Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 989

 

Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00268 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бэрэн секьюрити ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 6 691 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Шинэбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Номин даатгал ХХК нь Баясах трейд ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01-00713127 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулан тус компанийн  16 нэр төрлийн тээврийн хэрэгслийг даатгасан. Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 07-нд Баясах трейд ХХК-ийн 56-47 УНЭ улсын дугаартай тоyoto camery авто машин хулгайд алдагдаж улмаар 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мөргөлдсөн байдалтай олдсон. Баясах трейд ХХК нь Бэрэн секьюрити ХХК-тай хамгаалалтын гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг байсан. Уг хулгайд алдсан авто машиныг тус компанийн ажилтан Нямдорж унаж яваад зам тээврийн осол гаргаж үнэлгээний компаниар үнэлүүлэн 6 691 000 төгрөгийн хохирол учирсныг даатгалын гэрээгээр манайх төлсөн.  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д мөн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, мөн Иргэний хуулийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн.  Иймд  Бэрэн секьюрити ХХК-иас 6 691 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолоор Б. Нямдоржийг гэм буруутайд тооцож  шийтгэсэн. Буруутай этгээдээс нөхөн төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний тухай хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бэрэн секьюрити ХХК-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 6 691 000 төгрөг гаргуулах тухай Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Бэрэн Секьюрити” ХХК нь Номин даатгал ХХК-ний харилцагч “Баясах трейд” ХХК-тэй хамтарч ажилладаг. “Бэрэн Секьюрити” ХХК-ийн ажилтан  Б.Нямдоржийн буруутай үйлдлийн улмаас “Баясах Трейд” ХХК-нд хохирол учирсан. Хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг нөхцөл байдлыг сайтар судалж үзсэнгүй. “Бэрэн Секьюрити” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Мөнхбаяр нь манай компани “Баясах Трейд” ХХК-нтай цаашдын үйл ажиллагаагаа бодон шинэ машин өгсөн гэсэн боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч Бэрэн секьюрити ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6 691 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч “...хуульд заасны дагуу буруутай этгээд хариуцлагыг хүлээх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар Б.Нямдорж буруутай болох нь тогтоогдсон тул манайх хариуцах ёсгүй” гэж маргажээ.

 

Номин даатгал ХХК болон Баясах трейд ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд үүсч, нэхэмжлэгч нь Баясах трейд ХХК-д 6 691 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Уг даатгалын тохиолдол нь хариуцагч Бэрэн секьюрити ХХК-ийн ажилтан Б.Нямдоржийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрийн хамгаалж буй обьект болох Баясах трейд ХХК-ийн хашаанд тавьсан машиныг хулгайлан унаж явахдаа хохирол учруулсанаас үүдэлтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх-ийн 53-56/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан. Нэхэмжлэгч нь Баясах трейд ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн 6 691 000 төгрөгийг буцаан гуравдагч этгээдээс шаардах эрхийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар Баясах трейд ХХК-иас шилжүүлэн авсан гэж тайлбарлажээ.

 

Даатгагч даатгуулагчид төлсөн төлбөрөө гуравдагч этгээдээс буцаан шаардахад 3 үндэслэл бүрдсэн байх ёстой. Үүнд даатгалын нөхөн төлбөрийг даатгагч даатгуулагчид төлсөн байх, даатгуулагч гуравдагч этгээдэээс хохирлоо шаардах эрх нь дуусгавар болоогүй шаардах боломжтой байх, уг эрхээсээ татгалзаагүй байх ёстой. Даатгалын нөхөн төлбөр 6 691 000 төгрөгийг  Номин даатгал ХХК даатгуулагч Баясах трейд ХХК-нд төлсөн нь мөнгөн шилжүүлгийн эх баримтаар нотлогдсон, Баясах трейд ХХК-ийн Бэрэн секьюрити ХХК-д гаргаж болох шаардлага дуусгавар болсон, уг эрхээсээ Баясах трейд ХХК татгалзсан гэх баримтыг талуудын хэн аль нь гаргаагүй. 

 

Хэдийгээр Бэрэн секьюрити ХХК нь Баясах трейд ХХК-д шинэ машин авч өгсөн гэх боловч энэ талаар баримтгүй, шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дурдагдсан гэх боловч машиныг бодитойгоор хүлээлгэн өгсөн баримтгүй, маргалдагч талуудын хэн аль нь Баясах трейд ХХК-ийг гуравдагч этгээд, гэрчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Баясах трейд ХХК-ийн Бэрэн секьюрити ХХК-нд хандан тавих шаардлага дуусгавар болоогүй, уг шаардах эрхээсээ Баясах трейд ХХК-ийг татгалзаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бэрэн секьюрити ХХК-иас 6 691 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Номин даатгал ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Бэрэн секьюрити ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД