| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/08554/И |
| Дугаар | 945 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 945
| |
Д.Саранчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00186 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Саранчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сандэй ХХК, Сандэй плаза ХХК-д тус тус холбогдох
Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол /13334/, Нарны зам 55 тоот хаягт байрлалтай, Шинэ өглөө үйлчилгээний зориулалттай барилгын 2 давхрын 206 тоотод орших, 17.735 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт 9 576 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай Сандэй ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Саранчимэг, түүний өмгөөлөгч Г.Мягмардорж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Саранчимэг
Хариуцагч Сандэй ХХК-ийн өмгөөлөгч: Э.Уянгасайхан
Гуравдагч этгээд Т.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ангирмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сандэй ХХК-тай 2009.07.31-ний өдөр Б.Эрдэнэцэцэгээр төлөөлүүлэн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор 09/731 тоот гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2009.07.31-ний өдөр 12 600 ам.долларыг худалдагч талд Б.Эрдэнэцэцэгээр дамжуулж төлсөн. Үлдэх 21 096 ам.долларыг 2009.08.10-ны өдрөөс 2009.09.10-ны өдрийн хооронд хэсэгчилж төлөхөөр тохиролцож, уг хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн. Худалдагч Сандэй ХХК нь 09/731 тоот гэрээний 3.1, 3.2-т заасан үүргээ ноцтой зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн, гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээ байгуулахаас өмнө уг хөрөнгийг гуравдагч этгээдэд зээлийн гэрээний барьцаа болгон шилжүүлсний улмаас барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд дээрх нөхцөл байдал үүссэн эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул өмчлөх эрх шударгаар олж авсан гэж үзнэ. Дээрх байдлууд 2014.02.18, 2013.06.19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015.04.08-ны өдрийн шийдвэр, Сандэй ХХК-ийн 2015.11.13-ны өдрийн 15/155 тоот дугаартай албан бичиг, Сандэй ХХК-ийн 252317 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын банкны 2015.12.25-ны өдрийн 473098 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын банкны 2016.02.25-ны өдрийн 870 дугаартай албан бичиг, 2016.01.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэн Т.Болдбаатарын 2016.02.29-ний өдрийн 479492 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.04.01-ний өдрийн ЗБГ-9101/160401 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогддог. Д.Саранчимэгийг дээрх 206 тоотод байрлах 17,735 м.кв талбай бүхий хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, 2010.05.04, 2013.05.04-ний өдрийн гэрээгээр түрээсийн төлбөрт 6 384 000 төгрөг, алдангид 3 192 000 төгрөг нийт 9 576 000 төгрөгийг Сандэй ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сандэй ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээг Д.Саранчимэг гэдэг хүнтэй хийсэн тухай баримт байдаггүй. Харин Б.Эрдэнэцэцэгтэй гэрээг хийсэн байдаг. Тухайн үедээ Б.Эрдэнэцэцэгт худалдах, худалдан авах гэрээг цуцлуулъя, тус талбай барьцаанд байгаа гэж удаа дараа хэлсэн. Гэтэл тус хугацаанд ирж уулзаагүй. Д.Саранчимэгт зараагүй, Б.Эрдэнэцэцэгт зарсан. Түрээсийн гэрээ байгуулагдах үед тухайн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Саранчимэг байсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд түрээсийн гэрээ гэх баримтыг үйлдэх болсон шалтгаан нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн төлбөрийг өөрөөр хэлбэл Саранчимэгээс авсан мөнгийг төлөх баталгаа болгож талууд түрээсийн гэрээ байгуулахад хүрсэн. Энэ нь үнэн санаасаа хийсэн хэлцэл биш, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь харагдаж байна. Сандэй ХХК Д.Саранчимэг нарын хооронд үүрэг үүсээгүй. Д.Саранчимэгээс хүлээж авсан мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Сандэй плаза ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Сандэй плаза ХХК нь Д.Саранчимэгтэй гэрээ байгуулаагүй. Түүнчлэн төлбөр төлж, эд хөрөнгийг хүлээн авч гэрээг дүгнэж санал солилцож байсан удаагүй. Бичгээр гэрээ байгуулсан мэт харагдах боловч энэ гэрээ хэрэгжээгүй биелээгүй. Дүр үзүүлэн "Ажлын байр түрээслэх" гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг маргаан бүхий талбай орсон барилгыг /Шинэ-Өглөө/ бүхэлд нь 3691 м.кв талбайтайгаар 2016.01.27-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан байгаа. Улмаар улсын бүртгэлд өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу 2016.02.29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Т.Болдбаатар гэдэг хүний нэр дээр гарсан. Энэ өдрөөс хойш хэлцлийн үндсэн дээр буюу худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж, уг барилгын өмчлөгч нь өнөөдрийн байдлаар Т.Болдбаатар болсон. Өнөөдрийг хүртэл бид маргаан үүссэн байсныг мэдээгүй. Д.Саранчимэгтэй байгуулсан гарын үсэгтэй худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй. 206 тоот талбайг Д.Саранчимэгт худалдсан гэрээг байгуулаагүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Саранчимэгтэй хамтарч 2009.07.31-нд хариуцагч Сандэй ХХК-тай Худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж гэрээний үнэ 33 696 ам долларыг хариуцагчид төлж барагдуулсан. Хариуцагчид төлсөн 33 696 ам долларын 50 хувь буюу 16 848 ам доллар нь нэхэмжпэгч Д.Саранчимэгийн оруулсан хувь хэмжээ бөгөөд дээрх үнэд 35.47 мкв талбай худалдан авч 17.735 м.кв талбайг нь нэхэмжлэгч Д.Саранчимэг өмчлөх зорилготой дээрх гэрээг байгуулсан. Тухайн үед бид хамтарч худалдан авч байгаа гэдгийг Сандэй ХХК-д хэлж тайлбарлаж байсан. Саранчимэгээр гарын үсэг зуруулсан, мөн тухайн гэрээг шинэчилж өөр өөрсдийн оруулсан хувь хэмжээгээр талбайн хэмжээ болон төлбөр мөнгийг шинэчлэн тогтоосон. Худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах тухай гэрээг Сандэй ХХК-тай байгуулсан. Тухайлбал миний бие 2009.07.31-ний өдөр 09/0731-1 дугаартай гэрээг, нэхэмжлэгч Д.Саранчимэг нь мөн өдөр 09/0731-2 дугаартай гэрээнүүдийг хариуцагчтай тус тус байгуулсан болно. Харин Б.Эрдэнэцэцэг миний төлөөлөн байгуулж Д.Саранчимэгийн гарын үсэг зурсан 2009.07.31-ний өдрийн 09/0731 дугаартай гэрээ болон Д.Саранчимэгийн Сандэй ХХК-тай байгуулсан 09/0731-2 дугаартай гэрээнүүдийн эх хувийг Д.Саранчимэг, Б.Эрдэнэцэцэг бид хоёрыг хамт Сандэй ХХК дээр очиход тус компанийн ажилтан н.Ариунаа гэх хүн хуулбарлаж авна гэж аваад эргүүлэн өгөөгүй болно гэжээ.
Хариуцагч Сандэй ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэцэцэг болон Сандэй ХХК-ийн хооронд 2009.07.31-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ болон Д.Саранчимэг болон Сандэй ХХК нарын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Энэ гэрээ нь Б.Эрдэнэцэцэг нь Сандэй ХХК-тай харилцан тохиролцсоноор хүчин төгөлдөр болсон байдаг. Хэрвээ уг гэрээг Д.Саранчимэгтэй байгуулсан гэж үзэж байвал Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна. Түрээсийн хувьд талбайг Сандэй ХХК ашиглаагүй, Д.Саранчимэг нь уг талбайн өмчлөгч биш юм. Б.Эрдэнэцэцэг уг гэрээг цуцлахдаа 50 хувийн төлбөрийг Д.Саранчимэгт төлж барагдуулна гэж байснаас үүдэн Д.Саранчимэгт төлөх төлбөрийг баталгаажуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Ийм дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Д.Саранчимэг, гуравдагч этгээд болон хариуцагч Сандэй ХХК нарын хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээ нь ямар үндэслэлээр нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн бэ гэдгийг нотолсон зүйл байхгүй. Б.Эрдэнэцэцэгээр төлөөлүүлж оролцуулах гэж байгаа талаар нөгөө талд мэдэгдээгүй, мөн Б.Эрдэнэцэцэгт ямар нэгэн итгэмжлэл өгөөгүй учраас энэ нь хууль зөрчсөн гэж үндэслэлгүй тайлбарлаж байна. Учир нь 2009.07.31-ний өдөр Б.Эрдэнэцэцэг, Сандэй ХХК нарын байгуулсан гэрээний оролцогч талын хэсэгт Д.Саранчимэгийг оролцож байгааг дурдаж, гарын үсэг зурсан гэдгийг гэрээ байгуулсан гуравдагч этгээд Б.Эрдэнэцэцэг бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн хөрөнгө оруулсан хэмжээ, худалдан авсан талбайн хэмжээг нарийвчлан тусгасан 2009.07.31-ний өдрийн 09/731-1, 09/731-2 гэсэн дугаартай гэрээ хийгдсэн гэдгийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд Б.Эрдэнэцэцэг нар тодорхой үйл баримттай ярьдаг. Б.Эрдэнэцэцэгээр төлөөлүүлж хийсэн хэлцэл болон өөрийн хийсэн хэлцэл дээр Д.Саранчимэг гэдэг хүний хүсэл зориг, мөн Сандэй ХХК-ийн эд хөрөнгөө худалдах хүсэл зориг нь худалдах худалдан авах гэрээнд туссан. Мөн 2010.05.04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2014.05.01-ний өдөр шинэчлэгдэн байгуулсан. 5 жилийн хугацаанд талуудын хоорондын харилцааг зохицуулан, хэрэгжиж байсан. Түрээслүүлэгч тал болох Сандэй ХХК болон Сандэй Плаза ХХК нар нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түрээсийн төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу үүсэх эзэмших, өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч түрээсийн төлбөрийг төлж байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ач холбогдолтой баримт болох талтайг шүүх анхаарч үзнэ үү. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саранчимэгийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ өглөө худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхрын 206 тоотод байрлах, 17.735 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн гаргуулахыг даалгах, түрээсийн гэрээний төлбөр, алдангид 9 547 770 төгрөг гаргуулах тухай хариуцагч Сандэй плаза, Сандэй ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Сандэй ХХК-иас 38 292 471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг баримтлан Д.Саранчимэг болон Сандэй ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2010 оны 5 дугаар сарын 04, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/0731 тоот Худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Сандэй ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 914 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 159 237 төгрөгийг, хариуцагчаас 519 447 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын орлогод оруулан, хариуцагчаас 349 412 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 253 710 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг, түүний өмгөөлөгч Г.Мягмардорж нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрдэнэцэцэгээр төлөөлүүлэн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдан авах зорилгоор 09/731 дугаартай гэрээ байгуулсан. Үнээ төлж үүргээ бүрэн биелүүлсэн. Худалдагч тал Сандэй ХХК нь үүргээ ноцтой зөрчиж нэхэмжлэгчид гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй. Манай тал шударга өмчлөгч. Хэрэгт авагдсан 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ЗБГ0001/110128 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” /хх-ийн 120/, 2013 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн №ЗБГ9102/130619 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” /хх-ийн 214/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2475 дугаар шийдвэр /хх-240-243/, “Сандэй” ХХКомпанийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/0155 дугаартай албан бичиг /хх-ийн 243/, “Сандэй” ХХКомпанийн 000252317 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 244/, Улаанбаатар хотын банкны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00473098 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 245/, Улаанбаатар хотын банкны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/870 дугаартай албан бичиг /хх-ийн 247/, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /хх 2-ийн 1-2/, Т.Болдбаатарын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 000479492 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 2-ийн 239/, 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн “Зээлийн гэрээ" /хх 2-ийн 8-10/, 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №ЗБГ9101/160401 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” /хх-ийн 11-14/ зэрэг бичгийн баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 29143 дугаартай захирамжаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй болох нь тогтоогдож байхад нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй. “Ажлын байр түрээслэх” гэрээ байгуулагдаж төлбөр төлөх үүргээ 2014 оны 10 дугаар сараас эхэлсэн биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 1.2, 1.4, 1.7, 2.2, 3.3 дахь хэсгүүдэд зааснаар түрээсийн нэг сарын төлбөрийг 798 000 төгрөгөөр тооцох, түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож шаардах эрхтэй. Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь хариуцагч Сандэй ХХК, Сандэй плаза ХХК-д тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол /13334/, Нарны зам 55 тоот хаягт байрлалтай, Шинэ өглөө үйлчилгээний зориулалттай барилгын 2 давхарт байрлах, 206 тоот, 17.735 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт 9 576 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч худалдах худалдан авах болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор Сандэй ХХК нь сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Болдбаатар бүртгэлтэй болох нь зохигчийн тайлбар, бичгийн баримтаар тогтоогджээ. /2-р хх-ийн 4/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог байна.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь гэрээнд зааснаар өмчлөх эрх үүссэн гэх боловч талуудын хооронд бичгээр гэрээ байгуудагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор төлбөр төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахдаа талууд гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх хуульд заасны дагуу бүртгүүлэх үүргийг хэн аль нь хэрэгжүүлэх ёстой бөгөөд энэ талаарх баримт гаргаагүй тул Д.Саранчимэгийг гэрээний дагуу өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлгүй.
Маргааны зүйл болох хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн тул тухайн 206 тоотын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн шаардаагүй зүйл болох 38 292 471 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ. Шаардах эрхээ хэдийд, ямар байдлаар хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн дээрх заалтыг хасч өөрчлөх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Саранчимэг болон Сандэй ХХК-ийн хооронд 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус тус ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан хэдий ч түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш болох нь тогтоогдсон бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “болгон” гэснийг “болгосугай” гэж, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Сандэй ХХК-иас 38 292 471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасч, тогтоох хэсгийн 2 дах заалтын “...хүчин төгөлдөр бусд тооцож” гэснийг “...хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 914 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Саранчимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.ОЮУНХАНД