Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Ж.Х /онлайн/

Шүүгдэгч Ц.Ц, М.Б /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Ц нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 09 сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ц: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Д суманд терсен, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дезайнер мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 25-р хороонд оршин суух бүртгэлийн хаягтай боловч одоогоор Сонгино-Хайрхан дүүргийн 33-р хороонд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Ц.Ц,

Шүүгдэгч М.Б: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод терсен, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд  боловсролтой, вагон техникч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Г овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Яллагдагч Ц.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Мөн М.Б-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үсгэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулагчаар хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  

Яллагдагч М.Б нь Ц.Ц-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үсгэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнөх мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Тийм учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5 шараас Ч гээд Өвөр Монгол эмэгтэйгээс юм аваад вагон руу хүргэж өгсөн. Ч хэлэхдээ миний хувцас л гэж хэлсэн өөр зүйл надад хэлээгүй. Ч гэх хүн одоо Хятадад байгаа байх. Би  өмнө нь биеэ үзүүлж эмчлүүлж байгаад танилцсан. Б-т урагшаа хүнд юм өгч явуулна гээд аваачиж өгсөн. Би урьд нь Б-г таньдаггүй байсан” гэв.

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “2019 оны 06 сарын 09-ний өдөр гэртээ байж байх үед 15-16 цагийн үед миний ... дугаарын утас руу залган, би тухайн өдөр худууд ирээд уусан сууж байсан болохоор дугаарыг нь санахгүй байна. Чимгээ гэх эмч мэргэжилтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр монгол эмэгтэй утсаар яриад би Булганаас ирж байна Драгоны урд талын буудал дээр би хүлээж байя, энд хүрээд ир гэсэн. Тэгээд би хүргэн З, охин Э-г аваад хүргэний автомашинаар хамт хүний юмыг хүргээд өгье гээд явсан. Гарахын өмнө Ч-г ярьсаны дараа вагоны продник гэх эмэгтэй миний ... дугаарын утас руу залгаад хүн юм өгч явуулна, та яасан гэхээр нь надтай ярьсан би авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Драгон төвийн замын урд талд буудлаас наад талд зам дагуу Ч ганцаараа, 2 хайрцагтай эд зүйлтэй зогсож байсан. Тэгээд би очиж уулзаад охин Э, хүргэн хүү З хоёр хайрцагтай эд зүйлийг аваад машиныхаа багаажинд хийгээд яваад намайг Баянгол дүүргийн 8 дугаар хороо ... тоот гэрт хүргэж өгөөд охин, хүргэн хоёр маань хүний эд зүйлийг хүргэж өгөхөөр явсан. Манай гэрт худууд байсан болохоор би гэртээ хүргүүлсэн. 17 цаг өнгөрч байх үед Вагон вокзал руу продник эмэгтэй рүү хүргэж өгөхөөр явсан, тэгээд 19 цагийн үед эргэж ирсэн...Би тухайн өдөр очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн. Би уг эд зүйлийг нь задалж үзээгүй. Өмнө нь эд зүйл өгч явуулж байгаагүй” гэв /хх-ийн 11-12/

Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 сарын 09-ний өдрийн 13 цагийн үед ... дугаарын утаснаас нэг эмэгтэй залгаад 2 хайрцаг ачаа байна, ногоон эм, Монгол тан байгаа Эрээн өртөөнд очиж А гэх Хятад хүнд өгнө гэхээр нь нөгөө үйлчлэгчээс асууж байгаад хариу хэлье гэсэн.. 18 цагийн үед ... дугаарын утас руу залгаад вокзал дээр аваад ир гэж хэлсэн. 2 хайрцагтай тан гэх эд зүйлийг вагоны гадна хүмүүсээ оруулж байх үед авч ирэхээр нь би оруулаад тавьчих гээд ... дугаар вагоны амралтын өрөөнд тавиулсан. 2019 оны 06 сарын 10-ны 03 цаг 40 минутын үед ээлж солиод хайрцагтай зүйлийг задалж үзэхэд хар уутанд хийж скочидсон нэг нь 1 кг орчим 22 ширхэг эд зүйл байсан, хар уутыг нь задалж үзээгүй, тэгээд ажлын өрөөний сандлын доод талд 6 ширхэгийг, топикны ард 5 ширхэгийг, үлдсэнийг нь цагаан хэрэгсэл хийдэг бохирын уутанд 11 ширхэгийг хил, гаалиас нуух гэж хийсэн. Эрээний вокзалын арын дэлгүүрийн үүдэнд зогсоод байж байдаг А гэх хятад хүн над руу утасдаад ... гэдэг утаснаас нэг хүн ачаа өгч явуулна тэрийг аваад ирээрэй 600 юань ирэхээр чинь өгнө гэхээр нь 200,000 төгрөг болох юм байна. 2 хүүхдэдээ юм авъя гэж бодоод тэр барааг нь авчихсан юм. Бараа тээш авч явах нь миний буруу дикриттэй байж байгаад дөнгөж ажилдаа орсон, мөнгөний хэрэгтэй байсан болохоор авчихсан юм” гэв /хх-ийн 105-106/

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон тогтоол болон Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шижилгээний дүгнэлт зэрэгтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны Монгол орны ховор ургамлын жагсаалт батлах тухай 165 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 350 дахь заалтад Дэрэвгэр жиргэрүү ургамлыг оруулсан байдаг. Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол Улсын БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр өсгөж тооцож нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэм буруутай этгээдээр экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Суудлын вагон депод 1 дүгээр вагон буюу ... дугаар вагонд ажилдаа ирэхэд нөгөө үйлчлэгч Б вагоноо хүлээгээд авсан байж байсан... Би ажиллаж байгаад 2019 оны 06 сарын 10-ны 03:30 цагт Б-тэй ээлжээ солиод амарсан. Тэгээд өглөө 08:00 цагт би боссон, тэгээд хил, гаалийн шалгалтан дээр Б-н хамт хоёулаа ажиллаж байсан,тэгээд гаалийн шалгалт орж ирээд шалгаад Б ажилчдын өрөөний эсрэг талын тампар буюу нарийн кордиорын бохирын уутыг асгаж байсан би тэгэхээр нь очиход бохирын уутны доор хар жижиг ууттай скочидсон зүйлүүд байсан. Гаалийн хүн нь утсаар зургийг нь аваад цааш нь мэдэгдээд мэргэжлийн хяналтын байцаагч орж ирээд намайг дагуулаад бүх юмаа шалгуул гээд шалгаж эхлэхэд ажлын өрөөний местний суудал доороос 6 ширхэг хар ууттай скочидсон зүйл гарч ирсэн. Гаалийн хүмүүс өөр байгаа юу гэхэд Б гал түлдэг топикний ард 5 ширхэгийг нуусан байснаа гаргаж ирсэн. Энэ талаар надад хэлээгүй байсан. Шөнөө ээлж солиод намайг унтаж байх үед Б ажлын өрөөний суудлын доод талд 6 ширхэгийг, топикний ард 5 ширхэгийг, бохирын уутан дотор 11 ширхэгийг хийсэн байсныг гаалийнхан илрүүлсэн. Б 2019 оны 06 сарын 09-ний өдөр над руу хүн ярьсан, 2 хайрцаг юм явуулъя гэж асуусан гэж хэлсэн, би хил гаалийн хориотой эд зүйл гэж мэдээгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ажилдаа гарахдаа зааварчилгаа аваад гарын үсэг зураад гардаг, тухайн өдөр танилцаад гарын үсэг зураад ажилд гарсан. Өдөр дутмын зааварчилгааны 9-р заалтад зорчигчоос болон гадны хүнээс дайвар ачаа, элдэв хориотой эд зүйл авахгүй, бусдаас шан харамж авахгүй байх. 10-р заалтад Вагоны эд ангид хил гаалийн хориотой бараа нууж, вагоныг нуувч болгож ашиглахыг хатуу хориглоно гэсэн заалтуудтай танилцаж, гарын үсэг зурж ажилд гарсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/

Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Драгон төвийн замын урд талын автобусны буудлын ойролцоо ээж Ц зогс гээд зогсоход ээж бууж очиж уулзаад би бууж 2 хайрцагтай эд зүйлийг авч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийн багажинд  хийгээд хороололд байх ээжийн гэр рүү явсан, тэнд байж байгаад 19 цагийн үед байх ээж эхнэрт нэг утасны дугаар өгөөд энэ рүү холбогдоод вагоны үйлчлэгчид аваачиж өгнө гэсэн. 20 цагийн үед би эхнэрийн ... дугаарын утаснаас залгаад хэддүгээр вагонд  аваачиж өгөх талаар асуухад 1 дүгээр вагон дээр гэсэн. Нүхэн гарцаар гараад 1 дүгээр вагон дээр очоод байж байтал эхнэр араас ирээд наадахаа хурдан оруул гэж байна гэхээр нь би орох явцдаа вагоны үйлчлэгч эмэгтэйгээс хаана оруулах вэ? гэж асуухад ажлын өрөөнд хурдан оруул гэсэн би тэгэхээр нь ажлын өрөөнд оруулж 2 хайрцагтай эд зүйлсээ тавьчихаад шууд гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ээж энд зогсчих гээд Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа зогссон. Тэгээд ээж буугаад нэг эмэгтэйтэй уулзаад манай нөхрийг 2 хайрцагтай эд зүйлийг машиндаа оруулчих гээд нөхөр З машины багажинд хийсэн. Ээж орой 20 цагийн үед вагонд аваачиж өгнө гээд надад ... гэсэн дугаарыг өгөөд энэ хүнд аваачаад өгчих би наад хүнийг чинь танихгүй гэж байсан. УБТЗ-ын вокзал дээр очоод тэндээ хүлээж байгаад уг дугаар руу залгаж хаана аваачиж өгөх талаар асуухад 20 цаг 15 минутад 1 дүгээр вагон дээр авчирч өг гэсэн, би тэгэхээр нь нөхөртөө 1 дүгээр вагон дээр аваачиж өг хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх-ийн 85/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34/

2019 оны 07 сарын 04-ний өдрийн “Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 20/

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 379 дугаартай “Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол /2-р хх-ийн 131-133/

Шүүгдэгч Ц.Ц, М.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 122, 142/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны Засаг даргын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн шүүгдэгч М.Б-н оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /1-р хх-ийн 125/

Шүүгдэгч Ц.Ц-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоож байна.

Шүүгдэгч Г овогт М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр УБТЗ-ын Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэн А гэх иргэний  “... тоот утаснаас нэг хүн ачаа өгч явуулна тэрийг аваад ирээрэй” гэх гуйлтаар шүүгдэгч Ц.Ц-н Ч гэх Өвөрмонгол эмэгтэйгээс авч өгч явуулсан хар хялгар уутанд хийж битүү скочдсон 22 боодол эд зүйл буюу Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Улаанбаатар хотоос авч  БНХАУ-ын Эрээн хот орох явцдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүргэн гэх Д.З-н эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас БНХАУ-ын иргэн Ч гэдэг хүнээс Эрээн хотод өгч явуулах  тан гэх хар хялгар уутанд хийж битүү скочдсон 22 боодол эд зүйл буюу Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг авч Д.З-р Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгч М.Б-т хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудыг Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-г 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, мөн шүүгдэгч М.Б-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үсгэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулагчаар хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.Б-г Ц.Ц-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үсгэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц нь шүүгдэгч М.Б-тэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагонд Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, зохион байгуулагчаар оролцсон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Энэ нь шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 сарын 09-ний өдрийн 13 цагийн үед ... дугаарын утаснаас нэг эмэгтэй залгаад 2 хайрцаг ачаа байна, ногоон эм, Монгол тан байгаа Эрээн өртөөнд очиж А гэх Хятад хүнд өгнө гэхээр нь нөгөө үйлчлэгчээс асууж байгаад хариу хэлье гэсэн.. 18 цагийн үед ... дугаарын утас руу залгаад вокзал дээр аваад ир гэж хэлсэн. 2 хайрцагтай тан гэх эд зүйлийг вагоны гадна хүмүүсээ оруулж байх үед авч ирэхээр нь би оруулаад тавьчих гээд ... дугаар вагоны амралтын өрөөнд тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн105-106/, шүүгдэгч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 сарын 09-ний өдөр гэртээ байж байх үед 15-16 цагийн үед миний ... дугаарын утас руу залган, Ч гэх эмч мэргэжилтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр монгол эмэгтэй утсаар яриад би Булганаас ирж байна Драгоны урд талын буудал дээр би хүлээж байя, энд хүрээд ир гэсэн. Тэгээд би хүргэн З, охин Э-г аваад хүргэний автомашинаар хамт хүний юмыг хүргээд өгье гээд явсан. Гарахын өмнө Ч-г ярьсаны дараа вагоны продник гэх эмэгтэй миний ... дугаарын утас руу залгаад хүн юм өгч явуулна, та яасан гэхээр нь надтай ярьсан би авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Драгон төвийн замын урд талд буудлаас наад талд зам дагуу Ч ганцаараа, 2 хайрцагтай эд зүйлтэй зогсож байсан. Тэгээд би очиж уулзаад охин Э, хүргэн хүү З хоёр хайрцагтай эд зүйлийг аваад машиныхаа багаажинд хийгээд яваад намайг Баянгол дүүргийн 8 дугаар хороонд гэрт хүргэж өгөөд охин, хүргэн хоёр маань хүний эд зүйлийг хүргэж өгөхөөр явсан. Би тухайн өдөр очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн. Би уг эд зүйлийг нь задалж үзээгүй. Өмнө нь эд зүйл өгч явуулж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12/, гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “19 цагийн үед байх ээж эхнэрт нэг утасны дугаар өгөөд энэ рүү холбогдоод вагоны үйлчлэгчид аваачиж өгнө гэсэн. 20 цагийн үед би эхнэрийн ... дугаарын утаснаас залгаад хэддүгээр вагонд  аваачиж өгөх талаар асуухад 1 дүгээр вагон дээр гэсэн. Нүхэн гарцаар гараад 1 дүгээр вагон дээр очоод байж байтал эхнэр араас ирээд наадахаа хурдан оруул гэж байна гэхээр нь би орох явцдаа вагоны үйлчлэгч эмэгтэйгээс хаана оруулах вэ? гэж асуухад ажлын өрөөнд хурдан оруул гэсэн би тэгэхээр нь ажлын өрөөнд оруулж 2 хайрцагтай эд зүйлсээ тавьчихаад шууд гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ээж энд зогсчих гээд Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа зогссон. Тэгээд ээж буугаад нэг эмэгтэйтэй уулзаад манай нөхрийг 2 хайрцагтай эд зүйлийг машиндаа оруулчих гээд нөхөр З машины багажинд хийсэн.Ээж орой 20 цагийн үед вагонд аваачиж өгнө гээд надад ... гэсэн дугаарыг өгөөд энэ хүнд аваачаад өгчих би наад хүнийг чинь танихгүй гэж байсан. УБТЗ-ын вокзал дээр очоод тэндээ хүлээж байгаад уг дугаар руу залгаж хаана аваачиж өгөх талаар асуухад 20 цаг 15 минутад 1 дүгээр вагон дээр авчирч өг гэсэн, би тэгэхээр нь нөхөртөө 1 дүгээр вагон дээр аваачиж өг хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/ зэрэг мэдүүлгүүдээр  няцаагдаж байна.

Мөн уг хэрэгт өмнө нь Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд тус шүүхээс шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 2020/ДШМ/27 тоот магадлалаар  22 боодол, 23 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд шүүгдэгч Ц.Ц-г, шүүгдэгч М.Б-тэй хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй гэж буцаасан. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт ял нэмж сонсгосноос өөр нэмэлт ажиллагаа хийгээгүй мөртлөө өмнөх хавтаст хэрэгт авагдсан материалаар шүүгдэгч нарыг уг үйлдлийг хамтран үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Үүнээс үзэхэд хэрэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, зохион байгуулагчаар, гүйцэтгээгчээр хамтран оролцож Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэж үзэх  ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг дангаараа үйлдсэн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц-д улсын яллагч яллах дүгнэлт бичихдээ “2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж бичсэн буруу байна. Шүүгдэгч Ц.Ц нь тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан болно.

Мөн шүүгдэгч Ц.Ц-н 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэж яваа гэдгээ мэдээгүй болох нь Ч гэх Өвөрмонгол эмэгтэйгийн гуйлтаар 2 хайрцагтай эд зүйлсийг өөрийн хүргэн гэх Д.З-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа машинтай очиж аваад хүргэн Д.З-р Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний 1-р вагоны үйлчлэгч М.Б-т хүргүүлж  өгсөн болох нь Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Драгон төвийн замын урд талын автобусны буудлын ойролцоо ээж Ц зогс гээд зогсоход ээж бууж очиж уулзаад би бууж 2 хайрцагтай эд зүйлийг авч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийн багажинд  хийгээд хороололд байх ээжийн гэр рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ээж энд зогсчих гээд Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа зогссон. Тэгээд ээж буугаад нэг эмэгтэйтэй уулзаад манай нөхрийг 2 хайрцагтай эд зүйлийг машиндаа оруулчих гээд нөхөр З машины багажинд хийсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/ зэргээр нотлогдож байгаа болно.

Энэ нь гэмт хэргийн сувьектив талын шинжийг агуулаагүй байна. Уг шинж нь түүж бэлтгэхийг хориглосон ургамал гэдгийг мэдсэн байж, зориуд санаатай тээвэрлэх санаа сэдлийг агуулсан байх ёстой. Гэтэл шүүгдэгч нь ямар бараа тээвэрлэж байгаа гэдгээ мэдээгүй байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 3 дахь хэсэг, 3.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5-р зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г овогт М.Б-н Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б ажилчдын өрөөний эсрэг талын тампар буюу нарийн кордиорын бохирын уутыг асгаж байсан би тэгэхээр нь очиход бохирын уутны доор хар жижиг ууттай скочидсон зүйлүүд байсан. Гаалийн хүн нь утсаар зургийг нь аваад цааш нь мэдэгдээд мэргэжлийн хяналтын байцаагч орж ирээд намайг дагуулаад бүх юмаа шалгуул гээд шалгаж эхлэхэд ажлын өрөөний местний суудал доороос 6 ширхэг хар ууттай скочидсон зүйл гарч ирсэн. Гаалийн хүмүүс өөр байгаа юу гэхэд Б гал түлдэг топикний ард 5 ширхэгийг нуусан байснаа гаргаж ирсэн. Энэ талаар надад хэлээгүй байсан. Шөнөө ээлж солиод намайг унтаж байх үед Б ажлын өрөөний суудлын доод талд 6 ширхэгийг, топикний ард 5 ширхэгийг, бохирын уутан дотор 11 ширхэгийг хийсэн байсныг гаалийнхан илрүүлсэн. Б 2019 оны 06 сарын 09-ний өдөр над руу хүн ярьсан, 2 хайрцаг юм явуулъя гэж асуусан гэж хэлсэн, би хил гаалийн хориотой эд зүйл гэж мэдээгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “19 цагийн үед байх ээж эхнэрт нэг утасны дугаар өгөөд энэ рүү холбогдоод вагоны үйлчлэгчид аваачиж өгнө гэсэн. 20 цагийн үед би эхнэрийн ... дугаарын утаснаас залгаад хэддүгээр вагонд  аваачиж өгөх талаар асуухад 1 дүгээр вагон дээр гэсэн. Нүхэн гарцаар гараад 1 дүгээр вагон дээр очоод байж байтал эхнэр араас ирээд наадахаа хурдан оруул гэж байна гэхээр нь би орох явцдаа вагоны үйлчлэгч эмэгтэйгээс хаана оруулах вэ? гэж асуухад ажлын өрөөнд хурдан оруул гэсэн би тэгэхээр нь ажлын өрөөнд оруулж 2 хайрцагтай эд зүйлсээ тавьчихаад шууд гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 20/, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн “Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр, нуун далдлах аргаар үйлдсэн, гэм буруу нь тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт М.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Байгаль Орчин, Аялал Жуучлалын Сайдын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүүг /Saposhnikovia divapicata /Turz/ Schischk устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хоригложээ.

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 кг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг нийт 1,150,000 төгрөгөөр үнэлж, иргэний нэхэмжлэгч Ц.Ц гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь заалтад “Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг  хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг хэлнэ” гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалын баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчин чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлж байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Энэ хуулийн тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч М.Б нь уг хохирлыг нөхөн төлөгч биш болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгэж байгаль экологид гэм хор учруулсан үйлдэл хийгээгүй байна. Шүүгдэгч М.Б-н уг ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл, байгаль экологид гэм хор учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байх тул шүүгдэгч М.Б-н бусдын түүж бэлтгэсэн 23 кг ховор ургамал Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ  нийт 1,150,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч М.Б-г Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  нийт 1,150,000 төгрөгний үнэлгээтэй 22 боодол 23 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүүг нэг бүрчлэн жинлэж үзэхэд 22 килогармм, 522 грамм болжээ. Уг ургамал нь хадгалалтын явцад хатаж хөнгөрсөн байх тул хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичгүүд нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялын доод ял болох  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г овогт М.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Г овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан түүхийг хориглосон ховор ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,150,000 /нэг сая, нэг зуун тавин мянга/ төгрөгний үнэлгээтэй ховор ургамал болох 22 килорамм, 522 грамм Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл болох 22 килорамм ховор ургамлын нөхөн төлбөр 1,150,000 /нэг сая, нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  иргэний баримт бичгүүд нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Д.Ц