Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 384

 

Ж.Отгонсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ж.Отгонсайхан, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 582 дугаар магадлалтай, Ж.Отгонсайханы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Отгонсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.1-д заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 582 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан ба албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежер, хошууч Ж.Отгонсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 6/185 дугаар тушаалаар захиргааны санаачлагаар албан тушаал бууруулан Цагдан хорих 461 дүгээр ангийн хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилсон тушаалыг сахилгын шийтгэл ногдуулсан, зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь эрхлэх асуудлын хүрээнд “Хууль зүй дотоод хэргийн яамны /хуучин нэрээр/ харьяа бүх агентлагуудын хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг 2008-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар тушаалаар баталсан байдаг ба “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”-т тусгагдсан 25 ажил үйлчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгаж, 2008-2011 он, 2012-2015 он, 2016-2019 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргаар 2015 онд ажиллаж байсан хошууч Ж.Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хууль зүйн яаманд хүргүүлэхдээ удирдлагын тодорхой чиглэл, зөвшөөрөлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулах”, “Хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулан дээд байгууллагад хүргүүлсэн байх”, “Батлагдаж мөрдөгдсөн байх” гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжиж байгаа хөтөлбөрийг буруу томьёолж, хууль зүйн яамнаас тодорхой чиглэл авалгүй, үндэслэлгүйгээр боловсруулан хүргүүлсэн нь хэрэгжээгүй байна.

Төлөвлөгөө нь бодит биелэгдэхүйц байдлаар тооцоолон цаасан дээр буулгасан бичиг баримт ба байгууллагын үйл ажиллагааны чиглүүлэгч нь юм. Үүний ард цаг хугацаа, мөнгө, ажиллах хүчин, байгууллагын бодлого явагддаг ба тус асуудалтай холбогдуулан Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, батлагдсан хөтөлбөрийг боловсруулахаар оруулсан гэсэн чиглэлийг ирүүлсэн, тус асуудлаас болж байгууллагын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ унасан.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 болон 4 дэх хэсэг, ажлын байрны үндсэн зорилтод байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулах, хяналт тавих, батлуулах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан ба дээрх асуудал нь хошууч Ж.Отгонсайханы хариуцан гүйцэтгэх ажил үүрэг юм. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь дээрх төлөвлөгөөнд хяналт тавих үүрэгтэй гэж үзэж байгаа ч уг төлөвлөгөөний төслийг үндэслэлтэйгээр боловсруулж, удирдлагад танилцуулах чиг үүрэг нь Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргад байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд “тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг ба захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл биш ба систем дотроо ажиллаж байгаа, мөн боловсруулсан төлөвлөгөө нь жилийн эцсийн биелэлтээр хангалтгүй дүгнэгдсэн тул дээрх шийдвэр гарсан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 582 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 6/185 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

 Хянавал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн б/185 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг үндэслэн Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежер Ж.Отгонсайханыг “2008-2019 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги, хөтөлбөр”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл  ажиллагааны төлөвлөгөөнд шинэчлэн боловсруулан батлуулах гэсэн арга хэмжээг тусгаж, “ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар албан тушаал бууруулан томилсон; мөн даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн б/409 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.1-д заасныг үндэслэн “ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, албан хэрэгцээнд ашиглагдаж байсан цахим баримт, мэдээллийг үлдээлгүй хуулбарлан авсан зөрчил гаргасан” гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Отгонсайхан нь дээрх тушаалуудыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэл гаргаж “...ажлын төлөвлөгөөнд оруулах ажлуудыг албаны дарга үүрэг болгосон, ...тухайн ажлаас чөлөөлөгдөөд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, сургалтын менежерийн албан тушаалыг хашиж байхдаа ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргаагүй,... албан хэрэгцээнд ашиглаж байсан мэдээллийг хуулбарлан авсан зүйл байхгүй” гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Отгонсайхан нь хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн дагуу ШШГЕГ-ын 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулахад оролцож, “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулах” ажлыг хийхээр төсөлд оруулсан ба ийм ажил төлөвлөсөн нь /боловсруулах/ 2009 онд батлагдаж, нэгэнт хэрэгжиж байгаа хөтөлбөртэй давхардсан, төлөвлөлт оновчтой биш, зөв болоогүй талаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “илтгэх хуудас”-т дурдагджээ.

Харин уг ажлыг төлөвлөсөн нь Ж.Отгонсайхны буруу байсныг тухайн үедээ тогтоогоогүй, Ж.Отгонсайхан бүтцийн өөрчлөлтөөр 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс өөр ажил, албан тушаалд /буурч/ томилогдон 1 жил ажиллаж байхад өмнө эрхэлж байсан албан тушаалын үед гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй нь холбогдуулан “ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж одоогийн эрхэлж буй албан тушаалаас нь захиргааны санаачилгаар бууруулсан нь хууль бус болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн б/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлийг зөв тодорхойлж, уг шаардлагыг хангасан боловч төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ялгаатай өөр эрх зүйн харилцааг хольж дүгнэсэн нь буруу байна.

Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангахдаа “сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн” гэж үзээгүй, харин “тухайн ажлыг эрхлэхээ больсны дараа арга хэмжээ тооцох үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тус зөрчлийг сахилгын шийтгэл гэж үзсэн, давж заалдах шатны шүүхээс уг асуудлаар дүгнэлт хийгээгүй” гэх гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 582 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                              Ч.ТУНГАЛАГ