| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
2021 05 20 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч А.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнхбатад холбогдох эрүүгийн 2119000530077 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар баг Говийн тойром гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харнууд овогт А-ийн М /РД:ЗГ84051418/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч А.М нь шунахайн сэдэлтээр 2021 оны 01 сарын 20-ны өдрийн үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Г.Ш-ын 3 тооны буюу олон тооны адууг улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синки маркийн мотоцикл ашиглан хулгайлж, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 02 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Хаяагийн говь гэх газраас иргэн Ц.Э-ын 7 тооны буюу олон тооны адууг улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синки маркийн мотоцикл ашиглан хулгайлж, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч А.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би урьд өгсөн мэдүүлэгтэй ижил тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би мянга гаран малтай. Би хохирогч нарыг танихгүй. Миний өөрийн мал туранхай байсан болохоор хүний мал авах болсон. Өвс авч малаа тэжээх зорилготой байсан. Энхболд манай хүргэн дүү. Э-А манай хүргэн ах. Энэ хоёр адуутай болъё гээд байсан. Зарах адуу байна уу гэж асууж байсан юм. Хохирлоо бэлэн мөнгөөр төлсөн. Шинэбаярт 3 адууг нь хүлээлгэж өгсөн. Эрдэнэбаярт 7 адуунаас 5 адууг нь буцааж өгсөн, үлдэгдэл хохирлыг төлсөн. Нийт 2.850.000 төгрөг өгсөн. Хэргийн хувьд маргах зүйл байхгүй. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Дорноговь аймгийн Айраг суманд 2020 оны 11 сард 79 тооны 4 азарга адуутай ирсэн. Миний хүү Б.Өлзийсайхан нь 2021 оны 02 сарын 07-ны өдөр Айраг сумын Хаяа гэх газар өөрийн адуугаа услахад манай адуу тоо зүсээрээ бүрэн байсан. Үүнээс хойш 2021 оны 02 сарын 13-ны өдөр Б.Өлзийсайхан яваад адуугаа бүртгэхэд манай адуунаас нийт 7 тооны адуу дутсан байсан. Миний алдагдсан 7 тооны адуунаас 5 тооны адуугаа 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авлаа. 2.850.000 төгрөгийг 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 14:10 минутад Мөнхбатаас өөрийнхөө дансаар авсан. Одоо энэ асуудал дээр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6, 10, 68-69 ху/,
-Хохирогч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2021 оны 01 сарын 15-ны өдөр бэлчээр дээрээсээ азаргаараа сураггүй алга болсон уг адууг ойр хавиар болон хил залгаа сумдын нутаг дэвсгэрээр болон тааралдсан малчдаас эрж сурж 20 гаран хоносон. 2021 оны 02 сарын 09-ний өдөр Эрдэнээ гэх залуу надад Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг Ханбаянзүрх хайрханы баруун урд талд байх Алтанаа гэх айлын ойролцоо танай адуу байх шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанаа гэх айлын утас руу залгаж ярихад шарга азарга нь ижлээ гүйцэхгүй энд байна гэж хэлэхээр нь би очиж үзэхэд хээр халтар гүү, хүрэн гүү, охин хар зүсмийн даагатайгаа нийт 3 тооны адуу байхгүй, шарга азарга нь ижлээ гүйцэхээ больсон байсан. Бусад адуунуудыг нь айлын азарга хураагаад авчихсан байсан. Тэгээд би алдсан хээр халтар гүү, хүрэн гүү, охин хар зүсмийн даага, нийт 3 тооны адуугаа сураг гарах байх гэж бодоод фэйсбүүк хаягт алдсан адуугаа зурагтай нь тамгатай нь зар тавьсан боловч сураг гараагүй байна. Халтар гүүгээ даагатай нь 3.000.000 төгрөг, хүрэн гүүг 3.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...2021 оны 03 сарын 25-ны өдөр алдсан 3 тооны адуугаа бүрэн гүйцэт хүлээж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 89-90, 168 ху/,
-Гэрч Ч.Э-А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2021 оны 02 сарын эхээр А.М ах над руу утсаар ярихдаа энд хүн адуу хямд зарж байна. Ч.Э та 2 адуу авах уу хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би Ч.Э ахтай ярилцаад очиж сонирхъё болбол авъя гэж ярилцаад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас баз хүргэн Ч.Э-ын хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын Сайн ус гэх газар А.М-ынд ирж хоносон. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө А.М адуу зарж байгаа хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Ч.Э ах бид 2 А.М-ынд үлдсэн. А.М ах үдээс хойш гэртээ буцаж ирээд адуу зарж байгаа хүнтэй уулзчихлаа 7 тооны адуу авахаар болчихлоо одоо хамт очиж автомашинд чинь ачъя гээд Ч.Энхболд ах бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд А.Мөнхбат ахыг дагаад тэдний гэрээс зүүн урагш 10 км орчим зайд айлын хаваржаанд очиход хээр байдас, шар хээр байдас, хар үрээ, цэгээн гэмээр зүсмийн үрээ, зээрд халзан байдас, цэгээн зүсмийн гэмээр байдас, нийт 7 тооны адуу хашсан байсныг А.Мөнхбат ах Ч.Энхболд бид гурав нийлж 53-85 ДУА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашинд ачсан. Би А.Мөнхбат ахаас мөнгө төгрөгийг яах уу хэнд өгөх юм гэж асуухад А.Мөнхбат ах би хүнд нь өгчихнө санаа зоволтгүй наад адуунууд чинь ядарсан муу адуунууд гэж хэлээд нэг адууг 100.000 төгрөгөөр тооцож 700.000 төгрөгийг бэлнээр аваад өгсөн. Би худалдаж авахдаа хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би уг өгсөн мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /хх 15-16, 77-78, 92-93, 137-138 ху/,
-Гэрч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2021 оны 02 сарын 07-нд адуундаа явж адуугаа бөөгнөрүүлж усалсан, манай адуу гэрээс 40 км орчим зайд байсан ба адуугаа бүртгэчхээд бүрэн байхаар нь гэр рүүгээ явсан. 2021 оны 02 сарын 12-ны өглөө адуундаа очиход манай адуу дутуу харагдаж байсан ба тоолоод үзэхэд 7 тооны адуу дутуу байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... А.М-аас адуу хаанаас яаж авах талаар ярихад Баянхонгорын хүнээс 1 адуу 150.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Маргааш өдөр нь А.Мөнхбат өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой Ч.Э-А бид хоёр цагаан өнгийн портер машинтайгаа адуу авахаар Дорноговь аймгийн төвөөс урагшаа явж Зүүнбаянгийн хойно нэг говьд очиж би зээрд халзан гүү, хээр гүү хар хээр унагатай нь хамт 3 тооны адууг авъя гэж тохироод хэлж А.Мөнхбат өөрөө бугуйлдаж барьж авсан. А.Мөнхбатад би гурван адууны мөнгө гэж 450.000 төгрөг бэлнээр өгч Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу явсан. Тухайн өгсөн мөнгийг А.М-аас А.М-аас нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх 18-19, 73-74, 94-96, 141-142 ху/,
Яллагдагч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Надад энэ хэрэг болон өмнөх 7 адууны хэрэг дээр маргаад байх зүйл байхгүй. Би гэм буруугаа маш ухамсарлаж хүлээж байгаа. 2021 оны 03 сарын сүүлээр 3 тооны адууг эзэнд нь буюу Ш-т буцаагаад өгчихсөн гэсэн мэдүүлэг /хх 130-133 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 16-19, 110-113 ху /,
-Хохирогч Ц.Э-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 33-34 ху/,
-Шүүгдэгч А.М-ын малын А дансны хуулга /хх 43-45 ху/,
-А.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 55-63 ху/,
-Хохирол төлсөн баримт /хх 79, 168 ху/,
- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 83-84 ху/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 100 ху/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 101-102 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 102, 117 ху/
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 150 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 156 ху/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх 158-161 ху/,
-Синки маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ /хх 164 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч А.М нь шунахайн сэдэлтээр улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синки маркийн мотоцикл ашиглан 2021 оны 01 сарын 20-ны өдрийн үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Г.Ш-ын 3 тооны буюу олон тооны адууг хулгайлж 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 02 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Хаяагийн говь гэх газраас иргэн Ц.Э-ын 7 тооны буюу олон тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Надад энэ хэрэг болон өмнөх 7 адууны хэрэг дээр маргаад байх зүйл байхгүй. Би гэм буруугаа маш ухамсарлаж хүлээж байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Эрдэнэбаярын “...Миний алдагдсан 7 тооны адуунаас 5 тооны адуугаа 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авлаа. 2.850.000 төгрөгийг 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 14:10 минутад Мөнхбатаас өөрийнхөө дансаар авсан. Одоо энэ асуудал дээр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 68-69 ху/ мэдүүлэг, хохирогч Г.Ш-ын “...2021 оны 03 сарын 25-ны өдөр алдсан 3 тооны адуугаа бүрэн гүйцэт хүлээж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 168 ху/, мөн гэрч Ч.Энх-Амгалангийн “...Би А.Мөнхбат ахаас мөнгө төгрөгийг яах уу хэнд өгөх юм гэж асуухад А.Мөнхбат ах би хүнд нь өгчихнө санаа зоволтгүй наад адуунууд чинь ядарсан муу адуунууд гэж хэлээд нэг адууг 100.000 төгрөгөөр тооцож 700.000 төгрөгийг бэлнээр аваад өгсөн. Би худалдаж авахдаа хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би уг өгсөн мөнгөө нэхэмжлэхгүй” гэсэн /хх 137-138 ху/, гэрч Б.Ө-ы “...Би 2021 оны 02 сарын 12-ны өглөө адуундаа очиход манай адуу дутуу харагдаж байсан ба тоолоод үзэхэд 7 тооны адуу дутуу байсан” гэсэн /хх 12 ху/ гэсэн, гэрч Ч.Э-ын “...7 адууны 700.000 төгрөг бэлнээр А.М-ад өгсөн. Би өгсөн мөнгөө нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, хохирол төлсөн баримт, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гэмт этгээд нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Түүнчлэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ олон тооны малыг машин механизм ашиглан үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч А.М-ын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирлын хувьд хохирогч Ц.Э-ын 7 тооны адуу алдагдсанаас 5-г нь, хохирогч Г.Ш-ын 3 тооны адууг нь тус тус биет байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд Ц.Э-ын үлдэх 2 тооны адууны үнэ /үнэлгээгээр нэг адуу 500.000 төгрөг/ болон адуугаа эрж хайхад зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардал 1.146.564 төгрөг нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.850.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 79, 168 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч А.М нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт А.М-ын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синки маркийн мотоциклыг 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилснийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.М-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синки маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА