| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0041/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 06-р сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр С аймгийн Ш суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хил хооронд тээвэр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Усны гудамжинд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, бие эрүүл Б овогт Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2021 оны 05-р сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Усны гудамжны ... тоотод өөрийн эхнэр Г.М-н нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 05 сарын 16-ны өдөр өглөө 7 цагт гэрээсээ гараад машинаа шилжүүлэх энээ тэрээ гээд ажилтай гарсан. Намайг гарах үед эхнэр боссон байсан. Чи өнөөдөр амрах юм уу гэсэн чинь амарна гээд үлдсэн. 15 цагийн үед манай нэг ах над руу яриад ах нь мобайлаа янзлуулах гэсэн юм эхнэр чинь хаана байгаа вэ? гэхээр нь гэрт байгаа гэсэн чинь гэртээ байхгүй байна гэхээр нь тэгвэл ажил дээрээ байгаа юм байлгүй дээ гэсэн чинь бас ажил дээрээ байхгүй байна гэсэн. Тэгээд дүү рүүгээ залгатал миний 2 хүүхдийг хараад үлдсэн байсан. Өглөө таныг гарсны дараа гараад явсан 12 цаг гээд 2 дүүдээ хоол хийж өгөөрэй гэсэн хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би ажил руу нь очсон чинь ирээгүй манай нэг хэсэг ажилчид салхинд гарна гэж байсан гарсан байх гэхээр нь би та нар одоо архидалтаа больчихож болдоггүй юм уу? саяхан 2 өдрийн өмнө уусан, сардаа 4, 5 удаа ууж байна болих хэрэгтэй шүү дээ гэсэн чинь ингэж уух байх, залуу хүн байна даа гээд байсан. Тэгээд буцаад гэрт очсон чинь согтуу гэрт ирсэн байж байснаа гэнэт агсам тавиад орилж хашгираад байхаар нь чи явж уу гээд явуулсан юм. Оройноос хойш над руу байнга залгаад хамгийн сүүлд 01 цаг 07 минутад нэг танихгүй дугаараас залгахаар нь авч яриад хаана байгаа юм гээд нэлээн согтуу ярьж байсан. Би уг нь очихгүй гэж бодож байсан. Тэгээд хаана байгаа юм бэ? гэсэн чинь Хилийн ... билүү тэр гудамжинд байна гэхээр нь очсон чинь 50 нэлээн гарсан ах эгч 2 унтаж байсан. Манайхаас 1, 2 цагийн өмнө гараад явсан хойно Өртөөний гудамжинд нэг айл байгаа гээд гадаа орчныг нь надад зааж өгсөн. Тэр айлын олоод очтол хашааных нь гадаа 2 согтуу залуу зогсож байхаар нь шууд байшин руу яваад ортол нөмөрсөн юм байхгүй нүцгэн хэвтэж байсан. Чи айлд ингээд хэвтэж байдаг ямар ичдэггүй юм бэ? гээд аваад гарах гэсэн гардаггүй, хувцсаа өмсөхгүй, намайг харааж зүхээд арай нэг юм хувцсыг нь өмсүүлээд үүрээд явсан би. Тэгээд машиндаа оруулаад хойд суудал дээрээ суулгаад хаалга цонх хамаг юмаа түгжээд явсан. Араас цохиод, хашгираад сүүлдээ руль булаацалдаад байхаар нь цаашаа гээд хэд хэд түлхсэн. Гэртээ орчих юм бол согтуудаа маш их орилж хашгирч агсам тавьдаг юм ер. Уг нь 1, 2 цаг орилж байгаад унтчихдаг юм. Би өөрөө архи дарснаас маш хол хүн. 2 хүүхэд маань орилж хашгирахаар нь айгаад байдаг. Тэгээд ноцолдож байгаад гадаа гарч тамхи татъя, нойл оръё гээд гарсан буцаад орох гээд явж байхдаа 2-уулаа пошк дээр давж унасан. Унахдаа урсан юм байлгүй нуруун дээр нь хөндлөн зураас гарсан байсан. Би бол санаатай нүүр ам руу нь цохисон зүйл байхгүй. Араас цохиод байхаар нь чи цаашаа бай гээд тохойгоороо түлхсэн тэрийгээ нүүр лүү нь цохилоо ч гэж бодоогүй гэв.
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Г.С нь 2021 оны 05 сарын 16-17-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан зодсон тул би цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан. Манай ажлын газрын хүмүүс агаар салхинд гарахаар болж Замын-Үүд сумаас ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах хөдөө хээр гарч хоол унд идэж тэндээ тоглож байгаад авчирсан архи пиво хамт олноороо ууж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 15 цагийн үед манай нөгөө ээлжийн зохион байгуулагч Г нь над руу утсаар яриад танай нөхөр ажил дээр ирж бөөн юм болж байна. Яг одоо ир гэхээр нь би шууд гэр лүүгээ явсан. Надтай хамт манай ээлжний зохион байгуулагч М гэх хүн надтай хамт явж байсан тэгээд гэртээ иртэл миний араас манай нөхөр Г.С нь орж ирээд миний өөдөөс уурлаад би Г.С-д тайлбарлах боломж олгоогүй наад хүнээ аваад яв гээд уурлаад надтай хамт ирсэн хүнд тэгээд байсан. Тэгэхээр нь Г.С намайг ойлгохгүй юм байна гэж бодоод хамт ирсэн хүнтэйгээ буцаад хөдөө явсан тэгсэн чинь манай ажлынхан өөдөөс ирж явсан. Тэгээд бид нар Ц гэх айлд очиж бүгд архи ууцгаасан. Би ажлынхаа эгчийнд очиж унтсан байсан. Би архи ууж ухаанаа алдсан байсан. Тэгээд манай нөхөр тэрнээс болж зодсон юм. ...манай нөхөр миний баруун нүд рүү юугаар цохисныг мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Маргааш өглөө нь нөхрөөсөө асуусан чинь би чамайг үүрч орж ирэхдээ арагш суулгах гэж байгаад тохойгоороо цохьсон гэж байсан. ...би нөхөр Г.С-с ямар нэгэн эмчилгээний зардал хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11,18-19/
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.М-н нөхөр ажил дээр ирээд эхнэрээ хайгаад байна гэхээр нь Г.М за би гэртээ явъя гээд явсан. Тэгтэл нээх удалгүй Г.М эргээд ирсэн. Г.М-с асуутал манай нөхөр яв гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь Г.М-г хүргэж өгсөн хамт ажилладаг зохион байгуулагч нь Г.М-н нөхөр нь наад хүнээ аваад яв гэж байна гэж ярьж байсан. Тэгээд бид нар тэндээсээ тараад Г.М манайд надтай хамт унтсан. Тэгтэл шөнийн 01 цагт Г.М-н нөхөр гэх өндөр бор залуу орж ирээд Г.М-г орноос босгоод хөөе гэртээ харья чи чинь ямар сонин хүн гэх зэргээр хэлж байсан. Тэгээд эхнэрээ чи наад хувцсаа өмс гээд байсан. ...нөхөр нь гар хүрч зодсон зүйл байхгүй байх. Би хараагүй болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14
2021 оны 05-р сарын 18-ны өдрийн 04/101 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:
-Г.М-н биед гэмтэл учирсан байна.
-Г.М-н биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд талд цус хуралт, зүүн шууны гадны дунд талд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхий хурууны уг хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, нурууны баруун талд зулгаралт цус хуралт, ахар сүүлний хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун шагайны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Г.М-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 21-22/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 35-36/
Шүүгдэгч Г.С нь урьд захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-50/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-58/
Шүүгдэгч Г.С-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Г.С нь 2021 оны 05-р сарын 16-наас 17-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Усны гудамжны ... тоотод өөрийн эхнэр архи уулаа гэх шалтгаанаар Г.М-н нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Г.С-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.С-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.М-н “...Манай нөхөр Г.С нь 2021 оны 16-17-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан зодсон тул би цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан. Би ажлынхаа эгчийнд очиж унтсан байсан. Би архи ууж ухаанаа алдсан байсан. Тэгээд манай нөхөр тэрнээр болж зодсон юм. ...манай нөхөр миний баруун нүд рүү юугаар цохисныг мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Маргааш өглөө нь нөхрөөсөө асуусан чинь би чамайг үүрч орж ирэхдээ арагш суулгах гэж байгаад тохойгоороо цохьсон гэж байсан. ...би нөхөр Г.С-с ямар нэгэн эмчилгээний зардал хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11,18-19/, гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгтэл шөнийн 01 цагт Г.М-н нөхөр гэх өндөр бор залуу орж ирээд Г.М-г орноос босгоод хөөе гэртээ харья чи чинь ямар сонин хүн гэх зэргээр хэлж байсан. Тэгээд эхнэрээ чи наад хувцсаа өмс гээд байсан. ...нөхөр нь гар хүрч зодсон зүйл байхгүй байх. Би хараагүй болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, 2021 оны 05-р сарын 18-ны өдрийн 04/101 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 21-22/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Г.М хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.С-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь торгуулийг ялыг сайн дураар төлөх боломтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц