Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

2021          06             03                                          2021/ШЦТ/159

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 2138000000174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн гадаа 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Т.Д-ыг “гэрээс утас аваад өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадаа 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Т.Д-ыг “гэрээс утас авч өгсөнгүй” гэдгээр шалтаглан толгойн ар хэсэг дагз руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархинд доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хохирогч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 04 дүгээр сарын 24-ний орой өглөө 09 цагийн орчим манай нөхөр Д.Д- гэрийн үүдэнд зогсож байхдаа намайг гэрээс гар утас аваад ир гэхээр би чадахгүй өөрөө ирж ав гэсэн чинь яачихаад байгаа пизда вэ гэж хэлээд миний толгойн ар дагз орчим 3 удаа гараараа хүчтэй цохисон. Цохиулснаас болоод миний толгой маш их өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн орчим Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багт байдаг манай дүү Т.Д- нөхөртөө зодуулсан байна гэж би аймгийн төвд байдаг дүү Мягмарсүрэнгээс сонсож Т.Д-тай өөртэй нь би нэг удаа утсаар ярьсан. Тэгэхэд манай дүү ахаа та намайг ирж аваач гээд уйлаад байхаар нь би аймгийн төвөөс машин хөлслөөд Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Хойд могойн ам” гэх газар руу очиж дүүгээ аймгийн төв рүү оруулж ирсэн. Энэ үед манай хүргэн Д.Д- өөрөө гэртээ байгаагүй аав ээж нь надтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд дүүгээсээ яагаад нөхөр чинь чамайг зодоод байдаг талаар асуухад өмнө нь хэдэн удаа зодсон, мөн хутга хүртэл шидэж гарыг нь гэмтээж байсан гэсэн. Энэ талаар надад анх удаагаа л хэлж байгаа юм. Манай дүүгийн нөхөр Д.Д-ыг манай ах дүү нар болон эхнэр нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай бэр Т.Д-ын төрсөн ах Ууганбаатар Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг “Хойд могойн ам” гэх газарт манай гэрт аймгийн төвөөс ирээд дүүгээ аваад явсан. Тэгэхдээ танай хүү манай дүүг зодсон байна. Танай хүүг хаана тааралдсан газарт нь ална даа гэж хэлээд дүүгээ том хүүтэй нь аваад явсан. Манай бэр урд өдөр нь нөхөртэйгөө ярихдаа 2 хүүхдээ 1 нэгээр нь аваад салъя гэж тохирсон гэсэн. Тэгээд манай хүү Д.Д- бага охиныг битгий өгч явуулаарай гэсэн. Тэгээд би нэг нас 2 сартай охиныг нь аваад үлдсэн. ...манай бэр Т.Д- хүүхдүүдээ аваад аймгийн төв рүү явчихдаг жаахан мөнгөтэй бол шууд аймгийн төв рүү явдаг, энэ үед нөхөр нь явуулахгүй гээд хэрүүл маргаан гардаг юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаартай: “1. Т.Д-ын биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Т.Д-ын биед учирсан гэмтэл нь тухайн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн толгой тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Надад сонсгож байгаа зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Засаг даргын: “..Д.Д- нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тус багт мал маллаж амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • 2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримт /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа тэвчиж чаддаггүй, гэр бүлийн харилцааны таарамжгүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Т.Д-, шүүгдэгч Д.Д- нар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “...талууд эвлэрсэн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 75-76/, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 400.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 77/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 78/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР