Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0882/З |
Дугаар | 221/МА2023/0165 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0165
“Х г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Нэхэмжлэлийн шаардлага: “... нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ур, Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2021/0827/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х г ” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 е, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 29 дүгээр зүйлийн 29.1.6. л, 29.2-т заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.7-д “...Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээр дурдсан маргааны үйл баримт зэргээс үзвэл Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, М хотхоны хойд талын Их Монголын гудамжнаас Хүннү хороолол хүртэлх 1.3 км замын байгууламж болох авто зам, явган хүний замыг нэхэмжлэгч “Х г ” ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг авто зам нь /төрийн/ нийтийн өмч болоогүй байна...” гэжээ. “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, спорт цогцолбор болон сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг хүн бүрийн амарч туслахад зориулагдсан эрүүл орчинд Luxury зэрэглэлийн 5000 гаруй өрхийн “M” хотхоны төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотхоны орон сууц, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн цогцолборыг тусгасан ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт хөгжлийн газрын даргын баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, төрийн эрх бүхий байгууллагуудаас олгосон техникийн нөхцлүүдийн дагуу барьж одоогоор 2000 гаруй өрхийн 5000 орчим иргэд амьдарч байна. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын хөгжлийн газрын даргын баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөлд “М ” цогцолбор хотхон ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэлтэй 2, хойд чиглэлтэй 3 автомашины орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн байдаг боловч нэхэмжлэгч компанийн хууль бус үйлдлийн улмаас дээрх батлагдсан зураг төсөлд заасан орц гарцыг гаргаж чадалгүй “М ” хотхоны олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж ирсэн. Нөгөөтээгүүр Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 033/26 дугаартай дүгнэлтээр М хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 8 орц, гарц төлөвлөгдсөн боловч одоогоор зүүн тийш гарах 2 орц, гарцыг ашиглаж байна. гал унтраах шуурхай албаны автомашин баруун, хойд талаас орж гарах ямар ч боломжгүй, зам гарц төлөвлөгдөөгүй аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байх тул орц гарц гаргах шаардлагатай байна...” гэсэн дүгнэлт гаргасан, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай дүгнэлтээр “...Гамшиг болон гал түймрийн үед тусгай албаны автомашиныг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн хотхоны орц, гарцыг нээх шаардлагатай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан байдаг.
3.2. “Э констракшн” ХХК нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд хотхоны зүүн чиглэлтэй 2 гарцаар оршин суугчид орж, гарч байсан боловч төсөлт ажлын хүрээнд орон сууцны барилга нэмэгдэхийн хэрээр оршин суугчдын хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан “М ” хотхоны ерөнхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 7-д орц гарц төлөвлөх гэж заасны дагуу хотхоны хойд чиглэлтэй орц гарц гарах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1175 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/2114 дугаар зөвшөөрлийг тус тус олгосон. Тус зөвшөөрлийн 1-т Ажлыг эхлүүлэхийн өмнө мэргэжлийн байгууллагаар ажлын зураг хийлгэн холбогдох шугам сүлжээ болон бусад байгууллагаас тодруулга авч, замын цагдаагийн газартай зөвшилцөх гэж заасны дагуу Нийслэлийн авто замын газар, Замын цагдаагийн газартай зөвшилцөж зөвшөөрсний дагуу авто зам, гүүр, аэродромын зураг төсөл, зөвлөх үйлчилгээний “И” ХХК-иар Маршал хотхоны хойд зам руу гарах орц гарцын зураг төслийг зуруулж батлуулсан боловч нэхэмжлэгч компанийн хууль бус үйлдлийн улмаас өнөөдрийг хүртэл орц гарц гаргаж чадаагүй олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаартай Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолоор, Нийслэлийн засаг даргын 2020 оны 04 дүгээр 14-ний өдрийн А/000 дугаартай Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж тус тус хууль зүйн дагуу гаргасан.
3.3. Хан-Уул дүүргийн 17-р хороо, М хотхоны ертөнцийн зүгээр хойд талын зам нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/4462 дугаартай албан бичгээр Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу “Нийслэлийн авто зам” гэх ангилалд багтаж байгаа, нийслэлийн иргэд тус замаар чөлөөтэй зорчдог бөгөөд “М ” хотхоны тус зам руу автомашины болон явган хүний орц гарц гаргасан нь нэхэмжлэгч компанийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй, шүүхээс дээрх баримтад дүгнэлт хийгээгүй, няцааж байгаа тохиолдолд түүний ямар хууль зүйн үндэслэл болон нотлох баримтаар няцааж байгаа талаар дурдаагүй байдаг. Нөгөөтээгүүр Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Авто замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ” гэж заасан бөгөөд “Нийслэлийн авто зам”-ын ангилалд хамаарах авто замыг “Х г ” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан тул “Х г ” ХХК-ийн өмч мэтээр дүгнэсэн байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь, Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, олон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна” мөн зүйлийн 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 17-р хороо, М хотхоны ертөнцийн зүгээр хойд талын зам нь нэхэмжлэгч “Х г ” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан төрийн нийтийн өмч буюу Монгол улсын иргэн бүр ашиглах эрхтэй зам болох нь илт ба одоог хүртэл Улаанбаатар хотын иргэд тухайн замаар саадгүй зорчиж байгаагаас үзэхэд нийтэд илэрхий баримт болно.
3.4. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэлдээ өөрийнх нь ямар ашиг сонирхол М хотхоны оршин суугчид тухайн замыг ашиглахад зөрчигдсөн талаар тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүхээс дүгнэлт өгөөгүй, няцаасан, дэмжсэн талаар тайлбарыг дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий нотлох баримтад үндэслэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа болохыг анхаарч үзнэ үү. ... “Э констракшн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зориулалттай хотхоны Ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу зүүн тал руу харсан 2, хойд тал руу харсан 3 орц, гарц гаргахаар төлөвлөж, баталсан байдаг бөгөөд дээрх нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь тус 7 орц, гарц гаргаж түгжрэлийг бууруулахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд утга, агуулгын хувьд дээрх шийдвэр нь ойлгомжтой, тодорхой байхад шүүхээс ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.3-д “Мөн хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчаас өөрийн гаргасан маргаан бүхий актуудыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, мэдэгдэх үйл ажиллагааг хийсэн талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Х г ” ХХК-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзсэн” гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуулийг дур мэдэн тайлбарлаж нотлох баримтгүйгээр хэрэглэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Маргааны зүйл болсон нийслэлийн Засаг даргын А/000 дугаартай захирамж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/33 дугаартай тогтоол 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус гарсан байдаг бөгөөд нэхэмжлэгч компани анх шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн захиргааны актуудыг хэзээ мэдсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй, анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн зүгээс дээрх захиргааны актыг хэзээ мэдсэн талаар тайлбарлаагүй байхад хариуцагч нарыг захиргааны актыг мэдэгдсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт болно гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэсэн байх наад захын шаардлагыг хангахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т заасан хугацааны дотор гэж хууль хэрэглээний хувьд шүүхээс нэхэмжлэгч талыг хуульд заасан дээрх хугацааны аль зүйл заалтад заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь тодорхой бус байгааг анхаарч үзнэ үү.
3.6. ... “М ” хотхонд одоогоор нийт 2000 гаруй өрхийн 5000 гаруй иргэд амьдарч байгаа бөгөөд цаашид ч оршин суугчид нэмэгдэх бөгөөд Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 033/26 дугаартай дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай дүгнэлтүүдээр Гамшиг болон гал түймрийн үед тусгай албаны автомашиныг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн хотхоны орц, гарцыг нээх шаардлагатай гэж үзсэн байдгаас гадна Нийслэл хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын А/000 дугаартай захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/33 дугаартай тогтоол гарсан бөгөөд дээрх захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай болсон 1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байж болох нөхцөл байдал бий болсон болохыг анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 4.16-д ...уг акт нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны байж болохуйц болзошгүй байна... дүгнэсэн атлаа сонсох ажиллагааг явуулаагүй хэмээн буруутгасан нь ойлгомжгүй, тодорхойгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Х г ” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр “хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа ... Захиргааны акт ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүйн улмаас нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана ... гэж заасантай нийцсэн гэж хангалттай үзэхээргүй, харин холбогдох ажиллагааг хийсэн тохиолдолд уг акт нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны байж болохуйц болзошгүй” гэх дүгнэлтийг хийж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
2.4. Гэтэл шүүхээс нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх нь тодорхойгүй байна.
2.5. Иймд анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан байна. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хүчингүй болгуулах, ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ёстой байжээ.
2.6. Мөн хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий актыг хэзээ, хэрхэн мэдсэн талаар тодруулга тайлбар авах шаардлагатай байхад хавтас хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэрхэн тооцсон нь тодорхой бус байна.
2.7. Энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... нийслэлийн Засаг даргын А/000 дугаартай захирамж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/33 дугаартай тогтоол 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус гарсан байдаг бөгөөд нэхэмжлэгч анх 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн захиргааны актыг хэзээ мэдсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т заасан хугацааны дотор гэж хууль хэрэглээний хувьд шүүхээс нэхэмжлэгч талыг хуульд заасан дээрх хугацааны аль зүйл заалтад заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь тодорхой бус” гэх тайлбар үндэслэлтэй байна.
2.8. Анхан шатны шүүх “... шүүхээс маргаан бүхий газар дээр хоёр удаа үзлэг хийхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаж буй орц, гарцыг хаасан хаалтыг Э констракшн ХХК-ийн төслөөр хийж хэрэгжүүлж буй К хотхоны 127-р байрны чанх хойно байх бетон хаалт, төмөр хайсан хашааг зааснаас харж болно. ...шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ...Номин реалтор ХХК-ийн 2 жил дараалан ашиглаагүй 12000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. ...хариуцагчийн зүгээс захирамж гарсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татах асуудал яригдсан. Орц гарцын асуудал шийдэгдэхэд хэл ам хийж байсан хүн хэл ам хийлгүйгээр шийдсэн. Нийслэлийн зориулалттай замын мөнгийг Х г ХХК нь Нийслэлээс авахаар яригдаж байгаа... хэмээх эргэлзээтэй тайлбарыг өгсөн. Шүүхээс энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Н нараас тодруулахаар тооцож байсан боловч товлогдсон шүүх хуралдаанд З.Мөнхжин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Ш.Н шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсны улмаас оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон...” гэж дүгнэж, хэргийг тэдгээрийг байлцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
2.9. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д зааснаар шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно гэж заасан.
2.10. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Н нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдгээрийн тайлбар мэдүүлгийг авч, хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”, 6.1 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дугаар зүйлд заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж, 6.4 дүгээр зүйлд заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 98.2 дугаар зүйлд “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасантай нийцэхээр байна.
2.11. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ