| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01368/и |
| Дугаар | 1246 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1246
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Дан 9-2 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧГ 81062111, Боржигон овогт Бат-Өнөрийн Нямдоржийн хүсэлттэй
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Б.Нямдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цэнгэлсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Нямдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.Цэнгэлсайхантай 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан, анх биднийг гэрлэлтээ батлуулахад Г.Цэнгэлсайхан нь Түвшинбаяр гэдэг хүүтэй байсан. Бид 2010 онд охинтой болсон тул 2 хүүхдээ нэг овогтой болгохын тулд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дүүрэг дээрээ хүсэлт гарган, Түвшинбаярыг үрчлэн авч, өөрийнхөө нэр дээр болгосон.Бид 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлцээ цуцлуулсан, одоо хүү маань 9 дүгээр ангиа төгсөж байгаа тул надаар биш ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа тул хүү Түвшинбаяр, Г.Цэнгэлсайханы хүсэлтийн дагуу би шүүхэд хүсэлт гаргасан.Энэ хүү угаасаа миний хүүхэд биш, би мөн Г.Цэнгэлсайхантай гэр бүлээ цуцлуулсан тул миний Түвшинбаярыг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цэнгэлсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Нямдоржтой гэр бүл болсон бөгөөд энэ үед би 2 дугаар ангийн хүүтэй байсан.Бид 2010 онд охинтой болсон тул 2 хүүхдээ нэг овогтой болгохын тулд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүүгээ Ц.Нямдоржид үрчлүүлэн овгийг нь сольсон юм.Бид 2013 оны 6 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан, хүү маань одоо 9 дүгээр ангиа төгсөж байгаа бөгөөд иргэний үнэмлэхт авах гэж байгаа болохоор ээжээрээ овоглохыг хүссэн юм. Иймд энэ үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Би Б.Нямдоржийн гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах хүсэлтийг дэмжиж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Нямдорж нь Г.Цэнгэлсайханаас Ц.Түвшинбаярыг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
Ц.Түвшинбаяр нь Галягийн Цэнгэлсайханаас 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Түвшинбаяр төрсөн болох нь төрсний бүртгэлийн 000073192537/25 тоот лавлагаагаар нотлогдож байна.
Б.Нямдорж 2009 онд Г.Цэнгэлсайхантай гэр бүл болж, улмаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Түвшинбаярыг түүний эх Г.Цэнгэлсайханаас үрчлэн авсан болох нь үрчлэлтийн 000017025 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Б.Нямдорж Г.Цэнгэлсайхан нар нь шүүхийн шийдвэрээр 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан тул 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлт цуцалсаны бүртгэлийн 10 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж заасны дагуу Б.Нямдоржид үрчлүүлэхээс өмнө Түвшинбаяр нь эх Цэнгэлсайханаар овоглож байсан гэж хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд нар тайлбарлаж байна.
Б.Нямдорж Г.Цэнгэлсайхан нар хамт амьдрахгүй болсон, Түвшинбаяр ч өөрийнхөө эхээр овоглох хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдал болон улмаар хүүхдийн эрх ашигт нийцэх байдлыг харгалзан үзэхэд Б.Нямдоржийн хүсэлтийг хангах үндэстэй байна
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасны дагуу үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Түвшинбаярыг 2012 оны 4 дүгээр сард Б.Нямдоржид үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар Түвшинбаярыг төрүүлсэн эх Г.Цэнгэлсайханынх нь асрамжид байлгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Н.Нямдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН