Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00485

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2226 дугаар магадлалтай, 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

С ХХК, Б.Э- нарт холбогдох, 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие С ХХК-д заслын мастераар ажиллаж байсан. 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захирал Д.Б- нь Монгол Улсад барилгын салбар үүссэний 79 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий ажилчдыг нэг өрөө байрны эрхийн бичгээр шагнаж, уг амлалт ёсоор манай гэр бүл Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд 2006 онд орсноор өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны гэрчилгээ гаргуулахаар компанид удаа дараа амаар хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй ба захирал Д.Б- нь шагналд өгсөн байраа өөрийн охин Б.С-э, хүү Б.Э- нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх орон сууцыг шагналд авсан өөрийн өмч гэж үзэж ирсэн. Иймд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Ц- намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Компани ажилчдынхаа орон байрны асуудлыг анхаарч нэр бүхий хүмүүсийг тогтвортой ажиллуулах үүднээс ажиллаж байх хугацаанд нь тэднийг орон байраар хангаж, шинэ жилээр урамшуулсан. Гэхдээ өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгөөгүй. Байр авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан. С.Ц- ажлаас халагдсан ч өнөөдрийг болтол тухайн байранд хууль бусаар амьдарсаар байгаа. Бид байр чөлөөлж өг гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Мөн байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан. Тэрээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлүүдийг хийсэн тул С ХХК нь түүний нэр дээр тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэж байснаа болиод Д.Б- захирлын төрсөн охин Б.С-ийн нэр дээр гаргуулсан. Улмаар уг байрны өмчлөлийг өөрийн төрсөн хүү Б.Э-д шилжүүлсэн. Маргаан бүхий байр Б.Э-гийн нэр дээр байдаг бөгөөд С ХХК-ийн өмч биш болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Маргаан бүхий байр нь миний нэр дээр байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Ц-ыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104.750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С ХХК болон Б.Э- нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2226 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 349.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...С.Ц-т маргаан бүхий орон сууцыг баригдаж дуусаагүй байхад нь “нэг өрөө байрны эрхийн бичгээр шагнав” гэх өргөмжлөлөөр шилжүүлж байгаа үйл баримтаас үзвэл түүний өмчлөх эрх давхар шилжсэн гэж үзэх боломжгүй. С.Ц- нь удирдлагын итгэлийг алдаж байсан тул цаашид өмчлүүлэхээс татгалзаж бэлэглэлийн гэрээ байгуулалгүйгээр 2014 онд Б.С-эд өмчлөх эрхийг шилжүүлсэн. Харин үр бүтээлтэй ажилласан бусад ажилчдад бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд энэ нь гэрч н.Норовдалай, н.Зоригт нарын мэдүүлгээр нотлогддог. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2005 онд ашиглалтад ороогүй байсан бөгөөд ашиглалтад ороход нь С.Ц- амьдарч байсан хэдий ч 2010 онд улсын комисс хүлээж авсны дараа тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх цаашид нэхэмжлэгчид шилжих байсан эсэх хэрэв шилжих байсан бол хэдийд ямар нөхцлөөр шилжих байсан нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан тодорхойгүй нөхцөлийг бий болгосон байна. Гэвч Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т С.Ц-т маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжих эсэх нь С ХХК-ийн захирал Д.Б-гийн бэлэглэлийн гэрээ хийх эсэх хүсэл зоригоос шалтгаалахаар байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл юм. Харин өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотойгоор хариуцагч байгууллагаас хүсэл зоригоо илэрхийлсэн дагалдах баримт бичгийг үйлдээгүй бөгөөд ийм баримтгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж өмчлөгчөөр тогтоосон нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            С.Ц-, С ХХК, Б.Э- нарт холбогдуулан Баянгол дүүргийн, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

         Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Маргааны зүйл болсон орон сууцыг С ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярыг тохиолдуулан  ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажиллаж хариуцсан ажилдаа амжилт гаргасны төлөө ажилтан С.Ц-т шагналын журмаар шилжүүлэн өгсөн, тэрээр  тухайн орон сууцанд 12 жилийн хугацаанд амьдарсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

           Зохигчийн хоорондох энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасан “тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохооор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээх” эрх зүйн харилцаа болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

           Гэрээний агуулга, гэрээний үүргийн биелэлт, маргааны үйл баримтын талаархи   хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

         Хариуцагчийн тайлбарт дурдсан ажилчдын орон байрны нөхцлийг сайжруулах зорилгоор шилжүүлсэн, итгэлийг алдсан тул өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж, бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, 2014 онд охины нэр дээр шилжүүлсэн гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

            Хариуцагч шагнал олгож, орон сууцыг шилжүүлэхдээ С.Ц-ын тодорхой үйлдэл хийсний буюу ажилдаа амжилт гаргасанд олгосноос бус цаашид тодорхой үр дүн бий болсон нөхцөлд олгохоор амалсан гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс шагналын журмаар нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрх үүсчээ.

            Дээрх үндэслэлээр “шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсон, өмчлөгчөөр тогтоох нөхцөл бүрдээгүй” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2226 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 349.900 төгрөг төснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ