Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Б.Б, С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ж, Х овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б,

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С.Ж

Холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч С.Ж  нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Л.Х ахын морийг нь унадаг унаач хүүхэд нь байсан бөгөөд одоо болтол гэр орноор нь орж гараад ах дүү шиг явдаг юм. Одоо тэдний дээр миний адуу мал байдаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө Л.Х ах над руу утсаар залгаад “өөрийнхөө өвсийг тусад нь хураах хэрэгтэй байна, хүрээд ир” гэхлээр нь "за тэгье” гэж хэлээд эхнэр А.Д мөн өвс хураах гэж туслуулах гээд Б-г гуйгаад хамт тэднийд 14 цагийн үед очсон, гэрт байсан 0.75 литрийн “Г архийг Л.Х ахад өгөх гээд авч явсан байсан, тэгээд тэднийд өвсөө янзалж байх зуураа авч очсон архиа задлаад дээрээс нь бага зэрэг ууж байгаад гэрт авч ороод уугаад сууж байснаа санаж байна. Тэгээд юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй, нэг мэдсэн чинь Л.Х ах толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан байж байсан, түүний эхнэр С.Ж нь намайг галын хайчаар цохиод, мөн зүүн нүдний дээд тал руу цохиж байсан, энэ үед Б найз их ууж идээгүй байсан болохоор биднийг салгаж байсныг санаж байна...Л.Х ахаас уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүгдэгч С.Ж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Б.Б нь эхнэр А.Д түүний найз нь Б нар нь манайд ирээд өвс хурааж зөөх зуураа 1 шил 0.75 литрийн “Г” архи тэд нар авчирсан байсан түүнийгээ задлаад Б, Б манай нөхөр Л.Х нар хувааж ууцгаасан. Тэгээд гадаа өвс зөөх зуураа уугаад үлдсэн архийг нь гэрт оруулж ирж ууж байхдаа Л.Х, Б.Б нар нь гэрийн зүүн хойд буланд газар хоорондоо ойрхон суугаад архиа ууж байхдаа Б.Б, Л.Х нар хэн хэн нь их согтсон байсан бөгөөд морины уяа ярьж байгаад “морь мэднэ, мэдэхгүй” гэх зэргээр юм ярьж байхдаа хоорондоо үг сөрж маргалдах шинжтэй болж улмаар Б.Б нь Л.Х рүү салаавч өгөөд айраг аягалдаг шаазан аягаар Б.Б нь Л.Х-н толгойн баруун дээд хэсэгт нь 1 удаа цохисон чинь аяга тухайн газраа хагарсан, /аягыг нь хог дээр хаясан/ тэгээд би барьцалдаж авч амжилгүй, 2 талаас нь А.Д бид хоёр тэднийг 2 тийш нь салгаад авсан. Б.Б нь баруун гараараа миний зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа алгадаад, чамайг мэднэ шүү дээ, чи муу гичий, жонбого минь гэхлээр нь би уурлаад “Чи муу хүн доромжилдог хэн юм бэ? түрийний бөөс толгойнд гарах нь ээ” гэж хэлээд галын хайчаар түүнийг цохиход нуруун тус газарт нь 2 удаа цохигдож мөн нэг цохилт нь түүний зүүн нүдний дээд талд таарч цохигдсон юм шиг байна лээ, би тухайн үед маш их уурлаж зүрх салгалж байсан учраас тийм үйлдэл хийсэн юм. Тэгээд түүнээс өөр зодоон цохион болоогүй, Б өөрөө нүүр гараа угааж байхдаа миний нүүрийг хэн цохисон бэ? гэхлээр нь би цохисон, чи Х ахынхаа толгойг чи хага цохисон гэсэн чинь Б.Б нь би Х ахын толгойг цохисон юм уу? гэж л ярьж байгаад гараад явцгаасан. Л.Х-н тухайд юу ч мэдэхгүй согтуу дээшээ доошоо унаж тусаад толгойноос нь цус гарчихсан  байсан. Б.Б-той өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй, тухайн үед бол ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл мэдэгдээгүй, бид урьд өмнө нь маргалдаж муудалцсан асуудал байхгүй...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 17-18/,

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр /тухайн үед би ... албан тушаалтай ажиллаж байсан/ миний хуурай ах болох Х над руу залгаад “өнөөдөр ирж хураасан өвсөө салгаж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр би найз Б-г дуудаж хамт Х-н гэрт очсон. Тэр өдөр би Х ахын гэрт очихдоо нэг шил 0,75 л савлагаатай архи авч очоод өвс хурааж байхдаа Х ахтай архиа хувааж ууж байсан. Ингээд өвсөө хурааж дуусаад үлдсэн архиа аваад Х ахын гэрт орсон. Тэгээд бид хоёр архиа үргэлжлүүлэн ууж байхдаа морь малын тухай ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан учраас биеэ хянаж чадалгүй хоромхон зуурын уур бухимдлаас болж цай ууж байсан шаазан аягаар Х ахын толгой орчим нэг удаа цохисон. Тэгэхэд Х ах толгойгоо бариад суусан бөгөөд эхнэр болох Ж эгч чи миний нөхрийг цохилоо гэж уурлаад гэрт нь байсан галын дэгээ төмрөөр миний зүүн нүд, зүүн чих орчим нэг удаа, эрүү шанаа орчим нэг удаа цохисон. Тэр үед цуг байсан найз болох Б бид нарыг салгаад намайг гэрээс авч гарсан. Тэгээд гэрийн гадаа байсан миний машинд суугаад шууд явсан. Өөр хэрүүл зодоон болоогүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Х ахын эхнэр Ж эгч учруулсан, намайг өөр цохиж зодсон хүн байхгүй. Харин би шаазан аягаар Х ахын толгойг цохиж гэмтээсэн. Би согтуудаа өөрийгөө хянаж чадалгүй бусдыг гэмтээсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй биеэ зөв авч явна. Энэ асуудлаас болоод би ажлаасаа халагдсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би маш их харамсаж байна... Надад Ж эгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Хохирогч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Надад учирсан гэмтлийг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хөдөө гэрт хамт архи хувааж уусан Б.Б согтуу үедээ шаазан аягаар 1 удаа цохиж учруулсан. Шаазан аяга нь манай гэрийн хэрэглээний хоол цайны аяга байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байгаа, Б.Б-г шаазан аягаар миний толгойд цохисон гэж эхнэр С.Ж хэлсэн. Тэрнээс тухайн үед би өөрөө согтуу байсан болохоор анзаараагүй. Б.Б-д миний зүгээс ямар ч гомдол санал байхгүй. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Б.Б утсаар залгаад Л.Х ахынд очиж өвс шилжүүлэх гэсэн юм хамт яваад туслаад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон юм. Б.Б нь манай гэрийн гадаа цагаан өнгийн Приус-30 маркийн авто машинтай, эхнэр А.Д-н хамт ирээд намайг аваад Л.Х-нд очсон. Бид Л.Х-н гэрийн гадаа өвсөө ялгаж зөөж байх зуур Б.Б нь машинаасаа 0.75 литрийн “Г” архи гаргаж ирээд Л.Х ахдаа гэж л авч ирсэн юм шиг байна лээ, архиа задлаад ганц нэг тойруулж байтал өвс зөөх ажил дуусаад бид бүгдээрээ Л.Х-н гэрт нь ороод үлдсэн архиа гэрт тойруулж байсан, би гадаа байх үед ганц нэг удаа уугаад гэрт орсон хойно бол би уугаагүй, тэднийд хоол унд идээд сууцгааж Л.Х, Б.Б нар нь гэрийн зүүн хойд хэсэгт газар сууж байсан, би гэрээс гараад Б.Б-н машинаас тамхи аваад бие засчхаад буцаад гэрт орж ирсэн чинь Б.Б, Л.Х нар маргалдаж зодолдсон бололтой Л.Х-н толгойноос цус гойжсон байдалтай Л.Х-н эхнэр С.Ж нь Б.Б руу дайраад нөхөртэй муудлаа зодлоо гээд галын хайчаар нуруу толгой руу нь  цохиод байсан энэ үед би дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 04/18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б-н биед гэмтэл учирсан байна.

2. Б.Б-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, зүүн чихний омогний урд талд шарх, эрүүн дор зулгаралт, баруун гарын ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Б.Б-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.

5. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 04/16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  

1. Л.Х-н биед гэмтэл учирсан байна.

 2. Л.Х-н биед хуйханд зулайн баруун талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 3. Л.Х-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.

5. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/,

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-83/,

- Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 88, 90-91/,

- С.Ж-н оршин суугаа хаягийн тодорхойлолтын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албан тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 96-99, 106-107/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар  2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Л.Х-н гэрт шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Х-тэй архи ууж улмаар хоорондоо маргалдаж Л.Х-н толгойн тус газар шаазангаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.Ж нь нөхрийг маань цохилоо гэж галын хайчаар Б.Бг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б, С.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б, С.Ж нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, С.Ж нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Л.Х “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хөдөө гэрт хамт архи хувааж уусан Б.Б согтуу үедээ шаазан аягаар 1 удаа цохиж учруулсан... Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байгаа, Б.Б-г шаазан аягаар миний толгойд цохисон гэж эхнэр С.Ж хэлсэн...” гэсэн, хохирогч Б.Б “...Тухайн үед би нэлээн согтсон байсан учраас биеэ хянаж чадалгүй хоромхон зуурын уур бухимдлаас болж цай ууж байсан шаазан аягаар Х ахын толгой орчим нэг удаа цохисон. Тэгэхэд Х ах толгойгоо бариад суусан бөгөөд эхнэр болох хавхлан эгч чи миний нөхрийг цохилоо гэж уурлаад гэрт нь байсан галын дэгээ төмрөөр зүүн нүд, зүүн чих орчим нэг удаа, эрүү шанаа орчим нэг удаа цохисон...” гэсэн, гэрч Б.Б “...Б.Б-н машинаас архи аваад бие засчхаад буцаад гэрт орж ирсэн чинь Б.Б, Л.Х нар маргалдаж зодолдсон бололтой Л.Х-н толгойноос цус гойжсон байдалтай Л.Х-н эхнэр С.Ж нь Б.Б руу дайраад нөхөртэй муудлаа зодлоо гээд галын хайчаар нуруу толгой руу нь  цохиод байсан энэ үед би дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 04/18, 2021 оны 01 сарын 13-ны 04/16 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Б, С.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, С.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Б, Л.Х нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Б, Б овогт С.Ж нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б.Б, Б овогт С.Ж нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, тус бүр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Ж нар нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үндсэн хугацааны 1  /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б, С.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, С.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н