэж Ундармаа хэлж байсан. Дараа нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр О намайг цохисон гээд Ундармаагийн зүүн нүд нэлээн том хөхөрсөн ирсэн. 2021 оны 04 сарын 11-ний өдөр нөхөр намайг зодоод гээд уйлаад Дэлгэр ах нь дагуулаад ирсэн гэсэн мэдүүлэг /хх 89-90 ху/,

-Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ундармаа бичиг гэрт авчирч удаагүй байж байтал Ундармаагийн нөхөр болох Отгонбаатар орж ирсэн. Отгонбаатар Ундармааг чи энд юу хийж яваа юм бэ утсаа авахгүй байх юм, гэр рүүгээ харъя гэсэн. Гэтэл У байж бай гэтэл О У-ийн хувцаснаас барьж аваад явъя гээд татахаар нь би та хоёр яагаад байгаа юм бэ гээд дундуур нь ороод гарыг нь тавиулах гэтэл О У-г нүүр хэсэгт нь нэг цохисон. Гэтэл Ундармаа нүүрээ дараад тонгойгоод суусан гэсэн мэдүүлэг /хх 96-97 ху/,

-Яллагдагч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2021 оны 01 дүгээр сарын 28-ний билүү 29-ний өдрөө санахгүй байна. Хадмын гэрт очтол эхнэр Ундармаа согтуу ор засаад хэвтэж байсан. Тэгэхээр нь харихгүй юм уу, үр хүүхдүүддээ хоол, цай хийж өгдөггүй юм уу, ямар арчаагаа алдсан пизда вэ гээд элдвээр хэлсэн. Тэгээд хоорондоо муудалцаад байж байтал бид хоёр өөд өөдөөсөө чанга орилоод, хашхираад элдвээр харааж байтал нөгөө өрөөнөөс хадам аав орж ирээд бид хоёрын дундуур орж ирж болиулсан. Би уур хүрээд Ундармаа руу дайрч байгаад гараараа нэг удаа алгадсан. ...Маргааш өглөө нь буюу 2021 оны 02 сарын 01-ний өдөр Адъяа даргын гэрт очих үед У нэлээн согтуу том өрөөнд орон дээр нь сууж байсан. Би У-г чи юу хийж байгаа юм бэ гэж асуух үед дарга дуудаад гэхээр нь наад дарга чинь албан өрөөндөө дуудаж болдоггүй юм уу, чи ямар дуудлагын хүүхэн юм уу гээд хэрэлдэж маргалдах үед У өөдөөс босож ирсэн. Тэгтэл А дарга дундуур орж ирсэн. Би У-ийн нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...Дараа нь 2021 оны 04 сарын 11-ний өдөр би хүнээс мал худалдаж авч хүнээр янзлуулаад гэдсийг нь арилгуулах зорилгоор эхнэрийн ажил дээр Ундармааг хайж очсон. Ажил дээр нь очоод Намуунцэцэгээс би ажил дээр чинь орж үзнэ. Хаалга нээ гээд орох үед Ундармаа Адъяа даргынхаа өрөөнд ороод хаалганы ард нуугдаж зогсоод байсан. Тэгээд би Ундармааг машинд суулгаад урд колонкоос урагшаа хээр гараад бид хоёр машин дотор хэрэлдсэн. Би Ундармааг заамдаж авсан. Хацар руу нэг удаа алгадсан. Уурандаа ална гэж хэлсэн. Тэгээд би гараа зангидаж байгаад зүүн гуяны дотор талд хоёр удаа цохисон. Уур хүрсэн байсан учраас өөрийгөө хянах чадвараа алдаад боолт чангалдаг түлхүүрээр зүүн болон баруун бугалга хэсэгт цохисон. Би эхнэр Ундармааг цохиж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 63-64 ху/,

-Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Г.Ундармаагийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох үзлэгийг эмнэлгийн бичиг баримт буюу 2021 оны 04 сарын 12-ны яаралтай тусламжийн хуудсыг шинжлэн судалж дүгнэлтийг гаргасан. ...баруун нүд орчим хөхөрсөн, баруун, зүүн гарын бугалга орчим хэсэг хөхрөлттэй, зүүн гуянд хөхрөлттэй гэж тусгасан байсан. Үүнийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Эмнэлгийн бичиг баримтад иргэн Г.Ундармаагийн биед учирсан гэмтлийн хэмжээ тодорхой байсан. Иймд тухайн иргэний биед учирсан баруун нүд орчим хөхөрсөн, баруун, зүүн гарын бугалга орчим хэсэг хөхрөлттэй, зүүн гуянд хөхрөлттэй гэж тусгасан байсан гэмтэл нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү хэмжээнд хүрэх боломжгүй байна гэж үзэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн иргэний алганы хэмжээ юм. Хэрэв энэ хэмжээнд хүрэхгүй бол тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн мэдүүлэг /хх 94 ху/,

-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0129 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Ундармаагийн биед баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн шинэ, хуучин эсэхийг тогтоох боломжгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

6. Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх 22 ху/,

-Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38 ху/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-40 ху/,

-Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх 41 ху/,

-Ц.О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 56-64 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 99 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.У-г байнга буюу 2021 оны 01 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Тугч Доржийн 2-3 тоот төрсөн эцэг Гэлэгсамдангийн гэрт байхад нь толгойн дээр дэвсэж, гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон, 2021 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Чүрэмзааны 1-5 тоот иргэн М.Адъяагийн гэрт байхад нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон, 2021 оны 04 сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн  нутагт сумын төвөөс урагш 3-4 км газарт аваачин үсдэж, шилэн хүзүү, цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохисон, нүүр рүү алгадсан, боолт чангалдаг том түлхүүрээр зүүн гарын шуу хэсэгт цохисон, улаан өнгийн нарийхан цахилгааны утас болон хувцсаар нь хоолойг нь боосон зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хэргийн хувьд маргахгүй. Маш сайн ойлгож, ухаарч байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Ундармаагийн “...Ээж аав том өрөөнд зурагт үзэж байсан. Тэгтэл манай нөхөр миний толгой дээрээс дэвссэн. Аав нөгөө өрөөнөөс түрүүлж орж ирээд яаж байгаа юм бэ гээд бид хоёрын голоор орсон. Тэгтэл Отгонбаатар над руу дайрч байгаад миний нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. ...Дараа нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр би ажилтай байсан. Тэгээд ажил дээрээ тайлангаа нийлж дуусаад ээлжээсээ буугаад Адъяа даргын гэрт бичиг хүргэж очоод гарах гэж байтал араас манай нөхөр Отгонбаатар орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гэхээр нь Адъяа дарга дуудсан юм гэхэд чи ямар дуудлагын хүүхэн юм уу гээд миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18:30 минутын орчимд би ажил дээр юм хийж байтал манай нөхөр ажил дээр ирээд хүн мал аваад ирсэн гэрт очоод гэдэс арилгаад өг гэхээр нь өөрийн машин болох 18-88 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь суугаад явтал сумаас урагшаа 3-4 км авч яваад хээр очиж зогсоод үсдэж аваад гараа зангидаж байгаад шилэн хүзүү, цээж хэсэгт болон элэг хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд нүүр хэсэгт хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд боолт чангалдаг том түлхүүрээр зүүн гарын бугалга хэсэгт нэг удаа цохисон. Бас нэг мотоциклын амортизатор гэхээр төмрөөр зүүн хөлийн гуяны дотор талд нэг удаа цохисон. Тэгээд машин дотор урд 2 суудлын голд улаан өнгийн нарийхан цахилгааны утас байсныг аваад миний хоолойгоор сулхан ороосон. Тэгээд уг утсаа авч хаяад куртикний захаар хоолой боосон”    гэсэн мэдүүлэг /хх 70 ху/, гэрч Б.Н, Н.О, Д.Батдэлгэр, Ц.Г, Д.Б гэрч М.А нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй талаар гаргасан шинжээчийн 02/0129 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.О-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож  шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд хохирогч Г.У гэм хорын нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгааны утас, боолт чангалдаг 17-ны түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Адууч овогт Цэвээнрэгзэнгийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Ц.О-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас, боолт чангалдаг 17-ын түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА